Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/12

 

Э.Ад

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн

Яллагдагч Э.А

 Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/84 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч аймгийн прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцлээр Э.Ад холбогдох эрүүгийн 2114000000007 дугаар хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Э.А, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, нүдний өвчний улмаас группт байдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Э.А нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 7 дугаар багийн нутагт 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Быг зодож тархи доргилт, зүүн чамархайд шарх, чихэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүхээс Прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлөх хуульзүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар хуульчилсан бөгөөд энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д “Энэ хуулийн /Эрүүгийн хуулийн гэж ойлгох / тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл уг хуулийн үзэл баримтлал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид “гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулахаар” бол хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнийг уг хорих ялаас чөлөөлөхөөр хуульчилсан байна гэж ойлговол зохино.

Гэтэл шүүгдэгч Э.Аийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу энэ зүйл хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан бөгөөд уг зүйл хэсэгт хорих ял оногдуулахаар хуульчлаагүй зүйл хэсгийг ялаас чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд ингэж ялаас чөлөөлөх санал гаргаж байгаа нь хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн хорих ял оногдуулахаар заагаагүй зүйл хэсэгт холбогдсон хүнийг ялаас чөлөөлөхөөр санал гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Ад холбогдох хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Аймгийн прокурор Н.Амарсанаа 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар эсэргүүцэлдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/84 дугаартай захирамжийг эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүгч зөвхөн “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, “хорих” ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар хуульчилсан” гэж тайлбарлаж байгаа нь хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь хуулийн уг зүйл хэсгийг тайлбарлахад Эрүүгийн хуулийг анх батлахад ямар байдлаар хуульчлагдсан байсан, нэмэлт өөрчлөлт орсны дараа яаж өөрчлөгдсөнөөс хууль тогтоогчийн үзэл баримтлалыг шууд дүгнэж болохоор байна.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулинд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон ба уг нэмэлт өөрчлөлт орохоос өмнө буюу хууль хэрэгжиж эхлэх үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн гарчиг нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх. албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн гарчигтай байсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн гарчиг нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх. албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж өөрчлөгдсөн.

Хуулийн дээрх нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-с 1.5 дахь заалтад заасан хэргүүдэд зөвхөн хорих ялыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргүүдэд бүх төрлийн ялаас чөлөөлөх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хорих ялтай эрүүгийн хэрэгт тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн байдлаар хуульчлагдсан болно.

Өөрөөр хэлбэл нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн гарчиг нь ялын төрөл дотроо хамгийн хүнд ял болох хорих ялыг чөлөөлж байгаа боловч бусад хөнгөн төрлийн ялыг чөлөөлөхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчимд нийцэхгүй талаар хууль хэрэглээний маргаан үүсч, хуулийн дээрх зүйл хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж хуулийг боловсронгуй болгож, улмаар ялаас чөлөөлөх гэдэг ойлголтын өмнөх “хорих” гэдэг үгийг хассан билээ. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ялаас чөлөөлөх гэдэг ухагдахууныг зөвхөн “хорих ялтай хэрэг дээр хэрэглэнэ” гэж ойлгох нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан.

Энэхүү зүйл, хэсгийн хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг гэдэгт хорих ялын дээд хэмжээг тогтоож өгсөнөөс бус бусад ялын төрлийг хамаарахгүй гэж шүүхээс тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн үндсэн ял, эрх хасах нэмэгдэл ял оногдуулахаар хуульчилсан. Эдгээрээс ялын төрлийн хувьд хамгийн хүнд ял нь хорих ял юм. Гэтэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг ашиглаж хорих ялаас чөлөөлчихөөд бусад төрлийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд уг зүйл хэсэг хамаарахгүй гэж байгаа нь өөрөө шударга ёсны зарчим, тэгш эрхийн зарчмыг зөрчиж хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Ямар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх вэ гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж хуульчилсан.

Уг зүйл хэсэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой хэргүүдийг зөвхөн хорих ялын хэмжээг тусгаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой эсэхийг тодорхойлсон нь “зөвхөн хорих ялтай хэргийг л хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэсэн утгыг илэрхийлэхгүй бөгөөд хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар зааснаас бусад бүх гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж ойлгоно.

Яг үүний нэгэн адил Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, туунээс бага хугаиаагаар тогтоосон гэмт хэрэг” гэдэгт хорих ял оногдуулахаар заагаагүй бусад хөнгөн хэргүүд хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдпыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь зорчих эрхийг хязгаарлах ялтай зүйл анги юм. Хуулийн дээрх зүйл, хэсгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан ялаас чөлөөлөх хууль зүйн боломж байна. Өөрөөр хэлбэл 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөвхөн хорих ялын тухайд ойлгож хэрэглэхгүй гэсэн 1 үндэслэл нь энэхүү зүйл хэсэг болно.

Тус прокурорын газраас зорчих эрхийг хязгаарлах ялтай хэрэг дээр 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримталж эрүүгийн хариуцлагын санал гаргасан нь хуулийн үзэл баримтлалд нийцсэн гэж үзнэ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:

2.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-тай холбоотой зохицуулалтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль анх хэрэгжиж эхлэх үед ямар байсан, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орсны дараа яаж өөрчлөгдсөнөөс хууль тогтоогчийн үзэл баримтлалыг шууд дүгнэж болохоор байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлэх үед тус хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүсэлтээр хялбарших, хуульд зааснаар хялбарших гэсэн 2 өөр байдлаар зохицуулагдаж байсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь хуульд зааснаар хялбарших буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд хамаарч байв.

Харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийг бүхэлд нь хүчингүй болгосон ба одоо хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх бүхий л ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлтээр шийдвэрлэгдэж байгаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульчлагдсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбоотой мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн шатны бүх тусгай журмууд энэ бүлэгт хуульчлагджээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргах эрхийг яллагдагчид олгосон бөгөөд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахад түүнийг яллагдагчаар татсан зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад хамаарч байгаа болох, түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялыг хэрхэн хуульд заасан хэмжээнээс хөнгөрүүлэх, чөлөөлөх, тэнсэх боломжтой болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэгт хяналт тавихдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж хэрэв дээрх нөхцөл байдал хангагдаж байгаа тохиолдолд хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадпагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.

Шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдпыг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас нэгтгэн дүгнэхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гол хөшүүрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх явдал юм. Яллагдагч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах, прокурор хүсэлтийг хянаж шийдвэрлэх, шүүх хэргийг хянан шийдвэрлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрхэн хэрэглэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмыг шүүхээс хамтад нь холбож дүгнээгүй явдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүхийн үзэл баримтлалаар хорих ялгүй хөнгөн хэргүүдийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, ердийн журмаар шийдвэрлэх нь ял шийтгэлийн тухайд ямар ч ялгаагүй нөхцөл байдпыг бүрдүүлэхээр байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/84 дугаартай захирамж нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт бүх төрлийн ялтай хүнд хэрэглэх зохицуулалт тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Өмгөөлөгч Г.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан ялаас чөлөөлөх хэрэгт хамаарах тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцлийн үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад:

Э.А нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 7 дугаар багийн нутагт 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Быг зодож тархи доргилт, зүүн чамархайд шарх, чихэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалт нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан ерөнхий заалт бөгөөд уг заалтад заасан болзол шаардлагыг хангасан этгээдэд тус зүйлийн 1.1-1.5 дахь хэсгийн оногдуулсан ялыг багасгах, ялаас чөлөөлөх, тэнсэх зэрэг зохицуулалтын аль тохирохыг сонгон хэрэглэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан агуулгаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл хорих ялтай болон торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг бусад хөнгөн ялтай гэмт хэргүүдэд ч ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор хууль тогтоогч тогтоожээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд 1.1-д хорих ялын дээд хязгаар нь 3 жил гэж тогтоон өгч, доод хязгаарыг тогтоогоогүй тул хорихоос бусад төрлийн ялыг хэрэглэх боломжтой.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/84 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3 -т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/84 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар яллагдагч Э.Ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хугацаагаар үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

    ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Б.БОЛОР-ЭРДЭНЭ