Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 269

 

 

 

 

 

                                                    

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Л.Соёмбо,

Хохирогч Д.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Л.Батаа,

Шүүгдэгч Д.Мөнхтуяа, түүний өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

   Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржхүүгийн Мөнхтуяад холбогдох эрүүгийн 201726020354 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 14-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, МИ69040900 регистрийн дугаартай, Боржигон овогт Доржхүүгийн Мөнхтуяа.

 

Шүүгдэгч Д.Мөнхтуяа нь 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвийн 5 дугаар давхарт үл ялих зүйлээр шалтаглан Д.Оюунчимэгийг хүч хэрэглэн  догшин авирлан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхтуяа мэдүүлэхдээ:

Би анх 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр 123 дугаар лангуун дээр худалдагчаар ажилд орсон. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа ирээд Туул эгчтэй уулзаад явж байхад хохирогч Оюунчимэг намайг үг хэлээр доромжилсон. Би юу яриад байгаа юм бэ гээд эргээд харахад гараа далайхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод гарыг нь барьж авсан. Хохирогч Оюунчимэгт гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлөөгүй. Шүүх хуралдаанаас өмнө хохирол төлөх гэхэд авахгүй гэсэн. Хохирлын мөнгийг бэлнээр авч ирсэн байгаа. Бусадтай таарамжгүй харьцаа үүсгэж болохгүй юм байна. Тэсвэр тэвчээртэй хандах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Оюунчимэг мэдүүлэхдээ:

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр оройтож ирээд лангуугаа цэвэрлэж байхдаа Лака гэдэг хүнээс өнөөдөр хэр байна гээд яриад байж байтал Мөнхтуяа өмнүүр гүйж байгаад буцаж ирээд чи хэнийг хэлээд байна, намайг хэлээд байна уу гэсэн. Чамайг хэлсэн ч яадаг юм бэ гэхэд намайг үсдээд авсан. Намайг цохино гэж бодоогүй. Би гомдолтой учраас хохиролын мөнгө авахгүй. Баримтаар нотлогдсон хохирол нь л энэ. Баримтгүй маш их хохирол байгаа. Тийм учраас энэ хохирлыг нэхэмжлэхгүй, нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Оюунчимэгийн өгсөн:

“... Мөнхтуяа ... миний толгойн зүүн тал руу нэг удаа цохиод, баруун гуя руу нэг удаа өшиглөөд, үсдээд зулгаагаад нүүр рүү өвдгөлж өшиглөж зодсон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

                       

           Мөрдөн байцаалтад гэрч Б.Цогтгэрэлийн өгсөн:

           “... Би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ээжийнхээ лангуун дээр зогсож байтал Мөнхтуяа гэх эгч Оюунчимэг гэх эгчтэй барилцаад Мөнхтуяа эгч үсдсэн. Мөн Оюунчимэг гэх эмэгтэй үсдсэн байсан. Тэгэхээр нь Пүүжээ эгч эхлээд байцаагч дуудахаар явахаар нь би тэр хоёр дээр очоод салгасан ... Мөнхтуяа эгчийн гарын хумс нь тал хүртлээ хугарсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч М.Пүрэвцэцэг мэдүүлэхдээ:

           “... Оюунчимэг гэх эмэгтэй Мөнхцэцэгт хандаад дэлбэрсэн авгайгаасаа юм аа авчихаад явж байна уу гэж хэлсэн байсан. Тэгээд тухайн 2 хүний хооронд маргаан болсон байсан ... нэг нэгнийгээ бариад авсан байсан ... Мөнхтуяагийн нэрийг Мөнхцэцэг гэж андуурсан байна ...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч С.Цагааны өгсөн:

           “... Би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эхнэрийнхээ лангуун дээр очоод байж байгаад ариун цэврийн өрөө ороод гараад иртэл зодоон болоод байна гэж хэлсэн ба очоод үзтэл Мөнхтуяа Оюунчимэг гэх эмэгтэйтэй зодолдсон гэж байсан. Тэгтэл Мөнхтуяагийн хүзүү улайсан, хумс нь хугарсан байдалтай байсан. Оюунчимэгийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл харагдаагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч Б.Сундуйгийн өгсөн:

           “... 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ... Мөнхтуяа үсдээд Оюунчимэг бас зууралцаад авсан. Тухайн 2 эмэгтэй ихэвчлэн миний лангуу руу чи юм цацаад байна, миний наймаа муудлаа гэх мэтээр мухар сүсгээр итгэн сүүлдээ маргаан болсон. ... Намайг харахад хоорондоо зууралцаад чи тавь чи тавь гээд байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч М.Нэргүйгийн өгсөн:

           “... Би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ариун цэврийн өрөө орох гэж байхад Мөнхтуяа Оюунчимэг нар хоорондоо хэрэлдэж байсан. Намайг очиход зодоон болоогүй байсан. Тэр 2 хүүхэнд хандаад та 2 болио олон хүний дэргэд хамт ажилладаг байж хэрүүлээр яах юм бэ гэж хэлсэн. Гэтэл Оюунчимэг гэх хүүхэн Ховдын хар хүүхэн муу пизданууд гээд хувцас өлгөдөг гар бариад цохих гээд байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

 

   Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1768 дугаартай:

              1. Д.Оюунчимэгийн биед тархи доргилт, дух, баруун хацар, баруун гуянд цус хуралт, баруун завьжинд язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

              3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

              4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 51-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2985 дугаартай:

              1. Д.Мөнхтуяагийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Эмнэлгийн бичиг баримтанд тархи доргилт, хүзүү болон сарвууны 1 дүгээр хуруу зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний холбоосын суналт, зөөлөн эдийн няцрал гэсэн онош тавигдсан байх ба үүгээр гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

 

         - Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-н 11-20-р хуудас/

           - Хохирлын баримт /хх-н 21-23-р хуудас/

           - Хураан авах тогтоол /хх-н 24-р хуудас/

           - Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 25-р хуудас/

           - Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 26-р хуудас/

 

шүүгдэгч Д.Мөнхтуяагийн хувийн байдалтай холбоотой:

              - Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 72-73-р хуудас/,

              -  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67-р хуудас/,

              - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70-р хуудас/,

   - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

           Шүүгдэгч Д.Мөнхтуяа нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвийн 5 дугаар давхарт үл ялих зүйлээр шалтаглан Д.Оюунчимэгийг хүч хэрэглэн зодож, бие махбодид нь тархи доргилт, дух, баруун хацар, баруун гуянд цус хуралт, баруун завьжинд язарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан болох нь:

           шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхтуяагийн өгсөн “...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа ирээд Туул эгчтэй уулзаад явж байхад хохирогч Оюунчимэг намайг үг хэлээр доромжилсон. Би юу яриад байгаа юм бэ гээд эргээд харахад гараа далайхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод гарыг нь барьж авсан. Хохирогч Оюунчимэгт гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна ...” гэх,

  хохирогч Д.Оюунчимэгийн өгсөн “... 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр оройтож ирээд лангуугаа цэвэрлэж байхдаа Лака гэдэг хүнээс өнөөдөр хэр байна гээд яриад байж байтал Мөнхтуяа өмнүүр гүйж байгаад буцаж ирээд чи хэнийг хэлээд байна, намайг хэлээд байна уу гэсэн. Чамайг хэлсэн ч яадаг юм бэ гэхэд намайг үсдээд авсан. Намайг цохино гэж бодоогүй. Би гомдолтой учраас хохиролын мөнгө авахгүй. Баримтаар нотлогдсон хохирол нь л энэ. Баримтгүй маш их хохирол байгаа. Тийм учраас энэ хохирлыг нэхэмжлэхгүй, нэхэмжлэлээсээ татгалзаж байна ...” гэх,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Д.Оюунчимэгийн “...Мөнхтуяа ... миний толгойн зүүн тал руу нэ удаа цохиод, баруун гуя руу нэг удаа өшиглөөд, үсдээд зулгаагаад нүүр рүү өвдгөлж өшиглөж зодсон ...” гэх,

           гэрч Б.Цогтгэрэлийн өгсөн “... Би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ээжийнхээ лангуун дээр зогсож байтал Мөнхтуяа гэх эгч Оюунчимэг гэх эгчтэй барилцаад Мөнхтуяа эгч үсдсэн. Мөн Оюунчимэг гэх эмэгтэй үсдсэн байсан. Тэгэхээр нь Пүүжээ эгч эхлээд байцаагч дуудахаар явахаар нь би тэр хоёр дээр очоод салгасан ... Мөнхтуяа эгчийн гарын хумс нь тал хүртлээ хугарсан байсан ...” гэх гэрч М.Пүрэвцэцэгийн өгсөн “... Оюунчимэг гэх эмэгтэй Мөнхцэцэгт хандаад дэлбэрсэн авгайгаасаа юм аа авчихаад явж байна уу гэж хэлсэн байсан. Тэгээд тухайн 2 хүний хооронд маргаан болсон байсан ... нэг нэгнийгээ бариад авсан байсан ... Мөнхтуяагийн нэрийг Мөнхцэцэг гэж андуурсан байна ...” гэх,

           гэрч С.Цагааны өгсөн “... Би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эхнэрийнхээ лангуун дээр очоод байж байгаад ариун цэврийн өрөө ороод гараад иртэл зодоон болоод байна гэж хэлсэн ба очоод үзтэл Мөнхтуяа Оюунчимэг гэх эмэгтэйтэй зодолдсон гэж байсан. Тэгтэл Мөнхтуяагийн хүзүү улайсан, хумс нь хугарсан байдалтай байсан. Оюунчимэгийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл харагдаагүй ...” гэх,            гэрч Б.Сундуйгийн өгсөн  “... 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ... Мөнхтуяа үсдээд Оюунчимэг бас зууралцаад авсан. Тухайн 2 эмэгтэй ихэвчлэн миний лангуу руу чи юм цацаад байна, миний наймаа муудлаа гэх мэтээр мухар сүсгээр итгэн сүүлдээ маргаан болсон. ... Намайг харахад хоорондоо зууралцаад чи тавь чи тавь гээд байсан ...” гэх,

           гэрч М.Нэргүйгийн өгсөн “... Би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ариун цэврийн өрөө орох гэж байхад Мөнхтуяа Оюунчимэг нар хоорондоо хэрэлдэж байсан ...” гэх мэдүүлгүүд,

           Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1768 дугаар дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2985 дугаар дүгнэлт, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн си-ди бичлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мөнхтуяад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Мөнхтуяаг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Оюунчимэг нь өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт “...баримтаар нотлогдсон хохирол нь л энэ. Баримтгүй маш их хохирол байгаа. Тийм учраас энэ хохирлыг нэхэмжлэхгүй, нэхэмжлэлээсээ татгалзаж байна ...” гэх ба хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтын үнийн дүн болох 507,000 төгрөгийг төлөхийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хохирогч Д.Оюунчимэгт өгснийг тэрээр хүлээн аваагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийн тооцоог гаргах бололцоогүй гэж шүүх үзлээ.

 

Иймд хохирогч Д.Оюунчимэг нь өөрт учирсан хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Мөнхтуяад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.  

 

Шүүгдэгч Д.Мөнхтуяагийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

Тус хэрэг маргаан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр болсон байхад яллах дүгнэлтэд 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэж буруу бичсэнийг  улсын яллагчийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэж зөвтгөсөн болохыг тэмдэглэв.     

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Си-ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Доржхүүгийн Мөнхтуяаг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхтуяаг 3 (гурав) жил 1 (нэг) сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхтуяад оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Мөнхтуяа нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Д.Оюунчимэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн “1 ширхэг си-ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхтуяад оногдуулсан 3 (гурав) жил 1 (нэг) сар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Мөнхтуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Мөнхтуяад авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ