Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2023/00083/И |
Дугаар | 136/ШШ2023/00173 |
Огноо | 2023-03-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 136/ШШ2023/00173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * (*)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * /*/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Кольцооны үнэ төлбөр нийт 670,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж,
Хариуцагч *
Нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * хариуцагч *т холбогдуулан 670,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би анх 2022 оны 09 дүгээр сард цэвэр усны шугам татахаар болоод хариуцагчийн гэрийн хашаанд кольцоо байхаар нь зарах хүсэлт тавиад 7 ширхэг кольцоог авсан. Тухайн үед хариуцагчтай тохиролцоод 1,000,000 төгрөгийг шилжүүлээд кольцоогоо аваад маргааш нь трактор хөлсөлж нүхээ ухуулаад суулгахад шаардлага хангаагүй. Тэгээд хариуцагчид энэ талаар хэлэхэд эргүүлээд тавьчих гэж хэлсэн. Тухайн үед би 3 кольцоог нь хэрэглэсэн. Тэгээд 4 кольцоог буцааж тавьсан. Энэ хугацаанд мөнгөө авахаар ярьсан боловч хариуцагч би байнга мөнгөтэй байдаггүй гэж хэлсэн учраас шүүхэд хандсан. Иймд хариуцагчаас 670,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..нэхэмжлэлийн шаардлага 4 кольцооны үнэ 600,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 670,200 төгрөгийг нэхэмжилсэн. Талууд харилцан тохиролцож кольцоог авсан боловч кольцоо нь чанарын шаардлага хангаагүй учраас буцаасан. Хариуцагч тайлбартаа чанарын шаардлага хангана гэж байгаа боловч энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 670,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж *д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч * шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр намайг гэртээ байхад нэхэмжлэгч утсаар кольцоо худалдаж авах талаар санал гаргасан. Тухайн үед би өөрөө юм хийх гэж байгаа. Хэрвээ чамд шаардлагатай бол ав, өөрийг нь очиж үз гэж хэлээд зарсан. Тухайн үед боломжийн юм байна гэж хэлээд авсан. Нэхэмжлэгч тухайн үед Сайншандад кольцоо олдохгүй, үйлдвэрлэл нь зогсчихоод олдохгүй байна гэж хэлж авсан. Тэгээд 3 хоногийн дараа чамаас авсан кольцоо хагарчихлаа гэсэн. Тэгээд би тухайн үед итгэл төрөхгүй байсан учраас авсан кольцоогоо буцаагаад тавьчих тэгээд мөнгөө ав гэж хэлсэн. Тэгээд хашаанд маань 3 бүтэн кольцоо, 1 хагархай кольцоо тавьсан байсан. Тэгээд үлдсэн 3 кольцоог ашигласан байсан гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, *ы 5376133935 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5-6/, гэрэл зураг /хх-7-8/, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 136/ШШ2022/00485 дугаартай шийдвэр /хх-10-11/, хүсэлт /хх-21/,
Хариуцагчаас: Тайлбар /хх-20/,
Шүүхээс: Хүсэлт шийдвэрлэсэн, нэхэмжлэгч талын хүсэлтээр * нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-32-38, 44-45/,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-Хариуцагч *өөс 2022 оны 9-р сарын 24-ний өдөр 7 кольцоог худалдаж авахаар тохиролцон 1,000,000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлсэн. /6 ширхгийг нь нэг бүрийн үнэ 150,000 төгрөгөөр, 1 ширхгийг нь 100,000 төгрөгөөр худалдан авахаар/
-Гэтэл 4 ширхэг нь чанарын шаардлага хангахгүй, дотроо сетик төмөр байхгүй, нэг нь бутраад унасан. Шаардлага хангахгүй байна гэж хэлээд буцаагаад хашаанд нь буулгаж тавьсан. Өөрт нь утсаар хэлсэн, зурвас бичсэн.
-кольцооны үнэ 600,000 төгрөгийг эргүүлж авахаар нэхсэн ч хариу өгөөгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан.
-Хаяг болон өөр бусад зүйлийг мэдэхгүй байсан учраас шүүхээр эрэн сурвалжлуулж 70,200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн.
-Хариуцагчаас нийт 670,200 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд
-Би өөрөө хүнээс авсан. Ямар чанартай байсныг мэдэхгүй.
-Нэхэмжлэгчийг авъя гэж ярихаар нь ирж үзээд ав гэсэн. Үзээд авсан ачиж буулгахдаа яаж буулгасан юм тэрнээс болж бутарч унасан байж магадгүй, тээвэрлэлт буулгалтын буруу.
-4 кольцоог буцааж буулгасан. Нэг нь цуурсан байсан. Хүнд өгчихсөн. Дараа нь кольцоогоор нь авна гэж тохирсон. Цуурсан нэгийг нь наагаад хүнд өгчихсөн.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй,...хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын хооронд цутгамал кольцоо 7 ширхгийг худалдах-худалдан авахаар амаар тохиролцож, худалдан авагч 1,000,000 төгрөгийг худалдагчид шилжүүлсэн,
Чанарын шаардлага хангахгүйгээс болж кольцоо бутарч унасан ба худалдагчид мэдэгдэж 4 ширхэг кольцоог буцаан хүргэж өгсөн,
Худалдагчид өөр хүнд кольцоог арилжсан үйл баримт тогтоогдсон.
Кольцооны нэг бүрийн үнэ болон шилжүүлсэн мөнгөн дүн, үнийн талаар талууд маргаагүй.
Харин нь нэхэмжлэгч тал чанаргүй бараа байсан /дундаа төмөр сетик хийгээгүйгээс болсон/, хариуцагч тал ачилт буулгалтаас болж кольцоо бутарч унасан үнийг төлөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэгт дүгнэлт хийхэд 4 ширхэг кольцоо нь чанарын шаардлага хангахгүй эд хөрөнгө байсан нь тогтоогдсон,мөн хариуцагч уг кольцоог өөр хүнд арилжсан нь гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгийн доголтой холбогдуулан худалдагч,худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол,зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.
Иймд 4 ширхэг кольцооны үнэ 600,000 төгрөг, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжлуулах хүсэлт шийдвэрлүүлэхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 670,200 төгрөгийг хариуцагч *өөс гаргуулж нэхэмжлэгч *д олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 256 дугаар 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч * (*)-өөс 670,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * (*)-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,635 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *өөс 20,635 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * (*)-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ