| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0345/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/397 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 2538003460409 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Г-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г- нь 2025 оны 07 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багт хохирогч Б.А-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож биед баруун, зүүн чихний ар хэсэгт шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538003460409 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Г- нь 2025 оны 07 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар багт байрлах ... зочид буудалд хохирогч Б.А-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож биед баруун, зүүн чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ийн: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,
Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ... сумын төвд нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр Д- тай 2019 оноос хойш нэг гэрт орсон ...2025 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд манай нөхөр гэртээ ирэхгүй хаана байгаа нь тодорхойгүй хар машинтай хүүхэнтэй архи уугаад яваад байгаа сураг гараад байсан. Тэгээд 2025 оны 07 дугаар сарын 28-ны орой ... сумын төв дээр ... зочид буудалд байж магадгүй гэж Ш- гэдэг хүн надад хэлсэн. Тэгээд би ... зочид буудалд очиход манай нөхөр Д- ын мотоцикль буудлын гадаа байсан ба тухайн үед Б.Г- гэдэг хүний байрлаж байсан өрөөнд орох гэсэн боловч хаалгаа тайлж өгөөгүй. Өрөөн дотроос Б.Г- гэдэг хүүхэн өрөөгөө онгойлгож өгөхгүй хэрүүл маргаан хийгээд байхаар нь гаднаас нь буудлын цонхыг нь би чулуу шидэж хагалаад цонхоор нь харах гэсэн боловч Б.Г- гэдэг хүүхэн чи цонхоор хар гэхээр нь харах гэсэн үснээс зулгаагаад чих маажаад байсан болохоор би сайн харж чадаагүй юм. Д- тухайн өрөөнд байсныг би харсан нуугаад байсан. Тухайн үед Ч- гэдэг найзыгаа дуудаж ирүүлсэн. Тэгээд би цонхоор харах гэхэд миний үснээс зулгаагаад байсан болохоор би мод барьж өөрийгөө хамгаалж байсан учир Б.Г- гэдэг хүний гар руу нь модоороо цохисон байж магадгүй. Тэгээд хаалгаа онгойлгож өгөхгүй байхаар нь маргааш өглөө нь Б.Ш- , Ч- хоёртой хамт буудалд нь очиход Б.Г- манай нөхөр Д- , П- гэдэг залуу байсан. Тэгээд би өрөөнд нь ороод Д- ыг нэг өшиглөөд нэг алгадсан. Тэгсэн Д- чамайг ална гээд босож ирсэн. Тэгээд маргаан болж байхад П- гэдэг залуу дундуур орж ирээд чи яв гээд байсан. ...тэгээд гарч явж байгаад зураг авна гэж бодоод эргээд өрөөнд нь хамт байгаа зургийг чинь дарна гэж утсаараа зургийг дараад гарах гэсэн Б.Г- гэдэг хүүхэн араас гарч ирээд миний үснээс зулгаасан. Тэгээд харилцан үсдэлцсэн. Хамт байсан хүмүүс салгасан. Надтай хамт явсан Ч- салгасан. Ш- хол хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
Гэрч О.Б- ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2025 оны 07 дугаар сарын 31-ний шөнө ... сумын төв дээр мах бэлтгэх ажилд нь оролцсон. Тэгээд тухайн шөнө хамт байсан Б.Г-, Н- хоёр танихгүй хүнтэй архи ууж байсан. Тэгэхээр нь би архи уудаггүй болохоор буудлын гадаа машин дотроо унтаж байсан. Тухайн шөнө ямар асуудал болсон талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...анх 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс манай буудалд байрлаж эхэлсэн. Тухайн үед буудалд оруулчихаад явсан. Надад хэлэхдээ дөрвөн хүн байгаа гэж хэлсэн. Яг ямар хүмүүс орж байхыг нь хараагүй. Тэгээд 07 дугаар сарын 28-ны шөнө хэрүүл маргаан үүсгэж манай буудлын цонхыг хагалсан байсан. Тухайн үед нь цонхны төлбөр болох 100,000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
Гэрч Б.Ш- ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2025 оны 07 дугаар сарын 29-ний өглөө манай ажил дээр Б.А-, Б.М- хоёр ирээд хамт яваад ирэх үү гэхээр нь за гээд явсан. Тэгээд Оргил зочид буудлын Б.Г- гэдэг хүний байсан гэх өрөөнд орсон үүд нь онгорхой байсан. Өрөөнд ороход Д- , Б.Г- гэдэг хүүхэн бас нэг хүн байсан. Б.Г- тухайн үед манай нөхөр гэж хэлж байсан. ...Б.А- эргэж ороод зураг дараад ирье гээд эргээд орсон удалгүй Анхаа орилоод байхаар нь эргээд очсон чинь Б.Г-тэй үснээсээ зулгаалцсан хажууд нь хоёр эрэгтэй хүн байсан. Салгах гэж байх шиг байсан. Б.М- очиж салгасан. Би хараад зогсож байсан оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,
Гэрч Б.М- ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тухайн 28-ны орой болон маргааш өглөө нь Б.Г-тэй зодолдоод чих нь гэмтсэн Б.Г- л Б.А-т гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 349 дугаартай: “...Б.А-ийн биед баруун, зүүн чихний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн цохих, татах, зулгаах үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 39-40 тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 тал/,
Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...чиний нөхөр хэн гэж хүн байна гэж асуухад Д- гээд чамтай хамт байгаа би мэдэж байна гээд дайраад байхаар нь би чамаас айгаад байна чи орж ирээд намайг яах ч юм билээ гээд оруулаагүй юм. Одоо чи яв нөхөр чинь байхгүй байгаа биз дээ гэж хэлсэн чинь миний урдаас нулимахаар нь би уур хүрээд үснээс нь татчихсан юм. ...Тухайн үед Б.А- нь нөхрөө надтай хардаж буудлын хаалга, цонх эвдэж амгалан тайван байдал алдагдуулж хэл амаар доромжилж миний урдаас нулимсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.А-, гэрч О.Б- , М.Б-, Б.Ш- , Б.М- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 349 дугаартай дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Г- нь 2025 оны 07 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн ... сумын 6 дугаар багт байрлах ... зочид буудалд хохирогч Б.А-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож биед баруун, зүүн чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.А-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Г-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Б.А-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Г-ийн хохирогч Б.А-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Хохирогч Б.А- “сэтгэл санаа болон бусад гомдол гарган мэдүүлэхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 87 тал/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 52, 78-80 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Г- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг харгалзан шүүгдэгч Б.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн 2538003460409 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2538003460409 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР