Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 274

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Жаргал,

Шүүгдэгч Б.Олзбаяр, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Эрдэнэван овогт Баасанбаярын Олзбаярт холбогдох эрүүгийн 201726020650 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Дархан хотод төрсөн, 28 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 41-39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ТА89090914 регистрийн дугаартай, Эрдэнэван овогт Баасанбаярын Олзбаяр. 

 

Шүүгдэгч Б.Олзбаяр нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Сүлд” засварын газрын гадна машины гэмтлийн улмаас Л.Ганчөдөртэй маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Олзбаяр мэдүүлэхдээ:

  Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна. Хохиролд 1 сая төгрөг өгсөн. Миний буруу гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Л.Ганчөдөрийн өгсөн:

“... Би 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүлд нэртэй авто засварын газар очиж өөрийн тоёота альцард машинаа засуулахаар үзүүлэхэд 7 хоногийн дотор засаад өгье гэсэн ... 02 дугаар сарын 24-ний өглөө очиход хэн ч байхгүй байсан. Хүлээж байтал надтай гэрээ хийсэн хүн ирж өчигдөр таны машиныг янзалсан хүний төрсөн өдөр болоод ирээгүй л байна, би хүлээж авъя та орой хүрээд ир гэсэн. Орой бас л юу ч хийгдээгүй, харин ч машины арын гуппер нэмээд хагалчихсан байсан. ... би та нарт засварын мөнгийг бүрэн өгсөн, та нар хугацаандаа хийгээгүй, муу хийсэн учраас цагдаад хандана гэтэл чи муу манайхыг юу гэж бодоод байгаа юм ална шүү гээд л байсан. Ер нь тэр өдөр засварын эзэн согтуу архи нь гараагүй байсан. Тэгээд явах гэхээр түлхүүр булааж авчихаад өгөхгүй байсан. Би машиндаа сууж байхад чи буугаад ир, эр хүн шиг үзье гээд байсан. Машинаас бууж түлхүүрээ авах гээд очиход гар барья гээд гарнаас атгаад л шууд толгой руу цохиж, түлхэж унагаад нүүр рүү өшиглөсөн. Эсэргүүцэх гэхээр хамт байсан ажилчид нь намайг тэврээд хөдөлгөхгүй байсан. Тэр хооронд намайг зодсон ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 10 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ганбаатарын өгсөн:

“... Тухайн өдөр би машинаа янзлуулахаар Сүлд засварын газар очиход гэр бүлийн машин дотор Оогий гээд засвар ажиллуулдаг залуу нэг хүнтэй маргалдаж байсан. Тэгээд машинаас буугаад жолооч залуу Оогийтой барьцалдаж байгаад Оогийгийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж харагдсан. Би утсаар ярьж байгаад эргээд харахад нөгөө хоёр хоорондоо барьцалдаад ноцолдоод байхаар нь салгахад жолооч залуугийн амнаас нь цус гарчихсан байсан ...” гэх /хавтаст хэргийн 11-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Насанбатын өгсөн:

“... Оогий чи цагдаа гэж яваад яах юм бэ өөрсдөө тохиролцоод болчих юм дээр юун сүртэй юм, бид нар янзалж өгье гээд хэлээд байна яасан ойлгодоггүй юм бэ гэсэн. Гэтэл нөгөө залуу уурлаж Оогийг нүүрэн тус газарт цохиж авсан. Тэгээд өөрөө богино хар куртикээ тайлж шидээд машин тойрч гүйгээд хашаа руу өшиглөж мөн Оогийгийн хөл рүү өшиглөсөн. Оогий тэр жолоочийг урдаас нь болиулах гэж нэг хоёр удаа түлхэж харагдсан.  Би энэ хооронд газар унасан куртикийг авч гөвсөн. Эргээд харахад манайд машин янзлуулж байсан нэг ах салгаж харагдсан. Жолоочид куртикийг өгөхөд амнаас нь цус гарсан байсан ...” гэх /хавтаст хэргийн 12-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Энхтөрийн өгсөн:

“... машинаа янзлуулахаар өгсөн үйлчлүүлэгчтэй Олзбаяр маргалдаж байсан. Би наанаас нь яваад очиход нөгөө хүн куртикаа тайлаад газар луу шидсэн. Тэгээд Олзбаярыг зодох гээд байгаа бололтой машиныг тойроод араас нь хөөгөөд байсан. Олзбаярыг нөгөө залууг машины ард бариад авахад нь Олзбаяр урдаас нь түлхсэн чинь нөгөө залуугийн амнаас нь цус гараад ирсэн ...” гэх /хавтаст хэргийн 15-р хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 32022 дугаартай:

            1. Л.Ганчөдөрийн биед нэг шүдний хөдөлгөөн оролт, доод уруулд язарсан шарх, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 17-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн  шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 598 дугаартай:

            1. Шүүх эмнэлгийн үзлэг №3202 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. 2017.02.24-ний өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт шүдний хугарал сэжиглэж байна, тархи доргилт гэсэн онош урьдчилсан байдлаар тавигджээ.

3. Хохирогч Л.Ганчөдөрийн биед учирсан доод баруун 1-р шүдний сулрал, доод уруулд язарсан шарх, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 54-55-р хуудас/,

 

  - Сүлд авто засварын газрын зарлагын баримтын хуулбар /хх-н 8-р хуудас/

  - Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-н 21-р хуудас/

  - Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 35-41 дүгээр хуудас/

  -  Хохирлын баримт /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/

  - зэрэг баримууд болон

 

шүүгдэгч Б.Олзбаярын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Б.Нандинцэцэгийн өгсөн:

“... Манай ах Олзбаяр нь хамт олон найз нөхөд ихтэй, инээд хөөртэй явж байдаг нээлттэй хүн. Сургуульд сурч байхдаа маш тусч, төлөв даруу элдэв муу зуршилгүй хүүхэд байсан. Хүн чанар сайтай, найз нөхөд хамаатан садан дундаа нэр хүнд сайтай  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр  хуудас/

 

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-33/,

- Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 46/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Б.Олзбаяр нь Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Сүлд” засварын газрын гадна машины гэмтлийн улмаас Л.Ганчөдөртэй маргалдан зодож, бие махбодид нь нэг шүдний хөдөлгөөн оролт, доод уруулд язарсан шарх, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн  гэмтэл санаатай  учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Олзбаярын “... хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна ...” гэх,

            мөрдөн байцаалтад хохирогч Л.Ганчөдөрийн мэдүүлсэн “...02 дугаар сарын 24-ний өглөө очиход хэн ч байхгүй байсан. Хүлээж байтал надтай гэрээ хийсэн хүн ирж өчигдөр таны машиныг янзалсан хүний төрсөн өдөр болоод ирээгүй л байна, би хүлээж авъя та орой хүрээд ир гэсэн. Орой бас л юу ч хийгдээгүй, харин ч машины арын гуппер нэмээд хагалчихсан байсан. ... би та нарт засварын мөнгийг бүрэн өгсөн, та нар хугацаандаа хийгээгүй, муу хийсэн учраас цагдаад хандана гэтэл чи муу манайхыг юу гэж бодоод байгаа юм ална шүү гээд л байсан. Ер нь тэр өдөр засварын эзэн согтуу архи нь гараагүй байсан. Тэгээд явах гэхээр түлхүүр булааж авчихаад өгөхгүй байсан. Би машиндаа сууж байхад чи буугаад ир, эр хүн шиг үзье гээд байсан. Машинаас бууж түлхүүрээ авах гээд очиход гар барья гээд гарнаас атгаад л шууд толгой руу цохиж, түлхэж унагаад нүүр рүү өшиглөсөн ...” гэх,

            гэрч Д.Ганбаатарын “...Сүлд засварын газар очиход гэр бүлийн машин дотор Оогий гээд засвар ажиллуулдаг залуу нэг хүнтэй маргалдаж байсан. Тэгээд машинаас буугаад жолооч залуу Оогийтой барьцалдаж байгаад Оогийгийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж харагдсан. Би утсаар ярьж байгаад эргээд харахад нөгөө хоёр хоорондоо барьцалдаад ноцолдоод байхаар нь салгахад жолооч залуугийн амнаас нь цус гарчихсан байсан ...” гэх,

            гэрч А.Насанбатын “...Гэтэл нөгөө залуу уурлаж Оогийг нүүрэн тус газарт цохиж авсан. Тэгээд өөрөө богино хар куртикээ тайлж шидээд машин тойрч гүйгээд хашаа руу өшиглөж мөн Оогийгийн хөл рүү өшиглөсөн. Оогий тэр жолоочийг урдаас нь болиулах гэж нэг хоёр удаа түлхэж харагдсан.  Би энэ хооронд газар унасан куртикийг авч гөвсөн. Эргээд харахад манайд машин янзлуулж байсан нэг ах салгаж харагдсан. Жолоочид куртикийг өгөхөд амнаас нь цус гарсан байсан ...” гэх,

гэрч Г.Энхтөрийн “...машинаа янзлуулахаар өгсөн үйлчлүүлэгчтэй Олзбаяр маргалдаж байсан. Би наанаас нь яваад очиход нөгөө хүн куртикаа тайлаад газар луу шидсэн. Тэгээд Олзбаярыг зодох гээд байгаа бололтой машиныг тойроод араас нь хөөгөөд байсан. Олзбаярыг нөгөө залууг машины ард бариад авахад нь Олзбаяр урдаас нь түлхсэн чинь нөгөө залуугийн амнаас нь цус гараад ирсэн ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 32022 дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн  шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 598 дугаар дүгнэлтүүд, ГССҮТ-ийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар, Сүлд авто засварын газрын зарлагын баримтын хуулбар зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж  ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Б.Олзбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй боловч хохирогч Л.Ганчөдөр нь хохирлын 1,000,000 төгрөгийг хүлээн авсан, шүүгдэгчид холбогдуулан гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг  анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг  арилгасан нөхцөлд  хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.Олзбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй. 

 

Тус хэрэг маргаан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болсон байхад сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэж буруу бичсэнийг  улсын яллагчийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэж зөвтгөсөн болохыг тэмдэглэв.     

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

            ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Эрдэнэван овогт Баасанбаярын Олзбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Олзбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Б.Олзбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Олзбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Олзбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ