| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 220/2025/1050 |
| Дугаар | 2025/ШЦТ/2132 |
| Огноо | 2025-09-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2132
2025 09 10 2025/ШЦТ/2132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Г.Бат-Оргил;
Хохирогч: Ц.Т- (өөрийгөө өмгөөлөв);
Шүүгдэгч: Э.Э- (өөрийгөө өмгөөлөв);
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бумчимэг;
Хэргийн дугаар: 2509015651003;
Шүүгдэгч Э.Э- ... регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, одоо уг ялаа биелүүлж, 1 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
(Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Э.Э- нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Т-т “...Би ... ХХК-ын худалдах, худалдан авах хэлтэст ажиллаж байгаа... ...зах дээр байгаа хүнээс ланд 76 загварын машиныг 140.000.000 төгрөгөөр худалдаж аваад манай байгууллагад 165.000.000 төгрөгөөр худалдъя...” гэж худал хэлж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 100.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 140.000.000 төгрөгөөр авч байгаа мэтээр ойлгуулж, хуурч, төөрөгдөлд оруулж, их хэмжээний буюу 140.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э- мэдүүлэхдээ: “... компанид ажиллаж байхдаа худалдааны менежер хийхээс гадна Хятад улсаас оруулж ирэх гаалийн бүрдүүлэлт хийдэг байсан. ...-с өөр нэг компанид Говь-Алтай аймагт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын бараа материалыг Такшкан боомтоор оруулж ирж байсан бөгөөд би хариуцаж ажиллаж байсан. Би томилолтоос буцаж ирэхдээ ажлын хариуцлага алдаж бүрдүүлэлтийг нь хийгээгүй орхисноос болж хугацаа алдсан. Түүнээс болоод Хятадын баяр болоод гаалиар орж ирж чадалгүй нилээд удсан. Түүнээс болж ажлаасаа халагдсан. Ц.Т- машин авах гэж байгааг ... компанид ажилладаг хүнээс мэдээлэл авсан. Зараас харж байгаад 76 машиныг Ц.Т-аас мөнгийг нь гаргуулаад авхуулсан. Тухайн машиныг компанид зарах нөхцөл нь байсан боловч зарж чадаагүй. Ц.Т-т манайх авахаа больсон ямартай ч би зараад мөнгийг нь гаргаж өгнө гэж хэлсэн. Ц.Т-тай харилцаан дээр асуудал үүсээд нэг мэдэхэд над руу цагдаагаас яриад яллагдагчаар татсан байсан. Тухайн үед надад мөнгөний шаардлага байсан. Хоёулаа зараад дундаас нь мөнгө гаргаж авах зорилготой байсан учраас өөрийгөө худалдааны зөвлөх гэж танилцуулсан. Зарын тухайд хэлэхэд миний нэр дээр байхгүй зүйлийг би угаасаа зарж чадахгүй. Тухайн үед машиныг нь зарж чадахгүй болсноо мэдээд аль болох боломжийн үнээр зараад үлдсэн мөнгийг нь гаргаж өгье гэсэн бодолтой байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Т- мэдүүлэхдээ: “...Би Э.Э-ийн зарыг хараагүй, машиныг нь өөрөө очиж аваагүй байсан бол өнөөдөр 140.000.000 төгрөгөөр хохирох байсан. Би урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үндсэн дээр машиныг авч өөрөө зарсан. Машиныг авахад хүмүүсээс хүүтэй мөнгө зээлсэн. Хүүг тооцохоор бол их хэмжээний зардал гарч байгаа. Би 103.000.000 төгрөгөөр зарж чадаагүй. Би 80.000.000 төгрөгөөр зарсан. Э.Э-ийн зарын доор авъя гэсэн хүмүүсийн сэтгэгдлүүд байсан. Би 103.000.000 төгрөгөөр үнэлсэн. Хүмүүсээс авсан мөнгөний хүүгийн асуудлыг би өөрөө хариуцаж байгаа. Зөрүү 37.000.000 төгрөгийг мөнгөөр эсвэл ямар нэгэн өөр байдлаар авахад татгалзах зүйл байхгүй. Э.Э-тэй удаа дараа байгаа байдлаа тайлбарлаад учраа олъё гэж хичээсэн. Гэтэл Э.Э- утсаа авахгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Хүмүүс намайг мөнгө өгөхгүй луйварчин, худалч гэж хэлж байгаа. Энэ нь миний нэр төрт халдсан зүйл болж байна. Сэтгэл санааны хохирол байгаа ч би нэхэмжлэхгүй. Зөрүү мөнгө болох 37.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
Гэрч Ч.Б-ын “...Би хувьдаа Ланд 76 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байсан ба түүнийгээ зарах зорилгоор фейсбүүкт зар байршуулсан. Зарын дагуу ... утасны дугаараар Э.Э- гэх залуу холбогдож машины үнийн мэдээлэл аваад “маргааш худалдаж авья” гэсэн. Маргааш нь машинаа зарахаар болоход Э.Э- надад “танил маань авч байгаа юмаа, би өөрөө хэдээр зарах нь хамаагүй биз дээ” гэхэд би “хамаагүй ээ, чи надад машины үнэ болох тохиролцсон 103.000.000 төгрөгөө гаргаж өгч байвал болоо” гэж хэлсэн. Тэрний дараа Э.Э- үл таних нэг залуутай хамт бид 3 Хаан банкин дээр очиж төлбөр тооцоогоо дуусгасан. Тухайн үед миний данс руу машины үнэ болох нийт 140.000.000 төгрөг орж ирсэн ба би Э.Э-ийн хэлсэн данс руу нь 37.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Машинаа худалдсан өдөр нэр шилжүүлэх гэхэд ажлын цаг дууссан байсан тул маргааш нь СХД-н 32-р хорооны нутагт байрлах 22 авто худалдааны төв дээрх авто тээврийн төв дээр Ц.Т-тай уулзаж нэрийг нь шилжүүлж өгч байсан... ... Миний Хаан банкны ... тоот данс руу 140.000.000 орж ирээд би буцаад Э.Э-ийн мессежээр явуулсан М банкны ... тоот данс руу нийт 37.000.000 төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр буцаан шилжүүлсэн. Ийм үнээр машин зарж байгаа юм чинь чи надад жоохон шоуны мөнгө өгөхгүй юм уу гэхэд Э.Э- нь 3.000.000 төгрөгийг авалгүй үлдээсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 31),
Гэрч Б.О-ийн “...Э.Э- нь 2023 оны 08 сараас 2023 оны 10 сар хүртэлх хугацаанд манай байгууллагад худалдан авалтын менежерийн албан тушаалд 2 сар орчим туршилтын хугацаагаар ажиллаж байгаад ажлын байран дээр тэнцээгүй тул ажлаас халагдсан. Ажиллаж байх хугацаандаа 2 тээврийн хэрэгсэл худалдан авах үйл ажиллагаанд Э.Э- оролцож байсан. Тэр 2 тээврийн хэрэгслийн нэг нь усны машин нөгөөдөх нь түлшний тэрэг байсан... ...Би “...” ХХК-д 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан ба энэ хугацаанд ийм гэрээ хийгдэж байгаагүй. Манай байгууллага ийм төрлийн тээврийн хэрэгслүүдийг заавал албан ёсны худалдан борлуулдаг газруудаас авдаг ба хувь хүнээс худалдан авалт хийдэггүй. Э.Э- нь ажиллаж байх хугацаандаа өмнө хийгдэж байсан гэрээнүүдээс тасалж аваад хуурамчаар үйлдсэн байж магадгүй. Ажиллаж байх хугацаанд гэрээний систем рүү орох эрхтэй байсан... ...”...” ХХК-н зүгээс аливаа худалдан авалтад дээр харьцуулсан судалгаа хийгддэг. 100.000.000 төгрөгөөс давсан худалдан авалтад дээр манай гүйцэтгэх захирал дангаараа шийдвэр гаргах боломжгүй, заавал хувьцаа эзэмшигч нарт танилцуулдаг. Хувьцаа эзэмшигч нарт танилцуулаад гарын үсэг зурагдсаны дараа гэрээний программд худалдан авалтын менежер гэрээг үүсгэдэг. Үүсгэсэн гэрээг ерөнхий нягтлан болон хуулийн хэлтсээс хянаад гэрээ баталгаажуулагдаад дугаар авагдаад гарын үсэг зурахад бэлэн болдог. Харин Ц.Т- гэх хүнээс гарган өгсөн гэрээн дээр ямар ч дугаар байхгүй байгаа тул энэхүү гэрээ нь систем рүү ороогүй хуурамчаар үйлдэгдсэн гэрээ байх боломжтой гэж харж байна” гэх мэдүүлэг (хх-ийн 33),
“...” ХХК-ын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А-75-25/32 тоот “...ХХК нь ... группийн харьяа охин компани бөгөөд тус хэрэгт холбогдогч Э.Э- /РД: .../ нь тус компанийн Худалдан авалтын менежер албан тушаалд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2 /хоёр/ сарын туршилтын хугацаатай ажиллаж байсан билээ. Э.Э- нь туршилтын хугацаанд тус албан тушаалд тэнцээгүй тул ажил олгогч талаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдлийг өгч, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн болно...” албан бичиг (хх-ийн 37),
Ч.Б-ын эзэмшлийн Хаан банкны .... дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 25),
Э.Э-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 57-71, 89-95) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э- нь хохирогч Ц.Т-т өөрийгөө “....” ХХК-ийн худалдан авалтын менежерээр ажиллаж байгаа гэж худал мэдээлэл өгч, тус компанийн гэрээний системд нэвтэрч үзүүлэн, тээврийн хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулах боломжтой мэтээр итгүүлэн төөрөгдүүлжээ.
Ингэхдээ тэрээр хамтран ажиллах нэрийн дор хохирогчид “....” компанид автомашиныг 165.000.000 төгрөгөөр нийлүүлэх гэж байгаа бөгөөд бодит байдал дээр тухайн автомашиныг 140.000.000 төгрөгөөр худалдан авна гэж ойлгуулсан байна. Үүний улмаас хохирогч Ц.Т- 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр автомашины үнийн дүнд нийт 140.000.000 төгрөгийг Ч.Б-ын дансанд шилжүүлжээ. Уг мөнгөн дүнгээс 103.000.000 төгрөг нь автомашины төлбөрт зарцуулагдаж, үлдсэн 37.000.000 төгрөгийг Э.Э- өөрийн заасан дансанд шилжүүлэн авч залилсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Ц.Т- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “…2024 оны 12 дугаар сард Э.Э- надад өөрийгөө “...” ХХК-д худалдан авалтын мэргэжилтнээр ажиллаж байгаа гэж танилцуулж, тус компанид автомашин нийлүүлэх гэрээ хийж болох мэтээр ойлгуулсан. Тэрээр зах дээрээс 140.000.000 төгрөгөөр автомашин авч, уг машиныг компанидаа 165.000.000 төгрөгөөр нийлүүлэх гэрээ байгуулж өгнө, үүнээс гарах ашгаас надад өгөөч гэж санал тавьсан. Энэ зорилгоор миний нэр дээр гэрээ хийхээр тохиролцсон. Үүний дагуу 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн болон ах дүү, танилуудаасаа зээлсэн нийт 140.000.000 төгрөгийг Ч.Б-ын Хаан банкны .... тоот данс руу шилжүүлсэн” гэж мэдүүлсэн байна (хх-ийн 28–29). Хохирогч мөн “…гэрээний эх хувь болон компанийн баталгаажуулалттай баримтыг нэхэхэд Э.Э- “компанийн хуулийн хэлтэс шалгаж байгаа, гэрээний дугаар олгосны дараа өгнө” хэмээн тайлбарлаж, гэрээгүйгээр мөнгө шилжүүлэхийг шаардаж байсан...” гэж мэдүүлжээ (хх-ийн 29).
Энэ мэдүүлэгт үндэслэн тогтоогдож байгаагаар Э.Э- нь өөрийгөө компанийн ажилтан гэж танилцуулж, худал мэдээлэл өгч, байгууллагын нэр, гэрээний загвар, хуурамч баримт ашиглан хохирогчийн итгэлийг олж, төөрөгдөлд оруулсан ба үүний үр дүнд хохирогч бусдаас өндөр хэмжээний зээл авч, нийт 140.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг мөнгөнөөс 37.000.000 төгрөгийг Э.Э- өөртөө шилжүүлэн авсан баримттай уялдаж байна.
Гэрч Ч.Б-ын мэдүүлэгт дурьдсанаар “...Би Ланд 76 машиныг худалдан борлуулахаар фейсбүүк зар дээр байршуулсан ба ... дугаараар холбогдсон Э.Э- машин худалдаж авах санал тавьсан, маргааш нь би, Э.Э- болон үл таних нэг хүн Хаан банкны салбар дээр очиж төлбөр тооцоогоо хийсэн, тухайн үед миний данс руу нийт 140.000.000 төгрөг орж ирсэн...” (хх-ийн 31) гэж мэдүүлсэн нь уг гүйлгээ бодитой бөгөөд 140.000.000 төгрөг шилжүүлэгдсэн нь банкны хуулгаар орсон баримттай нийцэж байгааг нотолж байна.
Цаашлаад гэрч “...140.000.000 төгрөг орсны дараа Э.Э-ийн мессежээр явуулсан М банкны .... тоот данс руу нийт 37.000.000 төгрөгийг найман удаагийн гүйлгээгээр буцаан шилжүүлсэн...” (хх-ийн 31) гэж тодорхой дурьдсан нь Э.Э- рүү чиглэсэн мөнгөн гүйлгээний баримтыг шууд гэрчилжээ.
Мөн гэрч Б.О-ийн мэдүүлэгт “…Э.Э- нь “...” ХХК-д зөвхөн 2 сарын хугацаанд туршилтаар ажилласан боловч ажлын байран дээр тэнцээгүй тул халагдсан. Энэ хугацаанд компанийн системд орж өмнөх гэрээнүүдийн загварыг ашиглан хуурамч гэрээ үйлдсэн байх үндэслэлтэй. Манай компани хувь хүнээс өндөр үнэтэй тээврийн хэрэгсэл худалдан авдаггүй бөгөөд уг нэр бүхий гэрээ нь компанийн албан ёсны бүртгэл, дугааргүй байгаа нь хуурамч болохыг илтгэж байна” гэж мэдүүлжээ (хх-ийн 33).
Үүнтэй уялдуулан “...” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгээр Э.Э-ийг 2023 оны 08 дугаар сарын 10-наас эхлэн 2 сарын хугацаанд туршилтын нөхцөлөөр ажиллуулж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болохыг баталсан байна (хх-ийн 37).
Эдгээр нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд Э.Э- нь “...” ХХК-д ажилладаггүй атлаа албан байгууллагын нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч гэрээ үзүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж хохирогчоос 37.000.000 төгрөгийг хууль бусаар авч залилсан нь нотлогдож байгаа бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна. Ийм учраас шүүгдэгч Э.Э-ийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Прокуророос шүүгдэгч Э.Э-ийг нийт 140.000.000 төгрөгийг залилсан гэж үзсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд бодит байдалд шүүгдэгч нь хохирогч Ц.Т-аас нийтдээ 140.000.000 төгрөгийг авто машины үнэд шилжүүлүүлсэн боловч 103.000.000 төгрөг нь автомашины төлбөрт зарцуулагдсан бөгөөд зөвхөн 37.000.000 төгрөгийг өөрийн ашиг хонжоо болгон авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон банкны гүйлгээний баримтаар бүрэн нотлогдож байх ба Э.Э-ийн үйлдлийн улмаас бодитоор учирсан хохирол нь 37.000.000 төгрөгөөр хязгаарлагдаж байна гэж үзэх үндэслэлтэй. Ийм нөхцөлд хохирлын бодит хэмжээ болон гэмт хэргийн шинжийг үнэлэхдээ зөвхөн шилжүүлэгдсэн нийт дүнг биш, Э.Э-ийн гар дээр очсон 37.000.000 төгрөгийг үндэслэх нь зүйтэй. Иймд шүүгдэгчийн үйлдлийг “залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэснийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж зүйлчлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсоноор шүүгдэгч Э.Э- нь 30 настай, эрхэлсэн ажилгүй, дээд боловсролгүй, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь хувийн байдлын талаарх баримтуудаар тогтоогдсон.
Мөн урьд нь 2 удаа залилах гэмт хэрэг үйлдэж зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж, уг ялуудыг нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу зорчих эрх хязгаарлах ял эдэлж байхдаа дахин санаатай гэмт хэрэг үйлджээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Э.Э- нь автомашины үнийг зохиомлоор нэмэгдүүлж, хохирогчоор өндөр үнэ бүхий автомашины төлбөрийг төлүүлж бусдын хөрөнгөөр дундаас нь өөртөө ашиг хонжоо ашиг хүртэхэд чиглэсэн байжээ.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хорих ял нь гэм буруутай этгээдийг тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлаж, дахин гэмт хэрэг үйлдэх боломжийг нь хязгаарлах, ялангуяа санаатайгаар дахин гэмт хэрэг үйлддэг хүмүүст үр дүнтэй хамгаалалтын арга хэмжээ болдог ба иргэдийн эрх, өмч, аюулгүй байдал баталгаажих нөхцөл бүрдэнэ. Хорих ялыг оногдуулах нь шүүгдэгчийг нийтийн аюулгүй байдалд ямар ч эрсдэл үүсгэхгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжийг хангасан зохистой шийтгэл гэж шүүх үзсэн учраас дээрх байдлаар ялын төрөл, хэмжээг сонгосон болно.
Хорих ял нь цээрлүүлэхийн зэрэгцээ уг ялын хугацаанд хүмүүжлийн ажил, боловсрол, мэргэжил олгох сургалтад хамруулах замаар гэм буруутай этгээдийн зан үйлийг засаж, нийгэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хууль сахих үзлийг төлөвшүүлэх зорилготой тул шүүгдэгч Э.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Э.Э- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр дээрх гэмт хэргийг үйлджээ.
Иймд шүүгдэгч Э.Э-т энэхүү гэмт хэрэгт нь оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийт 2 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь бүрэн тогтоогдсон залилах гэмт хэргийн хохирол болох 37.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Э-ээс төлж барагдуулаагүй байх тул уг хохирлыг гаргуулж, хохирогч Ц.Т-т олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Э- нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 11 сар 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 2 (хоёр) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Э.Э-ээс 37.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-т олгосугай.
7. Шүүгдэгч Э.Э- нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ