Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/44

 

Ш.Б, Ө.Б, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Б.Бурмаа, Л.Бор

Шүүгдэгч Ш.Б, Ө.Б, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бн өмгөөлөгч Л.Борын гаргасан давж заалдах гомдлоор Ш.Б, Ө.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1914001020230 тоот хэргийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ө.Б, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Ш.Б, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 3 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан,

Монгол Улсын иргэн, Б.Б, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2019 оны 3 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Ш.Б, Ө.Б, Б.Б нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан эрэг” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 14-16-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр иргэн Л.Уийн эзэмшлийн нийт 28 тооны ямаа буюу олон тооны малыг хотноос нь хулгайлж Л.Ут 3.388.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ш.Б, Ө.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Б, Б.Б, Ө.Б нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.Быг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б, Ш.Б нарыг тус бүр 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Ш.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, шүүгдэгч Б.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Б, Б.Б нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5-т заасныг тус тус журамлан мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Б нарт тус бүр оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ө.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.Бы өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б, Ш.Б нар нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 25 хоног, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 272 хоног нийт цагдан хоригдсон 297 хоногийг ялтны эдлэх ялд тус тус оруулан тооцож, Шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ө.Б, Б.Б, Ш.Б бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б, Ш.Б нарын эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч Ө.Бы эзэмшлийн....76-06 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Шүүгдэгч Б.Б, Ш.Б, Ө.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бн өмгөөлөгч Л.Бор тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 4 сарын 05-ны өдөр хүлээн авч хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх ... шийдвэрлэжээ.

Б.Б нь 2001 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Бөмбөгөр суманд төрсөн. Одоо 18 настай. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан боловч уг арга хэмжээ 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дуусах ёстой байтал Ш.Б, Ө.Б, Б.Б нар бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Цагаан эрэг гэх газраас 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 16-ны өдрүүдэд иргэн Л.Уийн 28 тооны ямааг хотноос нь хулгайлж 3.385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Б.Бг 2018 оны 11 сард бусадтай бүлэглэн бусдын 6 адуу хулгайлсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хүмүүжлийн чанартай албадпагын арга хэмжээ авагдсан байсан. Энэ хугацаанд Б.Бд ял шийтгэл оногдуулаагүй, харин шүүхээс тодорхой үүрэг хүлээлгэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосон.

Б.Б хулгайн нэг төрлийн хэрэгт нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл Б.Бн 2018 оны 11 сард бусадтай бүлэглэн бусдын 6 адуу хулгайлсан, Ш.Б, Ө.Б нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр Цагаан эрэг гэх газраас 2019 оны 01 сарын 04-нөөс 16-ны өдрүүдэд иргэн Л.Уийн хотноос 28 тооны ямааг хулгайлсан үйлдлүүд хулгайн хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байгаа юм.

Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн учир албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйл, холбогдох зүйл хэсэгт зааснаар ял оногдуулах ёстой байтал хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй.

Шүүх Б.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар ...хэд хэдэн гэмт хэрэг, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ заалт бол өөр, өөр зүйл ангид заасан гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдэх, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгаа тохиолдлыг зохицуулсан заалт гэж ойлгож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан.

Шүүгдэгчид нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах нь шударга ёсны зарчим төдийгүй Эрүүгийн хуулийн агуулга төдийгүй, шүүгдэгчид нэг гэмт хэрэгт ял оногдуулсан бол тухайн ял шийтгүүлсэн байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болон ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болгож болгохгүй байх агуулгыг илэрхийлсэн нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн нэг онцлог юм.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жил 4 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж түүний эрх зүйн байдлыг хүндрүүлснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна .

Б.Б 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байхад түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялыг хоёр дахин багасгаж эдлүүлэх талаар дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ...10, 12 дугаар заалтад шүүгдэгч нарыг цагдан хорьсон атлаа Ө.Бы нэрийг орхих, Б.Б гэж 2 бичих, Ө.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй... гэх зэрэг алдаа гаргасныг дурьдаж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол нь хуулийн үндэслэлтэй, хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул,Б.Бурмаа нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тусгайлан гаргах саналгүй гэцгээв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бор тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх саналтай гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Борын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахдаа тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахад:

Ш.Б, Ө.Б, Б.Б нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан эрэг” гэх газраас 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр иргэн Л.Уийн эзэмшлийн нийт 28 тооны ямаа буюу олон тооны малыг хотноос нь хулгайлж Л.Ут 3.388.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Ш.Б, Б.Б, Ө.Б нар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн... гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт хийж бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.Быг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б, Ш.Б нарыг тус бүр 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь бүхэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал буюу “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш үйлдсэн, эсхүл бүлэглэж үйлдсэн” нь тогтоогдсон байхад “...хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлтийг хийсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч нарт ял оногдуулахдаа учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзан...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар... хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж...” гэж дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үргэлжилсэн үйлдлээр бусдын 28 тооны ямааг тээврийн хэрэгсэл ашиглан, бүлэглэн, шунахай сэдэлтээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдэх бүрдээ зөвхөн ямааны арьсыг нь авч ашиг олох зорилгоор ямааны бусад эд эрхтэнг хаясан гэмт хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал...”-ыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх хуулийн үзэл баримтлал, зарчимтай нийцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т “ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1,1.3-д тус тус заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “ хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэл болж байна.

Шүүгдэгч Б.Бн анхан шатны шүүхээр 2018 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдийн хооронд бусдын 6 тооны адууг хулгайлан мал хулгайлах гэмт хэрэгт, 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр бусдын 28 тооны ямааг хулгайлж мал хулгайлах гэмт хэрэгт тус,тус шийтгүүлсэн байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн нөхцөл байдалд оруулан тооцох хэдий ч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед дараагийн гэмт үйлдлийг илрүүлээгүй, илрэх боломжгүйгээр өнгөрч шүүхээр гэм буруутайд тооцогдсон тохиолдолд өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх хуулийн зохицуулалтгүй бөгөөд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлд хамаарахгүй, энэ зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журамд хамаардаг болно.

Харин шүүгдэгчБ.Б нь анхан шатны шүүх хэргийг анх шийдвэрлэсэн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, 18 нас 9 сартай байсан, анхан шатны шүүхийн 160 дугаар шийтгэх тогтоол хүчингүй болж анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлээд 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол гарах үед 19 нас 7 сартай болсон байна.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхойлсон нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамаарах зохицуулалт байх ба өсвөр насны буюу 14-18 насанд хүрсэн хүн шүүхээр хэргийг шийдвэрлэх үед насанд хүрсэн бол тухайн бүлэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэж хориглосон зохицуулалт хуульд хуульчлагдаагүй байгааг анхаараагүй орхигдуулж, эрх зүйн байдлыг нь дордуулжээ.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Ш.Быг тэнсэж , өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5-т дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн № 69 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож...” гэж дүгнэсэн мөртлөө шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Ш.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, шүүгдэгч Б.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийн шийдвэрийг хүчингүй болгож...” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой...бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй, зөрүүтэй бичжээ.

Монгол Улсын Дээд Шүүх хяналтын журмаар энэ хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянан үзэж шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 550 дугаар тогтоолд анхан шатны шүүхийн алдаа нэг бүр тодорхой, ойлгомжтой илэрхийлэгдэн бичигдсэн байгааг анхаарах шаардлагатай юм.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин “...Б.Б нь хулгайн нэг төрлийн хэрэгт нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлэх, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ...албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйл, холбогдох зүйл хэсэгт зааснаар ял оногдуулах ёстой ..., ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жил 4 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж түүний эрх зүйн байдлыг хүндрүүлснийг хууль буруу хэрэглэсэн...” гэж шүүгдэгч Б.Бн өмгөөлөгч Л.Борын тус шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналаас өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх гэсэн хэсэг нь хуулийн үндэслэлгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай буюу өсвөр насны шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хоёр дахин багасгаж эдлүүлэх гэсэн хэсэг нь хуулийн үндэслэлтэй юм.

Шийтгэх тогтоолыг залруулсан шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 372 дугаар захирамж хавтаст хэргийн 104-105 дугаар талд авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ө.Б, Б.Б, Ш.Б нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.ЭНХМАА

Г.УЛАМБАЯР