Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Д.Д

Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Ч холбогдох эрүүгийн 2540000000078 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Х аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, .... мэргэжилтэй, .................. ажилтай, ам бүл .., .... хамт .................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

-урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ч.Ч.(РД:....................)

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Ч******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2,28 хувийн согтолттой 20-93 УНН улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Ч******* нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2,28 хувийн согтолттой     20-93 УНН улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

  Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч Ч.Ч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

 

  Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч Ч.Ч*******оос “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар илэрхийлсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Ч******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2,28 хувийн согтолттой 20-93 УНН улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-2 дугаар хуудас),

- Зөрчил илрүүлсэн тухай илтгэх хуудас (хх-ийн 3 дугаар хуудас),

- Жолоочийн согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл (хх-ийн 4 дүгээр хуудас),

- Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хэлтсийн даргын баталсан томилгоот хуваарийн дагуу Бор-Өндөр сумын 3 дугаар багт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор үүрэг гүйцэтгэж байх үед “Тоёота Приус-30” маркийн 20-93 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3-р багийн тоглоомын талбайн зүүн талд зогсоон шалгахад Ч.Ч гэх жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул цагдаагийн хэлтэс дээр ирж Драгер багажаар үлээлгэхэд 2,28% хувийн согтолтын зэрэгтэй байсан. Тухайн үед Ч.Ч нь ганцаараа явж байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13 дугаар хуудас)

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 29 дүгээр хуудас)

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 32-33 дугаар хуудас),

-Яллагдагч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө 0,33 граммын Хараа нэртэй архи ганцаараа дэлгүүрийн гадаа уучхаад өөрийн “Тоёота Приус-30” маркийн 20-93 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байсан таараад цагдаагийн хэлтсийн байранд ирж согтуурлын зэрэг хэмжих багажаар хэмжүүлэхэд 2,28% гарсан. Би дахиж тээврийн хэрэгсэл жолоодохгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас)

-Шүүгдэгч Ч.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ. 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинж нь жолоодох эрхээ хасуулсан этгээд өөрийгөө согтуурсан, мансуурсан гэдгээ мэдсээр байж, эсхүл согтуурсан, мансуурсан нөхцөл байдлын улмаас өөрийн ухамсар, биеийг удирдах чадамж алдагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн идэвхтэй үйлдлээр илэрдэг.   

Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласнаар шүүгдэгч Ч.Ч******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, зөрчил илрүүлсэн тухай илтгэх хуудас,  жолоочийн согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно.” гэж тус тус тодорхойлсон.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Ч.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилээр хасуулсан хугацаандаа 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2,28 хувийн согтолттой 20-93 УНН улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

   Шүүгдэгч Ч.Ч нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Ч.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учруулаагүй байх тул шүүгдэгч Ч.Ч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч Ч.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 500 (таван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ч.Ч “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

            Шүүгдэгч Ч.Ч нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, шүүхээс гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ч.Ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Ч.Ч******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Ч.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3500 (гурван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

   Шүүгдэгчийн  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 3500 (гурван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь хуульд нийцнэ. 

 Шүүгдэгч Ч.Ч нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд уг 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгийн торгох ялыг төлж биелүүлсэн болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/3473 дугаартай албан бичиг, 3,000,000 төгрөг төлсөн баримт зэргээр тогтоогдож байна. (хх-ийн 64-66 дугаар хуудас)

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан бөгөөд уг шийтгэх тогтоол 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон болох нь шийтгэх тогтоол гардуулсан баримтаар тогтоогдож байна. (хх-ийн 70 дугаар хуудас)

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч дээрх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон уг хугацаанаас эрх хассан ялыг тоолоход 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 10 (арван) сар 3 (гурав)  хоногийн ял үлдсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах ял дээр нэмж, нэгтгэн шүүгдэгч Ч.Ч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 2 (хоёр) жил 10 (арван)  сар 3 (гурав) хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Ч.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3500 (гурван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч оногдуулсан 3500 (гурван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 10 (арван) сар 3 (гурав)  хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах ял дээр нэмж, нэгтгэн шүүгдэгч Ч.Ч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 2 (хоёр) жил 10 (арван)  сар 3 (гурав) хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 10 (арван)  сар 3 (гурав) хоногийн хугацаагаар хасах ялын хугацааг тоолсугай.

 

 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  7.Шүүгдэгч Ч.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

          8.Шүүгдэгч Ч.Ч урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

 

              9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

 

 

               

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         М.ЭНХМАНДАХ