Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2023/00090

 

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2023/00090

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч П.Цогзолмаа, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ТА

Хариуцагч: Ц.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,095,224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д /цахимаар/

Хариуцагч: Ц.Э

Иргэдийн төлөөлөгч: С.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Х

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ТА нь хариуцагч Ц.Э-д холбогдуулан Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,095,224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж тус тус заасан. Ц.Э нь Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 дугаар тогтоолоор А.Д-г тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалаас халсан байх бөгөөд А.Д шүүхэд гомдол гаргажээ. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 113/ШШ2020/0005 дугаар захирамж гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүгчийн захирамжийн дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5,400,000 төгрөг, 02 дугаар сарын 24-ний өдөр 522,719 төгрөг, 06 дугаар сарын 07-ны өдөр 172,505 төгрөг нийт 6,095,224 төгрөгийг А.Д-ийн ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалд тооцож олгосон байна. Шүүхийн шийдвэрээр төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар халсан гэдгийг нь тогтоосон гэж үзэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга олонхын шийдвэрийг албажуулж гарын үсэг зурж, тамга дарсан тул Ц.Э-г хариуцагч гэж үзсэн. Манай зүгээс төрд учруулсан хохиролтой холбоотой баримтыг цуглуулсан болохоос ажлаас халсантай холбоотой баримтыг цуглуулаагүй тул А.Д Төрийн албаны зөвлөлд хандсан эсэхийг мэдэхгүй байна. Иймд, хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,095,224 төгрөгийг буруутай албан тушаалтан Ц.Э-аас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2016-2020 оны хооронд Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын улс төрийн албан тушаал хашсан. Хурлын дарга, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар шийдвэр гаргадаг албан тушаалтан биш, төлөөлөгчдийн олонхын санал, шийдвэрийг тогтоол гаргадаг. Зарим тохиолдолд хуульд нийцсэн захирамж гаргаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргасан албан тушаалтан үүнийг хариуцна гэж ярьж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Надаас гадна 4 тэргүүлэгчдийн эрх ашиг яригдах байх. А.Д Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 2016 оноос эхлэн ажилласан. Ажиллаж байх хугацаандаа халагдахын өмнө удаа дараа ажлын хариуцлага алдаж байсан. 2019 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр хангалтгүй дүнтэй гарсан. Тэргүүлэгчдийн материалыг дутуу тарааж хурал хуралдуулаагүй тохиолдол байгаа. 3 сар цалингийн 20 хувийн арга хэмжээ авч байсан. 2020 оны 05 дугаар сард Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн бичигт ийм арга хэмжээ авсан нь зүйтэй байна гэсэн байсан. Тухайн өдөр А.Д-д материал тараа гэхэд тараагаагүй гараад явсан. Тэргүүлэгчдийн санал орж ирээд ажлаас халсан. 5 тэргүүлэгч хуралдаж тэмдэглэл үйлдэж, тогтоол гаргасан. А.Д хууль бусаар халагдсан гээд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасантай миний бие танилцаад 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тайлбар гаргаж өгсөн. Тайлбартаа ажлаас халсан үндэслэл, өмнө гаргаж байсан алдаа дутагдал, Төрийн албаны зөвлөлийн бичиг гээд бүх зүйлийн хавсаргаж өгсөн. Тухайн үед орон нутгийн сонгууль болж сонгуулийн үр дүнгээр би 2020 оны 10 дугаар сарын сүүлээр ажлаа өгсөн. Үүнээс хойш шүүхийн процесс яасан талаар ямар ч мэдээлэл аваагүй. Гэтэл сая 1 дүгээр сард Төрийн албаны зөвлөлөөс 6 сая гаран төгрөг төлөх талаар мэдэгдэл ирүүлсэн. Захиргааны хэргийн шүүхээс ирүүлсэн материалтай танилцахад хэд хэдэн ноцтой асуудал байна. А.Д 2020 оны 11 дүгээр сарын 01-нд Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон. Өөрөөр Хурлын дарга болчихоод 11 дүгээр сарын 06-ны өдөр Тэргүүлэгчдээ хуралдуулж, өөрийг нь халсан тогтоолыг хүчингүй болгуулсан. Өөрийн намын бүлгэмийн Л.А гэдэг хүнийг шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Ингээд 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шүүхэд хүргүүлсэн. Л.А 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд шүүгчийн захирамж гарсан. А.Д өөрийнхөө нэхэмжлэлд өөрөө хариуцагчаар томилогдоод өөрийгөө халсан үйлдлийг байхгүй болгоод төрийн сангаас 6 сая гаран төгрөгийг гаргуулж авсан. Иймд, албан тушаалаа ашиглан, зохион байгуулалттайгаар төрд хохирол учруулсан хохирлоо А.Д-аар нөхөн төлүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байна гэв.

3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: А.Д ажлаас халагдаад 6 сарын дараа эргэн ажилдаа орж 6 сая гаруй төгрөг авсан нь буруу байна. Ц.Э гэм буруугүй, А.Д буруутай гэжээ.

4.Нэхэмжлэгчээс, Төрийн албаны зөвлөлийн 2023.01.31-ний өдрийн 01/259 дугаартай итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2022.02.22-ны өдрийн 71 дугаартай Төрийн албаны зөвлөлийн даргаар улируулан томилох тухай тогтоол, Ц.Э-д хаягласан 2023.01.10-ны өдрийн 04/62 дугаартай Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэглэл хүргүүлэх тухай албан бичиг, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.07.10-ны өдрийн 37 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоол, 2021.02.01-ний өдрийн 5,400,000 төгрөгийн төлбөрийн хүсэлт №5, банкны жагсаалт, 2021.02.24-ний өдрийн 522,719 төгрөгийн төлбөрийн хүсэлт №15, ИТхурал-д ажиллаж буй даатгуулагчийн 2021 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2021.06.07-ны өдрийн 172,505 төгрөгийг төлбөрийн хүсэлт №53, банкны жагсаалт, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 113/ШШ2020/0005 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг,

Хариуцагчаас, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И танаа гэсэн хариу хүргүүлэх тухай 2023.01.12-ны өдрийн Ц.Э-ын тайлбар,

Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр, Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023.03.15-ны өдрийн 2/56 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2020.07.09-ний өдрийн 01 дугаартай Ес дүгээр хуралдаан гэсэн тэмдэглэл, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023.03.27-ны өдрийн 03/57 дугаартай албан бичгаар ирүүлсэн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай баримт №4, Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020.10.19-ний өдөр 1/111 дүгээр албан бичгээр шүүхэд гаргасан хариу тайлбар, Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.11.06-ны өдрийн 45 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, нэхэмжлэгч А.Д-ийн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020.11.09-ний өдөр гаргасан Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай тайлбар, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.11.06-ны өдрийн 46 дугаартай Л.А-г хариуцагчаар томилох тухай тогтоол, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.20-ны өдрийн хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай баримт №4, Л.А-аас 2020.11.30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.01-ний өдрийн 01/151 дугаартай Тодруулга авах тухай албан бичиг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Д-г ажлаас үндэслэлгүй халсаны улмаас төрөөс цалин хөлс олгосон ба хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,095,224 төгрөгийг гаргуулах гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Би Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг албажуулж гарын үсэг зурсан. А.Д-ийн, Захиргааны хэргийн шүүхэд гаргасан гомдолтой танилцаад тайлбар, ажлаас халсан үндэслэл, өмнө гаргаж байсан алдаа дутагдалтай холбоотой баримтуудыг хавсаргаж өгсөн. Шүүхийн процесс явагдах үед орон нутгийн сонгууль болж, миний бие ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд миний оронд Хурлын даргаар А.Д сонгогдсон. Хурлын дарга болчихоод Тэргүүлэгчдээ хуралдуулж, өөрийг нь халсан тогтоолыг хүчингүй болгуулсан. Мөн Л.А гэдэг хүнийг шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсноор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч шүүгчийн захирамж гарсан. Өөрөөр хэлбэл А.Д өөрийнхөө нэхэмжлэлд өөрөө хариуцагчаар оролцож, төрийн сангаас 6 сая гаран төгрөгийг гаргуулж авсан гэж тайлбарлана.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.07.10-ны өдрийн 37 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоол, 2021.02.01-ний өдрийн 5,400,000 төгрөгийн төлбөрийн хүсэлт №5, банкны жагсаалт, 2021.02.24-ний өдрийн 522,719 төгрөгийн төлбөрийн хүсэлт №15, ИТхурал-д ажиллаж буй даатгуулагчийн 2021 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2021.06.07-ны өдрийн 172,505 төгрөгийг төлбөрийн хүсэлт №53, банкны жагсаалт, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 113/ШШ2020/0005 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И танаа гэсэн хариу хүргүүлэх тухай 2023.01.12-ны өдрийн Ц.Э-ын тайлбар, Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2020.07.09-ний өдрийн 01 дугаартай Ес дүгээр хуралдаан гэсэн тэмдэглэл, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай баримт №4, Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020.10.19-ний өдөр 1/111 дүгээр албан бичгээр шүүхэд гаргасан хариу тайлбар, Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.11.06-ны өдрийн 45 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, нэхэмжлэгч А.Д-ийн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020.11.09-ний өдөр гаргасан Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай тайлбар, Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.11.06-ны өдрийн 46 дугаартай Л.А-г хариуцагчаар томилох тухай тогтоол, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.20-ны өдрийн хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай баримт №4, Л.А-аас 2020.11.30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.01-ний өдрийн 01/151 дугаартай Тодруулга авах тухай албан бичиг, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.07.10-ны өдрийн 37 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолоор нарийн бичгийн дарга А.Д-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

4.2.А.Д нь Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн хувийг 2020.10.05-ны өдөр хурлын дарга Ц.Э-д гардуулснаар хариуцагч хариу тайлбар, холбогдох нотлох баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

4.3.Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны орон нутгийн сонгууль явагдаж, сонгуулийн үр дүнд Ц.Э чөлөөлөгдөж, А.Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогджээ.

4.4.Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.11.06-ны өдрийн 45 дугаартай Тогтоол хүчингүй болгуулах тухай тогтоолоор А.Д-д сахилгын шийтгэл ногдуулсан 37 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон.

4.5.Мөн хурлын Тэргүүлэгчдийн 2020.11.06-ны өдрийн 46 дугаартай Л.А-г хариуцагчаар томилох тухай тогтоолоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Л.А-г оролцуулахаар томилсон бөгөөд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.04-ний өдрийн 113/ШШ2020/0005 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарчээ.

4.6.Шүүгчийн захирамжийг үндэслэн Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас А.Д-д 5,572,505 төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд 522,719 төгрөг төлөгджээ.

5.Талууд, А.Д-г ажлаас халсан үйл баримт болон төрөөс 6,095,224 төгрөгийн цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэдэгт маргаангүй, харин Ц.Э нь албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлээрээ ажилтныг хууль бусаар халж, төрд хохирол учруулсан эсэхтэй маргаантай.

6.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ., 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. гэснээр нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь шаардах эрхтэй.

Шүүх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.498.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.498.5.-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. гэснийг баримтлан хариуцагч Ц.Э-н гэм буруутай үйлдлийн улмаас төрд хохирол учирсан эсэхийг дүгнэж шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч талаас, хариуцагч Ц.Э-н төрд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 113/ШШ2020/0005 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нотлогдоно гэж тайлбар гаргасан.

Тус шүүхийн шийдвэрийн агуулгаас харахад, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны маргаан бүхий актыг хянан шийдвэрлээгүй байна. Өөрөөр хэлбэл, актыг гаргасан албан тушаалтны хууль зүйн үндэслэлийн асуудлыг шүүх тогтоогоогүй, харин хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг баталгаажуулж шийдвэрлэжээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан Г аймгийн Ш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.11.06-ны өдрийн 45 дугаартай Тогтоол хүчингүй болгуулах тухай тогтоолоор А.Д-г ажлаас халсан 2020.07.10-ны өдрийн 37 дугаар тогтоолыг хүчингүй болгосныг хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж үзэхгүй.

Тодруулбал, Төрийн албан тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар ...төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар халсаныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон байх учиртай. Гэтэл хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байна.

Иргэний шүүх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас халагдсан маргааныг харъяалан шийдвэрлэхгүй.

Иймд, хариуцагч Ц.Э гэм буруутай үйлдлээрээ буюу хууль бусаар А.Д-г ажлаас халж, төрд гэм хорын хохирол учруулсан гэсэн үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7.Иргэдийн төлөөлөгчийн Ц.Э гэм буруугүй гэсэн дүгнэлт нь шүүхийн хууль зүйн үндэслэлтэй тохирч байна. Харин А.Д-г гэм буруутай гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Учир нь, А.Д-ийн гэм буруутай эсэхийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэж тогтоохгүй, зөвхөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд шийдвэр гаргана.

8.Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан төсвийн байгууллагын нэхэмжлэл үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.5., Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Э-аас хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,095,224 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЦОГЗОЛМАА

Р.БАТБАЯР