Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/879

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал,

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.О-д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ********** (регистрийн дугаар **********), **** оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, аав, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Жаргалантын **** тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн **** оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн **** оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.

Хэргийн товч агуулга: М.О нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******-н автобусны хуучин эцсийн буудал орчимд иргэн Н.Э-ын халааснаас түрийвчийг нь хулгайлж Хаан банкны картыг нь ашиглан 2024 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд нийт 600,380 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, түүнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (хавтаст хэргийн 19-20, 55 дугаар хуудас),

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.О нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-н автобусны хуучин эцсийн буудал орчмоос хохирогч Н.Э-ын халааснаас түрийвчийг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар түрийвчинд байсан Хаан банкны картыг нь ашиглан 2024 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр нийт 600,380 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

- хохирогч Н.Э-ын бичгээр өгсөн өргөдөл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Э-ын "...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах ******-н автобусны хуучин эцсийн буудал орчимд явж байгаад зүс таних, нэг сургуульд хамт сурч байсан О ахтай тааралдаж, ойр зуурын зүйл ярьж суухаар болж ойролцоо байрлах "****" гэх ресторанд орцгоосон. Тэнд ороод 2 хоол захиалж, 200 граммаар 2 удаа архи захиалан ууцгаагаад, гарахдаа 49.800 төгрөгийн төлбөрийг би төлсөн. Тэгээд 1 давхарт байрлах хүнсний дэлгүүрээс 2.4 литрийн Сэнгүр пиво 1 ширхгийг худалдан авч О-д өгсөн. Намайг О зам дээрээс таксинд суулгасан. Маргааш өглөө сэрээд утсаа цэнэглээд асаасан чинь 2025 оны 10 дугаар сарын 15-ны оройн 20 цаг 19 минутад миний Хаан банкны ******** дугаартай данснаас 29.900 төгрөгөөр эхлээд 2025 оны 10 дугаар сарын 16-ны 09 цаг 54 минутад хүртэл нийт 603.000 төгрөгийг уншуулсан байдаг. **** рестораны 1 давхрын дэлгүүрт пиво авах үед худалдагч нь картын нууц дугаарыг асуухад би 8888 гэж хэлэхэд, О хажууд хамт сонсоод зогсож байсан. Тэгээд намайг таксинд суулгах үедээ миний түрийвчийг хулгайлан авсан гэж бодож байна... Миний танил Д гэх ах над руу утсаар ярьж О-г миний түрийвч, бичиг баримтыг хулгайлсан талаар мэдсэн. Тэгээд О-тай утсаар ярихад түрийвчийг мэдэгдэлгүй авсан, барилгын ажил хийж, цалингаа аваад мөнгийг чинь 14 хоногийг дараа өгье гэсэн. 14 хоногийн дараа залгахад утас нь холбогдохгүй байхаар нь цагдаа өргөдөл гаргаж шалгуулсан...О хулгайлан авсан 603,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

- Шүүгдэгч М.О-ын “...хуучин танил Э-тай Хайлаастын хуучин эцсийн **-р автобусны буудал дээр тааралдаж, хэсэг хууч хөөрөн Титан ресторанд орцгоосон. Тэнд хоол идэж, 100 грамм, пиво авч ууцгаагаад нэлээн юм яриад, согтчихоод салаад явцгаасан. Тэгээд би гэртээ харьж унтаад маргааш нь сэрэхэд миний өмдний халаасанд Э-ын иргэний болон жолооны үнэмлэх виза карт зэрэг хавтас байсан. Тэгээд Э-ын утасны дугаарыг мэдэхгүй, холбоогүй, тааралдахгүй байсаар 2-3 сарын хугацаа өнгөрсөн байсан. Гачууртад ажил хийж байхад Э залгаад чи миний бичиг баримтыг авч картаас мөнгө авсан байна гэхээр нь надад бичиг баримт чинь байгаа, ажлаа дуусаад хот руу орохоороо картаас чинь авч үрсэн мөнгийг чинь өгье гэж хэлээд салгасан. Тэгээд цагаан сарын үед Э-ын картаас авсан 600.000 орчим мянган төгрөгийн хохирлыг төлж барагдуулан бичиг баримтыг нь буцааж өгсөн...Би Э-ын виза картын нууц дугаарыг мэдэж байсан болохоор 600.000 төгрөг авч, 2 куртик, малгай худалдан авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

- Хаан банк дахь ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 37, 55 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч М.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд М.О нь Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********-н автобусны хуучин эцсийн буудал орчимд хохирогч Н.Э-ын халааснаас түрийвчийг нь хулгайлж, түүний эзэмшлийн Хаан банкны картаас 600,380 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Э-аас “...2025 оны 2-р сарын 14-ний өдөр хохирлоо барагдуулж авсан тул цаашид гомдол санал байхгүй тул цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй хэргийг хааж өгнө үү” гэх хүсэлт/хавтаст хэргийн 43 дугаар тал/-аар шүүгдэгч М.О-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч М.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг шүүгдэгчээс “...хүлээн зөвшөөрч маргаагүй” болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчимд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шалган тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд батлах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хэрэв шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн ************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанБусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д 300 (гурван зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн ************** тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                             ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Б.БЯМБААБААТАР