Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/929

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Д.Э,

хохирогч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *************** (регистрийн дугаар **********) **** оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ******* тоотод оршин суудаг(Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Хэргийн товч агуулга: Д.Э нь 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчиний ** дүгээр гудамжинд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Х.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: 

- Улсын яллагчаас “2025 оны 10-р сарын 10-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (хавтаст хэргийн 3, 11-12, 25, 35-42, 52, 73-74 дүгээр хуудас)”

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Э нь 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчиний ** дүгээр гудамжинд орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Х.Д-ийн эрүүл мэндэд баруун сарвууны 1-р хурууны үзүүрийн шивнүүр ясны хугарал, баруун сарвууны эрхий хуруунд шарх, эрхий хурууны хумс хууларсан шарх, зүүн гуя, баруун өвдөгт шарх, цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

- Цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын дуудлагын 102 дугаарын утсанд ****** дугаарын утсаар 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 09 минутад ирүүлсэн “...нохойнд хазуулчихлаа..." гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Д-ийн "...2025 оны 07-р сарын 26-ны өдрийн 12 цагийн үед өөрийн гэр Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Хилчиний **-р гудамж ** тоотоос худаг руу ус авахаар усны тэрэг түрээд Хилчиний ** дугаар гудамжаар явж байсан чинь тус гудамжны **а тоотын хашааны машин ордог хаалга онгорхой тэндээс хар өнгөтэй дунд зэргийн биетэй хүзүүнээс нь уяа бололтой зүйл унжсан нохой гарч ирээд миний зүүн хөлийн гуяны арын хэсгээс хазаад авахаар нь баруун гараараа түлхсэн чинь миний гараас зуугаад тавихгүй байхаар нь нохойгоо аваарай гэж орилсон чинь тэр хашаанд байдаг айлын хамаатны хүн гээд 30 орчим насны эрэгтэй тэр нохойг салгаад аваад явсан. Тэгээд би цаашаа яваад худаг дээр очоод цагдаа түргэн тусламж дуудсан... манай хажуу талын айлын нохой эзнийг Э гэдэг юм. Тэр өдөр миний гараас цус гараад Э нь гэртээ оруулаад угаасан. Надтай хамт эмнэлэг яваад эмчилгээ эм тариа авч өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “...Х.Д-ийн биед баруун сарвууны 1-р хурууны үзүүрийн шивнүүр ясны хугарал, баруун сарвууны эрхий хуруунд шарх, эрхий хурууны хумс хууларсан шарх, зүүн гуя, баруун өвдөгт шарх, цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

- Гэрч Н.Б-ийн “...тухайн өдөр Э эгчийнд ирээд хашаанд нь Т гэх залуутай мод зөөгөөд байж байтал хар халтар нохой уяанаас алдуураад хашаанаас гараад явсан. Тэгсэн нэг эмэгтэй хүн орилоод эхэлсэн. Т бид хоёр гүйгээд хашааны гадаа гарсан чинь хажуу хашааны Д гэх эмэгтэйг нөгөө нохой баруун хөлийн араас нь хазаад цус гарсан байхаар нь би нохойг хөөсөн чинь буцаад Д руу дайрсан чинь гараараа хаагаад гараасаа хазуулчих шиг болсон. Тэгээд Т-тэй нийлээд нохойг холдуулсан. Э эгч гарч ирээд эмнэлэг дуудаад Д-г аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч Д.Э өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт зохих хамгаалалтгүй орхисон нөхцөлд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах аюултай гэрийн тэжээвэр амьтан хамаарагдах ба орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй орхисон эс үйлдэхүйн улмаас хүнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан, хүнд халдаж эрүүл мэнд, амь насыг хохироох аюултай амьтан гэдгийг мэдсээр байж зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйдээ санаатай, үүний улмаас бий болсон хохирлыг хүсээгүй буюу болгоомжгүйн гэм буруугийн холимог хэлбэр бүхий субьектив шинжтэй байдгаараа онцлог юм.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Д.Э нь орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Х.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

1.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлсон. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос “...Д.Э нь эмчилгээний зардалд 809.000 төгрөгийг барагдуулсан” гэх хүсэлт(хавтаст хэргийн 73 дугаар тал), Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ зардалд 326.000 төгрөг гарсан болох Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын лавлагаа(хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас) авагдсан бөгөөд шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хэдий боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Д “...цаашид хохирлоо нэхэмжлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлгийг өгсөн тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь Эрүүгийн хуулийн зорилгыг хангана гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах” дүгнэлтийг шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч, маргаж мэтгэлцээгүй” оролцсон болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал/урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тодорхой оршин суух хаягийн бүртгэлтэй, тэтгэвэрт, дансны хуулга авагдсан/-д тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчимд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шалган тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд батлах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд сануулж, шүүгдэгч Д.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *************-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Эрүүгийн *********** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч Х.Д нь цаашид хор уршгийн зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Б.БЯМБААБААТАР