| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2019/02519/И |
| Дугаар | 182/ШШ2023/01014 |
| Огноо | 2023-03-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2023/01014
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:“У.С” ХХК/хуулийн этгээдийн ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Э.К” ХХК/хуулийн этгээдийн холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “У.С” ХХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 хороолол, Эрх чөлөөний талбай гудамж, 3 тоотод байрлах Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 12 сарын 03-ны өдрийн А/105 дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын 154/0130 18642311329597 дугаар бүхий газар авто зогсоолыг “Э.К” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хохирол 167,996,800 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Х.Э, Б.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э.
/зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч “У.С” ХХК нь хариуцагч “Э.К” ХХК-д холбогдуулан “Хууль бус эзэмшлээс газар болон авто зогсоолыг албадан чөлөөлүүлэх, хохирол 167,996,800 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
“У.С” ХХК нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай “Тэнгис” кино театрын байранд байрлан кино, үзвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны А/1052 дугаар захирамжаар нэгж талбарын 1500600590 дугаар бүхий 3805 м.кв газрыг эзэмшдэг.
Манай эзэмшил газрын ертөнцийн зүгээр зүүн урд талд “Э.К” ХХК “МN tower” барилгын ажлыг тухайн үед эрх бүхий байгууллагуудаас барилгын ажлыг зогсоосон талаар мэдэгдэж байсан. Бидний зүгээс удаа дараагийн байдлаар барилгын ажлыг зогсоохыг шаардаж байсан боловч хүлээн аваагүй.
Тус барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 2017/593 дугаартай дүгнэлтээр барилгыг ашиглалтад хүлээн авсан байх ба барилгын талбайг худалдаж, түрээсэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өмчлөгчөөр нь “Э.К” ХХК байна. Барилга барьж байх хугацаанд 2013-оос одоог хүртэл манай эзэмшил газарт зөвшөөрөлгүй барилгын материал буулгах зэргээр ашиглаж байгаад өндөр хүчдэлийн 1000 ква трансформатор 2-ыг, цахилгаан генератор 1-ийг байрлуулсан, эзэмшил газрын доогуур ухаж байгууламж барьсан, маргаан бүхий барилгын ертөнцийн зүгээр зүүн талд гараашны хаалга гарган гарц барьж манай газар эзэмшигчийн эрхийг зөрчиж, хууль бусаар эзэмшил газрыг эзэмшин ашиглаж байна. Энэ нь манай “У.С” ХХК-ийг газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн бөгөөд удаа дараа шаардлага хүргүүлэн эрх зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг шаардсан боловч шаардлагыг эс биелүүлсэн.
Хууль зөрчсөн үйлдлийн талаар Нийслэлийн Засаг даргад хандан 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан боловч НЗДТГдаргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03/2583 дугаар албан бичгээр “татгалзах зүйлгүйгээ Нийслэлийн газрын алба болон Ус сувгийн удирдах газарт мэдэгдэж байсан байна” гэж тайлбарлан гомдлыг хангахаас татгалзсан байдаг. Гэтэл “У.С” ХХК болон удирдлагын зүгээс эзэмшил газар дээр өндөр хүчдэлийн трансформатор, цахилгаан генераторыг байрлуулсан татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг гаргаж байгаагүй бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 11-ний 722 дугаар албан бичиг нь хуурамч, мөн 2016 оны 10 дугаар сарын 13-ны 283 дугаар албан бичиг дээрх гарын үсэг нь гүйцэтгэх захирал Ц.Энх-Амгалангийн гарын үсэг биш хуурамчаар гаргасан албан бичиг байдаг болно. Газар эзэмших эрхийг зөрчсөн үеэс л гомдол саналаа илэрхийлж ирсэн тул НЗДТГгомдлыг хангаагүй нь үндэслэлгүй юм. Иймээс шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Манай компани нь Нийслэлийн авто замын хөгжлийн газартай 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дугаар ТЗГ-2018/11 тоот гэрээгээр Тэнгис кино театрын өмнөх талбайд авто зогсоолын үйл ажиллагааг эрхэлж, сар бүр төлбөрийг төлдөг.
Гэтэл маргаан бүхий барилгын өмчлөгч “Э.К” ХХК батлагдсан барилгын зураг төслийг хууль, журам зөрчин өөрчлөн зөвшөөрөлгүй зоорийн давхрын хаалгыг манай байгууллагын авто зогсоол руу гаргасан. Зоорийн хаалга нь манай авто зогсоол руу харж, 2 авто машин зогсох зайг эзлэн, байнга авто машин орж гарч байгаа нь манай компанийг зогсоолын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, улмаар үндсэн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
Дээрх байдлаар зөвшөөрөлгүй газар ашиглах, зөвшөөрөлгүй авто зогсоол ашиглах, авто зогсоол ашиглах боломжгүй болгох зэргээс “Э.К ХХК бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж, захиран зарцуулж байна гэж үзэх үндэслэл болж байх тул эзэмшил газар, авто зогсоолыг “Э.К” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагатай байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.4-д “Энэ хуулийн 106.2. 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан. Тиймээс эзэмшил газраа Э.К” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй болно.
Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулга. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй хэмээн тус тус заасан.
Манай компанийн эзэмшлийн 144 м.кв орчим газрыг 7-н жилийн хугацаанд зөвшөөрөлгүй ашиглаж трансформатор, цахилгаан генератор байрлуулах, барилгын материал буулгасны улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж, “Э.К” ХХК үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байна. Энэхүү эзэмшил газар А зэрэглэлийн газарт хамаарах бөгөөд 1 м.кв газрын сарын түрээсийн үнэ олон жилийн дунджаар 8200 төгрөг байна. Тиймээс 2013 оны 01 сарын 01-ээс 2023 оны 02 сарын 16-ны хүртэл нийт 10 жил 1 сарын хугацаагаар түрээсийн төлбөрөөр тооцон үзэхэд 142,876,800 төгрөгийн төлбөр болж байна.
Авто зогсоолыг 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд зөвшөөрөлгүй ашигласан, ашиглах нөхцөлийг хааснаас өдрийн 2 авто машины зогсоолыг 5000 төгрөгөөр тооцон үзэхэд 2512 өдрийн 2 авто зогсоолын төлбөр 25,120,000 төгрөг болж байна.
Иймд “У.С” ХХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо , 6 хороолол Эрх чөлөөний талбай гудамж, 3 тоотод байрлах нэгж талбарын 154/0130 18642311329597 дугаар бүхий газар болон “У.С” ХХК-ийн газрын зүүн талын авто зогсоолыг “Э.К” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хохиролд 167,996,800 төгрөгийг “Э.К” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
1.2.Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны А/1052 захирамжаар нэгж талбайн дугаар бүхий 3805 м.кв газрыг эзэмшдэг. Тус эзэмшил газрын ертөнцийн зүгээр зүүн урд талд нь Э.К ХХК MN tower барилгын ажлыг У.С ХХК-ийн зүгээс барилгын ажлыг зогсоож, барилгын ажил явуулахгүй байх талаар шаардлагыг тавьж байсан.
2013 оноос хойш манай эзэмшил газар буюу маргаад буй барилгын баруун урд талд байрлах газар дээр барилгын материал буулгах зэргээр ашиглаж байгаад сүүлд нь өндөр хүчдэлийн 1000 киловатт трансформатор хоёрыг, цахилгаан генератор нэгийг байрлуулан ашиглаж эхэлснийг 2018 онд мэдсэн. 2018 оноос өмнө хашаа баригдчихсан учраас яаж ашиглаж байсан талаар мэдэх боломжгүй байсан. Дээрх нөхцөл байдал үүссэн байгаа талаар 2018.10.16-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт гомдол гаргасан.
У.С ХХК-ийн эзэмшил газар дээр өндөр хүчдэлийн трансформатор байрлуулсан талаар татгалзах зүйлгүй гэсэн ямар нэгэн албан бичиг өгч байгаагүй. 2011 оны албан бичгийн агуулгаас харвал нийтийн эзэмшил газраас эзэмших талаар өөрөөр хэлбэл MN tower барилга нийтийн эзэмшил газар луу орох талаар зөвшөөрч байгаа болохоос биш өөрийн эзэмшил газрыг сунгах, ашиглуулах талаар нэг ч зөвшөөрлийг албан ёсоор өгсөн зүйл байхгүй. Тийм учраас энэхүү газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа Э.К ХХК-ийн үйлдэл бол үндэслэлгүй бөгөөд хууль бус юм.
Нийслэлийн авто замын хөгжлийн газартай 2018.01.02-ны өдөр гэрээ байгуулж, газрыг авто зогсоолын чиглэлээр ашигладаг. Гэтэл ашиглаж буй газрын ертөнцийн зүгээр баруун талд Э.К ХХК-ийн барилга Б-1 давхраас гараашийн хаалга гаргаж, гараашийн хаалга гаргасан нь экспидезээр батлагдсан зураг төсөл байдаггүй юм байна лээ. Авто зогсоол руу хаалга гаргаад хоёр авто машины зогсоолыг эзлээд, хоёр автомашины зогсоолыг ашиглах нөхцөл байдалд хүргэсэн. Энэ талаар бид Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг дарга шийдээгүй. Хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана гэсний дагуу бид шүүхэд хандаж байгаа. Дээрх байдлаар газар болон авто зогсоол ашиглах зөвшөөрөлгүй, боломжгүй болох зэргээр У.С ХХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа учир бидний зүгээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу тухайн газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа юм.
Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын хүрээнд эдгээр газрыг хэрэв зориулалтын дагуу ашигласан бол боломжит тооцоо орлого У.С ХХК-д орох ёстой байсан гэж үзэж байгаа. Бидний зүгээс хууль бусаар эзэмшсэн байгаа газрын м.кв-ийг хэмжиж үзвэл уртаараа 17 метр, өргөнөөсөө 8,5 метр нийт 144 м.кв газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нөхцөл байдал тодорхой болж байгаа. Тэгэхлээр эдгээр хугацааг дундаж үнээр нь тооцоод үзвэл А зэрэглэлийн газарт 1 м.кв-ийн сарын түрээсийн үнэ олон жилийн дунджаар 8,200 төгрөг байна гэж үзэж байна. Тиймээс 2013.01.01-ний өдрөөс 2023.02.16-ны өдөр хүртэл 10 жил 1 сарын хугацаанд түрээсийн төлбөрөө тооцоод үзвэл 142,876,800 төгрөг болж байна. Авто зогсоолыг 2016.04.01-ний өдрөөс ашиглах боломжгүй болгочихсон гэж үзвэл 2023.02.16-ны өдөр хүртэлх хугацаанд хоёр автомашины зогсоолыг нэг өдрийн 5000 төгрөгөөр тооцож үзвэл 2512 өдөр буюу хоёр авто зогсоолын төлбөр нийт 25,120,000 төгрөг болж байгаа юм. Тийм учраас нийт 167,996,800 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа. Бидний зүгээс өөрсдөө хохирлын үнэлгээний талаар шинжээч томилуулъя гэсэн боловч шүүхээс хүлээн аваагүй. Тийм учраас хохирлын үнэлгээг өөрсдөө хүсэлт гаргаад гаргаж өгсөн байгаа. Хохирлын үнэлгээ нэхэмжлэлийн хоёр шаардлагад холбогдуулж 150,011,015 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээ гарсан. Бид нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 167,996,800 төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өгнө үү” гэв.
2.Хариуцагч “Э.К” ХХК-ийн төлөөлөгч С.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...”Э.К” ХХК нь зохих журмын дагуу иргэн К.Пнэр дээр Нийслэлийн Засаг даргын 908 тоот захирамжаар олгосон газар дээр оффис үйлчилгээний зориулалттай барилга барихаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргаар албан ёсоор батлуулан, барилгын тухай хууль, дүрэм журмын дагуу эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авсан.
Нэхэмжлэгч “У.С” ХХК нь “Э.К” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Үйлчилгээний талбай захиалгаар бариулж худалдах, худалдан авах 01 тоот гэрээг байгуулан Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай газарт орчин үеийн техник, хийц, дизайныг харуулсан үйлчилгээний талбай, кино үзвэрийн танхим барих, төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож улмаар нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн 2012 оны 03-р сарын 30-ны өдрийн 788 дугаартай албан бичгээр “...Тэнгис кино театрын зүүн урд талд оффис, үйлчилгээний барилга барих зориулалтаар Нийслэлийн засаг даргын захирамжаар олгосон газарт иргэн К.П нарын ажил эхлүүлэхэд бэлэн болоод байгаа бөгөөд..., ...иргэн К.П нарын барилгын хойно баригдах байсан усан оргилуурын барилгыг хойшоо 8 метр сунган ажлаа гүйцэтгэхэд тус компанийн зүгээс татгалзах зүйлгүй болно... “ гэсэн утга бүхий албан бичгийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлж байсан байдаг.
Өөрөөр хэлбэл “Э.К” ХХК нь батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөл, зохих дүрэм журмын дагуу болон нэхэмжлэгч “У.С” ХХК-тай харилцан тохиролцож, нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцож “MN tower” барилгыг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд дээрх барилгыг барьж байх хугацаанд буюу барьж дууссаны дараа нэхэмжлэгч талаас барилгыг ажлыг зогсоохыг шаардаж байсан зүйлгүй харин ч дэмжиж байсан.
“Э.К” ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын цахилгааны техникийн нөхцөлийг 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1280/2011 дугаартай авсан бөгөөд тус техникийн нөхцөлөөр 200 кВт хүчин чадалтайгаар холболтын цэгийг орон сууцны ХТП-886-ын 0.4 кв талын 1 ба 2 секцэнд рубильник бүхий групп тоноглож, кабель шугам татаж цахилгаан холбохоор тусгаж өгсөн боловч барилгын гүйцэтгэлийн явцад барилга дотор тавигдах эйр кондейшины хүчин чадлаас хамаарч 200 кВт цахилгаан хүрэлцэхгүй болсон тул “Э.К” ХХК-ийн зүгээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хүсэлт гаргасны үндсэн дээр дахин 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0688/2017 дугаартай техникийн нөхцөл олгосон.
Тус цахилгааны 0688/2017 дугаартай 2011 оны 1280/2011 тоот техникийн нөхцөлийг нэр холболтын цэг, хүчин чадал өөрчилж, хугацааг сунгаж, холболтын цэгийг хөндлөн огтлолтой кабель шугамаар шинээр баригдах дэд өртөөний 1 ба 2 секцийг оруулж, кабель шугам татаж тэжээх, 0.4 кВ-ын тоолуур, олон улсын стандартын шаардлага хангасан, алдагдал багатай 2*630 кВа чадалтай 6/0.4 кВ-ын гүйдлийн трансформаторууд бүхий тусгай хайрцагтай дэд өртөө шинээр барих, цахилгаан эрчим хүч тасарсан үед тэжээх нөөц эх үүсвэр /дизель генератор/ суурилуулахаар тусгаж өгсөн байдаг.
Цахилгааны 0688/2017 дугаартай техникийн нөхцөлийн дагуу зураг төслийн “Чандмань хонгор групп” ХХК нь “Э.К” ХХК-ийн гүйцэтгэж буй иргэн К.Пбарилгын цахилгаан дамжуулах кабель шугамын Шифр: ЧХГ.17.14-1 дугаартай зургийг зурж албан ёсоор эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан. Батлагдсан зураг төслийн дагуу техникийн нөхцөлд тусгагдсан 1, 2 дугаар дэд өртөө буюу трансформатор, 1 генераторыг нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу “MN tower” барилгын ертөнцийн зүгээр баруун хойд буланд байрлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2 ширхэг трансформатор, 1 генераторыг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн зүгээс ямар нэгэн хориг саад тавьж байгаагүй.
“Э.К” ХХК нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргын албан ёсоор баталсан, “Марс констракшн” ХХК-ийн зурсан барилгын ажлын зургийн зоорийн давхарт өөрчлөлт оруулахаар зургийг зохиогчтой зөвшилцсөний дагуу “MN tower” барилгын зоорийн давхарт хийгдэх авто зогсоолын гарцыг ертөнцийн зүгээр хойд зүг рүү гаргахаар зураг төсөлд өөрчлөлт орж батлагдсан тул “Э.К” ХХК нь нэхэмжлэгч “У.С” ХХК-тай харилцан тохиролцож, “У.С” ХХК-ийн өмнөх зогсоолын 2 машин тавих хэсгийг “MN tower” барилгын зоорийн давхарт шилжүүлэн эзэмшүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу MN tower барилгын зоорийн давхрын гарцыг нэхэмжлэгч компанийн зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн.
Нэхэмжлэгч У.С” ХХК нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн ажилчдын 43-33 УБВ, 78-24 УБЯ, 96-27 УНГ улсын дугаартай авто машиныг “MN tower” барилгын зоорийн давхрын 2 ширхэг авто зогсоолыг ашиглаж байгаа болно.
Өөрөөр хэлбэл “Э.К” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөл, батлагдсан зураг төслийн дагуу, нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцож, зөвшөөрсний дагуу цахилгааны трансформаторууд болон генератор, узель, авто машины зогсоолыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч тал зохих зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төслийг зөрчиж “MN tower” барилгыг барьж гүйцэтгэсэн гэсэн тайлбар нь огт үндэслэлгүй.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгч “У.С” ХХК нь “Тэнгис” кино театрын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд талуудын харилцан тохиролцсоны дагуу “MN tower” барилгын орц гарч, нэхэмжлэгч компанийн авто машины зогсоол руу харсан байгаа нь нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд ямар ч сөрөг нөлөө үзүүлсэн зүйл байхгүй, нэхэмжлэгч тал үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа нь илэрхий байгаа бөгөөд нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр гэм хорын хохирол гэж 96,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
“Э.К” ХХК нь иргэн К.Пэзэмшлийн газар дээр батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу оффис, үйлчилгээний барилга барихаар төлөвлөж, нэхэмжлэгч “У.С” ХХК-тай харилцан тохиролцож баримт бичгийг албан ёсоор танилцуулсны үндсэн дээр нэхэмжлэгч компани нь “MN tower” барилгын ажлыг эхлүүлж, үргэлжлүүлэхэд татгалзахгүй болохоо нэхэмжлэгч “У.С” ХХК албан ёсоор илэрхийлсэн байдаг.
“Э.К” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн “MN tower” барилга нь нэхэмжлэгч компанийн барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан зүйл болон авто зогсоолын орц гарцын хөдөлгөөнд саад учруулсан зүйл байхгүй бөгөөд “Э.К ХХК нь батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн зөвшөөрөл болон нэхэмжлэгч компанийн нүдэн дээр барьж гүйцэтгэсний дагуу Улсын комисс 2017 оны 11 -р сарын 24-ний өдөр газар дээр нь ажиллаж 2017 оны 12-р сарын 26-ны өдөр 2017/593 дугаартай актаар албан ёсоор байнгын ашиглалтанд хүлээн авсан.
Иймд нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У.С ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ барилгын ажил зогсож, явагдахааргүй болж байсан удаатай. Тухайн үед эрх бүхий байгууллагаас барилгын ажил зогсож байсан талаар мэдэгдэж байсан. Бидний зүгээс удаа дараа барилгын ажлыг зогсоохыг шаардаж байсан боловч хүлээн аваагүй гэж үндэслэлгүй худлаа тайлбар гаргасан ба үүнийгээ нотлох ёстой.
“Э.К” ХХК, түүний туслан гүйцэтгэгч “Эм Эс Бюлд” ХХК нь зохих журмын дагуу иргэн К.Пнэр дээр Нийслэлийн засаг даргын 908 тоот захирамжаар олгосон газар дээр оффис үйлчилгээний зориулалттай барилга барихаар “Марс констракшн” ХХК-иар барилгын ажлын зургийг зуруулан Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргаар албан ёсоор батлуулан, барилгын тухай хууль, дүрэм журмын дагуу эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авч барилгыг барьж, 2017.10.26-ны өдөр 2017/593 дугаартай актыг эрх бүхий байгууллага хүлээн авсан байдаг.
Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж заасан. Э.К ХХК-ийн барьсан MN tower барилга нь нэхэмжлэгч компанийн эрхлэн явуулдаг Тэнгис кино театрын барилгын зүүн урд талд залгаа байрладаг.
Өөрөөр хэлбэл хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгүүд юм. Хариуцагч нь нэхэмжлэгч компанид барилга барихтай холбоотой зураг төсөл, зөвшөөрөл, техникийн нөхцөлийг танилцуулж, 2011 оноос хамтран ажиллахаар болсон. Нэхэмжлэгч У.С ХХК нь Э.К ХХК-тай 2011.10.28-ны өдөр үйлчилгээний талбай захиалахаар захиалгаар бариулж, худалдах худалдан авах 01 тоот гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээнд би Э.К ХХК-ийг төлөөлж оролцсон. Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай газарт орчин үеийн техник хийц, дизайныг харуулсан үйлчилгээний талбай, кино үзвэрийн танхим барих төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон байдаг.
Нэгдүгээр хавтаст хэргийн 127-134-р хуудсанд авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн 2012.03.30-ны өдрийн 788 албан бичгээр “...Тэнгис кино театрын зүүн урд талд оффис, үйлчилгээний барилга барих зориулалтаар Нийслэлийн засаг даргын захирамжаар олгосон газарт иргэн К.П нарын ажил эхлүүлэхэд бэлэн болоод байгаа бөгөөд..., ...иргэн К.П нарын барилгын хойно баригдах байсан усан оргилуурын барилгыг хойшоо 8 метр сунган ажлаа гүйцэтгэхэд тус компанийн зүгээс татгалзах зүйлгүй болно... гэсэн утга бүхий албан бичгийг Нийслэлийн засаг даргад хүргүүлж байсан байдаг.
Нэгдүгээр хавтаст хэргийн 144-р талд авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч хоёр нь уг барилгыг хамтраад эхлүүлж байсан. Нэг ёсондоо нэхэмжлэгч компани залгаа барилга барихыг дэмжиж байсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл “Э.К” ХХК нь батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөл, зохих Дүрэм журмын дагуу болон нэхэмжлэгч “У.С” ХХК-тай харилцан тохиролцож, нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцож “MN tower” барилгыг барьж ашиглалтад оруулсан. Дээрх барилгыг барьж байх хугацаанд буюу барьж дууссаны дараа нэхэмжлэгч талаас барилгыг ажлыг зогсоохыг шаардаж байсан зүйлгүй. Хавтаст хэрэгт ийм баримт байхгүй. Харин ч дэмжиж байсан болох нь дээрх бичгийн баримтаар тогтоогдож байгаа юм. Хавтаст хэрэгт барилгын ажлыг зогсоохыг шаардсан ямар нэгэн албан бичиг авагдаагүй. Нэхэмжлэгч талд нэхэмжлэлдээ 2021.11.11-ний өдрийн 722 дугаартай албан бичиг, 2016.10.13-ны өдрийн 283 дугаартай албан бичгийг хуурамчаар гаргасан албан бичиг хэмээн дурдаж байгаа нь үндэслэлгүй юм. Үүний түүхийг маш сайн мэднэ. Тэгэхлээр энэ бичиг бол албан ёсны захирлынх нь гарын үсэг, тамга тэмдэгтэй бичгийг өгч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т заасны дагуу бичмэл нотлох баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй гэж заасан байдаг. Өнөөдрийг хүртэл дээрх үндэслэлээ нотолсон зүйл байхгүй. Дээрх албан бичгүүдийг хуурамч гэсэн эрх бүхий байгууллагын ямар нэгэн хүчин төгөлдөр шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй. Нөгөөтээгүүр дээрх албан бичигт нэхэмжлэгч У.С ХХК-ийн албан ёсны тамга дарагдаж, гарын үсэг зурагдсан байдаг. Албан бичгүүд нь нэхэмжлэгч компанийн тухайн үеийн хүсэл зоригийн илэрхийлэл болж хавтаст хэрэгт авагдсан байгаа. У.С ХХК-иас хүргүүлж байсан байна. Барилгын үйл ажиллагаанд нэхэмжлэгч компаниас ямар нэг хориг саад тавьж байгаагүй. Нэхэмжлэгч талын зүгээс шүүхэд маргаан үүсгэсэн цаг үед дээрх албан бичгийг хуурамч гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ асуудлыг шүүх шийдчихсэн. Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг ба хэрэгсэхгүй болоод энэ асуудал шийдэгдсэн. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлах шатанд маш тодорхой гаргаад ирье. Мөн нэхэмжлэгч талд нэхэмжлэлдээ “...барилга барьж байх хугацаанд буюу 2013 оноос одоог манай эзэмшил газарт зөвшөөрөлгүй барилгын материал буулгах зэргээр ашиглаж байгаад өндөр хүчдэлийн 100 кВа трансформатор 2-ыг, цахилгаан генератор 1-ийг байрлуулсан, зүүн талд гараашийн хаалга гарган гарц барьж манай газар эзэмшигчийн эрхийг зөрчиж, хууль бусаар эзэмшил газрыг эзэмшин ашиглаж байна...” гэжээ. Хариуцагч компани нь мэргэжлийн “Марс констракшн” ХХК-иар барилгын ажлын зургийг зуруулан Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргаар албан ёсоор батлуулан, барилгын тухай хууль, дүрэм журмын дагуу эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авч барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Барилга угсралтын бүх ажил нэхэмжлэгчийн нүдэн дээр буюу хяналтад баригдсан. Гүйцэтгэсэн барилгын цахилгааны техникийн нөхцөлийг 2011 оны 08-р сарын 15-ны өдөр 1280/2011 дугаартай авсан бөгөөд тус техникийн нөхцөлөөр 200 кВт хүчин чадалтайгаар холболтын цэгийг орон сууцны ХТП-886-ЫН 0.4Кв талын 1 ба 2 секцэнд рубильник бүхий групп тоноглож, кабель шугам татаж цахилгаан холбохоор тусгаж өгсөн байдаг. Барилгын гүйцэтгэлийн явцад барилга дотор тавигдах эйр кондейшины хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарч 200 кВт цахилгаан хүрэлцэхгүй болсон тул “Э.К” ХХК-ийн зүгээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хүсэлт гаргасны үндсэн дээр дахин 2017.05.17-ны өдөр 0688/2017 дугаартай, 2017.10.10-ны өдрийн 20732017 дугаартай техникийн нөхцөл олгосон. Тус нөхцөлөөр холболтын цэг, хүчин чадал өөрчилж, хугацааг сунгаж, холболтын цэгийг хөндлөн огтлолтой кабель шугамаар шинээр баригдах дэд өртөөний 1 ба 2 секцийг оруулж, кабель шугам татаж тэжээх, 0.4 кВ-ын тоолуур, олон улсын стандартын шаардлага хангасан, алдагдал багатай 2*630 кВа чадалтай 6/0.4 кВ-ын гүйдлийн трансформаторууд бүхий тусгай хайрцагтай дэд өртөө шинээр барих, цахилгаан эрчим хүч тасарсан үед тэжээх нөөц эх үүсвэр /дизель генератор/ суурилуулахаар тусгаж өгсөн байдаг. Нэгдүгээр хавтаст хэргийн 105, 106, 107-р талд авагдсан байгаа. Цахилгааны 0688/2017, 20732017 дугаартай техникийн нөхцөлийн дагуу Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу зураг төсөл зохиогч дараах чиг үүрэгтэй гэж заасан байгаа. Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-т барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн санал барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах гэж заасны дагуу зураг төслийн “Чандмань хонгор групп” ХХК нь “Э.К” ХХК-ийн (нэгдүгээр хавтаст хэргийн 109-110 талд авагдсан байгаа) гүйцэтгэж буй иргэн К.Пбарилгын цахилгаан дамжуулах кабель шугамын Шифр: ЧХГ.17.14-1 дугаартай зургийг зурж албан ёсоор эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан. Батлагдсан зураг төслийн дагуу техникийн нөхцөлд тусгагдсан 1, 2 дугаар дэд өртөө буюу трансформатор, 1 генераторыг нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу хийсэн байдаг. Ертөнцийн зүгээр зүүн урд талд буюу кабелийн шугам тавьчихсан байгаа өртөөний хэсэгт 2011 оноос хойш барилгын материалыг байрлуулж байсан. Энэ нь юу хэлж байна гэхээр нэхэмжлэгч талын өөрсдийнх нь ярьснаар нэг ёсондоо хоёр тал зөвшөөрөөд хийсэн тул дээрх ажил хийгдээд явж байсан гэдгийг харуулж байна. 2017 онд өртөө хийгдсэн. Энэ ажил бол У.С ХХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр хийгдсэн. Түүнээс биш нэхэмжлэгчийн яриад байгаа шиг зүйл биш. “У.С” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу “MN tower” барилгын ертөнцийн зүгээр баруун хойд буланд байрлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2 ширхэг трансформатор, 1 генераторыг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн зүгээс ямар нэгэн хориг саад тавьж байгаагүй. Харин ч дэмжиж байсан байдаг. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-т Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй газар дээр цахилгааны трансформатор, генераторыг тусгай хамгаалалтын хашаан дотор 2017 онд нэхэмжлэгч компанийн хяналт нүдэн дээр байрлуулсан байдаг. Энэ цэгийг тухайн үед нэхэмжлэгч компанийн захирал зөвшөөрч байсан. 2018.01.03-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 201837 дүгнэлтээр албан ёсоор хүлээлгэн авсан байдаг. Нэг ёсондоо яг энэ хүртэлх хугацаанд хоёр тал маргаангүй явсан. Ямар нэгэн хориг, шаардлага огт яригдаж байгаагүй. Төрийн ямар нэг байгууллага Э.К ХХК-д албан мэдэгдэл өгч байсан зүйл байхгүй. Албан мэдэгдэл өгөхгүй байна гэдэг нь зөвшөөрч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хариуцагч нь батлагдсан зураг төслийн дагуу техникийн нөхцөлд тусгагдсан 1,2-р дэд өртөө, хоёр трансформатор, нэг генераторыг нэхэмжлэгч компанийн зөвшөөрлийн дагуу MN tower барилгын ертөнцийн зүгээр баруун хойд буланд байрлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байхаас гадна нэхэмжлэгч тал нь бодит нөхцөл байдлыг гуйвуулсан тайлбарыг нэхэмжлэлдээ дурдаж, хохирлын түрээсийн төлбөр гэж тооцон 2013.01.01-ны өдрөөс 2023.02.16-ны өдөр хүртэл 10 жил 1 сараар тооцож, 142,876,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу хохирлоо баримтаар нотолж чадахгүй байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Бодит байдал дээр нотолж чадахгүй. Өнөөдрийн гаргаж өгсөн баримт ч гэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ “... “Э.К” ХХК батлагдсан барилгын зураг төслийг хууль, журам зөрчин өөрчлөн зөвшөөрөлгүй зоорийн давхрын хаалгыг манай байгууллагын авто зогсоол руу гаргасан. Зоорийн хаалга нь манай авто зогсоол руу харж, 2 авто машин зогсох зайг эзлэн, байнга авто машин орж гарч байгаа нь манай компанийг зогсоолын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, улмаар үндсэн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна...” гэж гүтгэсэн тайлбарыг хэлж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр хоёр тал харилцан тохиролцсон юм. Шүүгч ч мөн адил очиж үзлэг хийсэн. Яаж тохиролцсон бэ гэхээр “Э.К” ХХК нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргын албан ёсоор баталсан, “М.К” ХХК-ийн зурсан барилгын ажлын зургийн зоорийн давхарт Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-т заасны дагуу өөрчлөлт оруулахаар зургийг зохиогчтой зөвшилцсөний дагуу “MN tower” барилгын зоорийн давхарт хийгдэх авто Зогсоолын гарцыг ертөнцийн зүгээр хойд зүг рүү гаргахаар зураг төсөлд өөрчлөлт орж батлагдсан. Энэ тухай нэгдүгээрт хавтаст хэргийн 160-р талд авагдсан байгаа.”Э.К” ХХК нь нэхэмжлэгч “У.С” ХХК-тай харилцан тохиролцож, “У.С” ХХК-ийн өмнөх зогсоолын 2 машин тавих хэсгийг “MN tower” барилгын зоорийн давхарт шилжүүлэн ашиглуулахаар харилцан тохиролцсоны дагуу “MN tower” барилгын зоорийн давхрын гарцыг нэхэмжлэгч компанийн зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч “У.С” ХХК нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл мөн цаашдаа ч өөрийн ажилчдын 43-33 УБВ, 78-24 УБЯ, 96-27 УНГ улсын дугаартай авто машиныг “MN tower” барилгын зоорийн давхрын 2 ширхэг авто зогсоолыг ашиглаж байгаа болно. Барилгын доод талд дулаан зогсоол гэсэн үг. Энэ хоёр зогсоолыг ашиглахыг эрх бүхий байгууллага нь буюу Н.Эзахирал, н.Очирхуяг захирал өөрсдөө орж үзээд ярилцан тохиролцоод хийсэн. Ямар учиртай 2-3 авто машин тавьдаг бэ гэхээр кино механикчийн машин байдаг ба кино шөнийн 11, 12 цагийн үед зогсох үед ажил нь тардаг. Нэг ёсондоо 24 цаг ч ашиглаж, машинаа тавьдаг. Ингээд хоёр тал харилцан тохиролцож, энэ дулаан зогсоолыг ашигладаг. Нэгдүгээр хавтаст хэргийн 146-150-р талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа бий. Мөн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн У.С ХХК-ийн ажилчдын нийгмийн даатгалын бүртгэлээс нэгдүгээр хавтаст хэргийн 151-159-р хуудсанд маш тодорхой харагдана. Эдгээр гурван авто машины эзэмшигч нь У.С ХХК-ийн ажилчид байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч нь “Э.К” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөл, батлагдсан зураг төслийн дагуу, нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцож, зөвшөөрсний дагуу нэхэмжлэгч компанид MN tower барилгын зоорийн давхарт 2 авто машины зогсоолыг 2017 оноос өнөөдрийг хүртэл ашиглуулж байна. Нэхэмжлэгч компанийн техникийн ажилчдын автомашиныг байршуулж байдаг. Нэхэмжлэгч тал зохих зөвшөөрөлгүй батлагдсан зураг төслийг зөрчиж, MN tower барилгыг барьж гүйцэтгэсэн нэхэмжлэгч талын эрх ашиг зөрчиж, зогсоолын үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэсэн тайлбар нь огт үндэслэлгүй. У.С ХХК-ийн зүгээс дээрх автомашины зогсоолыг зориулалтын дагуу өнөөдрийг хүртэл хэвийн ашиглаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон 2020.02.19-ний өдрийн бичлэгт хийсэн үзлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 176-177 талд) мөн 2022.12.15-ны өдрийн шүүхээс газар дээр нь буюу MN tower барилгын гараашид хийсэн үзлэгээр нотлогдсон болохыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. У.С ХХК нь Тэнгис кино театрын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Талуудын харилцан тохиролцсоны дагуу “MN tower” барилгын орц гарч, нэхэмжлэгч компанийн авто машины зогсоол руу харсан байгаа нь нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд ямар ч сөрөг нөлөө үзүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед бид харилцан тохиролцсон байсан. Ингээд хоёр тал харилцан тохиролцоод дээрх зогсоолыг У.С ХХК-д ашиглах нөхцөлийг Э.К ХХК олгосон байдаг. Ингээд нэхэмжлэгч талд ямар ч сөрөг нөлөө үзүүлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа нь илэрхий байдаг. 25,120,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 142,876,000 төгрөгийг авто машины хоёр гарц ашиглах боломжгүй болсон гэж хохиролд 25,120,000 төгрөг, нийт хохирол 167,000,000 төгрөгийг шаардаж байгаа нь Монгол Улсын Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар хууль зүйн үндэслэлгүй. Э.К ХХК нь нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцож, нэхэмжлэгч компанийн зөвшөөрлийн дагуу трансформатор, генераторыг байрлуулж, авто машины хоёр зогсоолыг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч талд 167,000,000 төгрөгийн хохирол бодитоор учирсан тухай нэг ч баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 болон 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байна. Э.К ХХК К.Пэзэмшлийн газар дээр баригдсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу оффис, үйлчилгээний барилга барихаар төлөвлөж, нэхэмжлэгч “У.С” ХХК-тай харилцан тохиролцож баримт бичгийг албан ёсоор танилцуулсны үндсэн дээр нэхэмжлэгч компани нь “MN tower” барилгын ажлыг эхлүүлж, үргэлжлүүлэхэд татгалзахгүй болохоо нэхэмжлэгч “У.С” ХХК албан ёсоор илэрхийлсэн. Э.К ХХК 2011 оноос хойш MN tower барилгын ажлыг 2017 онд албан ёсоор улсын комисст хүлээлгэн өгсөн. Барилгын ажилд цаг хугацаа ихээхэн шаарддагаас гадна бүх ажил хүний нүдэнд ил харагддаг байдлаараа онцлогтой. Дээрх барилга угсралтын ажил болон цахилгаан трансформатор, генератор суурилуулах, авто машины гарц гаргах ажил нэхэмжлэгч У.С ХХК-ийн нүдэн дээр олон жил, сараар үргэлжилсэн байдаг. 2017.11.24-ний өдөр газар дээр нь ажиллаж 2017.12.26-ны өдөр акт үйлдэж, улсын комисс авсан байдаг. Нэгдүгээрт хавтаст хэргийн 142-147-р талд авагдсан байдаг. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дугаартай актаар албан ёсоор ашиглалтад хүлээн авсан байдаг. Нэхэмжлэгч компаниас нууц далд аргаар хийгдэх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл хоёр тал тохиролцож хийсэн. Энэ уулзалт бол 2018 онд хийгдсэн. Тус уулзалт нь Э.К ХХК-ийн захирлын өрөөнд С ХХК, У.С ХХК, Э.К ХХК-иудын хооронд хийгдсэн юм. Нэг ёсондоо С ХХК нь Э.К ХХК-ийг Сүхбаатар дүүргийн шүүхэд мөн нэхэмжлэлээр өгсөн байдаг. Ингээд талууд харилцан тохиролцож, “мөнгөө хохиролтой төлчихвөл болно. Бид нар Захиргааны хэргийн шүүх болон Чингэлтэй дүүргийн шүүх дээр байгаа нэхэмжлэлээ татъя” гэж ярьж байсан. Би энд юу хэлэх гээд байна гэхээр нэг ёсондоо С ХХК-ийн үйл ажиллагааг явуулахын тулд, С ХХК энэ мөнгөө хохиролтойгоо авахын тулд охин компаниудаа оруулж, Э.К ХХК-д олон талаар шахалт үзүүлж эхэлсэн. Улсын комисс хүлээж аваад трансформатор баригдаж байх тухайн үед хоёр тал харилцан тохиролцчихсон үе. Э.К ХХК-иас мөнгө салгах, оффис авах боломжтой юм байна гэдэг ийм зүйлийг удаа дараа ярьж байна. Сүхбаатар дүүргийн шүүх дээр болох гэж байсан шүүх хурлыг хойшлуулж, хоёр тал тооцоо нийлсэн. Өөрийнх нь албан мэдэгдэл байгаа ба нотлох баримт шинжлэн судлахад гарч ирнэ. Энэ мөнгийг хохиролтойгоо төлчих юм бол бид нэхэмжлэлээ татаад авчихъя гэдэг зүйл яригдсан. Энийг би яагаад ярьж байгаа вэ гэхээр захиргааны хэргийн шүүх дээр У.С ХХК-ийн захирал н.Энх-Амгалангийн нүд рүү нь харж байгаад тодруулж байсан. Тухайн үед огт хариулж чадаагүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр энд яриад байгаа зүйл бол сэндвич маягийн зүйл. Нэг ёсондоо толгой компаниа дэмжихийн тулд орж ирсэн тийм л зүйл. Н.Эзахирал ч мөн “Та нар С ХХК-тай тохирчих” гэдэг зүйлийг байнга хэлдэг байсан. Энийг би хариуцлагатайгаар хэлье. 4 жилийн хугацаанд энэ маргаан гацлаа. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж хуульчлаад өгчихсөн байгаа. Үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч компани үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Хэрвээ үнэхээр нүдэн дээр нь трансформатор баригдаад, өөрийнх нь цэцгийн мандал байсан газар дээр нь барилгын материал 8-9 жил хэвтсэн. Трансформатор барих үед нь Н.Э захирал явж байсан шүү дээ. Яг тухайн үед хашаа татаад газар ухагдчихсан байсан ба өнөөдрийнхөөс илүү ундуй сундуу байдалтай байсан. Тэр болтол У.С ХХК нь дэмжээд явж байсан үе буюу 2017,2018 он хүртэл ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс MN tower барилгатай холбоотойгоор Барилга хот, байгуулалтын яамны 2014.04.30-ны өдөр 15/2014 дугаартай барилга барих зөвшөөрөл, MN tower барилгын ашиглалтад хүлээн авсан 2017.10.26-ны өдрийн 2017593 дугаартай комиссын акт, цахилгааны трансформатор, генераторыг хүлээн авсан 2018.01.23-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 1837 дугаартай актыг тус тус хүчингүй болгуулах тухай холбогдох төрийн эрх бүхий байгууллагад холбогдуулж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. 2018.04.20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд, мөн шүүхэд өчнөөн гацаасан. Ингээд 2022.06.23-ны өдрийн 128Ш320224782 дугаарт захирамжаар нэхэмжлэгч компани нь MN tower барилгыг барихад туслалцаа, дэмжлэг үзүүлж байсан байна, гомдол гаргаж байгаагүй юм байна, гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.07-ны өдрийн 561 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Нэг ёсондоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон үйл баримт болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн шүүх дээр яг энэ асуудлыг ярьдаг. Захиргааны хэргийн шүүх уг маргааныг хэрэгсэхгүй болгосон. У.С ХХК нь ашиг сонирхол нэгтэй компани болох С ХХК-ийн Э.К ХХК-д холбогдуулан маргаан бүхий MN tower барилгын 1,2 давхрыг өмчлөлдөө авах шаардлагыг хангуулах, Э.К ХХК-д шахалт үзүүлэх зорилгоор нэхэмжлэгч У.С ХХК нь Захиргааны хэргийн шүүх болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч У.С ХХК болон С ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй. Алтай Холдинг ХХК, Шунхлай Холдинг ХХК-иуд хувьцааг нь эзэмшдэг бөгөөд эцсийн өмчлөгч нэг буюу харилцаа хамаарал бүхий компани болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.03.24-ны өдрийн 10/2552 дугаартай албан бичгийн хавсралтад заагдсан нэхэмжлэгч компанийн болон С ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тодорхой харагдаж байгаа. Бид шүүх хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Гэвч Захиргааны хэргийн шүүхээс нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргаж өгсөн ба энэ баримттай нэхэмжлэгч тал танилцсан байгаа. Энэ ямар учиртай вэ гэхээр С ХХК, У.С ХХК нь харилцан хамаарал бүхий компаниуд. У.С ХХК нь 2011 онд гэрээ байгуулчхаад гэрээгээ цуцлаад толгой компани болох С ХХК руу шилжүүлээд, С ХХК-ийн гэрээ хийгдээд тус гэрээний төлбөр тооцоо хийгдээд торгуулийг нь төлөөд бүх асуудал дуусчихсан. Би шүүх хуралдааны танхимд хариуцлагатайгаар хэлье. Энэ гэрээнд У.С ХХК-ийг төлөөлж өмгөөлөгч нь, С ХХК-ийн төлөөлж С ХХК-ийн өмгөөлөгч, хуулийн албаны дарга, санхүү эрхэлсэн захирал болон захирал нь орж байсан. Э.К ХХК нь нэхэмжлэгч компанитай 2011.10.28-ны өдрийн талбай авах зорилгоор үйлчилгээний талбай захиалгаар бариулж, худалдах худалдан авах 01 тоот гэрээний эрх, үүргийг нэхэмжлэгч тал өөрийн ашиг сонирхол нэгтэй С ХХК-д шилжүүлж, Э.К ХХК нь С ХХК-тай 2012.07.06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах худалдах худалдан авах 01 тоот гэрээ байгуулсан байдаг. С ХХК, MN tower барилгаас талбай авахаар харилцан тохиролцсон байдаг. Мөн С ХХК-ийн санаачилгаар энэ гэрээ цуцлагдсан. Ингээд бид торгуулийн мөнгийг нь өгсөн байдаг. Нэхэмжлэгч компани өөрийн эрх, үүргийг өөрийн ашиг сонирхол нэгтэй компани руу шилжүүлсэн болох нь У.С ХХК-ийн 2012.06.20-ны өдрийн 854 тоот албан бичиг ( 1-р хавтаст хэргийн 141 талд ). Э.К ХХК, С ХХК тай байгуулсан гэрээний дагуу С ХХК-тай тохиролцсоны дагуу хоёр компанийн хооронд 2018.08.30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн байдаг. Ингээд 1,742,542,500 төгрөгийг төлсөн ба хохиролд нь 2018.08.30-ны өдөр 276,000,234 төгрөг төлсөн. Нийт 2,018,776,550 төгрөгийг Э.К ХХК-иас С ХХК-д төлсөн. Тухайн үед тохиролцсон тохиролцооны дагуу буюу У.С ХХК өөрт хамааралгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан байна гээд нэхэмжлэлээ татах тухай асуудал тухайн үед яригдаад шийдсэн. Тэгэхлээр би юу хэлэх гээд байна гэхээр нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдөх ёстой. Гэтэл 2018 онд барилгыг улсын комисс хүлээж авсан. Өөрөөр хэлбэл 2018 он хүртэл нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй юм байна. Тухайн үед уулзалтын үеэр Н.Э гүйцэтгэх захирал нь “та нар тохирчих, мөнгөө өгчих юм бол бид нар нэхэмжлэлээ татаад авчихъя” гэдэг асуудал хүртэл яригдаад энэ мөнгө хийгдсэн байдаг. Тэгэхлээр нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдөөгүй юм. Тиймээс У.С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй орхиж өгнө үү” гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.09.27-ны өдрийн 307 дугаартай итгэмжлэл, 2018.01.02-ны Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай гэрээ, хавсралт, газар эзэмших эрхийн 000303837 дугаартай гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг, 2013.12.10-ны иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, барилгажсан талбай дэвсгэр газрын төлөв, байдал, чанарын улсын хяналтын баталгааны дүгнэлт, газрын төлбөрийн тооцоо нийлсэн №020180158 акт, 2017.08.31, 2017.09.19-ний төлбөрийн даалгаврууд, 2017.11.30-ны Г.Б орлогын мэдүүлэг, 2018.04.17-ны Хас банкны цахим гүйлгээний баримт, 2018.09.14-ний Хас банкны цахим гүйлгээний баримт, 2018.02.14-ний Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 0048189 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 0297006 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, сарын сүүл цалингийн дэлгэрэнгүй, газар эзэмших эрхийн №000002370 дугаартай гэрчилгээ, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны кадастрын зураг, 2019.05.10-ны Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, фото зураг, НЗДТГ2018.06.25-ны өдрийн 03/2583 дугаартай албан бичиг, У.С ХХК-ийн 2018.05.16-ны 152 дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.25-ны 5366 дугаартай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.08.01-ний 6289 дугаартай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.24-ний 286 дугаартай тэмдэглэл, 286 дугаартай шүүхийн тогтоол, У.С ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Хасбанкны дансны хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, У.С ХХК-ийн 2012.06.07-ны өдрийн 841 дүгээр мэдэгдэл, У.С ХХК-ийн 2013.03.05-ны өдрийн 71 дүгээр тайлбар мэдэгдэл, У.С ХХК-ийн 2018.06.21-ний өдрийн 198 дугаар албан шаардлага, У.С ХХК-ийн 2018.08.28-ны өдрийн 265 дугаар албан шаардлага, У.С ХХК-ийн 2018.10.25-ны өдрийн 347 дугаар мэдэгдэл, У.С ХХК-ийн 2019.04.22-ны өдрийн 105 дугаар мэдэгдэл, У.С ХХК-ийн 2019.05.07-ны өдрийн 120 дугаар мэдэгдэл, У.С ХХК-ийн 2019.11.05-ны өдрийн 286 дүгээр мэдэгдэл, 2020.05.01-ний нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж өөрчлөх тухай, 2020.07.22-ны 130 дугаартай итгэмжлэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.06.22-ны 092 дугаар итгэмжлэл, 2022.09.09-ний 138 дугаар итгэмжлэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.12.02-ны 10245 дугаар захирамж, 2023.01.02-ны 001 дугаар итгэмжлэл, 2023.02.16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Кости эстимэйт ХХК-ийн 2023.02.16-ны 23/12 мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, И.Э ХХК-ийн хохирол үнэлгээний тайлан, фото зураг гаргаж өгсөн,
4.Хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээ, 2019.12.23-ны 02/219-182 дугаартай итгэмжлэл, 2020.01.27-ны өдрийн 01/2020-020 дугаартай хариу тайлбар, Нийслэлийн Засаг даргын 2011.08.18-ны 612 дугаар захирамж, хавсралт, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх 2011.09.28-ны 00000336 336/2011 дугаартай зөвшөөрөл, К.П2011.11.01-ний өдрийн хүсэлт, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014.04.30-ны өдрийн №15/2014 дугаартай зөвшөөрөл, техникийн нөхцөл №327/11, 2012.01.27-ны Техникийн нөхцөл, 2013.06.24-ний техникийн нөхцөл, 2014.08.18-ны техникийн нөхцөл, К.П2016.09.21-ний өдрийн албан бичиг, 2016.10.03-ны өдрийн албан бичиг, Иргэний газар эзэмших эрхийн №000039423 дугаартай гэрчилгээ, 2017.10.08-ны 238 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, Эй Би Жи Энерго ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, Ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, №БУII-84/17 тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2017.10.10-ны №2073/2017 дугаартай техникийн нөхцөл, MN tower үйлчилгээ оффисын барилгын гадна цахилгаан хангамж, цахилгаан дамжуулах кабелийн шугамын гүйцэтгэлийн зураг, 2017.11.24-ний УБЦТС ТӨХК-ийн зураг төсөлд тодруулга хийсэн тодорхойлолт, 2017.11.10-ны өдрийн 09/17 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, Чандмань хонгор групп ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, ЗТII610/14 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт-1, Чандмань хонгор групп ХХК-ийн 2017.12.02-ны 2017/024 дугаартай зохиогчийн дүгнэлт, фото зураг, 2011.10.28-ны 01 дугаартай үйлчилгээний талбай захиалгаар бариулж худалдах-худалдан авах гэрээ, У.С ХХК-ийн 2011.10.21-ний 705 дугаар албан бичиг, У.С ХХК-ийн 2011.11.11-ний 722 дугаартай албан бичиг, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2011.11.16-ны 2/1919 дугаартай албан бичиг, У.С ХХК-ийн 2011.11.25-ны 737 дугаартай албан бичиг, К.П2011.10.01-ний хүсэлт, У.С ХХК-ийн 2012.03.36-ны 788 дугаар албан бичиг, У.С ХХК-ийн 2012.06.20-ны 854 дугаартай албан бичиг, 2017.12.26-ны 2017/093 дугаартай барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс, архив, лавлагааны тасгийн 2019.11.11-ний 117 дугаартай лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.05-ны 1/8205 дугаартай албан бичиг, Нийгмийн даатгалын хэлтсийн 2019.11.08-ны 1020 дугаартай албан бичиг, хавсралт, зоорийн давхрын байгуулалтын зураг, ерөнхий төлөвлөгөөний зураг, 2020.02.05-ны 02/2020-022 дугаартай итгэмжлэл, 2012.07.06-ны 01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах, худалдах, худалдан авах гэрээ, С ХХК-ийн 2018.08.30-ны 01/5008 дугаар албан бичиг, 2018.09.12-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2012.07.06-ны өдрийн 01 тоот үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах, худалдах, худалдан авах гэрээний тооцоо нийлсэн 2018.08.30-ны өдрийн акт, 2022.04.14-ний 02/2022-70 дугаартай итгэмжлэл, өөрчилсөн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.03-ны 4783 дугаартай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.07-ны 561 дугаартай магадлал, Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2018.01.23-ны 2018/37 дугаар дүгнэлт, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, самбуугийн гудамж иргэн К.П оффис, үйлчилгээний барилгад зохиогчийн хяналт хийсэн нэгдсэн 2017.11.03-ны өдрийн дүгнэлт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.18-ны 1/2725 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.03.24-ний 10/2552 дугаар албан бичиг, У.С ХХК,С ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, “Эф эф ай си” ХХК-ийн 2022 оны автомашины бүртгэлийн дэвтэр, Иргэн К.П оффис, үйлчилгээний барилгын зураг төсөл гаргаж өгсөн,
5.Хариуцагчийн талаар хүсэлтээр 2020.02.19-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон ба Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2020.06.11-ний А/157 дугаар тушаал, Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын 2020.07.03-ны 1/2024 дугаар албан бичиг, Геодези, байр зүйн ажлын үнэлгээ, нэхэмжлэх, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020.10.22-ны 2/3038 дугаар албан бичиг, 2021.02.03-ны 2/262 дугаартай албан бичиг, 2020.01.11-ний А/157 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022.12.15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг авагдсан.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч “У.С” ХХК нь хариуцагч “Э.К” ХХК-д холбогдуулан “У.С” ХХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Эрх чөлөөний талбай гудамж, 3 тоотод байрлах Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/105 дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын 154/0130 18642311329597 дугаар бүхий газар, авто зогсоолыг “Э.К” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хохирол 167,996,800 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “... “У.С” ХХК-ийн эзэмшил газар дээр өндөр хүчдэлийн трансформатор байрлуулсан талаар татгалзах зүйлгүй гэсэн ямар нэгэн албан бичиг өгч байгаагүй. Энэхүү газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа “Э.К” ХХК-ийн үйлдэл бол үндэслэлгүй бөгөөд хууль бус юм.
“Э.К” ХХК-ийн барилга Б-1 давхраас гараашийн хаалга гаргаж, гараашийн хаалга гаргасан нь экспидезээр батлагдсан зураг төсөл байдаггүй, авто зогсоол руу хаалга гаргаад хоёр авто машины зогсоолыг эзлээд, хоёр автомашины зогсоолыг ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн.
Дээрх байдлаар газар болон авто зогсоол ашиглах зөвшөөрөлгүй, боломжгүй болох зэргээр “У.С” ХХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа учир бидний зүгээс тухайн газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа юм.
Газрыг хэрэв зориулалтын дагуу ашигласан бол боломжит тооцоо орлого “У.С” ХХК-д орох ёстой байсан гэж үзэж байгаа.
Нийт 144 м.кв газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа 2013.01.01-ний өдрөөс 2023.02.16-ны өдөр хүртэл 10 жил 1 сарын хугацаанд түрээсийн төлбөрөө тооцоод үзвэл 142,876,800 төгрөг болж байна. Авто зогсоолыг 2016.04.01-ний өдрөөс ашиглах боломжгүй болгочихсон гэж үзвэл 2023.02.16-ны өдөр хүртэлх хугацаанд хоёр автомашины зогсоолын төлбөр 25,120,000 төгрөг, нийт 167,996,800 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа...” гэж тодорхойлсон
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Барилгын тухай хууль, дүрэм журмын дагуу эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авч барилгыг барьж, 2017.10.26-ны өдөр 2017/593 дугаартай актыг эрх бүхий байгууллага хүлээн авсан.
Нэхэмжлэгчид барилгын зураг төсөл, зөвшөөрөл, техникийн нөхцөлийг танилцуулж, 2011 оноос хамтран ажиллахаар болж У.С ХХК нь Э.К ХХК-тай 2011 онд үйлчилгээний талбай захиалахаар захиалгаар бариулж, худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг.
Нэхэмжлэгчийн 2012 оны 788 дугаар албан бичгээр... ажлаа гүйцэтгэхэд татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг Нийслэлийн засаг даргад хүргүүлж байсан. Нэхэмжлэгч компани залгаа барилга барихыг дэмжиж, барилгыг барьж байх хугацаанд буюу барьж дууссаны дараа барилгыг ажлыг зогсоохыг шаардаж байсан зүйлгүй. 2011 оны 722, 2016 оны 283 дугаартай албан бичгийг хуурамч гэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй.
Гүйцэтгэсэн барилгын цахилгааны техникийн нөхцөлийг 2011 оны 1280/2011 дугаартай авсан бөгөөд эйр кондейшины хүчин чадлыг нэмэгдүүлэх үндсэн дээр 2017 оны 0688/2017 дугаартай, 2017 оны 20732017 дугаартай техникийн нөхцөл олгосон.
Эрх бүхий байгууллагаар баталгаажуулж, батлагдсан зураг төслийн дагуу техникийн нөхцөлд тусгагдсаны дагуу “У.С” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу 2017 онд хийгдсэн.
Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргын албан ёсоор баталсан, барилгын ажлын зургийн зоорийн давхарт өөрчлөлт оруулахаар зургийг зохиогчтой зөвшилцсөний дагуу “MN tower” барилгын зоорийн давхарт хийгдэх авто зогсоолын гарцыг ертөнцийн зүгээр хойд зүг рүү гаргахаар зураг төсөлд өөрчлөлт орж батлагдсан.
“У.С” ХХК-ийн өмнөх зогсоолын 2 машин тавих хэсгийг “MN tower” барилгын зоорийн давхарт шилжүүлэн ашиглуулахаар харилцан тохиролцсоны дагуу “MN tower” барилгын зоорийн давхрын гарцыг нэхэмжлэгч компанийн зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн.
2017 оноос хойш өнөөдрийг хүртэл мөн цаашдаа ч нэхэмжлэгч өөрийн ажилчдын 43-33 УБВ, 78-24 УБЯ, 96-27 УНГ улсын дугаартай авто машиныг “MN tower” барилгын зоорийн давхрын 2 ширхэг авто зогсоолыг ашиглаж байгаа.
У.С ХХК болон С ХХК-ийн эцсийн өмчлөгч нэг буюу харилцаа хамаарал бүхий компани. У.С ХХК нь 2011 онд гэрээ байгуулчхаад гэрээгээ цуцлаад толгой компани болох С ХХК руу шилжүүлээд, С ХХК-ийн гэрээ хийгдээд тус гэрээний төлбөр тооцоо хийгдээд торгуулийг нь төлөөд бүх асуудал дуусчихсан.
С ХХК нь Э.К ХХК-ийг Сүхбаатар дүүргийн шүүхэд мөн нэхэмжлэлээр өгсөн байдаг. Ингээд талууд харилцан тохиролцож, “мөнгөө хохиролтой төлчихвөл болно. Бид нар Захиргааны хэргийн шүүх болон Чингэлтэй дүүргийн шүүх дээр байгаа нэхэмжлэлээ татъя” гэж ярьж байсан.
Нэхэмжлэгч компанийн эрх ашиг хөндөгдөөгүй юм...” гэх тайлбар гаргаж мэтгэлцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1052 дугаар захирамжаар “Э.К” ХХК-д нэгж талбарын 154/0130 дугаар бүхий 3805 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон ба 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/390 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Самбуугийн гудамж 3 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1500600590 дугаар бүхий 3802.0 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-2202000965 дугаарт бүртгэгдэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/55 дугаар захирамжаар К.Пт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай гудамж, 5 тоот хаягт байрлах, нэгж талбарын 1500600603 дугаар бүхий 1038.0 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор /үйлчилгээ/ зориулалтаар 15 жилийн хугацаатай, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.
Дээрх баримтуудаас үзэхэд зохигчдын хэн аль нь Чингэлтэй дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газар эзэмших эрхтэй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан тул энэ журмын дагуу газрын эзэмших эрхийг олж аваагүй этгээдийн эзэмшил хууль бус болно.
Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, шүүхээс шинжээчээр томилсон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтээр хариуцагч “Э.К” ХХК-ийн 2 ширхэг трансформатор нийт 18 м.кв, 1 цахилгаан генератор 13 м.кв, 9 метрийн урттай төмөр хашаа, барилгын шат довжоо,барилгын шат довжоо, пандус /гараашийн хаалга/ нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 3802 м.кв газрын 54 м.кв талбайд байрлаж байгаа болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхээр шаардаж буй газар дээр хариуцагчийн 2 ширхэг трансформатор нийт 18 м.кв, 1 цахилгаан генератор 13 м.кв, 9 метрийн урттай төмөр хашаа, барилгын шат довжоо, пандус /гараашийн хаалга/ 54 м.кв талбайд байрлаж байгаа талаар зохигчид маргаагүй.
Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай гудамжны 5 тоот хаягт байрлах 1038.0 м.кв газрын эзэмшигч К.П газар дээр баригдсан “MN tower” барилга байгууламжийн өмчлөгч нь “Э.К” ХХК болох талаар зохигчид мөн маргаагүй.
Маргааны зүйл нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа талаар маргажээ.
“У.С” ХХК-ийн хувьд Нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргасан байх бөгөөд НЗДТГдарга “К.Пконтор, үйлчилгээний зориулалттай барилга барих ажлын талаар танай компанийн удирдах албан тушаалтнууд мэдэж байсан бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 722, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаар албан бичгээр татгалзах зүйлгүйгээр Нийслэлийн газрын алба болон Ус сувгийн удирдах газарт мэдэгдэж байжээ.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн үндэслэл байхгүй талаар” хариу өгч байсан болох нь НЗДТГдаргын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03/2583 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн 2011 оны 722 дугаар албан бичигт “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кино театрын зүүн урд хэсэгт иргэн К.Пэзэмшлийн баригдаж байгаа барилга нь ажлын явцаас шалтгаалж газраа хойш сунгаж байгаа бөгөөд үүнд манай байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй болно гэж, мөн “УСУГ” ХК-д хүргүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаар албан бичигт “У.С” ХХК нь Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн урд баригдаж байгаа “Иргэн К.П үйлчилгээний” барилгын зоорийн давхраар явж байгаа цэвэр усны шугамыг зөөж шилжүүлэхэд манай компанийн зүгээс ямар нэгэн татгалзах зүйл байхгүй болно” гэсэн агуулга бүхий хариуг өгч байжээ.
Мөн “У.С” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 705 дугаар албан бичигт “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” ХК-д хүргүүлсэн албан бичгээр “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын зүүн урд баригдаж байгаа иргэн К.П эзэмшлийн барилгын ажилтай холбогдуулан манай компанийн зүгээс дулааны шугам сүлжээнд өөрчлөлт хийхэд татгалзах зүйлгүй” талаар дурдсан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх 722 дугаартай албан бичиг нь хуурамч, 283 дугаартай албан бичиг дээрх гарын үсэг нь гүйцэтгэх захирал Ц.Э ийн гарын үсэг биш хуурамчаар гаргасан гэж тайлбарлаж мэтгэлцэж байгаа боловч энэ талаар баримтаар нотлоогүй.
“Э.К” ХХК болон “У.С” ХХК-ийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01 дугаартай Үйлчилгээний талбай захиалгаар бариулж худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай газарт Үйлчилгээний талбай, кино үзвэрийн танхим барьж ашиглалтанд оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцжээ.
“У.С” ХХК нь дээрх гэрээний зүйлийг “С” ХХК нь худалдан авч байгаа тул “Э.К” ХХК, “С” ХХК-ууд гэрээ байгуулсан тохиолдолд “У.С” ХХК нь өөрийн гэрээний эрх үүргийг “С” ХХК-д шилжүүлэх талаар 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 854 дугаартай албан бичиг авагдсан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар “С” ХХК болон “Э.К” ХХК, К.П нарын хооронд 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Хэрэгт авагдсан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн баталсан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2073/2017 дугаартай Техникийн нөхцлийн дагуу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кинотеатрын зүүн урд үйлчилгээ, оффис зориулалттай MN tower барилгын гадна цахилгаан хангамж 6/0,4кВ-ын 2*1000 кВА чадалтай дэд өртөө угсран болон 6кВ-ын ЦПКШ татах ажлыг хийж гүйцэтгүүлсэн болох нь 2017 оны К.П болон Э.Б.Ж.Э ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 2073/2017 дугаартай техникийн нөхцөл, “MN tower” үйлчилгээ, оффисын барилгын гадна цахилгаан хангамж, цахилгаан дамжуулах кабелийн шугамын гүйцэтгэлийн зураг, УБЦТС ТӨХК-ийн зураг төсөлд тодруулга хийсэн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн тодорхойлолт, Чандмань хонгор групп ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2017/024 дугаартай зохиогчийн дүгнэлт, фото зургуудаар тогтоогджээ.
Өөрөө хэлбэл, хариуцагч “Э.К” ХХК 2 ширхэг трансформатор нийт 18 м.кв, 1 цахилгаан генератор 13 м.кв, 9 метрийн урттай төмөр хашааг техникийн нөхцлийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хуульд заасны дагуу дээрх байгууламжийг хийж гүйцэтгүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна.
Дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/37 дугаартай дүгнэлтээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд төвөгшилтэй ангиллын 6/0,4кВ-ын 2*1000кВА хүчин чадал бүхий иж бүрдмэл дэд өртөө /КТПН/ цахилгаан хангамжийн зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн болох нь баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын 20 давхар хүчин чадалтай контор, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолын зориулалтай барилга, байгууламжийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2017/093 дугаартай барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтанд оруулахыг зөвшөөрч, хүлээн авсан байна.
Эдгээрээс үзэхэд хариуцагч “Э.К” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд баригдсан “MN tower” барилга байгууламж болон 6/0,4кВ-ын 2*1000кВА хүчин чадал бүхий иж бүрдмэл дэд өртөө /КТПН/ цахилгаан хангамжийн зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтанд хүлээн авсан эрх бүхий комиссын шийдвэрүүд, мөн нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн зүгээс барилга байгууламжийг барихыг зөвшөөрч байсан, талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг үндэслэн, нэхэмжлэгч “У.С” ХХК болон эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу хариуцагч “Э.К” ХХК нь маргааны зүйл болсон нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн эзэмшлийн 54 м.кв талбайд дунд төвөгшилтэй ангиллын 6/0,4кВ-ын 2*1000кВА хүчин чадал бүхий иж бүрдмэл дэд өртөө /КТПН/ цахилгаан хангамжийн зориулалттай барилга, байгууламжийг барьсан болох нь тогтоогдсон бөгөөд үүнийг хууль бус эзэмшил гэж үзэхгүй болно.
Түүнчлэн, хариуцагч “Э.К” ХХК-ийн өмчлөлийн “MN tower”-ийн барилгын зоорийн давхарт байрлах 2 автозогсоолд “У.С” ХХК-ийн ажилчид автомашинаа байрлуулж ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд болон үзлэгээр авагдсан баримтаар нотлогдож байхаас гадна дээрх орц, гарц буюу гараашийн хаалгыг зохих этгээдийн зөвшөөрлөөр барилгын зурагт өөрчлөлт оруулсан, зохиогчийн хяналт хийгдсэн, барилга байгууламжийг ашиглалд хүлээж авсан комиссын шийдвэр зэрэг дээр дурдсан үйл баримтуудыг хариуцагч “Э.К” ХХК-ийг нэхэмжлэгч талын зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар автозогсоолд гараашийн хаалга гарган гарц барьсан гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.
Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасан нэхэмжлэгч “У.С” ХХК нь өөрийн эзэмшлийн өмч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, газар болон автозогсоолыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгохоор хариуцагчаас шаардах үндэслэл тогтоогдохгүй байх тул газар болон автозогсоолыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч “У.С” ХХК нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг үндэслэн компанийн эзэмшлийн 144 м.кв орчим газрыг 7-н жилийн хугацаанд зөвшөөрөлгүй ашиглаж трансформатор, цахилгаан генератор байрлуулах, авто зогсоолыг 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд зөвшөөрөлгүй ашигласан, ашиглах нөхцөлийг хаасны улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж, “Э.К” ХХК үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж хохиролд 167,996,800 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.”, мөн зүйлийн 495.2-т “Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж тус тус заажээ.
Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж, бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй ба эд хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар захиран зарцуулснаар хөрөнгө биетээр байхгүй байдаг тул өмчлөгчийн эрхийг зөрчснөөс түүнд учирсан хохирлыг эд хөрөнгийн үнээр нөхөн төлүүлдэг.
Хариуцагч “Э.К” ХХК-ийн хувьд бусдын эзэмшлийн газар дээр эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрыг хууль бусаар эзэмшиж байгаа үндэслэл тогтоодохгүй байх тул дээрх нэхэмжлэгчийн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсноос хохирол 167,996,800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Шүүх иргэдийн төлөөлөгчид 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу иргэдийн төлөөөлөгч Д.Д аад өөрт нь мэдэгдсэн боловч томилогдсон иргэдийн төлөөлөгч Д.Д нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хуралдааныг хийлгэх гэсэн хүсэлтүүдийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан хариуцагч “Э.К” ХХК-д холбогдуулан “У.С” ХХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 хороолол, Эрх чөлөөний талбай гудамж, 3 тоотод байрлах Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 12 сарын 03-ны өдрийн А/105 дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын 154/0130 18642311329597 дугаар бүхий газар авто зогсоолыг “Э.К” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хохирол 167,996,800 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,226,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС
ШҮҮГЧИД Ч.ДАВААСҮРЭН
Т.ЭНХТУЯА