Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/45

 

Г.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул /онлайнаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Цын гаргасан давж заалдах гомдлоор Г.Цт холбогдох эрүүгийн 2114000860086 дугаар хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Г.Ц, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Г.Ц нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газарт 20.3 м2 буюу 0.002 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 134.864 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Цыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Г.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Цт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Цт мэдэгдэж, Шүүгдэгч Г.Цын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар хадгалагдаж байгаа Г.Цын эзэмшлийн Doosan 55 маркийн трактор, хуурай аргын шороо угаах баригч төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг хураан авч улсын орлого болгож, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус заалтаар миний эзэмшлийн Doosan 55 маркын трактор шороо угаах төхөөрөмж зэргийг улсын орлого болгосон. Миний бие тус трактороор газар шорооны ажил хийж, ар гэр амьжиргаагаа залгуулдаг тул тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тракторыг надад буцаан олгож өгнө үү гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Цын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Г.Цын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газарт 20.3 м2 буюу 0.002 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 134.864 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 2114000860086 дугаар эрүүгийн хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн

Хавтаст хэргийн 19-20 дугаар талд авагдсан “... Г.Ц сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй...” гэх хохирогч Д.Мөнх-Очирын мэдүүлэг,

Хавтаст хэргийн 32-33 талд авагдсан “... 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед ажилласан. Тухайн газар 2 цаг гаран ажиллаж байхад цагдаа нар ирээд үйл ажиллагааг зогсоосон. Тэнд ажиллаж үзээд алт гарвал сумынхаа захиргаатай гэрээ хийж ажиллана гээд ярьж байсан.... “ гэх гэрч Г.Цэнд-Аюушын мэдүүлэг,

Хавтаст хэргийн 45-69 дүгээр талд авагдсан Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №1/005 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Г.Цыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар тус тус хуульчилсан байдаг.

Г.Цын Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газарт 20.3 м2 буюу 0.002 га талбайд газрын хэвлийг ухаж алт олборлохдоо ашигласан “DOOSAN 55” маркын трактор, хуурай аргын шороо угаах баригч төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авч улсын орлого болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй болжээ.

Иймд Г.Цын “тус трактороор газар шорооны ажил хийж ар гэр амьжиргаагаа залгуулдаг тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тракторыг надад буцаан олгож өгнө үү” гэх утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/127 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

Б.БОЛОР-ЭРДЭНЭ