Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/043

 

Д.М, С.З нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч Н.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч Д.Мэ, С.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Мэ, С.З нарт холбогдох эрүүгийн 2114000000037 тоот хэргийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Д.М, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Урьд 2008 оны 03 дугаар сарын 20-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус, тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн 4 жил 10 хоногийн хорих ялаар,

Мөн 2013 оны 09 дүгээр сарын 18-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,

2. Монгол улсын иргэн, С.З, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Д.Мэ нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Уран хайрхан рестораны гадаа Д.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.Мэ, С.З нар бүлэглэн 2020 оны 12 сарын 26-ны орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үүдэнд байсан түргэн тусламжийн машин дотроос яаралтай түргэн тусламжийн үед хэрэглэдэг цүнхийг, доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 518 185 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Мэ, С.З нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 28-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 11 дүгээр гудамжны 1310 тоотод Н.Хын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр агуулах болох амбаарт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар градустай цахилгаан хөрөө 1 ширхгийг хулгайлж бусдад 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т дэх хэсэг,

С.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.З, Д.М нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус, Шүүгдэгч Боржигон овогт Д.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Зыг хоёр жил зургаан сарын / 02 жил 06 сар / хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Д.Мийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Д.Мийг гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэг / 01 / сарын ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан гурван жилийн хорих ялд нэмж нэгтгэн гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мэд оногдуулсан гурван жил нэг сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэг жил нэг сар арван найман хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг дөрвөн жил хоёр сар арван найман хоног / 04 жил 02 сар 18 хоног /-оор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С.Зт оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг шүүгдэгч Д.Мэд оногдуулсан дөрвөн жил хоёр сар арван найм хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.З, Д.Мэ нарын энэ хэргийн учир дөчин дөрөв хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д шүүгдэгч С.З, Д.Мэ нараас 448.900 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу 224.450 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Э.Сэржхоролд олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч С.З, Д.Мэ нар нь энэ хэргийн учир хохирогч Д.А, Н.Х нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Н.Хаас 360.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Х нь хөрөөний эвдрэл, гэмтэл, засварын талаарх үнийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан архины шил нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.З, Д.Мэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн тус тус тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Зын өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Уг шийтгэх тогтоолоор С.Зыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. С.З нь өөрийн хулгайлах гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа ба шийтгэх тогтоолыг хүндэтгэж байгаа. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба өөрийн гэмт үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж уучлалт гуйж байгаа тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Уг шийтгэх тогтоолоор Д.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэг сарын ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан гурван жилийн хорих ялд нэмж нэгтгэн 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Д.Мийн ээж өндөр настай хөгшин байдаг бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо С.Зтай хамтран төлсөн болно. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон хэдий ч оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:   Д.Мэд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: С.Зт оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г. Дуламсүрэн, ******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахдаа тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахад:

Шүүгдэгч Д.Мэ нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Уран хайрхан рестораны гадаа Д.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.Мэ, С.З нар бүлэглэн 2020 оны 12 сарын 26-ны орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үүдэнд байсан түргэн тусламжийн машины кабин дотроос яаралтай түргэн тусламжийн үед хэрэглэдэг цүнхийг, доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 518 185 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Мэ, С.З нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 28-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 11 дүгээр гудамжны 1310 тоотод Н.Хын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр агуулах болох амбаарт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар градустай цахилгаан хөрөө 1 ширхгийг хулгайлж бусдад 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар талд авагдсан “... 2020 оны 12 дугаар сарын 26-ны орой 21 цаг 30 минут гэхэд сүүлийн дуудлага дээр оччиход эмнэлэг дээрээ ирсэн. ...22 цаг 20 минутын үед дуудлага ирээд ...машиндаа суух гээд хаалга татахад миний яаралтай түргэн тусламжийн үед хэрэглэдэг улаан цүнх алга болсон байсан ... гэх хохирогчийн төлөөлөгч Э.Сэржхоролын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар талд авагдсан “... 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...бид хоёр маргалдаад Мэ миний толгой руу архины шилээр 2 удаа цохисон. ...Эмнэлэг дээр очоод чих, толгойндоо оёдол тавиулсан.Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хохирогч Д.Аий мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 15-18 дугаар талд авагдсан “... 2021 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед гэртээ унтаж байтал... хашааны хаалга дугарах шиг болсон... хашааны жижиг хаалгаар шагайтал ...2 эрэгтэй хүн юм яриад юм янзлаад байгаа харагдсан ...пингийн хаалгыг хартал цоожгүй, цоож нь алга болсон байсан ...улаан саарал өнгийн цахилгааны градустай хөрөө 2020 оны 06 дугаар сард 380 000 төгрөгөөр авч байсан хөрөө байхгүй байсан ...нөгөө хоёр залуу гартаа байсан зүйлээ газар хаячхаад зугтаасан ....” гэх хохирогч Н.Х мөрдөн байцаалтад мэүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 68-70дугаар талд авагдсан “... 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед дуудлагад яваад 21 цаг 35 минутад дуудлагаас ирээд... 20-30 минут болоод дараагийн дуудлагад явах гэхэд түргэн тусламжийн цүнх алга болсон байсан...” гэх гэрч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг ,

1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дугаар талд авагдсан ”... 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр...бөөндөө архи уугаад байж байхад Мэ А хоёр хоорондоо маргалдсан Мэ Аий толгой руу архины шилээр цохиход Аий толгойноос цус гарсан...” гэх гэрч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 103,107 дугаар талд тус тус авагдсан “......Даралтын аппарат 20.000 төгрөг, Пульс оксиметр 7500 төгрөг, халууны шил 5000 төгрөг, амбу 60.000 төгрөг, Морфин 1300 төгрөг, трамдол 1100 төгрөг, аналгин 360 төгрөг, демидрол 200 төгрөг, Эуфиллин 200 төгрөг, Магнисульфат 200 төгрөг, Дабизол 600 төгрөг, Витамин К 1350 төгрөг, Витамин С 500 төгрөг, Пуросимед 200 төгрөг, Церкул 1280 төгрөг, Адераналин 1000 төгрөг, Na Cl 100 мг 1295 төгрөг, магнитол 2500 төгрөг, дуслын систем 300 төгрөг, цүнх 250.000 төгрөг... нийт дүн 355185 төгрөг ...”, “...Пульс оксиметр 67500 төгрөг, халууны шил 67500 төгрөг, саахарын аппарат 40500 төгрөг ... нийт дүн 175500 төгрөг... гэх “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 4, 27 дугаар дүгнэлтүүд,

1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар талд авагдсан “... Д.Аий биед зулайд, чихэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал... гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар дүгнэлт,

2 дугаар хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан “...... Цахилгаан хөрөө 360.000 төгрөг, Цоож 2000 төгрөг... нийт үнэ 362000 төгрөг ...” гэх “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С. З, Д. Мэ нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн, Д.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн үзэж Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Зын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Д.Мэтэй хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдснийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Зыг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний хулгайлах гэмт хэргийг 2 удаа үргэлжилсэн үйлдлээр, бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн хэргийн нөхцөл байдал болон хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Д.Мэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэг сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан гурван жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэг сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаас 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Шүүхийн шүүгчийн 222 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 18 хоногийн ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр дуусах байсан боловч шүүгдэгч Д.Мэ нь уг ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул үргэлжилсэн үйлдлээр хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт оногдуулсан дээрх гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг дөрвөн жил хоёр сар арван найман хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй ба харин түүний Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг 3 удаагийн үйлдлээр үйлдсэн болон гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэргийн бодит байдалд тохируулан зөв хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “... анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэхийг хүссэн...” гомдлыг хүлээн авах боломжгүй буюу шүүгдэгч нарын үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн ардын эрүүл, энхийн төлөө үйлчилдэг яаралтай түргэн тусламжийн машин гэдгийг мэдсээр байж кабинд нэвтрэн эмнэлгийн эм хэрэгсэлийг хулгайлан нийтийн эрх ашиг сонирхолд харшилсан гэмт хэргийн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал...” -ын шинжид хамааруулан авч үзэхэд энэ зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн тогтож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З, Д.Мэ нарын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тус тус тооцсон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1 -т заасныг тус, тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, ******* нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З, Д.Мэ нарын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тус тус тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.ЭНХМАА

Г.УЛАМБАЯР