2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1980

 

 

 

 

 

 

     2025       08         20                                      2025/ШЦТ/1980

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр;

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явагдсан;

Шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх;

Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;

Улсын яллагч: М.Ариунцэцэг;

Шүүгдэгч: Д.Х-;

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Бурмаа;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золзаяа;

Хэргийн дугаар: 2506028230940;

Шүүгдэгч Д.Х- ... регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын засварчин мэргэжилтэй, “...” компанинд хүнд механизмын даацын инженерийн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Х- нь 2025 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд залуучуудын төвийн хашааны урд байрлуулсан хохирогч Б.А-ын эзэмшлийн ... улсын дугаартай Приус 41 маркийн тээврийн хэрэгслийн ачааны хайрцгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Д.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х- мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын явцад бүх зүйлийг мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Авсан эд зүйлээ хохирогчид буцаан өгсөн. Гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн  7-8),

 

Хохирогч Б.А-ын “...Би өчигдөр орой 23 цагийн үед өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй гадуур хувийн ажлаа амжуулаад орой 23 цагт Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд залуучуудын төвийн хашааны урд байрлах зогсоол дээр байрлуулаад гэртээ орж амарсан. Өглөө 08 цаг 30 минутын үед цонхоороо харахад миний тээврийн хэрэгслийн ачааны хайрцаг байхгүй байсан. Машин дээрээ ирээд үзэхэд дээр байсан ачааны хайрцгийг татаад аваад явсан байсан. Дотор нь майхан, аяны сандал, ширээ, хийлдэг гудас, мишок зэрэг аяны хэрэгсэл байсан бөгөөд эдгээрийн хамт алдсан гэж бодож байхад дараа нь эхнэр А.Д-тай холбогдоход дээрх зүйлсийг хөдөө гэрт аваад буулгачихсан байсан гэж хэлсэн. Хулгайд алдсан зүйлээ авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-18),

 

Гэрч Э.А-ийн “...улсын дугаартай машин нь манай компанийн машин юм. 2023 оны хавар авч байсан цэнхэр портер загварын машин. Уг ачааны машинаар манай компани тээвэр хийдэг. Манай байгууллагын жолооч албан тушаалтай хүмүүсээс нэг нь хариуцуулж өгөөд унуулдаг. Оройтсон үедээ гэр рүүгээ унаад явдаг. 2025 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Д.Х- унаж явсан. Тухайн шөнө уг машин манай байгууллагын хашаанд байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22),

 

“Дамно Үнэлгээ” ХХК-ний 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн БЗДЗ-25-127 дугаартай дүгнэлтээр хулгайд алдагдсан машины ачаа (box)-г 400.000 төгрөгөөр үнэлсэн тайлан (хх-ийн 29-30),

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Сэжигтэй этгээд ... улсын дугаартай Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг хайрцгийг тайлж аваад явж байгааг харуулав. Хайрцгийг ... улсын дугаартай тэвэрийн хэрэгслийн ачаан дээр ачиж байна” гэх тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн 9-10),

 

Хулгайд алдагдсан ачааны хайрцгийг хүлээн авч, хохирогч Б.А-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 12-13),

 

Яллагдагч Д.Х-ын “...2025 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Зайсанд байх ажлаасаа ажлын портер машиныг унаад гэр рүүгээ явсан. Тэгээд Батоникийн эцсийн орчимд явж байхад Приус 41 маркийн цэнхэр өнгийн машин зогсож байхаар нь ачааг нь тайлж аваад машин дээрээ ачиж авч яваад гэрийнхээ амбаарт оруулж тавьсан. Ачаа нь дотроо хоосон байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37),

 

Д.Х-ын хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 38-48) зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Х- нь 2025 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүхэд залуучуудын төв”-ийн урд зогсоолд байрлуулсан хохирогч Б.А-ын эзэмшлийн ... улсын дугаартай Приус 41 маркийн автомашины ачааны хайрцгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, байгууллагынхаа ... улсын дугаартай Портер автомашины ачаанд ачиж гэрийнхээ амбаарт авчирч байрлуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлогдож байна.Үүнд:

 

 Хохирогч Б.А-ын мэдүүлэгт (хх-ийн 16-18) автомашиных нь ачааны хайрцаг алдагдсан байсныг өглөө харсан бөгөөд доторхи эд зүйлсээ хамт алдсан гэж бодсон боловч дараа нь эхнэр нь хөдөө гэртээ аваачиж тавьсныг мэдсэн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь алдагдсан эд зүйл зөвхөн ачааны хайрцаг болохыг тогтоох ач холбогдолтой байна.

 

Гэрч Э.А (хх-ийн 21-22) тухайн шөнө ... улсын дугаартай Портер автомашиныг шүүгдэгч Д.Х- унаж явсныг мэдүүлсэн нь шүүгдэгч энэ хэрэгт холбогдохыг баталж байна.

 

 “Дамно үнэлгээ” ХХК-ний 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн БЗДЗ-25-127 дугаартай үнэлгээний тайлангаар (хх-ийн 29-30) хулгайд алдагдсан ачааны хайрцгийн үнэ цэнийг 400.000 төгрөгөөр үнэлсэн нь учирсан хохирлын хэмжээг тогтоосон баримт болсон.

 

 Камерын бичлэгийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр (хх-ийн 9-10) сэжигтэй этгээд буюу шүүгдэгч Д.Х- нь хохирогчийн эзэмшлийн ... улсын дугаартай “Приус 41” маркийн автомашины ачааны хайрцгийг тайлж авч, өөрийн унаж явсан ... улсын дугаартай ачааны машины тэвшин дээр ачсан үйлдлийг дүрсээр харуулжээ. Энэ нь шүүгдэгчийн хулгай хийсэн үйлдлийн цаг, орон зай, арга хэлбэрийг шууд нотолж байгаа бөгөөд хохирогч, гэрчийн мэдүүлэгтэй уялдаж байгаагаараа ач холбогдолтой.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр (хх-ийн 7-8) хохирогчийн автомашин байрлаж байсан газар, автомашины ачааны хайрцаг хулгайлагдсан бодит байдлыг газар дээр нь баримтжуулжээ. Энэ нь хохирогчийн мэдүүлэгт дурьдсан нөхцөл байдлыг давхар нотолж, хэрэг гарах үед бодитоор хулгайн үйлдэл болсон гэдгийг баталжээ.

 

Мөн хулгайд алдагдсан хайрцгийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр (хх-ийн 12-13) хохирол барагдуулагдсан болохыг харуулжээ.

 

Шүүгдэгч Д.Х- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ (хх-ийн 36-37) байгууллагын машинаар явж байхдаа хохирогчийн автомашины ачааны хайрцгийг тайлж авч гэрийнхээ амбаарт тавьсан, хайрцаг дотор хоосон байсан, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж буйгаа илэрхийлсэн нь бусад нотлох баримтуудтай нийцэж байна.

 

Ийнхүү хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газарт болон камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг нотлох баримтууд нь хоорондоо зөрчилгүй, харилцан нөхцөлдөж, шүүгдэгч Д.Х- хулгайн гэмт хэргийг үйлдсэн нь бүрэн тогтоогдож, түүний гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй баримтууд байна.

 

Шүүгдэгч Д.Х- нь өөрийн ажилдаа хэрэглэж байсан байгууллагын эзэмшлийн ачааны автомашиныг тухайн өдөр гэртээ харих зорилгоор унаж явсан бөгөөд энэ явцдаа замд таарсан, зогсоолд байрлуулсан автомашины ачааны хайрцгийг тайлж авч, өөрийн унаж явсан автомашины тэвшин дээр ачиж тээвэрлэсэн болох нь тогтоогдсон. Гэвч түүний энэ үйлдэл нь зөвхөн хулгайлсан эд зүйлийг зөөвөрлөх хэрэгсэл болгон ашигласнаар хязгаарлагдаж байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох учрах саадыг арилгах зорилготойгоор машин механизм ашигласан гэж үзэх боломжгүй, уг хэрэгт хамааруулах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү дээрх байдлаар тодорхойлсноор шүүгдэгч Д.Х-ын үйлдэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, үйлдэл, үр дагаврын хоорондын учир шалтгааны хамаарал зэрэг объектив болон субъектив шинж чанарууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж байна гэж шүүх үзэв.

 

Ийм учраас шүүгдэгч Д.Х-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч Д.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн тухайд хулгайн гэмт хэрэг нь хүний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь иргэдийн хувийн эд хөрөнгийн халдашгүй байдлыг үгүйсгэж, хулгайд эд зүйлээ алдах айдас, үл итгэх байдлыг төрүүлдэг нийгэмд хор уршиг бүхий үйлдэл гэж тооцогдоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд Д.Х- нь 31 настай, бүрэн дунд боловсролтой, тогтмол ажил эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй хүн болох нь тогтоогдсон.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул энэ нөхцөл байдал нь шүүгдэгчийг хорих ял оноохгүйгээр тэнсэх боломжийг бүрдүүлж байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь түүний эрх чөлөөг тодорхой хугацаанд хязгаарлахгүйгээр үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

 

Иймд дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсагт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь ял шийтгэлийн зорилго биелэх бөгөөд нийгэмшүүлэх, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд илүү үр нөлөөтэй гэж үзсэн.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

 

Шүүгдэгч Д.Х-т хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоов. 

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдаж байна.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.А- нь эд зүйлээ буцаан авсан тул гомдол саналгүй гэх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Д.Х- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Х-т хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Х- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                       

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ