Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/133

 

2025 11   13                                    2025/ШЦТ/133                                   

     

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч Э.Н

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г

Шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямдоржийн Чинзоригт холбогдох эрүүгийн ...... тоот хэргийг 2025 оны 10 дугаар  сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “Дархи Пропертиз” ХХК-нд төслийн менежер ажилтай байсан, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт Нийслэлийн Х.. дүүргийн ..-р хороо ... тоотод оршин суух, урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Дорноговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Н-ийн Ч /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ч нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Э.. сумын .. дугаар баг Дөхмийн хөндий гэх газарт Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн засмал замд Lexus RX-400 (Лексус ар экс-400) маркийн ... УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу унаж, зам тээврийн осол гарган, тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Н.У-ын амь насыг хохироосон, хохирогч О.Т, Д.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Н.Ч мөрдөн шалгах ажиллагаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд сумаас 17:10 цагийн орчим Улаанбаатар хот руу манай эхнэрийн дүү А, манай компанийн ажилчин Т, мөн Т-ын найз эмэгтэй бид дөрөв хамт ... УБК улсын дугаартай лексус-400 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн өдөр Т.., А.. нар амралтаа аваад Улаанбаатар хотод очиж гэрээ дулаална гээд явах гэж байсан. Тэгээд би Улаанбаатар хот руу мөн албан ажилтай болоод хамт явсан. Тэгээд Замын-Үүд сумаас гараад 70-80 км орчим зам туулаад явж байтал нэг тод гэрэлтэй машин өөдөөс ирсэн тухайн машиныг өнгөртөл өөдөөс нэг үхэр тулаад гараад ирсэн. Тэгэхээр нь үхрийг тойроод буцаагаад дарсан чинь зам руугаа ороод машин онхолдоод 2-3 удаа эргэсэн байх сайн санахгүй байна. Тэгээд нэг сэргээд машинаасаа буугаад иртэл машинд хажуу талаараа харсан байсан. Тэгээд Т.. толгойгоороо машины хаалганы рамын төмөрт хавчуулагдсан байсныг гаргаж аваад буулгаад нөгөө хамт явсан хоёр хүнээ харсан чинь машинд байхгүй байсан. Тэгээд замд унасан байна гэж бодоод ойр орчмоо хартал машины хажуу талд А... сууж байсан. Тэгээд хамт явсан эмэгтэйг хайж хойш 10 метр орчим гүйгээд байхгүй байсан учир буцаж машин дээр ирээд машины нөгөө тал руу харахад нөгөө эмэгтэй доошоо харсан байдалтай толгойноос нь цус гарсан хөдлөөд амьд байсан. Тэгээд тухайн замаар зорчиж явсан машинтай хүмүүс ирээд А..., Т... нарыг Замын-Үүд сум руу машинд суулгаж явуулсан. Нөгөө эмэгтэй эвгүй байдалтай байсан тул эмнэлгээс гар утсаар зөвлөгөө аваад нөгөө эмэгтэйн толгойг нь хажуу тийш харуулаад дулаан юмаар хучаад толгойн доор нь өмсөж байсан цамцаа тайлж ивээд тархины хагарсан хэсэгт нь боолт хийгээд эмнэлэг ирэхийг хүлээсэн. Тэгээд эмнэлгийн машин ирэхэд нь эмнэлгийн машинд нь ачаад явуулсан гэжээ. /1-р хх-ийн 172-173/

Шүүгдэгч Н.Ч... шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр харамсалтай зүйл болсон. Гэрлийн гялбаанд ороод тэгээд үхэр орж ирээд осол болсон. Анхны тусламжийг хохирогч нарт үзүүлсэн. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлсөн, цаашид ч туслах болно. Төрбатын хувьд найз нөхдийн холбоотой тул туслаад явж байгаа. А-ийн хувьд Их засаг сургуульд сургаад явж байгаа. Амь хохирогчийн ар гэрт цаашид тусалж байх болно гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач Н.У... нь миний төрсөн охин байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23:30 цагийн орчим талийгаачийн охин Тэлмэн над руу залгаж болсон зам тээврийн ослын талаар хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүкээр холбогдсон. Тухайн үед би даараад байна. Улаанбаатар хот руу очиж хувцсаа авах хэрэгтэй байна. Та хэзээ ирэх вэ таныг ирэхээр очиж дулаан хувцсаа авна гэж байсан. Би тухайн үед Турк улсад явж байсан. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод очно гэдгээ хэлсэн. Надад өмнө нь очно гэж хэлж байснаас яг Замын-Үүд сумаас гарлаа гэж хэлсэн зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 18-19/ 

Хохирогч Д.А... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр орой 19:00 цагийн орчимд Т..., Ч..., мөн үл таних эмэгтэй, мөн миний бие дөрвүүлээ Улаанбаатар хот руу явж байсан. Замын-Үүд сумаас гараад би урд талын суудал дээр унтаж байтал Ч... ах хүн хажууд унтаад байхаар нойр хүрээд байдаг юм гээд намайг хойш суулгасан. Тэгээд би ард талын суудал дээр суугаад чихэвч зүүгээд унтаж байсан. Тэгээд нэг мэдэхэд түс тас хийгээд явчихсан. Тэгээд би ухаан балартаад нэг сэрэхэд газар хэвтэж байсан. Намайг Ч... ах ирж сэрээгээд намайг машинд суулгасан. Тэгээд би Замын-Үүд суманд эмнэлэгт ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг Ч... жолоодож явсан. Т-ын толгой орой хэсэг хагарсан, гар хөл шалбарсан байдалтай. Мөн эмнэлгээс хавирга хугарсан гэж хэлсэн гэсэн. Харин миний толгой дагзны хэсэгт хагарч, нуруу халцарсан, доргилт авснаас болж нүд хавантаж цус хурсан байдалтай байна. Харин үл таних эмэгтэй нас барсан гэж хэлсэн. Харин жолооч Ч... ахын гар нь шалбарсан оёдол тавиулсан байсан өөр гэмтэл байхгүй байсан. Би унтаж байсан учраас хэдэн км/ц хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Жолооч огт архи уугаагүй байсан. Би У... гэх хүнийг огт танихгүй. Би Замын-Үүд суманд материалгүй болчхоод заваараа Улаанбаатар хотод гэртээ очиж гэрээ дулаалах санаатай явж байсан. Би машины ар талын суудал дээр сууж явсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /1-р хх-ийн 22/

Хохирогч О.Т... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын 03-ны орой 19:00 цагийн орчим А.., Ч.., миний уулздаг эмэгтэй Уянга мөн миний бие дөрвүүлээ Улаанбаатар хот руу явж байсан. Замын-Үүд сумаас гараад 30-40 минут явж байсан байх тэгээд замд гэнэт үхэр гарч ирээд үхрээ гаргаад дараад буцаад зам руу орох шиг болоод машин уначихсан. Би тухайн үед юу болоод байгаа талаар сайн ойлгохгүй шокийн байдалтай байсан. Тэгээд нэг ухаан орсон чинь Замын-Үүд сум руу явж байгаа машинд А... бид хоёрыг суулгаад явуулсан. Харин машин онхолдчихсон байдалтай байсан. Би машинд суух хүртлээ шокийн байдалтай байж байгаад гэнэт ухаан орсон. Тухайн тээврийн хэрэгслийг Ч... жолоодож явсан. Миний толгой орой хэсэг хагарсан. Гар хөл шалбарсан байдалтай мөн эмнэлгээс хавирга хугарсан гэж хэлсэн. Тэгэхдээ надад ямар нэгэн зовиур мэдэгдэхгүй байгаа. Харин А-ийн толгойны дагзны хэсэгт хагарч, нуруу халцарсан, доргилт авснаас болж нүд хавантаж цус хурсан байдалтай байсан. Харин Уянгыг нас барсан гэж хэлсэн. Харин жолооч Ч-ийн биед гар нь шалбарсан байсан өөр гэмтэл байхгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэл ямар хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Жолооч огт архи уугаагүй байсан. Би У.. гэх хүнтэй найзын журмаар уулздаг бөгөөд тухайн өдөр би Улаанбаатар хотод очиж гэрээ барих гэж байсан бөгөөд Улаанбаатар хот руу явлаа гэж У-д хэлэхэд У... намайг аваад явчхаач гэж хэлээд тэгээд хамт явахаар болсон. Би машины урд талын зорчигчийн суудалд явсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /1-р хх-ийн 24-25/,

Иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Д.А нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,833,000 төгрөгийн зардал, О.Т нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,154,000 төгрөг нийт 3,987,000 төгрөгийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3,987,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Н.Ч-оос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 58-79 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг Франкфурт капитал ББСБ ХХК-ийн нэр дээр барьцаалж 25,000,000 төгрөг зээл гаргуулж авсан. Зээлдэгч нь гэрээнд заасны дагуу тогтмол хугацаанд төлөлтийг хийдэг. Манай франкфурт капитал ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч гэрээний дагуу хугацаандаа зээлээ төлж байгаа тул манай байгууллагын зүгээс төлбөр тооцоог гаргуулж авахгүй. Харин тээврийн хэрэгслийн одоо эзэмшиж байгаа иргэн хохирлын асуудлыг бүрэн хариуцах...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 03/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 05-13/

Осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 14/,

Хохирогч Д.А-ийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /1-р хх-ийн 26 ар тал/,

Хохирогч О.Т-ыг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /1-р хх-ийн 27 ар тал/,

2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 40-41/,

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 04/21 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Амь хохирогч Н.У-ын биед хавсарсан хүнд гэмтэл, гавал тархи, цээжний далд гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, их, бага тархины аалзан бүрхүүл доорх цус хуралт, цээжний баруун талд 1-12 дугаар хавирга нугалмын хажуугийн шугамаар хугарал, цээжний баруун талд 5-р хавирганы өвчүүний хажуугийн шугамаар хугарал, баруун уушгины урагдал, цээжний хөндий дэх цус хуралт, хуйханд дагзны баруун талд шарх, духны дунд хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт, баруун гарын ар хэсэгт зулгаралт, 5-р хурууны 2-р үений ар хэсэгт шарх, 1 хурууны ар талд 1х0,5см шарх, зүүн тохой хэсэгт шарх, зулгаралт, зүүн гарын ар талд олон тооны жижиг зулгаралтууд, зүүн гарын 1-р хурууны 2-р үений ар талд шарх, зүүн гуяны доод талд ангайсан шарх, цус хуралт, хэвлийн хоёр талаар зулгаралт, баруун гуяны хажуу урд хэсгийг хамарсан цус хуралт, зулгаралтууд, баруун өвдгөнд зулгаралтууд, нуруунд зулгаралтууд гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтэл: гавал тархи, цээжний далд гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, их, бага тархины аалзан бүрхүүл доорх цус хуралт, цээжний баруун талд 1-12 дугаар хавирга нугалмын хажуугийн шугамаар хугарал, цээжний баруун талд 5-р хавирганы өвчүүний хажуугийн шугамаар хугарал, баруун уушгины урагдал, цээжний хөндий дэх цус хуралт улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

4. Амь хохирогч Н.У-ын цусанд спиртийн агууламж илрээгүй болно.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 42-45, 46-53/

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 04/189 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. О.Т-ын биед гэмтэл тогтоогдлоо.         

2. О.Т-ын биед цээжний зүүн талд 7, 8-р хавирга ясны хугарал, тархины доргилт, хүзүү цээжний гэмтэл, хуйхны ил шарх, зүүн гарын өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүдийн цээжний зүүн талд 7, 8-р хавирга ясны хугарал нь “ Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба тархины доргилт, хүзүү цээжний гэмтэл, хуйхны ил шарх, зүүн гарын өнгөц зулгаралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

 5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдана.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 56-57/,

 Хохирогч О.Т-д Дорноговь аймгийн Замын-Үүд сум нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээний баримтууд /1-р хх-ийн 58-91/,

 Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 04/190 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 1. Д.А-ийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Д.А-ийн биед гавал тархины далд гэмтэл, тархины эдийн няцрал дунд зэрэг, хуйхны няцарч, урагдаж, зүсэгдсэн шархнууд, тархины доргилт, хүзүүний ар хэсэг зүүн мөр орчимд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

 4. Дээрх гэмтлүүдийн гавал тархины далд гэмтэл, тархины эдийн няцрал дунд зэрэг нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба хуйхны няцарч, урагдаж, зүсэгдсэн шархнууд, тархи доргилт, хүзүүний ар хэсэг зүүн мөр орчим зулгаралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

 5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдана.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 93-94/,

Хохирогч Д.А-т Дорноговь аймгийн Замын-Үүд сум нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээний баримтууд /1-р хх-ийн 95-131/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4921 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн 109796352 хуруу шилний дугаартай “Ч...г” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 133-134, 135/,

2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай техникийн эвдрэлийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 137-139, 140-143

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1056 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 146/, 

Цагаан шонхорын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23/162 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Toyota lexus маркийн ... УБК улсын дугаартай автомашины Н.Ч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюулгүй, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Шинжээчийн зүгээс хариулах боломжгүй байна.

3. Toyota lexus маркийн ... УБК улсын дугаартай автомашины Н.Ч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна.

 4. Нэмэлт тусгах санал үгүй болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 152-153/,

Шүүгдэгч Н.Ч-ийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 176, 178-180, 182-186/,

Шүүгдэгч Н.Ч-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт  /1-р хх-ийн 187, 188/,

Хохирогч О.Т, Д.А нарын шүүхэд гаргасан хүсэлт болон дахин мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 191-192, 2-р хх-ийн 241, 244/,

Гэрч М.Т-ийн мэдүүлэгт: “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байх цагдаагийн албан хаагч над руу залгаад танай ээж Н.У зам тээврийн осолд орсон талаар ярьж хэлсэн... тухайн үед манай дүү М.А өсвөр насны, төгсөх ангийн сурагч байсан тул сэтгэл санааны байдлаасаа болоод элсэлтийн ерөнхий шалгалтаа тааруу өгч хүссэн сургуульдаа орж чадаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 5-6/

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 832 дугаартай сэтгэцэд учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн “...М-ын А-ийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 33-35/

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Н.Ч нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Дөхмийн хөндий гэх газарт Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн засмал замд Lexus RX-400 (Лексус ар экс-400) маркийн ... УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу унаж, зам тээврийн осол гарган, тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Н.У-ын амь насыг хохироосон, хохирогч О.Т, Д.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болох шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн “...Талийгаач Н.У нь миний төрсөн охин байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23:30 цагийн орчим талийгаачийн охин Т.. над руу залгаж болсон зам тээврийн ослын талаар хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүкээр холбогдсон. Тухайн үед би даараад байна. Улаанбаатар хот руу очиж хувцсаа авах хэрэгтэй байна. Та хэзээ ирэх вэ таныг ирэхээр очиж дулаан хувцсаа авна гэж байсан. Би тухайн үед Турк улсад явж байсан. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод очно гэдгээ хэлсэн. Надад өмнө нь очно гэж хэлж байснаас яг Замын-Үүд сумаас гарлаа гэж хэлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, хохирогч Ч-ийн “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр орой 19:00 цагийн орчимд Т..., Ч..., мөн үл таних эмэгтэй, мөн миний бие дөрвүүлээ Улаанбаатар хот руу явж байсан. Замын-Үүд сумаас гараад би урд талын суудал дээр унтаж байтал Ч.. ах хүн хажууд унтаад байхаар нойр хүрээд байдаг юм гээд намайг хойш суулгасан. Тэгээд би ард талын суудал дээр суугаад чихэвч зүүгээд унтаж байсан. Тэгээд нэг мэдэхэд түс тас хийгээд явчихсан. Тэгээд би ухаан балартаад нэг сэрэхэд газар хэвтэж байсан. Намайг Ч... ах ирж сэрээгээд намайг машинд суулгасан. Тэгээд би Замын-Үүд суманд эмнэлэгт ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг Ч... жолоодож явсан. Т-ын толгой орой хэсэг хагарсан, гар хөл шалбарсан байдалтай. Мөн эмнэлгээс хавирга хугарсан гэж хэлсэн гэсэн. Харин миний толгой дагзны хэсэгт хагарч, нуруу халцарсан, доргилт авснаас болж нүд хавантаж цус хурсан байдалтай байна. Харин үл таних эмэгтэй нас барсан гэж хэлсэн. Харин жолооч Ч.. ахын гар нь шалбарсан оёдол тавиулсан байсан өөр гэмтэл байхгүй байсан. Би унтаж байсан учраас хэдэн км/ц хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Жолооч огт архи уугаагүй байсан. Би У... гэх хүнийг огт танихгүй. Би Замын-Үүд суманд материалгүй болчхоод заваараа Улаанбаатар хотод гэртээ очиж гэрээ дулаалах санаатай явж байсан. Би машины ар талын суудал дээр сууж явсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, хохирогч О.Т-ын “...2023 оны 10 дугаар сарын 03-ны орой 19:00 цагийн орчим А..., Ч..., миний уулздаг эмэгтэй У... мөн миний бие дөрвүүлээ Улаанбаатар хот руу явж байсан. Замын-Үүд сумаас гараад 30-40 минут явж байсан байх тэгээд замд гэнэт үхэр гарч ирээд үхрээ гаргаад дараад буцаад зам руу орох шиг болоод машин уначихсан. Би тухайн үед юу болоод байгаа талаар сайн ойлгохгүй шокийн байдалтай байсан. Тэгээд нэг ухаан орсон чинь Замын-Үүд сум руу явж байгаа машинд А... бид хоёрыг суулгаад явуулсан. Харин машин онхолдчихсон байдалтай байсан. Би машинд суух хүртлээ шокийн байдалтай байж байгаад гэнэт ухаан орсон. Тухайн тээврийн хэрэгслийг Ч... жолоодож явсан. Миний толгой орой хэсэг хагарсан. Гар хөл шалбарсан байдалтай мөн эмнэлгээс хавирга хугарсан гэж хэлсэн. Тэгэхдээ надад ямар нэгэн зовуурь мэдэгдэхгүй байгаа. Харин А-ийн толгойны дагзны хэсэгт хагарч, нуруу халцарсан, доргилт авснаас болж нүд хавантаж цус хурсан байдалтай байсан. Харин У-ыг нас барсан гэж хэлсэн. Харин жолооч Ч-ийн биед гар нь шалбарсан байсан өөр гэмтэл байхгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэл ямар хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Жолооч огт архи уугаагүй байсан. Би У... гэх хүнтэй найзын журмаар уулздаг бөгөөд тухайн өдөр би Улаанбаатар хотод очиж гэрээ барих гэж байсан бөгөөд Улаанбаатар хот руу явлаа гэж Уянгад хэлэхэд У... намайг аваад явчихаач гэж хэлээд тэгээд хамт явахаар болсон. Би машины урд талын зорчигчийн суудалд явсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 04/21 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-45, 46-53/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 04/189 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-91/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 04/190 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-94/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4921 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 133-134, 135/, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1056 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 146/, Цагаан шонхрын жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23/162 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 152-153/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг шүүгдэгч Н.Ч... зөрчсөний улмаас Н.У-ын амь нас хохироосон, Д.А, О.Т нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдлээс шууд хамааралтай, шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Н.Ч-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Д.А, О.Т нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай гэж үзсэн болно. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Иргэний нэхэмжлэгч байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын  сангаас хохирогч Д.А-т 2,833,000 төгрөгийн зардал, хохирогч О.Т-д 1,154,000 төгрөг нийт 3,987,000 төгрөгийн тусламж үйлчилгээг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгээс үзүүлсэн нь иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д-ын мэдүүлэг, хохирлын баримтаар тогтоогдсон. Тус зардлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан нь шүүгдэгчийн дансны хуулга /3-р хх-ийн 110, 135/-аар тогтоогдож байна. Хохирогч Д.А, О.Т, иргэний нэхэмжлэгч Франкфурт капитал ББСБ ХХК нар нь эмчилгээний зардал болон хохиролийг шүүгдэгч Н.Ч нь барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй гэх тайлбар /1-р хх-ийн 34-35, 192, 2-р хх-ийн 108/-ыг илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Н.Ч-ийг хохирогч Д.А, О.Т, иргэний нэхэмжлэгч Франкфурт капитал ББСБ ХХК, Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-д шүүгдэгчийн зүгээс 20 сая төгрөгийг төлж барагдуулсныг хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн зүгээс маргадаггүй болно, оршуулгын зардал дээр нэмж нэхэмжилсэн зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэх болохоо өмгөөлөгч Ж.Х-р дамжуулан илэрхийлсэн болно.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогч нарт учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан. Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчид учирсан шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар ...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. Осол болсон цаг хугацаанаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл зүйн зовиур, шаналал зэргийг харгалзан үзэж хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГО825/2897 дугаартай дүгнэлтээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд /3-р хх-ийн 115-117/ хамаарч байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шинжээчийн тогтоосон зэрэглэлийн дүгнэлттэй танилцаж дүгнэлттэй холбоотой санал хүсэлтгүй болохоо илэрхийлсэн баримт /3-р хх-ийн 121/-аар тогтоогдсон. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан. Гэмт хэрэг 2023 оны 10 сарын 03-ны өдөр гарсан байх тул амь хохирогч Н.У-ын төрсөн эх Д.С-ийн сэтгэцэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах нь үндэслэлтэй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С нь амь хохирогчтой хамт амьдарч, түүний гэр бүлийн гишүүн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-т амьдралын баяр баясалгүй болох, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000, төгрөгөөр тогтоож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Н.Ч-оос гаргуулж шийдвэрлэв.

Насанд хүрээгүй гэрч М.А-д 832 дугаартай шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгосон нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоор Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаартай тушаалтай зөрчилдөж байна.

Гэрч М.А нь амь хохирогчийн төрсөн охин боловч түүнийг хохирогчоор тогтоогоогүй хэрнээ хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгож байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон түүний төрсөн эх Н.С-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 40.2.3-т зааснаар Шинжилгээний байгууллагаар тогтоогдсон хэмжээнд шийдвэрлэсэн болно.    

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Н.Ч-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх эсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон уг зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нь үйлдсэн хэрэг нь 2023 оны 10 сарын 03-ны өдөр үйлдэгдсэн Эрүүгийн хуулинд 2023 оны 12 сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага хүндэрсэн. Уг хуулийн 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Иймд шүүгдэгч Н.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.А, О.Т, иргэний нэхэмжлэгч Франкфурт капитал ББСБ ХХК, Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Саранцэцэгийн сэтгэцэд учирсан гэм хорын  хохирлын төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хор уршгийг харгалзан үзэж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Ч /РД:..../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүнд хүндэвтэр хохирол, 1 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн Ч-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-т эмнэлэгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хотын  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

4. Шүүгдэгч Н.Ч-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Ч-т сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Н.Ч-оос 11,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-т олгосугай.

7. Шүүгдэгч Н.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.А, О.Т, иргэний нэхэмжлэгч Франкфурт капитал ББСБ ХХК, Эрүүл мэндийн даатгалын санд энэ шийтгэх тогтоолоор төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б