| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1713/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2024 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2024
2025 08 27 2025/ШЦТ/2024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Г.Бат-Оргил;
Хохирогч: Г.Б-;
Шүүгдэгч: А.Т-;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Мөнхбадрах;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Ариунзаяа;
Хэргийн дугаар: 2509000001006;
Шүүгдэгч А.Т ... регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.Т- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч Г.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүү ясны зүүн салаа сэртэн дайрсан зөрүүгүй хугарал, хамар ясны баруун хажуу ханын хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос А.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т- мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б- мэдүүлэхдээ: “...2025 оны 05 дугаар сарын 11-ний шөнө 3-4 цагийн үед “...” бааранд найзуутайгаа тек дээрээс пиво аваад зогсож байхад нэг хүн ирээд цохисон. Тэгээд газар 1 минут хэртээ ухаангүй хэвтсэн гэсэн. Тэгээд найзууд гэрт хүргэж өгсөн. Маргааш нь гэмтлийн эмнэлэг орж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эрүү, хамрын хугарал, зүүн талын шүдний дээд, доод паалан нь унаад хугарч цуурсан байсан. Ам нээгдэх боломжгүй үед шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дээрх гэмтлүүд бичигдээгүй байгаа. Ингээд би 1 сар хэвтрийн дэглэмтэй, ам ангайх боломжгүй, соруулаар юм зууж уудаг байсан. Би загвар өмсөж, маркетингийн менежер ажил хийдэг бөгөөд 1 сар ажилгүй байсан тул дээрх хугацааны цалингаа нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Баримтаар нэхэмжилсэн 423.000 төгрөгийг авсан” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Г.Б-ий “...Би 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “...” нэртэй бааранд 03 цаг 30 минутын орчимд найз Б, Э, С нарын хамт байсан. Өмнө нь “...” гэх бааранд хэсэг залуустай маргалдсан юм. Тэндээсээ “...” бааранд ороод тек дээрээс пиво авах гээд зогсож байтал нэг залуу ирээд цохиод би газар унаад ухаан алдаад нэг минут орчим болсон. Тухайн үед хэдэн хүн байсан, ямар хүн байсныг мэдэхгүй байна. Тэгээд сэрээд гэмтэл орж үзүүлэхэд зүүн талын эрүү хугарсан, зүүн талын 3 дахь араа хугарсан, хамар хугарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9),
Хяналтын камерын бичлэгт “...А.Т- нь “...” баарны үүдээр орж байгааг цэнхэр сумаар зааж гэрэл зургаар үзүүлэв. А.Т- нь хохирогч Г.Б-ийг цохиж байна” гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 35-36),
“...Г.Б-ий биед эрүү ясны зүүн салаа сэртэн дайрсан зөрүүгүй хугарал, хамар ясны баруун хажуу ханын хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6723 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 13-14),
“...Г.Б-ий сэтгэцэд 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2297 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 27-28),
Хохирлын баримтууд (хх-ийн 62-64),
Шүүгдэгч А.Т-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 46-52) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Т- нь 2025 оны 05 дугаар сарын 11-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй бааранд хохирогч Г.Б-ий нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүү ясны зүүн салаа сэртэн дайрсан зөрүүгүй хугарал, хамар ясны баруун хажуу ханын хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдлоо. Үүнд үндэслэл болох нотлох баримтуудыг дурьдвал:
Хохирогч Г.Б-ий мэдүүлэгт “…”...” бааранд ороод тек дээрээс пиво авах гээд зогсож байтал нэг залуу ирээд цохиод би газар унаад ухаан алдаад нэг минут орчим болсон” (хх-ийн 8-9) гэж дурьдсан нь үйл явдлын цаг хугацаа, орчин, халдагч этгээдийг тодорхой заасан эх сурвалжийн нотолгоо болсон бөгөөд хяналтын камерын дүрс бичлэгт А.Т- нь гараараа хохирогчийг цохиж байгааг шууд харуулсан (хх-ийн 35-36) нь дээрх мэдүүлэгтэй уялдаа холбоотой, эх сурвалжийн найдвартай нотолгоо болсныг харуулж байна.
Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Г.Б-ий биед “эрүү ясны зүүн салаа сэртэн дайрсан зөрүүгүй хугарал, хамар ясны баруун хажуу ханын хугарал, зөөлөн эдийн няцрал” тогтоогдсон бөгөөд мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн, хүндэвтэр гэмтэл гэж дүгнэгдсэн нь гэмтлийн зүй тогтлыг, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг тодорхойлжээ (хх-ийн 13-14).
Мөн сэтгэл зүйн шинжилгээгээр Г.Б-д гэмтлийн дараах стрессийн хариу урвал илэрсэн нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарах нь тогтоогдсон ба үйлдлийн үр дагаврын улмаас сэтгэл зүйн хор уршгийн хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой баримт байна. (хх-ийн 27-28).
Шүүх эдгээр нотлох баримтуудыг эх сурвалжийн найдвартай байдал, мэдүүлгийн нийцэл, цаг хугацааны дэс дараалал, нотолгооны бүрэн дүйцлийг харгалзан үнэлсэн бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь хоорондоо нийцэж, шинжээчийн дүгнэлттэй уялджээ.
Иймд нотлох баримтуудын цогц үнэлгээгээр шүүгдэгч А.Т- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогчийн нүүр хэсэгт нь санаатайгаар хүч хэрэглэн цохиж хүндэвтэр хохирол учруулсан нь тодорхой нотлогдож, үйлдэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, үйлдэл, үр дагаврын хоорондын учир шалтгааны хамаарал зэрэг объектив болон субъектив шинж чанарууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж байна гэж шүүх үзэв.
Ийм учраас шүүгдэгч А.Т-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх хуралдааныг нээлттэй, хуульд заасан журмын дагуу явуулж, яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчид нотлох баримтуудыг танилцуулах, хамгаалах, няцаах эрхийг тэгш олгосон, шүүгдэгч А.Т-ийг өмгөөлүүлэх, хохирогч Г.Б-ийг өөрийгөө өмгөөлөх эрхээр бүрэн хангаж ажилласан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь процессын бүх шаардлагыг хангасан, хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй болно.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсоноор шүүгдэгч А.Т- нь 26 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, үйлдлийнхээ дараа гэмшиж, харамсаж буй нь гэм буруугаа ухамсарлах боломжтой гэдгийг илтгэж байна.
Хохирогч Г.Б- мэдүүлэгтээ тухайн үйл явдлыг бааран дотор пиво авах гэж зогсож байхад А.Т- ирж цохисон гэж дурьдсан бол харин шүүгдэгч А.Т- мэдүүлэгтээ өмнөх бааранд үүссэн хувийн үл ойлголцлын үргэлжлэл гэж мэдүүлсэн. Үүний дагуу шүүх нотлох баримтуудыг тухайлбал хохирогчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь үнэлж, үйл явдал нь өмнөх хувийн үл ойлголцол, согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөл зэрэг нь шүүгдэгч А.Т-ийн хүч хэрэглэсэн үйлдлийн шууд шалтгаан болж, үр дагавар нь хохирогчид хүндэвтэр хохирол учруулхад хүргэсэн гэж үзсэн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хор уршиг, хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарласан байдал зэрэг нөхцөл байдлыг бүх талаар харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ял шийтгэлийг сонгох нь зүйтэй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч А.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийг өөрийн хөдөлмөрөөрөө нийтийн ашиг сонирхолд тустай, үр ашигтай ажил хийлгэж цээрлүүлэх, буруутай үйлдлийнх нь хариуцлагыг ухамсарлуулах үр нөлөө үзүүлэх зорилготой бөгөөд нийгмийн амьдралд идэвхтэй, хариуцлагатайгаар оролцох дадал суулгах зэрэг нийгэмшүүлэх үр нөлөөтэй тул шүүгдэгчид дээрх төрөл, хэмжээний ялыг оногдуулсан болно.
Шүүхээс А.Т-т тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурьдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б- нь эмчилгээ, үйлчилгээний зардалд нийт 423.097 төгрөгийг зарцуулсан болохыг нотолсон баримт (хх-ийн 62-64) хэрэгт хавсаргагдсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч өөрийн санаачилгаар бүрэн төлж барагдуулсан тул хохирогчид нэмж төлөх төлбөргүй болно.
Мөн хохирогч Г.Б- нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 124.000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авсан зардлыг шүүгдэгч А.Т-өөс нөхөн төлсөн нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хохирогч Г.Б- нь шүүх хуралдаанд “Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Цаашид эмчилгээ хийлгэх зардал болон ажилгүй байсан үеийн цалингаа нэхэмжилж байна” хэмээн мэдүүлсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д зааснаар тухайн гэмт хэргийн сэтгэцэд учруулсан хор уршгийг Шүүх шинжилгээний байгууллага үнэлэх бөгөөд уг журмын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг баримтлан Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2297 дугаар дүгнэлтээр “Г.Б-ий сэтгэцэд 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэж дүгнэсэн байна (хх-ийн 27-28).
“Хоёрдугаар зэрэглэл”-ийн хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй тогтоох боломжтой бөгөөд ингэснээр дээд хязгаар нь 10.288.080 төгрөг хүртэл байна.
Иймд хохирогчид илэрч буй түгшүүр, айдас, сэтгэл санааны тогтворгүй байдал зэрэг шинж тэмдгүүд нь өдөр тутмын амьдрал, хөдөлмөрийн чадвар, мөнгө санхүүгийн байдалд шууд сөргөөр нөлөөлж, цаашид эмчилгээ, сэтгэлзүйн дэмжлэг шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлж, нийт 7.920.000 төгрөгийг шүүгдэгч А.Т-өөс гаргуулан хохирогч Г.Б-д олгохоор шийдвэрлэлээ.
Мөн хохирогч Г.Б- нь цаашид хамрын мэс засал, ажилгүй байсан хугацааны үеийн цалин хөлсөө нэхэмжилсэн боловч энэ талаарх нотолсон баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй, одоогоор бодитоор гарсан зардал байхгүй байх тул тухайн эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч А.Т- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т- нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Шүүгдэгч А.Т- нь хохирогчид 423.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 124.000 төгрөгийг тус тус төлсөн, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-өөс сэтгэцэд учирсан хохиролд нийт 7.920.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-д олгож, хохирогч Г.Б- нь эмчилгээтэй холбоотой гарах зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ