Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 134/ШШ2023/00120

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 134/ШШ2023/00120

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:

Хариуцагч: С.А

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О, түүний өмгөөлөгч Л.Б /цахимаар/

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Э

 

/Хариуцагч С.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч С.А-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: БНХАУ-ын иргэн S нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр С.А-ийн хамаатан гэх М.А-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах А уурхай-д очиж жоншийг үзэж, дээж авч шинжлүүлэхэд 60 хувийн агууламжтай жонш гарч байсан. Тиймээс 10 вагон буюу 700 тонн жоншны шороо худалдан авах хэлцэл хийж, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 11:27 цагт 3,000,000 төгрөг, 11:30 цагт 1,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 12:16 цагт 20,000,000 төгрөг, 12:17 цагт 10,000,000 төгрөг нийт 34,000,000 төгрөгийг хэлцлийн дагуу С.А-ийн 5990377427 дугаарын дансанд шилжүүлсэн. Харин бидний хэлцлийн дагуу ачигдаж ирсэн жоншийг Г аймагт шинжлүүлэхэд 34 хувийн агууламжтай гарснаас үүдэн жоншийг авахаас татгалзсан байдаг. Намайг татгалзангуут уг шороог С.А Б гэдэг хүнд зарсан. С.А уг шороог миний мэдлийн шороо мэтээр ойлгуулж, худалдах худалдан авах хэлцэл хийсэн. Зөвшөөрөлтэй эсэхийг нь мэдэхгүй. Энэ хэлцэл хууль зөрчиж хийгдсэн буюу худалдан борлуулах эрх бүхий этгээд биш учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Иймд хэлцэл бүрэн биелэгдээгүй учраас хэлцэл хийсэн буруутай этгээд хариуцагч С.А-иас 34,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбарт: БНХАУ-ын иргэн S нь 2020 оны 11 дүгээр сард надаас нэг вагон 85 хувийн агууламжтай жонш худалдан авч Эрээн хот руу ачилт хийж анх танилцсан. Миний ээжийн хамаатан болох М.А Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт байрлах А уурхайг ажиллуулж байсан. Би М.А-д өөрийн хувиасаа 10 дугаар сарын 05-нд 45 сая төгрөгийг нөхрийн хамт шилжүүлсэн. Энэ хүн надад жонш өгнө гээд өгч чадаагүй. Тэгээд намайг уурхайгаас шороо авч өрөө ав гэсэн. Тэгээд би S-тэй утсаар ярьж бид хамт уурхайд очиж үзэхэд 65 хувийн жонш гарсан. Ингээд манай гэрт эхнэртэйгээ ирээд 22,000 төгрөгөөр тохиролцож, эхний ээлжинд 5 вагон шороо захиалсан. Би маргаашнаас нь вагоноо захиалаад шороогоо татсан. Тээврийн зардалд 4,000,000 төгрөг авч 5 машин явуулсан. Гэтэл 2 вагон ачилт хийж байхад S, дээж нь 34 хувьтай гарсан учир авахаа болилоо гэж хэлээд орхиод явсан. Тийм учраас би Б-д худалдсан ба мөнгө нь зардалдаа таарсан. Би S-ээс авсан мөнгөний 30 сая төгрөгийг нь Б гэдэг хүний дансанд 35 сая төгрөг болгож хийсэн. М.А Өргөний уурхай гарахдаа надаар баталгаа гаргуулж энэ хүнээс 45 сая төгрөг авч гарсан. Энэ мөнгийг М.А би төлнө гэж цагдаа дээр хэлсэн. Одоо өөрөө Б аймагт байгаа, шороо жоншоор төлнө гэж хэлдэг. Бүх нотлох баримтууд нь энэ хүнд байгаа. Өөрөө ирж тайлбар өгнө гэж хэлсэн. S-ээс болж би маш их хохирол амссан. 70 ширхэг шуудай, савалгаа, тээврийн зардал ...гэх мэт нийт 16,470,280 төгрөг бид төлсөн гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас, Г аймгийн Прокурорын газрын 2022.10.06-ны өдрийн 77 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, 2022.11.02-ны өдрийн 5/102 дугаартай Гомдлын хариу гэсэн хариу мэдэгдэх хуудас, S , Б.Ч нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г аймаг дахь Цагдаагийн газар 2022.05.30-ны өдөр гэрчээр С.А-ийг асуусан тэмдэглэл, S-ээс Б.О-д олгосон итгэмжлэл, S-ийн Монгол Улсад оршин суух үнэмлэх, паспорт, Б.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг, хариуцагч талаас, хариу тайлбар, тэмдэглэлийн дэвтэр зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр, Г аймгийн Прокурорын газрын 2023.04.10-ны өдрийн 1/290 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г аймаг дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Д, 2022.09.08-ны өдөр S-ээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, мөн 2022.09.27-ны өдөр М.А-ээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн. Мөн хэрэгт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсантай холбоотой баримтууд авагдсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч С.А-иэс жоншны шороо худалдах худалдан авах хэлцлээр шилжүүлсэн 34,000,000 төгрөгийг буцаан гаргуулах гэжээ.

3.Хариуцагч, уг мөнгөний 30,000,000 төгрөгийг Б гэдэг хүний дансанд хийсэн, мөн тээврийн зардал, ажилчдын цалин хөлс, шуудайны үнэ төлсөн, М.А өөрөө төлж барагдуулна гэж хэлсэн гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г аймгийн Прокурорын газрын 2022.10.06-ны өдрийн 77 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, 2022.11.02-ны өдрийн 5/102 дугаартай Гомдлын хариу гэсэн хариу мэдэгдэх хуудас, S, Б.Ч нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г аймаг дахь Цагдаагийн газар 2022.05.30-ны өдөр гэрчээр С.А-ийг асуусан тэмдэглэл, Г аймгийн Прокурорын газрын 2023.04.10-ны өдрийн 1/290 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г аймаг дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Д, 2022.09.08-ны өдөр S-ээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, мөн 2022.09.27-ны өдөр М.А-ээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.БНХА-ын иргэн S, С.А нар нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтийн аймгийн Бор-Өндөр сумын нутагт байрлах Адгийн уурхай гэх газарт очиж жоншны шороо үзсэнээр 10 вагон буюу 700 тонн шороо худалдах худалдан авахаар тохиролцож аман хэлцэл хийгдсэн байна.

4.2.Уг уурхай нь С.А-ийн хамаатан гэх М.А-ийн эзэмшлийн буюу бичил уурхай эрхлэх зөвшөөрөлтэй гэж М.А Цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тайлбарлажээ.

4.3.М.А нь, С.А-д зөвшөөрөл олгож, өөрийн эзэмшлийн уурхайгаас 8 машин жоншны шороог хүргүүлсэн гэж мэдүүлсэн.

4.4.S F өөрийн эзэмшлийн ХААН банкны ... дугаарын данснаас С.А-ийн эзэмшлийн ... дугаарын дансанд 2020.11.05-ны өдөр 3,000,000, 1,000,000, 2020.11.06-ны өдөр 20,000,000, 10,000,000 төгрөг нийт 34,000,000 төгрөгийг шилжүүлжээ.

4.5.S нь, С.А-ийн нийлүүлсэн жоншны шороог тохиролцсон агууламжид хүрээгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, С.А- нь өөр бусдад худалдсан.

5.Талууд жоншны шороо худалдах худалдан авах хэлцэл хийсэн болон тохиролцсон агууламжид хүрээгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан асуудлаар, мөн 34,000,000 төгрөгийн шилжүүлгийн талаар маргаангүй, харин хариуцагч С.А нь, тодорхой хэмжээний зардал гаргасан, М.А төлөхийг хүлээн зөвшөөрсөн учир би төлөхгүй гэж тайлбарласан.

6.БНХА-ын иргэн S, С.А нарын хооронд хийгдсэн жонш худалдах худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Тодруулбал, талууд 10 вагон буюу 700 тонн, 60 хувийн агууламж бүхий жоншны шороо худалдах, худалдан авахаар амаар тохиролцож, худалдан авагч тал S 34,000,000 төгрөг шилжүүлсэн талаар маргаан байхгүй. Хэдийгээр худалдагч тал С.А нь Түгээмэл тархацтай ашигт малтмал буюу жонш хайх, ашиглах зөвшөөрөл аваагүй боловч түүний хамаатан М.А нь бичил уурхай эрхлэх зөвшөөрөлтэй, улмаар өөрийн эзэмшлийн уурхайгаас жоншны шороог хүргүүлж, С.А-д худалдан борлуулах эрхийг олгосон болох нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр нь нотлогдож байна.

Гэвч, хариуцагчийн нийлүүлсэн жоншны шороо нь тохиролцсон хувийн агууламжид хүрээгүйгээс нэхэмжлэгч худалдан авахаас татгалзсныг худалдагч тал С.А нь тухайн үедээ маргаангүй хүлээн зөвшөөрсөн байх тул талуудын хооронд үүссэн үүрэг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар ...хожим дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Иймд, нэхэмжлэгч S нь хариуцагч С.А-д шилжүүлсэн 34,000,000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч С.А нь, уг мөнгөнөөс тээврийн болон бусад зардлууд төлсөн, М.А-ийн өмнөөс мөнгө шилжүүлсэн гэх боловч S , С.А нарын хооронд амаар хийгдсэн хэлцэлд дээрх зардлуудыг хэн хариуцах, М.А хэлцэлд хамтран үүрэг хүлээсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагч С.А-ийн гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтэр нь дээрх нөхцөл байдлыг нотлоогүй, хэрэгт өөр нотлох баримт авагдаагүй байна.

7.Нэхэмжлэлийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж 327,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.А-иэс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 34,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч S-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 327,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ