Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2023/00204

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд орших, *ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: * оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, Дорноговь аймаг, Сайншанд сум, * тоотод оршин суух, * овогт * /РД:*/,

Хариуцагч: * оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 31 настай, Дорноговь аймаг, Сайншанд сум, * тоотод оршин суух, * /РД:*/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,908,039.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *

Хариуцагч * итгэмжлэгдсэн төлөөлөгч,хариуцагч *

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *ХХК-нь хариуцагч *, * нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,908,039.21 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*,* нар нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр * дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан.

 

Зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж,үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 618 хоног хугацаа хэтрүүлсэн. Үндсэн зээл 5,173,281.92 төгрөг, хүү 1,585,510.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 149,247.08 төгрөг, нийт 6,908,039.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч: *,* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн 6,908,039.21 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ковид цар тахлын хугацаанд хүү тэглэх засгийн газрын захирамжийн дагуу зээлийн хүүг тэглүүлэх хүсэлтэй байгаа тул тус мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-6/, итгэмжлэл /хх-7-10,36-37/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-11/, цахим зээлийн гэрээ /хх-12-15/, УБЕГ-ын лавлагаа /хх-16-17/, зээлийн дансны хуулга /хх-18/, зээлийн хугацаа хэтэрсэн тухай мэдэгдэл /хх-19-21/ зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хариуцагчаас: Хариу тайлбар /хх-31/ шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах байдлаар эрхээ тодорхойлсон.Үүнд:

-*,* нар нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр * дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан.

 

-2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 618 хоног хугацаа хэтрүүлсэн.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Зээлдүүлэгч нь олгосон зээл бүрдээ зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө, 22.3 дахь хэсэгт Энэ хуулийн 19.11-д заасан журмын дагуу зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалах эд хөрөнгийн тодорхойлолтод зээлдэгчээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч, эсхүл түүнээс томилогдсон хөрөнгийн үнэлгээчин газар дээр нь очин, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн тухайн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Үндсэн зээл 5,173,281.92 төгрөг, хүү 1,585,510.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 149,247.08 төгрөг, нийт 6,908,039.21 төгрөгийг нэхэмжилнэ гэж,

 

Хариуцагч: Дараах байдлаар няцаасан.Үүнд:

- Ковид цар тахлын хугацаанд хүү тэглэх засгийн газрын захирамжийн дагуу зээлийн хүүг тэглүүлэх хүсэлтэй байна.

 

-2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг 16,8 хувийн хүүтэйгээр зээл авсан нь үнэн. Тухайн зээлийг авснаас хойш 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хэвийн төлж байгаад 10 дугаар сард ажлаа хүлээлгэж өгөөд 11 дүгээр сараас ковид буюу цар тахлын улмаас хөл хорио тогтоосон. Цар тахлын улмаас хөл хорио тавьсан хугацааны хүүг зогсоох буюу зарцаах тухай Засгийн газрын тогтоолын дагуу тэглэх тухай саналтай байна.

 

-2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 2,000,000 төгрөгийг үндсэн зээлээс 1,343,125 төгрөгийг хасаад үндсэн хүүгээс бусдыг нь хассан байсан. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу эхлээд нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлээс хасах байсан.

 

-Үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хасагдаагүйгээс болоод хүүгийн хүү төлөгдөж өр нь гарч ирж байна. Журмын дагуу мөнгөн дүнг хүүг хасаагүй байна гэж хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч *ХХК -аас *, * нар нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр * дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан.

 

Зээлийг гэрээний дагуу төлж байсан боловч 11 дүгээр сараас ковид-19 буюу цар тахлын улмаас хөл хорио тогтоосноос шалтгаалж гэрээний үүргээ зөрчсөн гэжээ.

 

Гэвч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх,нийгэм ,эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Монгол Улсын хуульд банкны зээлийн хүүг тэглэх талаар тусгагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дэх хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...гэж зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 6,908,039.21 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч нараас 6,908,039.21 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар *ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,687 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *, * нараас улсын тэмдэгтийн хураамжид 125,687 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч * овогт * /РД:*/, * /РД:*/-нараас 6,908,039.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *ХХК/РД:*/-нд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар *ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,687 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,хариуцагч *, * нараас улсын тэмдэгтийн хураамжид 125,687 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ