Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 259

 

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч Э.Одончимэг,

Шинжээч Ч.Эрдэмболор,

шүүгдэгч А.Ану-Үжин, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,

шүүгдэгч Г.Чулуунчимэг, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнх  овогт Алтанболдын Ану-Үжин, Имт овогт Ганбаатарын Чулуунчимэг нарт холбогдох эрүүгийн 201726020532 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 17 нас  11 сар 24 хоногтой, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 1 дүгээр курсд суралцдаг, ам бүл 4, хойд эцэг, 2 дүүгийн хамтаар Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5 дугаар хороо 104-105 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЕС99061102 регистрийн дугаартай, Мөнх  овогт Алтанболдын Ану-Үжин.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Багшийн Их Сургуулийн Математик Байгалын Ухааны Сургуулийн математик мэдээлэл зүйн ангийн 2 дугаар курсд суралцдаг, ам бүл 4, эцэг эх, дүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг 1-28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, СЮ97111307 регистрийн дугаартай, Имт овогт Ганбаатарын Чулуунчимэг.

 

Холбогдсон хэргийн талаар:

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Ану-Үжин нь 2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 17 нас 8 сар 25 хоногтой байхдаа Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Кристал бааранд согтуугаар, ялимгүй зүйлээр шалтаглан Г.Үүрийнцолмонг Г.Чулуунчимэгтэй бүлэглэн хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайран нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт,

шүүгдэгч Г.Чулуунчимэг нь 2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 17 нас 8 сар 25 хоногтой байхдаа Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Кристал бааранд согтуугаар, ялимгүй зүйлээр шалтаглан Г.Үүрийнцолмонг насанд хүрээгүй яллагдагч А.Ану-Үжинтэй бүлэглэн хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайран нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Чулуунчимэг мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Бид хоёр нийлээд хохиролд 840,000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч А.Ану-Үжин мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Бид хоёр нийлээд хохиролд 840,000 төгрөг өгсөн. Хохирогчид гэмтэл учруулсанаа зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Ану-Үжингийн өгсөн:

 ... над руу муухай харахаар нь би үсдээд авсан. 2-3 минут үсдсэн байх. Хөлөөрөө нэг удаа  өшиглөсөн. Үсдэх гэж байхдаа хүзүүг нь маажсан байх. ... Би Үүрийнцолмонг араас нь хөөж очоод нэг удаа өшиглөөд татаж унагаасан ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

 

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Үүрийнцолмонгийн өгсөн:

 ... 2017 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө 23:00 цагийн үед найз Нандин-Эрдэнэ намайг нэг цаг караокед орох уу гээд бид хоёр гарсан. Тэгээд караоке хаасан байна. Нэг цаг бүжиглэе гээд хороололд Кристал гэдэг бааранд орсон. Нандин-Эрдэнэ бид хоёр нэг, нэг пиво ууж сууж байхад талбай дээр  А.Ану-Үжин, Г.Чулуунчимэг хоёр талбайн голд бүжиглэж байсныг нь тод санаж байна. Нандин-Эрдэнэ бид хоёр хоорондоо А.Ану-Үжин, Г.Чулуунчимэг хоёрыг жаахан хүүхдүүд байж яасан айхтар бүжиглэдэг юм бэ гэж ярилцаж байсан. Тэгээд Нандин-Эрдэнэ бид хоёр ариун цэврийн өрөө орчихоод миний дуртай ая явж байхаар нь бүжиглэх үү гээд бүжиглэсэн. Нандин-Эрдэнэ бид хоёр өөд өөдөөсөө хараад бүжиглэж байсан. Ану-Үжин намайг шахаад байсан. Тэгээд бүжиглээд байж байтал Ану-Үжин над руу муухай хараад намайг шахаад байсан. Тэгээд дахиад шахаад ирэхээр нь  хөөе ээ миний дүү би чамайг жаахан цаашаа зогсчих гэж хэлсэн шүү дээ  гэж хэлэхэд Ану-Үжин юу гэж хэлснийг мэдэхгүй хөгжим чанга байсан болохоор сонсоогүй над руу юм хэлээд л намайг үсдээд миний толгойг тонгойлгож дарсан. Тэгээд Ану-Үжин намайг үсдээд толгойг тонгойлгоод дарсан байхад Чулуунчимэг хажуу талаас зэрэг дайрсан. Ану-Үжин израл гутлаараа олон удаа өшиглөсөн. Чулуунчимэг годон гутлаараа 2-3 удаа өшиглөсөн. Чулуунчимэг, Ану-Үжин хоёр миний толгойг тонгойлгож дарчихаад дээшээ болох ямар ч боломж өгөөгүй. Тухайн үед манай найз Нандин-Эрдэнэ ирээд орилоод л байсан. Тэгээд би арай гэж зугатаад текэн дээр нь очоод барменд нь  би сая зодуулчихлаа, танай хамгаалагч нар хаана байгаа юм бэ  гээд асуутал Ану-Үжин өөдөөс ирээд намайг үсдэж байгаад нэг өшиглөсөн. Тэгээд Нандин-Эрдэнэ гүйж ирсэн. Тэгээд би гардаг шатаар гүйгээд хаалгаар гарахад хамгаалагч нар нь тамхи татаад зогсож байсан. Би хамгаалагч нарт  би дотор зөндөө зодуулчихлаа, та нар яагаад ажлаа хийдэггүй юм бэ  гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудчихаад зогсож байтал  Чулуунчимэг, Ану-Үжин хоёр хамт явж байсан хоёр залуутайгаа гарч ирээд  чи бид хоёроос юм олж долоогоороо, чи угаасаа зодуулсан муур шиг царайтай юм байна ш дээ, бид хоёр чамайг зодоогүй  гэж хэлээд такси бариад зугтаад явах гэж байсан. Тэгэхээр нь би миний хажуу талд зогсож байсан нэг хамгаалагч залууд  би цагдаа дуудсан, миний зодуулсан хариуцлагыг та нар хүлээнэ гэвэл энэ хүмүүсийг явуулаарай  гэж хэлэхэд замаар гарч байсан Ану-Үжинг гүйж очоод аваад ирсэн. Чулуунчимэг нь хамт явж байсан хоёр залуутайгаа яваад өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд Ану-Үжин бид хоёрыг авч явсан. ... Чулуунчимэг тухайн үед годон гуталтай байсан ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Үүрийнцолмонгийн өгсөн:

             ... Миний өмнө нь харсан 2 охин учиргүй 2 талаас шахаад байсан.Тэгээд би өндөр охиныг нь жаахан цаашаа зогсооч миний дүү гэтэл над руу аймаар муухай харсан. Тэр 2 охин тэгээд удалгүй дахиад намайг шахаад эхэлсэн. Тэгээд нэг юм хэлэх шиг болоод нөгөө өндөр охин /Ану-Үжин/ шууд толгойноос үсдээд доош дараад байтал нөгөө намхан /Г.Чулуунчимэг/ бас үсдээд тэр өндөр охин миний давсаг руу өшиглөөд байсан. Бараг  10 удаа өшиглөсөн. Бэлхүүснээс доош доошоо энд тэнд өшиглөсөн. .... намхан нь хажуу талаас өшиглөсөн. Годон гуталтай байсан болохоор сайн санаж байна. 2-3 удаа өшиглөсөн нь миний давсаг хавиар таарсан. Бас миний хүзүүг маажиж самардсан. Нэг нь бөгжтэй гараараа нүүр рүү бараг 10 удаа цохисон. ... Би текний тийшээ зугттал араас өндөр нь дахиж очоод намайг үсдээд 2-3 удаа дахиж өшиглөсөн. ... Намайг Ану-Үжин үсдсэн байхад Чулуунчимэг чарлаж байгаад хамт үсдэлцээд салтаа хавь руу 5-6 удаа өшиглөсөн ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Нандин-Эрдэний өгсөн:

 ... Би 2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө найз Үүрийнцолмонтой хамт Кристал гэдэг бааранд орсон. Тэгээд 0.33 граммын нэг нэг пиво захиалж сууж байгаад ариун цэврийн өрөө орчихоод хоёулаа хоёр аяанд бүжиглэчихээд явъя гээд бүжгийн талбай дээр гарахад А.Ану-Үжин, Г.Чулуунчимэг хоёр бүжиглэж байсан. Гэтэл А.Ану-Үжин шахаж бүжиглээд байсан. Тэгээд А.Ану-Үжин Үүрийнцолмонг шахаж бүжиглэсэн. Тэгээд Үүрийнцолмон уучлаарай жаахан цаашаа бай гэж хэлсэн. Гэтэл Ану-Үжин эргэж харчихаад дахиад шахаж бүжиглэсэн. Тэгээд дахиад Үүрийнцолмон Ану-Үжинг  чи жаахан цаашаа болчих оо  гэж хэлэхэд Ану-Үжин шууд эргэж хараад үсдээд авсан. Үсдээд авахаар нь би салгах гэхэд Ану-Үжин Үүрийнцолмонгийн үснээс зулгайгаад тавихгүй байсан. Гэтэл хажуу талаас годон гутал өмссөн Чулуунчимэг ирээд хөлөөрөө өшиглөж харагдсан. Тэгээд би Чулуунчимэгийг  чи болиоч ээ  гэж хэлсэн. Тэгээд Чулуунчимэг дахиад дайрахаар нь  чи болиоч ээ, эмэгтэй хүүхэд байж ямар аймар юм бэ  гэж холдуулсан. Тэгээд тухайн бааранд бүжиглэж байсан 4,5 залуу надтай хамт салгасан. ... А.Ану-Үжин Үүрийнцолмонг үсдсэн байхад Г.Чулуунчимэг зүүн талаас нь үсдээд, өшиглөж байсан. Ану-Үжин Үүрийнцолмонгийн үсийг ороогоод барьчихсан байсан болохоор салгахад хэцүү байсан ... Г.Чулуунчимэг бор өнгийн, цагаан канттай годон гутал өмссөн байсан ... Г.Чулуунчимэг Үүрийнцолмонг цохисон. Үүрийнцолмонг үсдэж аваад шанаа тус газарт нь өшиглөөд хөлөөрөө өшиглөсөн. Чулуунчимэг зодооныг салгах үйлдэл хийгээгүй ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Нандин-Эрдэнийн өгсөн:

 ... Би 2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө найз Үүрийнцолмонтой хамт 23 цагийн үед Кристал гэдэг бааранд орсон. Ороод 1 пиво ууж байгаад гарч бүжиглэсэн. Тэгэхэд 1 өндөр охин /Ану-Үжин/ бүжиглэх тоолонд шахаад байсан. Тэгэхэд Үүрээ  чи жаахан цаашаа бай  гээд түлхсэн. Тэгсэн Үүрээ жаахан хараад зогссон. Тэгээд дахиад шахаад байхаар нь Үүрээ дахиад  чи жаахан цаашаа болчих  гэж хэлтэл нөгөө өндөр охин эргэж хараад нэг юм хэлээд ... Үүрээг тэр охин үсдээд тонгойлгосон. Тэгээд цохиод байх шиг байсан. Би салгах гэхэд нөгөө охинтой хамт явсан намхан охин Үүрээг зүүн талаас нь үсдсэн. Ану-Үжин Үүрээгийн үснээс ороогоод барьсан байсан. Бас намхан охин Үүрээг өшиглөх шиг болсон ... Дараа нь тэр зодооныг салгачихаад байж байгаад Үүрээг текний тэнд байхад нөгөө өндөр охин очоод үснээс нь зулгаагаад хөлөөрөө өшиглөсөн. Миний харснаар 1 удаа өшиглөөд салтаа хавьд нь онох шиг болсон. ... Эхлээд Ану-Үжинтэй үсдэлцэхэд Үүрээгийн зүүн талаас нь 1 намхан охин /Чулуунчимэг/ үсдэж байгаад гараараа 3-4 удаа цохисон. Толгой шанаа хавь руу нь цохисон. Годон гуталтай байсан ба Үүрээгийн доод талаар нь 2-3 удаа өшиглөсөн. Яг тэр үйл явдлыг хараад би намхан охиныг салгасан. Тэр 2 охин нэлээн согтуу байсан ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/, 

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 2428 тоот:

1. Г.Үүрийнцолмонгийн биед тархи доргилт, умдагны хэсгийн зөөлөн эдийн няцрал, шээсний сүвний гэмтэл, баруун шанаа, хүзүү, баруун эгэмний доод хэсэгт хуралт, хоёр талын хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой ...  /хх-ийн 30/ гэх дүгнэлт,

 

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж үйлчилгээний хуудсын хуулбар /хх-н 31-33-р хуудас/,

- Хохирогч Г.Үүрийнцолмонгийн зодуулсан үеийн фото зураг /хх-н34-36-р хуудас/

- Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 46-р хуудас/

- хохирол төлсөн баримт зэрэг болон,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Ану-Үжингийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч С.Нацагийн өгсөн:

  ... Би оюутны байранд ороод Ану-Үжинтэй танилцсан, нэг өрөөнд хамт байдаг байсан. Дажгүй ааштай, хааяа уудаг, гэхдээ олон хоног уудаггүй, сэргэлэн зантай, уураа барих үедээ барьдаг, заримдаа уураа барьж чаддаггүй зантай ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Болдын өгсөн:

 ... Ану-Үжингийн хойд эцэг Д.Ууганбаяр нь миний төрсөн дүү. 2006-2007 онд манай дүү Ганцэцэгтэй суусан. Тэр үед Ану-Үжин дагаж ирсэн. Оюутан болсноосоо хойш надтай ярьж байгаа гайгүй хүүхэд, төлөв даруу, ээж нь саяхан өнгөрсөн. Би байнга хамт байгаагүй ч ерөнхийдөө мэднэ. Архи дарс уудаггүй, хичээлээ сайн хийдэг, би Ану-Үжинг амжилтанд хүрнэ гэж боддог ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/,

- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,

- ХААИС-ийн оюутны үнэмлэхийн хуулбар /хх-н 114/,

 

Шүүгдэгч Г.Чулуунчимэгийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч А.Номин-Эрдэний өгсөн:

 ... Чулуунчимэг бид 2 нэг ангид сурч байсан. 2005 оноос хойш үерхэж нөхөрлөсөн. ... Чулуунчимэг бид 2 Хүслэн гэдэг сайн дурын бусдад тусалдаг байгууллагад хамт явдаг байсан. Чулуунчимэг нийгмийн идвэхтэй бусдад тусалдаг, хичээлдээ сайн тууштай, хүнд тусархуу, гэнэн томоогүй цайлган сэтгэлтэй, шударга зантай, догшин ширүүн ааш авир гаргаж байгаагүй бас бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсан ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Должинсүрэнгийн өгсөн:

 ... Би 2016 онд хичээл эхлэхэд танилцсан ... Чулуунчимэг шулуун шударга нийтэч зантай, олонтой харьцаж сурсан, догшин ширүүн авир гаргадаггүй ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-р хуудас/,

- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх лавлагаа /хх-ийн 68-р хуудас/

- МУБИС-н Математик, Байгалийн Ухааны Сургуулийн тодорхойлолт /хх-н 104-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч А.Ану-Үжин, шүүгдэгч Г.Чулуунчимэг нар нь бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Б.Үүрийнцолмонгийн бие махбодид  тархи доргилт, умдагны хэсгийн зөөлөн эдийн няцрал, шээсний сүвний гэмтэл, баруун шанаа, хүзүү, баруун эгэмний доод хэсэгт хуралт, хоёр талын хөхлөг сэртэнгийн хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч А.Ану-Үжингийн  ... над руу муухай харахаар нь би үсдээд авсан. 2-3 минут үсдсэн байх. Хөлөөрөө нэг удаа  өшиглөсөн. Үсдэх гэж байхдаа хүзүүг нь маажсан байх. ... Би Үүрийнцолмонг араас нь хөөж очоод нэг удаа өшиглөөд татаж унагаасан ... хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...  гэх,

шүүгдэгч Г.Чулуунчимэгийн ... хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...  гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Г.Үүрийнцолмонгийн өгсөн  ... 2017 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө 23:00 цагийн үед найз Нандин-Эрдэнэ намайг нэг цаг караокед орох уу гээд бид хоёр гарсан. Тэгээд караоке хаасан байна. Нэг цаг бүжиглэе гээд хороололд Кристал гэдэг бааранд орсон. Нандин-Эрдэнэ бид хоёр нэг, нэг пиво ууж сууж байхад талбай дээр  А.Ану-Үжин, Г.Чулуунчимэг хоёр талбайн голд бүжиглэж байсныг нь тод санаж байна. Нандин-Эрдэнэ бид хоёр хоорондоо А.Ану-Үжин, Г.Чулуунчимэг хоёрыг жаахан хүүхдүүд байж яасан айхтар бүжиглэдэг юм бэ гэж ярилцаж байсан. Тэгээд Нандин-Эрдэнэ бид хоёр ариун цэврийн өрөө орчихоод миний дуртай ая явж байхаар нь бүжиглэх үү гээд бүжиглэсэн. Нандин-Эрдэнэ бид хоёр өөд өөдөөсөө хараад бүжиглэж байсан. Ану-Үжин намайг шахаад байсан. Тэгээд бүжиглээд байж байтал Ану-Үжин над руу муухай хараад намайг шахаад байсан. Тэгээд дахиад шахаад ирэхээр нь  хөөе ээ миний дүү би чамайг жаахан цаашаа зогсчих гэж хэлсэн шүү дээ  гэж хэлэхэд Ану-Үжин юу гэж хэлснийг мэдэхгүй хөгжим чанга байсан болохоор сонсоогүй над руу юм хэлээд л намайг үсдээд миний толгойг тонгойлгож дарсан. Тэгээд Ану-Үжин намайг үсдээд толгойг тонгойлгоод дарсан байхад Чулуунчимэг хажуу талаас зэрэг дайрсан. Ану-Үжин израл гутлаараа олон удаа өшиглөсөн. Чулуунчимэг годон гутлаараа 2-3 удаа өшиглөсөн. Чулуунчимэг, Ану-Үжин хоёр миний толгойг тонгойлгож дарчихаад дээшээ болох ямар ч боломж өгөөгүй. Тухайн үед манай найз Нандин-Эрдэнэ ирээд орилоод л байсан. Тэгээд би арай гэж зугатаад текэн дээр нь очоод барменд нь  би сая зодуулчихлаа, танай хамгаалагч нар хаана байгаа юм бэ  гээд асуутал Ану-Үжин өөдөөс ирээд намайг үсдэж байгаад нэг өшиглөсөн. Тэгээд Нандин-Эрдэнэ гүйж ирсэн. Тэгээд би гардаг шатаар гүйгээд хаалгаар гарахад хамгаалагч нар нь тамхи татаад зогсож байсан. Би хамгаалагч нарт  би дотор зөндөө зодуулчихлаа, та нар яагаад ажлаа хийдэггүй юм бэ  гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудчихаад зогсож байтал  Чулуунчимэг, Ану-Үжин хоёр хамт явж байсан хоёр залуутайгаа гарч ирээд  чи бид хоёроос юм олж долоогоороо, чи угаасаа зодуулсан муур шиг царайтай юм байна ш дээ, бид хоёр чамайг зодоогүй  гэж хэлээд такси бариад зугтаад явах гэж байсан. Тэгэхээр нь би миний хажуу талд зогсож байсан нэг хамгаалагч залууд  би цагдаа дуудсан, миний зодуулсан хариуцлагыг та нар хүлээнэ гэвэл энэ хүмүүсийг явуулаарай  гэж хэлэхэд замаар гарч байсан Ану-Үжинг гүйж очоод аваад ирсэн. Чулуунчимэг нь хамт явж байсан хоёр залуутайгаа яваад өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд Ану-Үжин бид хоёрыг авч явсан. ... Чулуунчимэг тухайн үед годон гуталтай байсан ...  гэх,

гэрч Б.Нандин-Эрдэний  ... Би 2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө найз Үүрийнцолмонтой хамт Кристал гэдэг бааранд орсон. Тэгээд 0.33 граммын нэг нэг пиво захиалж сууж байгаад ариун цэврийн өрөө орчихоод хоёулаа хоёр аяанд бүжиглэчихээд явъя гээд бүжгийн талбай дээр гарахад А.Ану-Үжин, Г.Чулуунчимэг хоёр бүжиглэж байсан. Гэтэл А.Ану-Үжин шахаж бүжиглээд байсан. Тэгээд А.Ану-Үжин Үүрийнцолмонг шахаж бүжиглэсэн. Тэгээд Үүрийнцолмон уучлаарай жаахан цаашаа бай гэж хэлсэн. Гэтэл Ану-Үжин эргэж харчихаад дахиад шахаж бүжиглэсэн. Тэгээд дахиад Үүрийнцолмон Ану-Үжинг  чи жаахан цаашаа болчих оо  гэж хэлэхэд Ану-Үжин шууд эргэж хараад үсдээд авсан. Үсдээд авахаар нь би салгах гэхэд Ану-Үжин Үүрийнцолмонгийн үснээс зулгайгаад тавихгүй байсан. Гэтэл хажуу талаас годон гутал өмссөн Чулуунчимэг ирээд хөлөөрөө өшиглөж харагдсан. Тэгээд би Чулуунчимэгийг  чи болиоч ээ  гэж хэлсэн. Тэгээд Чулуунчимэг дахиад дайрахаар нь  чи болиоч ээ, эмэгтэй хүүхэд байж ямар аймар юм бэ  гэж холдуулсан. Тэгээд тухайн бааранд бүжиглэж байсан 4,5 залуу надтай хамт салгасан. ... А.Ану-Үжин Үүрийнцолмонг үсдсэн байхад Г.Чулуунчимэг зүүн талаас нь үсдээд, өшиглөж байсан. Ану-Үжин Үүрийнцолмонгийн үсийг ороогоод барьчихсан байсан болохоор салгахад хэцүү байсан ... Г.Чулуунчимэг бор өнгийн, цагаан канттай годон гутал өмссөн байсан ... Г.Чулуунчимэг Үүрийнцолмонг цохисон. Үүрийнцолмонг үсдэж аваад шанаа тус газарт нь өшиглөөд хөлөөрөө өшиглөсөн. Чулуунчимэг зодооныг салгах үйлдэл хийгээгүй ...  гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 2428 тоот дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж үйлчилгээний хуудсын хуулбар, хохирогч Г.Үүрийнцолмонгийн зодуулсан үеийн фото зураг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Чулуунчимэг, А.Ану-Үжин нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Г.Чулуунчимэг, А.Ану-Үжин нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Чулуунчимэг, А.Ану-Үжин нар нь хохирогчид 840,000 төгрөгийг төлж барагдуулсан хохирогч Г.Үүрийнцолмон нь шүүгдэгч нараас хохирлын 840,000 төгрөгийг хүлээн авсан цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч А.Ану-Үжин нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож,

шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тус тус тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Мөнх  овогт Алтанболдын Ану-Үжин, Имт овогт Ганбаатарын Чулуунчимэг нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д  зааснаар шүүгдэгч А.Ану-Үжинд 3 /гурав/ жил 01 /нэг/  сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Г.Чулуунчимэгт 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Ану-Үжин, Г.Чулуунчимэг нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Чулуунчимэгт оногдуулсан 3 жил 01 сар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын цагдаагийн хэлтэст,

А.Ану-Үжинд оногдуулсан 3 жил 01 сар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Чулуунчимэг, А.Ану-Үжин нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Чулуунчимэг, А.Ану-Үжин нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ