| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 197/2025/0960/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/878 |
| Огноо | 2025-10-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/878
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар даргалж
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал,
улсын яллагч Ц.Ганцэцэг /цахим/,
шүүгдэгч Б.С /танхим/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн ************* дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ************** (регистрийн дугаар *********), 19** оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, "*****” ББСБ-д хүний нөөцийн менежер ажилтай, нөхөр, хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ************ тоотод оршин суудаг (Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн /****/ гудамж **-р байр ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн товч агуулга: Б.С нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 18 цаг 05 минутын орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Натур худалдааны төвийн зүүн талын туслах замд Тоёота Харрер /Toyota Harrier/ загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч осолтой аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд болгохгүйгээр зорчино", 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас цахилгаан унадаг дугуй/eco bike/-тай зорчигч Э.О-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (хавтаст хэргийн 8-15, 17-22, 25, 30, 33, 47-49, 58-63, 68-69, 77-78, 86, 90, 92, 93, 105, 107 дугаар хуудас),
- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.
Шүүгдэгч Б.С нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 18 цаг 05 минутын орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр натур худалдааны төвийн зүүн талын туслах замд Тоёота Харрер /Toyota Harrier/ загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч осолтой аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд болгохгүйгээр зорчино", 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас цахилгаан унадаг дугуй/eco bike/-тай зорчигч хохирогч Э.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт, нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 9-15 дугаар хуудас),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас),
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.О-ын "...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг өнгөрөөд Нарантуул захаас гэртээ харихаар замдаа Eco bike цахилгаан унадаг дугуй түрээсэлж аваад Натур худалдааны төвийн зүүн талын туслах замыг хөндлөн гарч явтал ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан шаргал өнгийн Тoyota Harrier маркийн машин зүүн талаас мөргөсөн. Унахдаа машины баруун урд талын дугуйн доор миний баруун хөлийн тавхайн хэсгээр дарагдсан байсан. Тэгээд босох гээд хөлөө авч чадахгүй тэрүүгээр явж байсан хүмүүс хашхирч хэлээд машин ухраад би хөлөө аваад босож ирээд дугуйгаа босгоод замаа чөлөөлж холдсон...Ослын улмаас миний баруун хөлийн 3, 4-р хурууны яс хугарч зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Өөр ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй...эмчилгээний төлбөр болон сэтгэл санааны хохирол гээд нийт 3,000,000 төгрөг гаргуулж дансаар авсан...гомдол санал байхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч У.Х-н "Тоёота Харрер загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30, 33 дугаар хуудас)
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05-р сарын 15-ны өдрийн **** дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “Э.О-ын биед баруун тавхайн 3 болон 4 дүгээр хурууны далд хугарал, өсгийн хальсны суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас),
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08-р сарын 15-ны өдрийн **** дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр “Хохирогч Э.О-ын сэтгэцэд 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),
- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 06-р сарын 02-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 58-63 дугаар хуудас),
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Б-ын 2025 оны 09-р сарын 11-ний өдрийн **** дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),
- Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын санхүү бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09-р сарын 25-ны өдрийн "Э.О нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 216,000.00 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь ****** тоот дансанд 2025 оны 09 дугаар сарын 25-нд төлсөн нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 107 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч Б.С хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заажээ.
Иймд шүүгдэгч Б.С-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
1.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлсон.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.О-аас “...эмчилгээ, болон сэтгэл санааны хохиролд нийт 3.000.000 төгрөгийг гаргуулан авсан тул одоо надад гомдол санал байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт(хавтаст хэргийн 117 дугаар тал)-ийг, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 216.000 төгрөгийг шүүгдэгчээс төлж барагдуулсан нь тогтоогдсон тул Б.Солонгыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг шүүгдэгчээс “маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон” болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчимд нийцсэн төдийгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шалган тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд батлах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд сануулж, шүүгдэгч Б.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн ************* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хамт хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш арван хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн ************* тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Б.БЯМБААБААТАР