Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/42

 

Ц.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж /онлайнаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр Ц.Дд холбогдох эрүүгийн 1914002980006 дугаар хэргийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ц.Д, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Ц.Д нь 2018 оны 07 сард Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд ашиглах автомашин худалдан авах тендерийн хүрээнд 16.600.000 төгрөгөөр худалдан авсан Ниссан Караван маркийн 9902 БНХ улсын дугаартай автомашиныг 35.000.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн зөрүү болох 18.400.000 төгрөгөөр хувьдаа Тоёота Филдер маркийн 06-43 БНХ улсын дугаартай автомашин худалдан авч өөртөө давуу байдал бий болгосон,

Мөн 2018 оны 08 сард Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийг зөрчиж 35.110.000 төгрөгөөр худалдан авсан Лексус 470 маркийн 07-63 БНА улсын дугаартай автомашиныг 45.110.000 төгрөгөөр худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн зөрүү 10.000.000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Дг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Дг нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн арван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан арван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хэсэгчлэн буюу 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Дд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Дгээс 17.200.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ...... Д.Энхбаатарын эзэмшлийн 06-43 БНХ улсын дугаартай Тоёотоа Филдер маркийн машин...ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 -т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 300.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Дгээс гаруулж, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-д олгож, Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэлдээ:

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь шүүгдэгч Ц.Дг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хасахаар...” 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хүртэл хугацаагаар...” тус тус хасахаар заасан байхад шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилээр, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр тус тус хасаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилээр хасахаар заасан байхад 1 жилээр хасаж шийдвэрлэсэн болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,3, мөн заалтын 2.1-т зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 10.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон атлаа нийтийн албанд томилогдон эрхийг хассан ялыг нэмж нэгтгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрөлд эрх хасах ялыг багтаасан, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэхээр хуульчилсан бөгөөд үндсэн ялын адил Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг баримтлан эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг хасах нийт ялын хугацааг тогтоох байсан.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгийг хэвээр үлдэхээр заасан хэр нь 10 дахь заалтад битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдсан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Дд холбогдох хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолд хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол уншихдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар эрх хасах ялыг 2 жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд зааснаар эрх хасах ялыг 1 жилийн хугацаагаар гэж уншсан. Гэтэл шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр гаргахдаа зөрүүлээд бичсэн байдалтай. Мөн ялыг нэмж нэгтгэхдээ эрх хасах ялыг нэмж нэгтгээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолоо хуулийн дагуу зөв уншсан, бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолд засвар оруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ц.Дг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Дг нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тус хоёр зүйлд ангид заасан ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн арван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, тус хоёр зүйл ангид оногдуулсан нэмэгдэл ял болох нийтийн албанд томилогдох эрхийг хассан ялыг нэмж нэгтгээгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасахаар хуульчилсан байхад нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, тус тус Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар эрх хасах ялыг багтдаг бөгөөд мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг баримтлан үндсэн ялын адил эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг хасах нийт ялын хугацааг тогтооно.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Дд холбогдох эрүүгийн 1914002980006 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧ Н.ЭНХМАА

Б.БОЛОР-ЭРДЭНЭ