Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/510

 

                                                                                                                                                          

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

 

 

 

 2025           11            04                                                    2025/ШЦТ/510

                                                                                                                         

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Алтансүх,

Шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Ч.С-д холбогдох эрүүгийн 2534*********** дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********************** регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.С нь 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Хуримт 2 дугаар багийн нутагт хохирогч Б.Э эгэм хэсэгт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь "...зүүн эгэмд шарх, зүүн эгэмд цус хуралт, зүүн эгэмний булчинд зөөлөн эдийн няцралт..." бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 2534*********** дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Э-н өгсөн: “Би Төв аймгийн Дэлгэрхаан суманд 2024 оны 11 дүгээр сард ирсэн. Тэр цагаас хойш энд морь, малаа уяж амьдарч байгаа. Өчигдөр 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр би найз С-н гэрт хоночхоод өглөө 8 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн орчимд би С-той тэдний гэрт хоёулаа 0.5 литрийн Хараа архи нэг шилийг хувааж уусан. Гэрт нь бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд өдөр 16 цагийн орчимд С бид хоёр дахиад 0.75 литрийн 1 шил архи хувааж уучхаад юм яриад байж байтал С гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байгаад намайг баруун талын орны өмнө завилаад сууж байхад гэрийн зүүн урд талд байсан тогооны шүүгээнээс хутга аваад миний эгэм хэсэг рүү нэг удаа хутгалсан. Тэгтэл миний эгэмнээс цус гарахаар нь би С-ийг “чи яаж байгаа юм пиздаа чинь хүн аллаа шүү дээ” гэж хэлээд тэдний гэрээс гарч сумын эмнэлэг рүү очиж эмчид үзүүлж эгэмнийхээ урд талын хэсэгт нэг ширхэг оёдол тавиулсан. Тэгээд би С-н гэрээс гараад тэдний урд гудамжинд байж байгаад хамаатныхаа О эгч рүү залгаж С-д хутгалуулсан талаараа хэлээд “та намайг эмнэлэг рүү аваад яваадах” гэж хэлсэн. С бид хоёр олон жилийн өмнөөс хар багаасаа одоог хүртэл найзалж байна. Хамаатан биш. Бид хоёр өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Манай энэ чинь хүн амьтантай муудалцаад байдаггүй юм. Харин өчигдөр яасан юм байгаа юм. Өөрөө санахгүй байна. Яасан мэдрэл муутай гичий вэ муу найзыгаа алах шахсан байна. Баларсан юм боллоо гээд л үглээд байсан. С миний эгэм рүү нэг удаа хутгалсан. Бид хоёр ерөөсөө маргалдаагүй байцгааж байхад С гэрийнхээ зүүн талын орон дээрээс босоод хутга шүүрч аваад намайг хутгалсан. Намайг хутгалчихна гэж санаанд ч ороогүй. С намайг өөр цохиогүй. С бид хоёр хоёулахнаа байсан. Өөр хэн ч байгаагүй. Тухайн үед аль аль нь согтсон байсан. Би болсон асуудлыг хальт санаж байна. Намайг хутгаар хатгах үеийг бол мэдэж байна. С бол нэлээн согтчихсон байсан. Бид хоёр угаасаа хоол ундгүй 2 шил архи уучихсан юм. Хутга хаана байгааг мэдэхгүй байна. С гэртээ эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь том хүүхэдтэй нь хотод ажил хийж байгаа. Хоёр бага нь энд өвөөгийндөө байсан байх. Надад гомдол, санал гээд байх зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гомдолгүй. Миний бие зүгээрээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч Б.М-н өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сараас Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, 2025 оны 5 дугаар сараас одоог хүртэл тус цагдаагийн газрын Дэлгэрхаан сумын цагдаагаар ажиллаж байна. Өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багийн иргэн О над руу 99548814 дугаар утсаар залгаж "Э гэдэг хүн хүнд хутгалуулчихсан гэж байна" гэсэн дуудлага ирхээр нь би тухайн үед Төв аймгийн Бүрэн сумын төвд албан ажлаар явж байгаад тэндээсээ сум руугаа гарч суманд ирээд тухайн хутгалуулсан хүнтэй уулзаж мэдээлэл аваад Цагдаагийн байгууллагын нэгдсэн тоо бүртгэлийн мэдээнд жижүүрт мэдээллээ өгсөн. Тухайн хутгалуулсан гэх Б.Э гэдэг хүнтэй уулзаж болсон асуудлын талаар тодруулахад надад "С намайг 1 удаа хутгалсан, би гэхдээ гомдолгүй" гэж хэлсэн. Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулсан Алкотест-6820 маркийн дрейгарь багажаар үлээлгэж шалгахад Б.Э нь 4.30 хувийн согтолттой байсан. С нь 5 бүхэлээс дээш гарсан байх дрейгарь багаж дээш сум заасан 3 зураас гарсан. Тэгээд хэсэг байж байгаад дахиж үлээлгэхэд 4.73 хувийн согтолттой гарсан. Манай дрейгарь багаж их хэмжээний буюу 5 бүхэлээс дээш тохиолдолд дээшээ харсан 3 сум гараад байдаг юм. С дээр анх үлээлгэхэд тийм зураас гарч байсан. С тухайн үедээ нэлээн согтуу байсан болохоор юу ч санахгүй байна л гээд байсан. Өнөөдөр өглөө архинаас л боллоо гээд гэмшсэн байдалтай байсан. Тухайн хутга бариул нь элгэдэж халцарсан шар өнгийн иштэй томовтор хутгыг надад О гээд Б.Эын эгч өгсөн. Тэгээд өгөхдөө эгч нь бариулнаас нь зөндөө барьчихсан шүү гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч Ц.О-ын өгсөн: “Би Э, С хоёрыг хоёуланг нь танина. Э нь миний төрсөн эгч Оюунчулууны том хүү байгаа юм. С нь манай нутгийн хүн. Энэ хоёр хоёулаа найзууд. Би өчигдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд гэртээ байж байтал 18 цагийн орчимд байх Э миний гар утас руу залгаад "С-д хутгалуулчихлаа та хүрээд ирээч би Сандагаагийн урд гудамжинд сууж байна" гэж хэлэхээр нь яваад очтол хүзүүнийхээ урд эгэм хэсэгт шинэ шархтай тэр шархнаас нь цус урсчихсан байж байхаар нь би төрсөн охиндоо бас “Э ах чинь хүнд хутгалуулчихсан байна эмч аваад ир” гэж хэлээд эмч ирэх хооронд С-н гэрт ороход гэрт нь хүн байгаагүй хутга нь гэрийн зүүн урд талын тогооны шүүгээн дээр байхаар нь би бариулаас нь бариад авч гарсан. Тэгээд охин Мөнхмягмар сумын эмчтэй хамт ирээд бид хэд сумын эмнэлэг орцгоосон. Эмч үзээд амь насанд аюулгүй юм байна гээд шархыг нь цэвэрлээд оёдол тавиулаад явуулсан. Би энэ талаар сумын цагдаа Мэд мэдэгдээд С-нхоос авсан хутгыг Мэд өгсөн. Э нь анх утсаар ярьж дуудахдаа л Сид хутгалуулсан гэж хэлсэн уулзахад ч бас хэлсэн. Э нь нэлээн согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Т.Д-н өгсөн: “Би 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Төв аймгийн Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төвд Дуут хуримт багийн эмчээр ажиллаж байна. Б.Э, Ч.С хоёрыг хоёуланг нь танина. Нэг суманд амьдарч байгаа болохоор мэддэг. Таархаараа мэндийн зөрүүтэй явцгаадаг. Өөрөөр харилцаа холбоо байхгүй. Би өчигдөр ажлаа тараад гэртээ харьчихаад байж байтал 18 цаг 30 минутын орчимд ажлаас манай ээлжийн сувилагч Үржинханд залгаад "яаралтай дуудлага гарлаа хүн хутгалуулсан гэж байна" гэхээр нь би дуудлагийг аваад сумын гандангийн зүүн талд байдаг С-н гудамжинд тэдний хашааны урд талд Э О гэх эгчтэйгээ хамт байсан. Эын хүзүү зүүн талын эгэмний дээд хэсэгт шинэ шархтай тухайн шархнаас нь цус гоожсон байсан. Түүнийг яагаад гэмтчихэв, хэн гэмтээчихэв гэж асуухад С түүнийг хутгалсан гэж Э хэлж байсан. Тэгээд тэнд нь тухайн ил шархны үзлэгийг хийгээд амин үзүүлэлтээ үзээд амин үзүүлэлт хэвийн шарх нь амь насанд аюулгүй байсан тул сумын эмнэлэг дээр авчирч бүтэн биений үзлэг хийхэд тухайн шархнаас өөр гэмтэл шарх байгаагүй. Тухайн шарханд үзлэг хийсэн 2 см өргөнтэй 4 см гүнтэй шинэ шарх байсан. Тухайн шарх хутганы шарх байх боломжтой шарх байсан. Би цусыг тогтоож шархаа ариутгаад 1 ширхэг оёдол тавьсан. Биеийн амин үзүүлэлтүүд хэвийн амьсгалын тоо 25, зүрхний цохилт 113, артерийн даралт 124/95, биеийн халуун нь 36-тай, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, сатурац 89-тэй байсан. Эмчилгээ цус тогтоох тариа, аналгин демдорол хийсэн. Шингэн нөхөх, цус төлжүүлэх, хордлого тайлах зорилгоор 500 граммтай натри хийсэн. Эмнэлгийн хяналтад 3 цаг байлгаж байгаад ар гэрийн хүн гэх О эгчид хүлээлгэж өгөөд явуулсан. Б.Э нь архи их үнэртүүлсэн, хэл яриа олширсон нэлээн согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Шүүгдэгч Ч.С-ийн өгсөн: “Төв аймгийн Дэлгэрхаан сумын сургуульд 1 дүгээр ангиа суралцаад сургуулиас гарсан. Уншиж, бичиж чадахгүй. Уржигдар 8-р сарын 04-ний өдөр Э манай гэрт хоносон юм. Тэгээд өчигдөр өглөө 10 цагийн орчимд 0.5 литрийн нэг шил Хараа хувааж ууцгаагаад үдээс хойш гурав, дөрвийн алдад байх 0.75 литрийн бас нэг шил Хараа хувааж ууцгаасан. Тэгээд би тасарчихсан байна лээ. Би болсон асуудлыг санахгүй байна. Ёстой мэдэхгүй байна. Нэг мэдээ ороод сэргэхэд сумын цагдаа М манай гэрт ирж та дагаад яв цагдаа дээр очино таныг хүн хутгалсан гэж байна гэж хэлээд намайг сумын цагдаа дээр авчирч байж байгаад орой гэрт хүргэж өгсөн. Өнөөдөр өглөө Этай уулзахад "ингээд хатгаад хаячих юм хүүр чинь" гээд надад хүзүүний урд тал эгэм хэсгээ харуулсан. Тэр нь нэг ширхэг оёдол тавьсан шарх байсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөлгүй яах вэ. Харин архи ууж тасарсандаа л муу найзыгаа хутгаар хатгачихсан байна. Б.Эрдэнбаяр бид хоёр аргагүй л хар багын найзууд байгаа юм. Бид хоёр багаасаа найзалсан. Би Эыг хутгаар хатгачихсан гэсэн. Тухайн үед Э бид хоёр хоёулахнаа байсан. Өөр хүн байгаагүй. Манай эхнэр, том хүү хоёр хотод ажил хийж байгаа. Би хоёр бага хүүхэдтэйгээ энд гэртээ байгаа. Өчигдөр хүүхдүүд өвөө, эмээгийндээ байсан. Манай аавынх манай гудамжинд байдаг юм. Өмнө нь ёстой хэрэлдэж маргалдаж үзээгүй. Өвөр түрийндээ ороод л унтаад өгдөг юм. Маргалдаж муудах шалтгаан байхгүй. Гэхдээ өчигдөр маргалдаж муудалцсанг санахгүй байна. Уусан архиндаа тасарчихаж. Би архийг найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг. Хааяа, хааяа найзууд нөхөдтэйгөө архи уудаг. Б.Эхутгалсан хутга шар иштэй том хутга. Манай өөрийн хутга. Хутга цагдаа хурааж авсан. Манайх хоол ундандаа хэрэглэдэг байсан. Өчигдөр өглөөний архийг Болдоогийн дэлгүүрээс Э бид хоёр өөрсдөө авцгаасан. Харин дараагийн архийг Э хүнд захиж авчруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

“Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед найз болох Этай хамт Хараа гэх нэртэй 2 шил архи уугаад 23 цагийн цагдаагийн байгууллага дээр ирсэн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад та хутгаар хүн хатгасан гээд хэлсэн. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан болохоор найзыгаа хутгаар хатгасан байх. Яг юунаас болж хутгалсан талаар сайн мэдэхгүй байна. Манай гэрийн хүнсэндээ хэрэглэдэг хутга байсан. Тухайн үед тэр хутга ил газар байсан байх биедээ авж явсан зүйл байхгүй. Би Этай бага наснаасаа эхэлж найзалсан. Олон жил хамт бие биенийхээ ажил амьдралд тусалж явж ирсэн найз минь байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 50/,

Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Б.Э-ын биед зүүн эгэмд шарх, зүүн эгэмд цус хуралт, зүүн эгэмний булчинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4.Дээрх гэмтэл нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. 7.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэжээ /хх-ийн 28-29/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчих тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлсэн, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Шүүгдэгч Ч.С нь 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Хуримт 2 дугаар багийн нутагт хохирогч Б.Э эгэм хэсэгт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь "...зүүн эгэмд шарх, зүүн эгэмд цус хуралт, зүүн эгэмний булчинд зөөлөн эдийн няцралт..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв. 

 

Иймд шүүгдэгч Ч.С-ийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Хохирогч Б.Э нь шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөргүй, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр гомдол саналгүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

   Улсын яллагч "Шүүгдэгч Ч.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 төгрөгөөр торгох ял оногдуулах.”,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан “Манай үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр гэмшиж байгаа. Анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.”,

            Шүүгдэгч Ч.С "Хийсэн хэрэгтээ гэмшиж байна." гэх санал тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч ********************** оршин суух хаягтай, Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Ч.С-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах саналыг хүлээн авч шүүгдэгч Ч.С-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан түүний гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн 2534*********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул нь элэгдэж халцарсан шар өнгийн бариултай ажлын хэсгийн үзүүр нь шовх 1 ширхэг хутга ирснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.Ч.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-д оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5.Шүүгдэгч Ч.С-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул нь элэгдэж халцарсан шар өнгийн бариултай ажлын хэсгийн үзүүр нь шовх 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

  7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

 

  9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ