| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1714/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1994 |
| Огноо | 2025-08-22 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1994
2025 08 22 2025/ШЦТ/1994
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Б.Цэцэгмаа (цахимаар);
Шүүгдэгч: Б.А-;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Баярбаясгалан;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золзаяа;
Хэргийн дугаар: 2406064860336;
Шүүгдэгч Б.А- ... регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...” гоо сайханы салонд захирал ажилтай, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.А- нь өөрийн хүү Б.С-г 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Оросын Холбооны Улсын Кызиль төрөөд 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн төвд нас барсан хүүхдийнхээ нас барсны бүртгэлд оруулж хасалт хийлгэх иргэний үүргээ биелүүлэхгүйгээр 2019 оны 06 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд төрөөс олгосон хүүхдийн мөнгийг бодит байдлыг нууж, төрөөс 5.500.000 төгрөг тэтгэмж авч ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд дурьдсанаар)
Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “...Хүүхэд гаргасан бол мөнгөө авч болдог гэж ойлгоод ийм үйлдэл гаргасан. Нас барсны гэрчилгээ авдаг гэдгийг хуулийн мэдлэггүйн улмаас мэдээгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
Б.А-ийн Хаан банкны ... тоот дансны хуулга (хх-ийн 27-78),
Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 24-26),
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаартай “...Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нас барсан Б.С-ы түүхийг хүргүүлэв” гэсэн албан бичиг (хх-ийн 81),
Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/368 дугаартай “...Тус системийн мэдээлэлд шүүж үзэхэд ... регистрийн дугаартай Б.С- нь 2019 оны 06 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байсан нь бүртгэгдсэн байна” гэсэн албан бичиг (хх-ийн 144),
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдийн 9/7343 дугаартай “...Б.С- ... регистрийн дугаартай иргэний улсын бүртгэлийн мэдээллийг шалгахад 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нас барсны бүртгэлд бүртгэлгүй болно” гэх албан бичиг (хх-ийн 172),
Иргэний нэхэмжлэгч Б.Х-гийн “...Энэ хэргийн улмаас манай байгууллагад 5.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл 10 сарын хугацаанд 200.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл 5.500.000 төгрөг авсан байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 208),
Яллагдагч Б.А-ийн “...Би Оросын холбооны Улсын Тува улс руу ирж очин байдаг бөгөөд Тувад өөрийн төрсөн хүү Б.С-ыг төрүүлсэн. Талийгаач анх төрөхдөө зүрхний гажигтай төрөөд Тувад эмнэлэгт 14 хоног байж байгаад Монгол ирсэн. Би хүүтэйгээ Улаанбаатарт ирээд эмнэлэгт үзүүлэхэд дийлэхгүй гэсэн учраас Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Миний ойр тойронд нас баралт явагдаж байгаагүй учраас би нас барсны гэрчилгээ авдаг талаар мэдээгүй. Би хүүхэд төрүүлсэн учраас энэ мөнгийг захиран зарцуулж болно гэж бодсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 192-193),
Хохирол төлсөн баримтууд (хх-ийн 209-215, 217-218),
Б.А-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 131-142) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А-ийн үйлдэлд хамаарах нотлох баримтуудыг судалж үзвэл түүний хүү Б.С- 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай тус эмнэлгийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаартай албан бичгээр (хх-ийн 81) нотлогдсон байна.
Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 9/7343 дугаартай албан бичгээс үзхэд (хх-ийн 172) Б.С-ы нас барсны бүртгэл хийгдээгүй бөгөөд улмаар тухайн хүүхэд амьд мэт бүртгэлд байсаар байжээ.
Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/368 дугаартай албан бичгээр (хх-ийн 144) Б.С- нь 2019 оны 06 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан нь тогтоогдсон байна. Энэ нь шүүгдэгч хүүхдийнхээ нас барсан бодит байдлыг нууж төрөөс хууль бусаар тэтгэмж авсныг илтгэнэ.
Шүүгдэгч Б.А-ийн Хаан банкны ... тоот дансны хуулга болон түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлд (хх-ийн 24-26, 27-78) хүүхдийн мөнгөний шилжүүлэг хийгдэж байсныг харуулсан нь уг хууль бус орлого дансаар дамжин орж ирж байсныг нотолж байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Х “...энэ хэргийн улмаас манай байгууллагад 5.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл 10 сарын хугацаанд 200.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл нийт 5.500.000 төгрөг авсан...” гэж мэдүүлсэн нь (хх-ийн 208) халамжийн сангийн бодит хохирлын хэмжээг тогтоож өгчээ.
Шүүгдэгч Б.А яллагдагчаар мэдүүлэхдээ “…би хүүтэйгээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Нас барсны гэрчилгээ авдаг талаар мэдээгүй. Би хүүхэд төрүүлсэн учраас энэ мөнгийг зарцуулж болно гэж бодсон…” гэж мэдүүлсэн нь (хх-ийн 192-193) хүүхдийнхээ нас барсан бодит нөхцөл байдлыг мэдсээр байж төрөөс хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан гэм буруугаа үгүйсгээгүйг нотолж байна.
Эдгээр баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.А- нь нас барсан хүүхдийнхээ мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлж иргэний хууль ёсны үүргээ биелүүлэхгүйгээр бодит байдлыг санаатайгаар нууж төрөөс нийт 5.500.000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авсан буюу шүүгдэгч Б.А-ийн үйлдэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, үйлдэл, үр дагаврын хоорондын учир шалтгааны хамаарал зэрэг объектив болон субъектив шинж чанарууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авсан” гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж байна гэж шүүх үзэв.
Ийм учраас шүүгдэгч Б.А-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд Б.А- нь 42 настай, бүрэн дунд боловсролтой, тогтмол ажил эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй хүн болох нь тогтоогдсон.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул энэ нөхцөл байдал нь шүүгдэгчийг хорих ял оноохгүйгээр тэнсэх боломжийг бүрдүүлж байна.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь түүний эрх чөлөөг тодорхой хугацаанд хязгаарлахгүйгээр үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Иймд дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсагт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь ял шийтгэлийн зорилго биелэх бөгөөд нийгэмшүүлэх, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд илүү үр нөлөөтэй гэж үзсэн.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Шүүгдэгч Б.А-т хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоов.
Шүүгдэгч Б.А- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А- иргэний нэхэмжлэгч Халамжийн санд 5.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно.
Шүүгдэгч Б.А- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.А-т хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ