Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/60

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй шүүх шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Д.Д

Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт Түмэнжаргалын ******* холбогдох эрүүгийн 2540000000085 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............ аймгийн ......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ......... мэргэжилтэй, ....... ажил хийдэг, ам бүл ..., .... хамт, ..................тоотод оршин суух,  урьд

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 818 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 cap хорих ял,

-Баянгол дүүргийн шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Т.С (РД: ..)

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн байранд тус цагдаагийн хэлтсийн албан хаагч, хууль сахиулагч ******* 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж согтуурлын зэргийг шалгах явцад хүч хэрэглэн эсэргүүцэж нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн байранд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн дэд ахлагч *******ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, улмаар нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

  Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар илэрхийлсэн байна.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн байранд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн дэд ахлагч *******ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, улмаар нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас)

-Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2025 оны 09 сарын 23-ны өдөр цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарь томилгооны дагуу эргүүлийн шалгалтанд ажиллаж байхдаа Бор-Өндөр сумын нутаг дэвсгэр намын байрны талаасаа зүүн чиглэлтэй явж байтал нэг хар өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл сумын төв хороолол дундуур хойшоо урагшаа чиглэлтэй засмал замаар урдаасаа ирээд яг уулзвар дээр зогсохоор нь би шалгахад Сансүндэв гэх эрэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан. Ингээд би түүнийг цагдаагийн хэлтэс дээр авчирч согтууруулах ундаа хэр хэмжээнд хэрэглэсэн эсэхийг шалгаж ар гэрт нь өгөх гээд хэлтсийн байрны жижүүр дээр ирээд согтуурал хэмжих багаж үлээлгэх гэсэн боловч үлээхгүй амандаа зуучихаад элдэвээр хэлээд харааж зүхээд би гарч тамхи татна энэ тэр гэж байгаад намайг гэнэт мөргөсөн. Энэ үед нүдний шил хагарсан. /Тэгээд тэр хүн дараа нь намайг гарсан хойно согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулсан байсан энэ асуудал нь тусдаа материалжуулан шалгаж байгаа/ Тухайн үедээ жаахан манарч халуун оргиж дотор муухайрч байсан, одоогоор гайгүй байна, шинжээч томилуулна, сэтгэцийн дүгнэлт томилуулахгүй. Миний нүдний шил 170,000 төгрөгний үнэтэй харааны шил байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7 дугаар хуудас)

-Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 13 дугаар хуудас)

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ХЭН-БОР 0725/067 дугаартай шинжээчийн “*******ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 15-16 дугаар хуудас)

-Гэрч Н.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 23-ны орой ажил дээр байхад ойролцоогоор цагдаагийн дэд ахлагч ******* согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1 залууг авчирсан. Тухайн хүн нь драгер багаж үлээхгүй, эсвэл дутуу үлээгээд илт шалгуулахаас зайлсхийгээд гарна орно гээд хоорондоо ойлголцохгүй байсан. Тэгж байгаад тухайн залуу нь дэд ахлагч *******ийн нүүрэн тус газарт мөргөсөн. Энэ үед шил нь хагарчих шиг болсон.” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас)

-Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: …надад хохирол гэж 3,000,000 төгрөг бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас)

-Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хууль зүйн ойлголтоор Эрүүгийн хуульд “хууль сахиулагч” гэж “...цагдаа”-г ойлгоно гэж заасан.

 

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заажээ.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн байранд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн дэд ахлагч *******ийн “драгер багаж үлээж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуул” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, улмаар нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

 

Шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ХЭН-БОР 0725/067 дугаартай дүгнэлтээр *******ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан болох нь тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.

 

Шүүгдэгч ******* нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэж эсэргүүцсэн мөн цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэж эсэргүүцэх явцдаа мөргөж, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

   Шүүгдэгч ******* нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Т. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн биед хөнгөн хохирол учирсан, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 3,000,000 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид төлсөн болох нь тогтоогдож байна.

Хохирогч нь “3,000,000 төгрөг бэлнээр авсан. Өөр нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч Т.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 3,000,000 (гурван сая) төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 3600 (гурван мянга зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ээс “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Т.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь тогтоогдож байна. 

Иймд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчийн прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Т.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 (гурван сая) төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 3600 (гурван мянга зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийн торгох ялаар тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

   Шүүгдэгчийн  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, прокурортой тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан түүнд оногдуулсан 3600 (гурван мянга зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийн торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь хуульд нийцнэ. 

 Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч ******* овогт Түмэнжаргалын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч ******* овогт Түмэнжаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 3,000,000 (гурван сая) төгрөгийн торгох ял тус тус оногдуулсугай.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 3,600 (гурван мянган зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* оногдуулсан 3,600 (гурван мянган зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийн торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 6.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

    7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.******* урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

 

            9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     М.ЭНХМАНДАХ