Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2023/00725

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Э,

 

Нэхэмжлэгч Ч.М нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ШЕЗ,

 

Хариуцагч: С я-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Д.Эийн ажилгүй байсан 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаа болох 8 жил 5 сар 29 хоногийн цалин хөлс болох 316,299,661 төгрөг гаргуулах, Ч.Мийн ажилгүй байсан 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаа болох 8 жил 5 сар 29 хоногийн цалин хөлс болох 316,299,661 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг ШЕЗөөр нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э,

Хариуцагч ШЕЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,

Хариуцагч МУСЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, К.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Ж.Э, Ч.Мнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.ММонгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 294 дүгээр зарлигаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчээр, Ж.Э нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 63 дугаар зарлигаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус томилогдон ажиллаж эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Э ийн санаачилсан Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтцийг өөрчилсөнтэй холбогдуулан ШЕЗ нь 2013 оны 41 дүгээр тогтоолоороо Монгол Улсын анхан болон давж заалдах шатны 409 шүүгчийг шинээр өөрчлөн зохион байгуулсан шүүхэд томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, эдгээр шүүгчийг буцаан томилсон 199 дүгээр зарлиг гаргахдаа шүүгч биднийг томилоогүй орхисон болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх шийдвэрийг бид эс зөвшөөрч 2013 оноос хойш ШЕЗ, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх зэрэг байгууллага, албан тушаалтнуудад хандан гомдол, өргөдөл, нэхэмжлэлийг тасралтгүй гаргасан боловч 8 жил 5 сар, 29 хоногийн хугацаанд хугацаанд шийдвэрлэгдээгүй билээ.

Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар магадлалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 199 дүгээр зарлигаар нэр бүхий 12 иргэнийг шүүгчээр дахин томилоогүй орхигдуулсан нь тэдгээрийг шүүгчийн албан тушаалаас огцруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй байна” гэж дүгнэн Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэхээс татгалзсан.

Үндсэн хуулийн цэц нь дээрх магадлал хуулийн хүчин төгөлдөр бөгөөд магадлалаараа “шүүгч нарыг огцруулаагүй” харин “шүүгчээр томилоогүй орхигдуулсан“ гэж үзсэнээ Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцангаас надад тайлбарлахдаа “та нарын эрх зүйн байдлыг тогтоож байгаа явдал” гэсэн нь одоо ч үр дагавар үүсгэж байгаа буюу энэ хугацаанд шүүгчийн статустай байсан гэдгийг тогтоож байгаа явдал болно.

Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрээр “биднийг шүүгчээр шилжүүлэн томилохгүй үлдээсэн нь хууль бус гэж дүгнэн, Ч.М, Д.Энарыг шүүгчээр буцаан томилуулах саналаа өргөн мэдүүлэхгүй байгаа ШЕЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, өмнө ажиллаж байсан шүүхүүдийн шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалган шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон.

Уг шүүхийн шийдвэр, ШЕЗийн шүүгчээр томилуулах саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар зарлигаар шүүгч Ч.Мийг, мөн өдрийн 67 дугаар зарлигаар Д.Эийг шүүгчээр буцаан томилж, одоо Ч.М, Д.Э нар шүүгчээр тус тус ажиллаж байна.

Төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан, огцорсон иргэдийн зөрчигдсөн эрхийг иргэний болон захиргааны хэргийн шүүхүүд сэргээн шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан журам, нөхцлийн дагуу эгүүлэн томилогдсон ажилтан, төрийн албан хаагчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, мөн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилласан жилийг нөхөж тооцох зэргээр шийдвэрлэж ирсэн хууль ёсны ажиллагаа юм.

Үүнтэй нэгэн адил бид Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчим болоод Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шүүгчийн албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нөхөн авах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх, уг хугацааг шүүгчээр ажиллаж байсанд тооцуулах хууль ёсны эрх үүссэн болно.

Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно” гэж заасан байна.

Хуулийн энэ заалтаас харвал шүүгчийг чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд ШЕЗ нь үл маргах журмаар цалин хөлсийг нөхөн олгох зохицуулалт гэж үзэж өөрсдийн ажиллаж байгаа Шүүхийн Тамгын газраар уламжлуулан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ШЕЗд тус тус хандсан бөгөөд тус байгууллага бичгээр хариу өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, мөн миний өргөдлийг хянаж, хариу өгөхөөр хуульд заасан 30 хоногийн дотор хариу өгөөгүй, уг 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд шүүгч Ч.М, Д.Э бидний ажилгүй байсан 8 жил, 4 сар, 28 хоногийн цалин хөлс болох 316,299,661 төгрөгийг ШЕЗ, Сангийн яамнаас нөхөн гаргуулж шийдвэрлэн, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, уг хугацааг “шүүгээр” ажилласан жилд оруулан тооцохыг ШЕЗд даалгаж өгнө үү.

Сангийн яамыг хамтран хариуцагчаар татсан хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь Монгол Улсын ШЕЗийн 2022 он, 2023 оны төсөвт тусгаагүй тул тус байгууллага дангаар хариуцан нөхөн олгох боломжгүй юм.

Харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Засгийн газрын нөөц сан нь тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, ... хэсгийг санхүүжүүлэх зориулалттай байна” гэж, мөн зүйлийн 11.5.5-т “Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардлыг хариуцах” гэж тус тус заасны дагуу энэхүү нэхэмжлэлээр шаардсан хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гарах ёстой бөгөөд уг санг хариуцан ажилладаг Сангийн яамыг хамтран хариуцагчаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч нар Д.Э, Ч.Мнарын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тус тус шүүгчээр ажиллаж байсан хугацаанд оруулан тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх маргаан тул тусгаарлуулах хүсэлттэй байна.

Д.Э, Ч.Мнарын 2013 оны 12 дугаар сарын 13-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Шүүхүйн ерөнхий зөвлөлөөр нөхөн төлүүлж, Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг түүнд даалгуулах болгож нэмж тодруулж байна.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмж тодруулснаар нэхэмжлэлийн үндэслэл нь өөрчлөгдөөгүй, нэмж гаргах үндэслэл байхгүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл маань тайлбарлагдах болно.” гэжээ.

 

            1.1.Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилоогүй орхигдуулсан үйл баримт болон ШЕЗийн нэхэмжлэгч нарыг Ерөнхийлөгчид шүүгчээр өргөн мэдүүлэхгүй байгаа үйл баримтыг хууль бус болохыг тогтоосон. Яагаад ШЕЗ дээр шүүхийн шийдвэр гарсан юм бэ гэвэл ШЕЗ бид нарыг өмнө нь өргөн мэдүүлсэн. Гэхдээ тэр хугацаанаас хойш бид нар дахин өргөн мэдүүлээч, шүүгчийн эрхийг хамгаалах ёстой гэдэг үүднээс ШЕЗд удаа дараа хандаж, 2022 оныг хүртэл шаардаж ирсэн учраас хугацаа тасалдаагүй гэж анхан шатны шүүх үзсэн.

Үүнээс хойш дахин өргөн мэдүүлэх ёстой байсан юм байна гэж дүгнэж, өргөн мэдүүлэхийг даалгаж, нэр бүхий шүүгч нарын эрх сэргээгдэж, Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчээр томилогдсон. Шүүхийн тухай хуульд заасан үндэслэлээр шүүгчийг үндэслэлгүйгээр огцруулж, чөлөөлсөн бол ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгоно гэж заасан байдаг. Мөн хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажлаас үндэслэлгүй халагдсан, чөлөөлөгдсөн гэдгийг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс нөхөн олгуулах нэхэмжлэл гаргадаг. Гэхдээ нэхэмжлэгч тал ийм шаардлага гаргаагүй. Яагаад гэвэл Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу эхлээд шүүгчээр ажиллах ёстой гэдгээ тогтоолгосны дараа Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой гэж үзсэн. Хөдөлмөрийн маргаан болон төрийн албаны маргааныг шүүхээр шийдвэрлэхдээ үндэслэлгүй халагдсан  эсэхийг шүүх хянаж, түүний дагуу талуудыг мэтгэлцүүлдэг бөгөөд тухайн үйл баримт тогтоогдох юм бол үл маргах журмаар шүүх цалин нөхөн олгох асуудлаар талуудыг мэтгэлцүүлэхгүйгээр шүүх шийдвэрлэдэг. Үүний дагуу үл маргах журмаар нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг  нөхөн өгөх ёстой гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрийн байгууллагаас гаргуулж, төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр буюу тухайн үед ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж гэдэг хүнээс нөхөн гаргуулах төрийг хохиролгүй болгох эрхтэй. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

2.Хариуцагч ШЕЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай хариу тайлбарыг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч Д.Э, Ч.Мнар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ.

Үүнтэй холбогдуулан Төрийн албаны хуулийн 27.2.4 дэх заасныг үндэслэн ШЕЗийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх 12,000,000 төгрөгийн тэтгэлгийг нэхэмжлэгч нарт олгосныг маргаангүйгээр авсан байна. Үүгээр нэхэмжлэгч нар шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн, түүний төлөө хуульд заасны дагуу тэтгэмж олгохтой холбоотой харилцаа дуусгавар болжээ.

Нэхэмжлэгчид Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно” гэж заасан бөгөөд шүүгчийг чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон нөхцөлд үл маргах журмаар цалин хөлсийг нөхөн олгох зохицуулалт гэж үзэж байгаа талаар дурдсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлиг буюу нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй.

Нэхэмжлэлд дурдагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.М, Д.Энарыг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗд даалгаж шийдвэрлэсэн байдаг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үүнд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, энэ шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ч.М, Д.Энарыг хууль бусаар шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гаргаагүй байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, дээрх хугацааг шүүгчээр ажилласан жил тооцох талаар гарсан нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх хэргийн шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэх ёстой, нэхэмжлэгч нарын хувьд шүүгчээс хууль бусаар чөлөөлсөн, огцруулсан тухай нотлох баримт, эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлиг буюу нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр нь хүчин төгөлдөр, хууль ёсны байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, шүүгчээр ажилласан жилд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2.1.Хариуцагч ШЕЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн тухай хуулийн 40.3-т заасан үндэслэлээр шүүгчийн бүрэх эрхийн түдгэлзүүлж, албан тушаалаас огцруулсан нь хууль бус байсан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлс олгоно гэдэг үндэслэлийг баримталсан байна.

Манай зүгээс нэхэмжлэгч нарын шаардлагыг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэвэл нэхэмжлэгч нарыг хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэхгүй байна. Учир нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198  дугаар зарлигийг хууль бус гэдгийг шийдвэрлэсэн ямар нэгэн эрх зүйн акт байхгүй гэж үзэж байна. Захиргааны хэргийн шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр зөвхөн ШЕЗийн нэр бүхий хүмүүсийг шүүгчээр Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх эс үйлдэхүй байна гэж үзсэн болохоос бус Монгол улсын Ерөнхийлөгчийн 198 дугаар зарлигийг хууль бус байна гэж үзээгүй.

Өөрөөр хэлбэл, Монгол улсын Ерөнхийлөгчийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон зүйл байхгүй. Татгалзаад тухайн үедээ Захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 198 дугаар зарлигийг хууль бус болохыг тогтоосон шийдвэр байхгүй тул Шүүхийн тухай хуулийн 40.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна” гэв.

 

3.Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “Сангийн яамыг хамтран хариуцагчаар татсан хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь Монгол Улсын ШЕЗийн 2022 он, 2023 оны төсөвт тусгаагүй тул тус байгууллага дангаар хариуцан нөхөн олгох боломжгүй юм. Харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Засгийн газрын нөөц сан нь тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, ... хэсгийг санхүүжүүлэх зориулалттай байна” гэж, мөн зүйлийн 11.5.5-т Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардлыг хариуцах" гэж тус тус заасны дагуу энэхүү нэхэмжлэлээр шаардсан хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гарах ёстой бөгөөд уг санг хариуцан ажилладаг Сангийн яамыг хамтран хариуцагчаар тодорхойлж байна.” гэсэн байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг зарцуулах зориулалтыг тодорхой заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болгосон 11.5.5 дахь заалт нь “Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардлыг хариуцах зарцуулах арга хэмжээг зохицуулах" зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Засгийн газрыг хариуцагчаар тогтоосон олон улсын шүүх, арбитраас гарсан хүчин төгөлдөр шийдвэр байхгүй юм.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт “Шүүхийн төсөв Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум Дундын, дүүргийн шүүх, дагнасан шүүх болон ШЕЗ /цаашид ЕРөнхий зөвлөл" гэх/, Шүүхийн сахилгын хороо /цаашид "Сахилгын хороо" гэх/-ны төсвөөс бүрдэнэ’’ гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74 1.2 дах заалтад ШЕЗ нь шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах" гэж тус тус заасны дагуу шүүгчийн цалин, хөлсийг шүүхийн төсвөөс ШЕЗ олгохоор байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно" гэж заасны дагуу ажил олгогч олгохоор байна.

Иймд Д.Э, Ч.Мнарын нэхэмжлэлтэй Монгол Улсын ШЕЗ, Сангийн яаманд холбогдох хэрэгт Сангийн яам нь хариуцагч болох эрх зүйн үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нарын шаардаад буй мөнгөн дүнг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын Сангийн яаманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

3.1.Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамны зүгээс ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгаад байгаа Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5 дахь заалтыг үндэслэл нь энэхүү хэргийн хувьд үүсээгүй. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5 дахь хэсэгт Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах талаар тусгаж өгсөн бөгөөд энэхүү үндэслэлүүдээс аль нэг нь биелсэн зүйл байхгүй. Тухайлбал нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй 11.5.1, 11.5.4 дахь заалт өөрөө тус хуулийн 11.1-т заасан нөхцөл байдал үүссэн гэдгийг УИХ, Засгийн газраас тогтоосон бол тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар зохицуулсан байдаг. Мөн 11.5.5-д Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татаж тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор гарсан зардлыг гаргуулах асуудлаар Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө зарцуулах талаар тусгасан байдаг. Тиймээс энэхүү хэрэгт дээрх тохиолдлуудын аль аль нь бий болоогүй байгаа. Мөн дээрх хуулийн 11.1 дахь хэсэгт тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй нөхцөл байдлын талаар тусгасан байдаг. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр 2022.02.08-ны өдөр гарсан. Тиймээс төлөвлөх, тухайн шийдвэрийг мэдэх боломжгүй байсан гэж үзэх боломжгүй байна. Шүүхийн тухай хуулийн 40.3-т заасан урьдчилсан нөхцөл нь заавал тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай шийдвэр нь хууль бус байсан гэдгийг эрх бүхий байгууллагаас заавал тогтоосон байх шаардлагатай. Тиймээс нэхэмжлэгч нарыг албан тушаалаас нь үндэслэлгүй чөлөөлсөн тушаал тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байгаа. Тухайлбал нэхэмжлэгчийн дурдаж байгаа Захиргааны хэргийн  шүүхийн  шийдвэр нь Ерөнхийлөгчийн 198 дугаар зарлигийг хууль бус байсан гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Иймд Шүүхийн тухай хуулийн 40.3 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдахгүй байна. 2023.12.16-ны өдрийн ШЕЗийн 42 дугаар тогтоолд нэхэмжлэгч нарыг шүүгчээр өргөн мэдүүлэх тухай мэдэгдлээ Ерөнхийлөгчид гаргасан. Тэгэхээр ШЕЗд гэм буруутай үйлдэл байгаа эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мэдүүлэх үүргээ биелүүлсэн гэдэг асуудал үүсээд байгааг шүүх анхаарч үзнэ” гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.26-ны өдрийн 8076 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.28-ны баримт, захирамж гардуулсан баримт, 2014 оны №01/814/ дугаартай төрийн мэдээллийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15 тал, 2006 оны №37 /466/ дугаартай төрийн мэдээллийн 1106 тал, Ч.Мийн 2014-2022 оны цалингийн тооцоолол, Д.Эийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраар уламжлуулан ШЕЗд гаргасан 2021.06.16-ны өдрийн хүсэлт, 2022.08.10-ны өдрийн нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.19-ний өдрийн 10547 дугаартай шүүгчийн захирамж, Д.Э ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ч.Мийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022.11.30-ны итгэмжлэл, 2022.12.01-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан талаарх баримт, Улсын Их Хурлын 2010.10.21-ний өдрийн 51 дугаартай тогтоол, хавсралт, Улсын Их Хурлын 2021.01.14-ний өдрийн 04 дугаартай тогтоол, 2023.01.06-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан баримт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 70 дугаартай шийдвэр, Д.Эийн 2014.01.01-2022.05.21-ний цалингийн тооцоолол, Улсын Их Хурдын 2021.01.14-ний өдрийн 04 дугаартай тогтоол, хавсралт гаргаж өгсөн.

 

5.Хариуцагч нараас ШЕЗийн 2022.10.14-ний өдрийн 01/1405 дугаартай итгэмжлэл, Сангийн яамны 2022.10.14-ний 03/7019 дугаартай итгэмжлэл, Сангийн яамны 2022.10.31-ний өдрийн хариу тайлбар, ШЕЗийн хариу тайлбар, ШЕЗийн даргын 2014.11.10-ны өдрийн 198 дугаартай Нэг удаагийн тэтгэлэг олгох тухай тушаал, түүний хавсралт, Сангийн сайдын 2022.12.08-ны өдрийн 01/8358 дугаартай итгэмжлэл, Сангийн яамны 2022.12.09-ний өдрийн хариу тайлбар гаргаж өгсөн.

 

6.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын 2022.12.20-ны өдрийн ТГ/916 дугаартай албан бичиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.05.16-ны өдрийн 66, 67 дугаартай зарлиг, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ШЕЗийн 2013.12.16-ны өдрийн 42 дугаар тогтоол, хавсралт, Д.М ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт гаргаж өгсөн.

 

7.Шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын Их хурлын 2015.11.13-ны өдрийн 101 дугаартай тогтоол, хавсралт, Улсын Их Хурлын 2011.11.25-ны өдрийн 54 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2012.03.07-ны өдрийн 22 дугаартай тогтоол, ШЕЗийн 2014.03.13-ны өдрийн 12 дугаартай тогтоол, ШЕЗийн 2014.03.13-ны өдрийн 11 дүгээр тогтоол, ШЕЗийн 2015.10.27-ны өдрийн 01/1533 дугаартай албан бичиг, ШЕЗийн 2015.10.27-ны 53 дугаартай тогтоол, хавсралт, ШЕЗийн 2013.12.17-ны өдрийн 45 дугаартай тогтоол, хавсралт, ШЕЗийн 2013.07.18-ны 16 дугаартай тогтоол, хавсралт, ШЕЗийн 2013.06.24-ний 12 дугаар тогтоол, хавсралт, ШЕЗийн 2022.03.24-ний өдрийн 74 дугаартай тогтоол, хавсралт гаргаж өгсөн.

  

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Д.Э, Ч.Мнар нь ШЕЗ, Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан “Д.Э, Ч.Мнарыг шүүгчээр томилоогүй орхисон 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааг тус тус шүүгчээр ажиллаж байсан хугацаанд оруулан тогтоолгох, шүүхийн тогтоосон уг хугацааг мөрдөхийг ШЕЗд даалгуулах,

Д.Эийн ажилгүй байсан 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаа болох 8 жил 4 сарын 29 хоногийн цалин хөлсийг тухайн үеийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн авч байсан 2,700,000 төгрөгийн цалингийн хэмжээгээр тооцон 316,299,661 төгрөгийг ШЕЗ, Сангийн яамнаас нөхөн гаргуулах, Ч.Мийн ажилгүй байсан 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаа болох 8 жил 4 сарын 29 хоногийн цалин хөлсийг тухайн үеийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн авч байсан 2,700,000 төгрөгийн цалингийн хэмжээгээр тооцон 316,299,661 төгрөгийг ШЕЗ, Сангийн яамнаас нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Д.Э, Ч.Мнарын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тус тус шүүгчээр ажиллаж байсан хугацаанд оруулан тогтоолгох шаардлагыг тусгаарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч дээрх шаардлагыг тусгаарласан болно.

 

            Мөн нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Д.Э, Ч.Мнарын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ШЕЗөөр нөхөн төлүүлж, Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг даалгуулах” гэж нэмэгдүүлжээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...199 дүгээр зарлиг гаргахдаа биднийг томилоогүй орхисон шийдвэрийг эс зөвшөөрч 2013 оноос хойш нэхэмжлэлийг тасралтгүй гаргасан.

Үндсэн хуулийн цэцийн 08 магадлалаар ...нэр бүхий 12 иргэнийг шүүгчээр дахин томилоогүй орхигдуулсан нь тэдгээрийг шүүгчийн албан тушаалаас огцруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй байна” гэж дүгнэн Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэхээс татгалзсан... “шүүгч нарыг огцруулаагүй” харин “шүүгчээр томилоогүй орхигдуулсан“ гэж үзсэнээ Үндсэн хуулийн цэцийн дарга тайлбарлахдаа “та нарын эрх зүйн байдлыг тогтоож байгаа явдал” гэсэн нь одоо ч үр дагавар үүсгэж байгаа буюу энэ хугацаанд шүүгчийн статустай байсан гэдгийг тогтоож байгаа явдал болно гэсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрээр биднийг шүүгчээр шилжүүлэн томилохгүй үлдээсэн нь хууль бус гэж дүгнэн, Ч.М, Д.Энарыг шүүгчээр буцаан томилуулах саналаа өргөн мэдүүлэхгүй байгаа ШЕЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өмнө ажиллаж байсан шүүхүүдийн шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалган шийдвэрлэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 66, 67 дугаар зарлигаар Д.Э, Ч.Мнарыг шүүгчээр тус тус томилсон.

Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан заалтаар шүүгчийг чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд ШЕЗ нь үл маргах журмаар цалин хөлсийг нөхөн олгох зохицуулалт гэж үзсэн.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.5.5-т заасны дагуу нэхэмжлэлээр шаардсан хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гарах ёстой бөгөөд уг санг хариуцан ажилладаг Сангийн яамыг хамтран хариуцагчаар тодорхойлж байна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч ШЕЗ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар нэхэмжлэгч нар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ. Төрийн албаны хуулийн 27.2.4 дэх заасныг үндэслэн ШЕЗийн даргын тушаалаар тэтгэлгийг нэхэмжлэгч нарт олгосныг маргаангүй, нэхэмжлэгч нар шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн, түүний төлөө хуульд заасны дагуу тэтгэмж олгохтой холбоотой харилцаа дуусгавар болжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.М, Д.Энарыг хууль бусаар шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нарын хувьд шүүгчээс хууль бусаар чөлөөлсөн, огцруулсан тухай нотлох баримт, эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлиг буюу нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр нь хүчин төгөлдөр, хууль ёсны байгаа гэж маргажээ.

 

Хариуцагч Монгол Улсын Сангийн яам нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-т зохицуулалт энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Засгийн газрыг хариуцагчаар тогтоосон олон улсын шүүх, арбитраас гарсан хүчин төгөлдөр шийдвэр байхгүй.

Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 74 дүгээр зүйлийн 74.1.2-т тус тус заасны дагуу шүүгчийн цалин, хөлсийг шүүхийн төсвөөс ШЕЗ олгохоор байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу ажил олгогч олгохоор байна. Сангийн яам нь хариуцагч болох эрх зүйн үндэслэлгүй буюу нэхэмжлэгч нарын шаардаад буй мөнгөн дүнг хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

            Нэхэмжлэгч Д.Энь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 63 дугаар зарлигаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, Ч.Мнь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 294 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчээр тус тус томилогдсон бөгөөд 2013 оны Шүүх байгуулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлөгдсөн байх ба 2013 оны 199 дүгээр зарлигаар Ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилохдоо Д.Э, Ч.Мнарыг буцаан томилоогүй орхигдуулсан байна.

 

Нэхэмжлэгч Д.Э, Ч.Мнар Монгол Улсын Ерөнхийлөгч болон ШЕЗд холбогдуулан “Шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын ШЕЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дээрх нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Монгол Улсын ШЕЗд даалгах, нэхэмжлэгч нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т нийцүүлэн урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах”-ыг хүссэн шаардлагуудыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын ШЕЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг шүүгчээр тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын ШЕЗд даалгаж, нэхэмжлэгч нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т нийцүүлэн урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлдөгчил даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох, Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Уг шүүхийн шийдвэрийн дагуу Д.Э, Ч.М нарыг ШЕЗ 2022 оны 101, 103 дугаар тогтоолоор өргөн мэдүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар зарлигаар Ч.Мийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар зарлигаар Д.Э ийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилогджээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 2013 оны 198 дугаар  зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчдийг чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилохдоо шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч 12 иргэний томилоогүй орхигдуулсан байна. Дээрх буцаан томилоогүй орхигдуулсан үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг нэхэмжлэгч нарт үүсгэсэн байна.

...Дээрх зохицуулалтаас үзэхэд, зөвхөн Монгол улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл үүссэн нөхцөлд л шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон дуусгавар болгохоор, бусад тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, хязгаарлахыг хориглосон агуулгаар тодорхой хуульчилсан ба ийнхүү хуульчилсны зорилго нь шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдалтай шууд холбоотой юм.

Хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэхэд шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч 12 иргэний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бий болсон болох нь тогтоодохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгчээр ажиллаж байсан 12 иргэний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад тэднийг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан нөхцөл байдал бий болсон байна гэж дүгнэжээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн  39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээх, цалин хөлсийг нөхөн олгоно” гэж заажээ.

 

Хариуцагч шүүгчийг албан тушаалаас чөлөөлсөн үндэслэл хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй гэж хариуцагч ШЕЗ тайлбарладаг.

 

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нарыг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон үр дагаврыг үүсгэсэн, шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бий болсон нь тогтоогдоогүй буюу ШЕЗийг шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх арга хэмжээ аваагүй хууль бус эс үйлдэхүй байна гэж дүгнэжээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бий болоогүй байхад шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болсонтой адил үр дагаврыг үүсгэсэн ба ШЕЗ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч нар 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд шүүгчийн албан тушаалаа гүйцэтгэх боломжгүй болгосон явдал нь Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан зохицуулалтын чөлөөлсөн, огцруулсан агуулгад хамаарна гэж шүүх үзсэн.

 

Нэхэмжлэгч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалд томилсон байх тул 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу нөхөн олгох нь зүйтэй байна. 

 

            Хариуцагч ШЕЗийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Э, Ч.Мнарт нэг удаагийн тэтгэлэг олгосон байх тул дээрх нэг удаагийн тэтгэлгийг нөхөн олгох цалин хөлснөөс хасаж тооцож шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжилж буй цалингийн талаар тооцоолол гаргаж өгсөн ба хариуцагч дээрх тооцоолол болон үнийн дүнгийн талаар ямар нэгэн тайлбар гаргаж маргаагүй.

 

Иймд нэхэмжлэгч Д.Эт 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 316,299,661 төгрөгийг, Ч.Мт 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 316,299,661 төгрөг болж байх тул уг үнийн дүнгээс 12,000,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосныг хасаж, хариуцагч ШЕЗөөс Д.Эт 304,299,661 төгрөг, Ч.Мт 304,299,661 төгрөгийг тус тус гаргуулан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасны дагуу ШЕЗд нэхэмжлэгч Д.Э, Ч.Мнарын нийгмийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Засгийн газрын нөөц сан нь тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээ болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.8-д заасан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, 4.1.15-д заасан гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах зорилгоор улс, орон нутгийн төсвийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлын хүрэлцэхгүй хэсгийг санхүүжүүлэх зориулалттай байна.” гэж, мөн зүйлийн 11.5.4-т “энэ хуулийн 11.1-д заасан арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотой төсвийн жилийн дундуур баталсан Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх”, 11.5.5-т “Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардлыг хариуцах” гэж тус тус заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардлыг хариуцах, мөн тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээ болон Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан гамшгийн эрсдэлийг бууруулах болон гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулахад хамаарахаар байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч Сангийн яам нь уг маргааны хувьд хариуцагч биш байх тул Сангийн яаманд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

           

            1.Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эт цалин хөлс 304,299,661 төгрөг, Ч.Мт цалин хөлс 304,299,661 төгрөгийг хариуцагч ШЕЗөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас тус тус бүр 12,000,000 төгрөг болон Монгол Улсын Сангийн яаманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Д.Э, Ч.Мнар болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ШЕЗд даалгасугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШЕЗөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС