Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2023/00197

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2023/00197

Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,тус шүүхийн Б1 танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг, Монгол Ардын Намын хорооны байранд оршин байрлах, * ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: * оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, *тоотод оршин суух, * /РД:*/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,685,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3,446,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч * ХХК-ны захирал *,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Шинэбаяр,

Хариуцагч *,

Өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * ХХК нь *д холбогдуулан гэрээний үүргээ гүйцэтгэлд 2,585,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч * нь * ХХК-ны захирал *ад холбогдуулан илүү төлсөн 3,446,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*д өөрийн ломбардаас * оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,745,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлүүлсэн. Уг төлбөрөөс төлсөн дүнг хасаад * оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 1,181,400 төгрөгийн үлдэгдэлтэй, * оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,600,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Уг төлбөрөөс төлсөн дүнг хасаад * оны 11 дүгээр сарын байдлаар 1,503,600 төгрөгийн үлдэгдэлтэй байна. * анх мөнгө зээлэхдээ хүүхдийн халамжийн мөнгийг барьцаалан зээл авсан боловч интернэт банкаар дамжуулан мөнгөө авчихаад зээлээ төлөхгүй байсан. *гээс 2,685,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *хариу талбартаа: Хоёр удаа зээл авсан нь үнэн, хүүхдийн мөнгөний дэвтэр, хүүхдийн халамжийн мөнгөний дэвтэр, миний виза карт, бүгдийг барьцаанд авсан.

 

Миний виза картаар бүх мөнгийг авдаг би харин ч илүү мөнгө төлсөн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: * оны 12 дугаар сараас 17-ны өдрөөс хойш зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа боловч хариуцагч хамгийн анх *аас * оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс зээлсэн 1,626,000 төгрөгөөс хойших тооцоо гэж яриад байгаа. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон тайлбар нь ингэж яваад байгаа учраас үүнтэй холбогдуулан тайлбар хэлье. Энэ хугацаанаас хойш хоёр зээлийн гэрээний дагуу *аас хариуцагчид бэлнээр зээлсэн мөнгө нь буюу эхний зээлийн гэрээний дагуу 5,576,000 төгрөг, сүүлийн зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгө нь 2,350,000 төгрөг, нийт 7,926,000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Анх зээл аваад сар бүр төлөлт хийгээд нэмж зээл аваад явдаг байсан. Түүнээс дээрх хоёр зээлийг тэглээд үүний үлдэгдэл мөнгө гэж үзэх боломжгүй. Бидний хувьд тооцоон дээр санал нийлж чадаагүй боловч хариуцагч манай өрөөнд орж бодохдоо хоёр зээлийн гэрээний дагуу бэлнээр дээрх үнийн дүнг зээлсэн гэдэг талаар тодорхой хэмжээнд тооцоо хийж байсан. Хариуцагчийн зээлсэн мөнгө нь 7,926,000 төгрөг, үүнээс төлөгдөөд тухайн үед хүү нь 10 хувь боловч сар бүр хүүд 120,000-130,000 төгрөгийг өгсөн зүйл байхгүй. Тухайн үедээ хариуцагч сар бүр нэмж зээл аваад явдаг байсан учраас хүү нь өөрчлөгдөөд явж байсан. Ингээд үндсэн зээл нь төлөгдөөд явж байгаад * оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд хоёр зээлийн үлдэгдэл 2,685,000 төгрөг болж байгаа. Үүнд бол хүү бодогдоогүй. Манайхаас * оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хоёр зээлийн мөнгөн дүнг нэхэмжилж байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид виза карт өгч, дансыг хуримтлалын үйлчилгээнд оруулсан боловч тухайн гарч байсан мөнгө нь нэхэмжлэгчийн данс руу орж байсан зүйл байхгүй. Хариуцагч банкны хуулганд тамга дарж байсан гэж байгаа боловч тухайн мөнгийг *ыг авсан гэх нотолсон зүйл байхгүй. Тухайн хуримтлалын мөнгө хариуцагчийн данснаас нэхэмжлэгчийн данс руу орсон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн авч байсан мөнгийг Номын дэлгүүрийн АТМ-аас авч байсан талаар хүлээн зөвшөөрсөн. Хариуцагчийн хувьд интернэт банктай байсан талаар дурдаж байна. Зээл төлж байх хугацаанд * оны 01 дүгээр сард 400,000 төгрөгийг авч байсан гэж хэлсэн. Тэгэхээр хариуцагчийн өөрийнх нь авсан мөнгөнөөс санахгүй байгаа мөнгө байгаа гэж бодож байна. Хариуцагчийн хувьд дээрх байдлаар өөрөө шууд гүйлгээ хийгээд авах боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

 

Хариуцагч * * ХХК-ны захиралд *ад холбогдуулан зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 3,446,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Би Энхбатын ломбардаас хоёр удаа зээл авсан. Ингэхдээ хүүхдийн халамжийн мөнгөний дэвтэр виза карт зэргээ барьцаалсан. Энэ хүн миний дансыг өөрийн дансанд холбуулж мөн виза картаар бүх мөнгийг авч байсан. Одоо илүү төлсөн 3,446,500 төгрөгөө гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч хариу тайлбартаа: *нь төлөөд нэмж аваад төлөөд нэмж аваад байсан. * оны 07 дугаар 21-ний өдөр 1,626,000 төгрөг, 08 дугаар сарын 22-ны өдөр 300,000 төрөг, * оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 10 дугаар сарын 23-ны өдөр 400,000 төгрөг, 12 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөг, * оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 05 дугаар сарын 21-ний 400,000 төгрөг, 06 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 06 дугаар сарын 21-ний өдөр 800,000 төгрөг, 07 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 08 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөгийг өгсөн.

 

Мөн * оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,600,000 төгрөг, 05 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөг, 09 дүгээр сарын 21-ний өдөр 650,000 төгрөг, нэхэмжлэгч өмнөх гэрээнд өгсөн үнийн дүнг дутуу хэлсэн байна. * оны 12 дугаар сарын 02-ны өдөр 250,000 төгрөг, * оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 100,000 төгрөг хариуцагчид өгсөн мөнгөн дүнд нэмэгдэнэ ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч * тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хангалттай хэмжээний нотлох баримтыг гаргаж чадахгүй байна. Одоо тайлбартаа 10 удаагийн зээлийг зээлүүлсэн гэж байна. Хэрэгт хоёр удаагийн зээлийн гэрээг өгсөн байдаг. Бусад зээлд гэрээ байхгүй. Уг нь журмын дагуу буюу стандартаар бол зээлд их, бага нь хамаагүй зээлийн гэрээ хийгдэх байсан. Нэхэмжлэгчийн хувьд хэдэн төгрөг яаж авсан, өгсөн талаар хариуцагчийг дуудаж ирээд танилцуулж гарыг үсэг зуруулж баталгаажуулсан бол өнөөдөр ийм маргаан гарахгүй байсан. Хоёрдугаарт барьцаалан зээлүүлэх үйлчилгээг явуулахдаа MNS 5274: 2017 барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, нийтлэг шаардлагыг огт хангаагүй. Зээлийн хоёр гэрээний төлөлтөд 2,685,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч тухайн шаардлагаас халиад * оны 04 дүгээр сарын зээл болон дундуур авсан мөнгийг нэмээд 3,000,000 орчим төгрөг болгосон. Би 2,685,000 төгрөгийн шаардлагын хэмжээнд тайлбар, нотлох баримтаа гаргах ёстой байсан гэж үзэж байна. Гуравдугаарт зээлийн гэрээнд хугацаа тавигдаагүй учраас хүүг тооцож олгох боломжгүй гэж үзэж байна. Дөрөвдүгээрт Коронавирус халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэснийг зөрчсөн учраас энэ зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл /хх-3/, итгэмжлэл /хх-4/, хуримтлалын үйлчилгээний гэрээ /хх-5/, барьцаат зээлийн гэрээ /хх-6-7/, тайлбар /хх-33-35/, барьцаат зээлийн гэрээ тооцоо /хх-36/, барьцаат зээлийн гэрээ /хх-38-39/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-41/, лавлагаа /хх-48/ зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас: Тайлбар /хх-16/, банкны дансны хуулга /хх-17-23/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-26-27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/, Монгол улсын хууль, Монгол улсын стандарт /хх-51-55/ зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн.

Шүүхээс: Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр нэхэмжлэгч солих ажиллагаа хийсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-* оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,745,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлүүлсэн,

-* оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1,600,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлүүлсэн,

-* нь өгөөд нэмж аваад,өгөөд нэмж аваад байсан болохоор эхний зээлийн үлдэгдэл 1,181,400 төгрөг,2 дахь зээлийн үлдэгдэл 1,503,600 нийт 2,685,000 төгрөг нэхэмжилж байна.

-* нь халамжийн дэвтэр барьцаанд тавьсан боловч интернэт банкаар мөнгө авч хэрэглээд зээлээ төлөхгүй байсан тул виза картыг нь барьцаалж авч АТМ машинаас мөнгө авч байсан.

-Сүүлд нөхөр ах хоёрынхоо нэрээр мөнгө зээлсэн бас өгөөгүй гэжээ.

-Хугацааг бол нэг жилээр тохирсон.

-Коронавирус /ковид-19/ цар тахалын үеэр зээлийг хүүг багасгасан талаар бол би мэдээгүй.

-Нотариатч дэвтэр барьцаалж болно гэсэн болохоор дэвтэр барьцаалсан гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

-Хоёр удаа зээл авсан нь үнэн.

-Надад өгсөн гэж хэлээд байгаа зарим мөнгийг би аваагүй.

-Хүүхдийн мөнгөний дэвтэр халамжийн дэвтэр виза картаа барьцаалсан.

-Виза картаар бүх орлогыг энэ хүн авч байсан.

-Банкны хуулган дээр улаанаар дарагдсан тамгатай хэсгүүдийн гүйлгээг Энхбат авч байсан. Тэр хэсгийг нь ялгаж надад дарж өгсөн.

-Би харин ч илүү мөнгө төлсөн болохоор зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

-Энхбатаас хүүхдийн мөнгөний дэвтрээ барьцаалаад зээл авсан.

-Энхбат миний дансыг өөрийн данстай холбуулаад мөнгө авч байсан.

-Виза картыг авсан виза картад сар бүр одонтой ээжийн мөнгө, цалинтай ээжийн мөнгө 45,000 төгрөг хүүхдийн мөнгө 400,000 төгрөг, өрх толгойлсон эмэгтэй 420,000 төгрөг улиралд нэг удаа, халамжийн мөнгө 411,000 төгрөг нийт 1,231,000 төгрөг ордог. Би * оны 07 дугаар сараас хойш энэ хүнд картаа өгсөн.

-Нийт 7 сая гаруй төгрөг төлснөөс нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг хасаад илүү төлсөн 3,446,500 төгрөгийг нэхэмжилнэ гэж,

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

-Хоёр удаа зээл авсан. Тэгээд хэдэн төгрөг төлчихөөд эргүүлээд мөнгө зээлээд байсан.

-* оны 07 дугаар 21-ний өдөр 1,626,000 төгрөг, 08 дугаар сарын 22-ны өдөр 300,000 төрөг, * оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр 400,000 төгрөг, 10 дугаар сарын 23-ны өдөр 400,000 төгрөг, 12 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөг, * оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг, 05 дугаар сарын 21-ний 400,000 төгрөг, 06 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 06 дугаар сарын 21-ний өдөр 800,000 төгрөг, 07 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 08 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөгийг өгсөн. Иймээс зээлийн үлдэгдэл надад 2,685,000 төгрөг төлөх ёстой тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

* ХХК-ны захирал *аас барьцаалдан зээлдэх газраас * нь * оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,745,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн * оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1,600,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус зээлсэн байна.

Энэ талаар талууд маргаагүй. Хариуцагч * халамжийн дэвтэр виза картыг барьцаанд тавьсан,нэхэмжлэгч барьцаанд бичиг баримт барьцаалсан гэжээ.

 

Нэхэмжлэгч Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг явуулахдаа Монгол Улсын Стандарт Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, нийтлэг шаардлага MNS 5274: 2017 -г дагаж мөрдөөгүй,

Коронавирус халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэснийг зөрчсөн байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан байхад эрх олгогдсон баримт бичиг буюу халамжийн дэвтэр , виза карт гэх мэтчилэн хуульд заагаагүй зүйлийг барьцаалсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан Хууль зөрчсөн гэрээ гэж үзэн уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл-д тооцож,

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлнө гэсэн заалтыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зээлийн гэрээнд хугацаа заагаагүйгээс хүү тооцох боломжгүй болсон. Тооцооны баталгаатай хуудас байхгүйгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадахгүй,тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэгч талын үүргээ биелүүлээгүй байна.

 

Талуудын тайлбар хариуцагч талын нотлох баримтыг үнэлж *нь зээлсэн 3,345,000 төгрөгийг төлсөн байх ба илүү 3,446,000 төгрөгийг төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч *гээс нэхэмжилсэн 2,685,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 3,446,500 төгрөгийг нэхэмжлэгч * ХХК-ийн захирал *аас гаргуулж хариуцагч *д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 , 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 57,910 төгрөг төлснийг, хариуцагчаас 70,094 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж нэхэмжлэгч * ХХК-ийн захирал *аас 70,094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *гээс нэхэмжилсэн * ХХК-ийн захирал *ын 2,685,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,нэхэмжлэгч * ХХК-ийн захирал *аас 3,446,500 төгрөг гаргуулж хариуцагч *д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 57,910 төгрөг төлснийг, хариуцагчаас 70,094 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж нэхэмжлэгч * ХХК-ийн захирал *аас 70,094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ