Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 136/ШШ2023/00216

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 136/ШШ2023/00216

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж-42, *-ын нэхэмжлэлтэй,

Албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,/цахимаар/

Хариуцагч *,

Өмгөөлөгч *

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *ын хувь нийлүүлсэн нийгэмлэг нь хариуцагч *д холбогдуулан албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. ҮҮНД:

* нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон төмөр замын тээврийн үйлдвэрлэл технологийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад байгууллагын өмчлөлийн орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг. Хариуцагчаар *ийг татсан боловч нас барсан тул хариуцагчаар солих хүсэлт гаргаж түүний эхнэр *г оролцуулах болсон. Хариуцагч *гийн талийгаач нөхөр Төрдэлгэр нь * *д ажиллаж байх үедээ Сайншанд гал унтраах ангийн хуучин байранд дээрх дурдсан үндэслэлээр амьдарч байсан ба тус барилгыг Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул ажил олгогчийн зүгээс нэр бүхий айлуудыг нүүлгэн шилжүүлж Мандах Наран 1 хороололд 2018 оны 03 дугаар сараас түр амьдрах байраар хангаж өгсөн. Үүний дагуу байгууллагаас тус хорооллын 201 дүгээр байрны 07 тоотод хариуцагч өнөөдрийг хүртэл амьдарсан. * *ын ажилчид байгууллагын орон сууцыг ашиглах бол албан тушаалын орон сууцны журам, *-ын орон сууцны дүрэм зэргийг мөрдөж тухайн албан тушаалтны ажлын байр өөрчлөгдсөн тохиолдолд үл маргах журмаар зохих журмын дагуу суллан хүлээлгэж өгөхөөр зохицуулсан байдаг. Одоогийн байдлаар талийгаач нь *-аас өндөр насны тэтгэвэрт гарсан. Иймд одоо ямар нэгэн хөдөлмөрийн харилцаа байхгүй. Манай байгууллагын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаартай тушаалаар нийгэмлэгийн орон сууцны дүрмийг баталсан. Энэхүү дүрмийн 2.2.1-т албан тушаалын орон сууц гэдэг нь *-ын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллах зорилгоор Монгол Улсын Иргэний хуулийн 306 дугаар зүйлийн 306.7, 311 дүгээр зүйлд үндэслэн эрх бүхий ажилтан нь тухайн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд тухайн орон сууцыг төв комиссын шийдвэрийн дагуу олгосон. Тухайн олгосон орон сууцыг тус дүрмийн 2.1.2-т технологийн орон сууц гэж *-ын өртөө, зөрлөг, замын хэсэглэлүүдэд байнга оршин сууж ажиллаж буй ажилтнуудад зангилааны орон сууцны комиссын шийдвэрийн дагуу олгосон. Энэхүү журамд заасан хугацаанд хөлслүүлэх орон сууцанд нийтийн байрыг олгодог. Мөн дүрмийн 2.6-д зааснаар албан тушаалын орон сууцыг ашиглагч ажилтан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Мөн ажлын байр өөрчлөгдсөн тохиолдолд ажилтан албан тушаалын орон сууцыг 1 сарын хугацаанд үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй байдаг. Сайншанд зангилааны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 тоот мэдэгдлээр, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 43 тоот мэдэгдлээр хариуцагч нарт орон сууцыг чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл *-ын албан тушаалын орон сууцыг хүлээлгэж өгөөгүй байна. Иймд хариуцагч *гийн ашиглаж байгаа *-ын өмчлөлийн Мандах Наран 1 хорооллын 201-07 тоотод байрлах орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Иймд хариуцагчийн ашиглаж байгаа *-ын өмчлөлийн Мандах наран 1 хорооллын 201 байр-07 тоот албан тушаалын орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч * шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай нөхөр 38 жил төмөр замд ажилласан. Бид хоёр анх 1990 онд гэр бүл болсон. Манай нөхөр 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тэтгэвэрт гарсан. Одоо манай хүүхдүүд аавынхаа ажлыг үргэлжлүүлээд тухайн байгууллагад зүтгүүрийн депод туслах машинист хийж байгаа. Нэг хүүхэд маань саяхан машинистын курст явсан. Одоо надтай хамт Эрдэнэтулга нь амьдардаг. Манай гэр бүл анх 2005 онд Эрдэнэт хотоос Сайншанд суманд төмөр замын дагуу шилжиж ирсэн. Тэгээд бид нар ар шандад 1 өрөө байр түрээсэлж байгаад 2012 онд галын байранд нэг өрөө байрыг өгсөн. 2017 онд тухайн үеийн дарга * орж ирээд энэ байранд хүн амьдрах боломж байхгүй. Та нарыг нөхөн олговроор байранд оруулна. Та нар өргөдлөө бичээд аймгийн төвд 1 өрөө байр ямар ханштай байгааг бичээд өргөдлөө өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед 6 айл өргөдлөө өгөөд манайх 25,000,000 төгрөгийн байрны өргөдөл бичиж өгсөн. Одоо манай хоёр хүүхэд энэ байгууллагад ажиллаж байгаа юм чинь аав нь энэ байрыг та хоёрын нэр дээр авч өгнө гэж хэлээд 01 дүгээр сарын 06-ны өдөр охиных руугаа явсан. Гэтэл 01 дүгээр сарын 07-ны үүрээр бурхан болчихлоо гэж хэлсэн. Бид нарт үнэхээр хэцүү байна. Энэ байрны хувьд үнэхээр дарамттай байсан. Амьдарч байх хугацаанд үргэлж мэдэгдэх хуудас орж ирдэг байсан. Одоо миний хоёр хүүхэд тухайн байгууллагад ажиллаж байгаа. Нэхэмжлэгч талаас залуу боловсон хүчинд өгнө гэж байгаа бол манай хоёр хүүхэд дөнгөж 28 настай залуу хүмүүс нэгнийх нь нэр дээр өгмөөр байна. Энэ байр хүний амьтай байр юм уу. Миний хувьд зүрх өвдөөд 10 хоног эмнэлэгт хэвтэж эмчийн хяналтад байгаа. Би одоо үнэхээр айж байна. Тухайн үед 25,000,000 төгрөгийн байрыг судлаад өргөдлөө өгөөрэй гэж хэлдэг байсан. Ер нь тухайн үед энэ байрыг нөхөн олговроор өгч байгаа шүү гэж зураг хөрөг дарж, хадаг яндар болж өгч байсан. Тэгээд нэг жилийн дараа энэ бол технологийн байр, одоо гар гэж хэлсэн. Одоо нэгэнт манай хүүхдүүд тухайн байгууллагад ажиллаж байгаа учраас хүүхдүүдээ үргэлжлүүлэн амьдруулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа: * нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцыг орон сууцны дүрмээр зохицуулдаг. Орон сууцын дүрмээр бол төмөр замын мэдлийн орон сууцыг ашиглуулах, хуваарилах, сайжруулахтай холбоотой харилцааг зохицуулж байгаа. ...тухайн төмөр замын хэлтэс болон алба хэлтэс, салбар нэгжүүдэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад орон сууцны дүрэм хамааралтай гэж зохицуулагдсан байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа албаны орон сууц буюу Иргэний хуулийн 311, орон сууцны дүрэмд заасан ямар тохиолдолд орон сууцыг буцааж чөлөөлөх вэ өөрөөр хэлбэл энэ хүн тэтгэвэртээ гарчихсан ба одоогоор төмөр замтай ямар нэгэн хөдөлмөрийн харилцаа дууссан учраас орон сууцыг үл маргах журмаар чөлөөлнө гэх ерөнхий заалтуудыг барьж нэхэмжлэл гаргаж, ямар тохиолдолд үргэлжлүүлэн ашиглах боломжтой талаар нарийн зохицуулалт болон зарим тусгай зохицуулалтыг дүрэмд зааж өгсөн....орон сууцны дүрмийн 8.1.2-т орон сууц хөлслөгч ажилтан тэтгэвэр тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд нэг гэрт хамтран амьдардаг хууль ёсны гэр бүлийн гишүүд буюу эхнэр, нөхөр, төрсөн хүүхэд, ах, дүү нь *-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол орон сууцанд үргэлжлүүлэн амьдрах тухай өргөдөл, хүсэлт гаргах эрхтэй гэж заасан. Хариуцагчийн хүүхдүүдийн хувьд одоогоор бол ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Ер нь орон сууц өмчлөх талаар талийгаач амьд сэрүүн байх үедээ байраа хувьчлах талаар өргөдөл, хүсэлтээ гаргаад явж байсан. Түүнээс хүүхдэдээ үргэлжлүүлэн ашиглуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Нарантуяагийн хувьд энэ талаар мэдээгүй учраас хүсэлтээ гаргаагүй юм байна. Миний хувьд ойлгохдоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас сонсоход одоо бол гаргахад болохгүй зүйл байхгүй гэж ойлгож байна.Тухайн дүрмийн 4.9-т орон сууц ашиглах талаар онцгой нөхцөлийг тусгасан. Үүний 4.9.5-д технологийн орон сууцад амьдарч байгаа ажилтан өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд, өмнө нь орон сууц хувьчилж авч байгаагүй. *-аас ямар нэгэн нөхөн олговор байр болон орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдаагүй. Одоо өөр амьдрах орон сууц байхгүй юм. Талийгаачийн хувьд *-ын байгууллагад 38 жил ажиллаж байгаад 2016 онд тэтгэвэрт гарсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан байдаг. Одоо хариуцагчийн хүүхдүүд болох * нар нь *-ын Сайншанд татах хэсэгт хоёулаа туслах машинистаар ажиллаж байгаа. Хавтаст хэрэгт нотлох баримт шинжлэн судлуулахад ажлын газрын үнэмлэх, ажлын газрын даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаа. Иймд тус дүрмийн 9.5-д заасан ажиллаж байх хугацаандаа буюу тэтгэвэр тогтоолгосон, нас барсан тохиолдолд мөн гэр бүлийн гишүүд болох үр хүүхэд нь ажиллаж байгаа бол холбогдох баримт бичгийг бүрдүүлж энэ журамд заасны дагуу орон сууцны эрхийн бичгийг нэр шилжүүлэн гэрээг шинэчилж байгуулж үргэлжлүүлэн ашиглаж болно гэсэн заалтууд Төрдэлгэрийн гэр бүлд хамаарах заалт байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл орон сууцны дүрмийн гол зорилго нь тухайн байгууллагад ажиллаж байгаа залуу боловсон хүчингээ тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд орон сууцаар хангах зорилготой юм. Мэдээж нэг ажилтныг гаргаад нөгөө ажилтныг оруулах нь чанарын хувьд ялгаагүй учраас Иргэний хуулийн 311.2-т албаны орон сууц эзэмшихтэй холбоотой харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулахтай холбогдсон журмын нэгэн адил үйлчилнэ. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжид байгуулах давуу эрхтэй бөгөөд хөлслүүлэгч үүнийг зөрчиж өөр этгээдтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ шинээр байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авахыг шаардах эрхтэй гэсэн заалт байгаа. Энэ заалтын дагуу үр хүүхдүүд нь бусад ажилтнаас тэргүүн ээлжид хүсэлтээ гаргаад үргэлжлүүлэн түрээсээр ашиглах боломж нь хуульд байгаа. Ийм учраас энэ ар гэрийн ахуй амьдралыг харгалзаж үзнэ үү. Тухайн байрнаас гарлаа гэхэд амьдрах өөр орон сууцгүй юм. Хариуцагч тухайн байранд зөвхөн хүү Эрдэнэтулгын хамт амьдардаггүй. Том охиныхоо гурван хүүхдийг багаас нь өөр дээрээ байлгаж харж ханддаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд иргэний үнэмлэх дээрх хаяг нь маргаан бүхий орон сууцны хаяг биш байна. Тухайн хаягт хамт амьдардаггүй гэж тайлбарласан. Үүнд хариуцагч тайлбарлахдаа тухайн орон сууцанд ирээд байрны гэрчилгээ бид нарын нэр дээр биш учраас албан ёсоор маргаан бүхий байранд амьдардаг гэсэн иргэний бүртгэл хийх боломжгүй байсан. Гэхдээ энэ хаягт амьдардаг учраас багийн Засаг даргын тодорхойлолтыг авчирсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн хүүхдүүд хүсэлтээ гаргаж тухайн байранд үргэлжлүүлэн амьдрах буюу орон сууцны дүрэмд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, 201 дүгээр байр 01 тоот байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-6/, байгууллагын технологийн орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг хүлээн авсан хүмүүсийн жагсаалтын хуулбар /хх-7-9/, *-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-808 дугаар Үндсэн хөрөнгө худалдан авах тухай тушаал, түүний хавсралтын хуулбар /хх-10-11/, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/22 дугаар Орон сууцны дүрэм батлах тухай тушаал, хавсралт *ийн орон сууцны дүрэм-ийн хуулбар /хх 12-26/, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-607 дугаар Орон сууцны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, тушаалын хавсралт Орон сууцны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт-ийн хуулбар /хх-27-29/, Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаар протоколын хуулбар, Сайншанд зангилааны орон сууцны хурлын комиссын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн протоколын хуулбар, Сайншанд зангилааны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орон сууцны комиссын хурлын протоколын хуулбар /хх-30-53/, нас барсны гэрчилгээ /хх-63/,*-ын ХНН-ийн Сайншанд зангилааны орон сууцны комиссын хурлын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар,/хх-69-76/, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 38/18/239 дугаар дүгнэлтийн хуулбар /хх-64-68/, *-ын орон сууцны төв комиссын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлийн хуулбар /хх 77-81/, хурлын тэмдэглэл/хх-95-96/ *ын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-617 дугаар жагсаалт батлах тухай тушаалын хуулбар хавсралт /хх 82-91/ зэрэг баримтыг,

Хариуцагчаас: Тайлбар /хх-118/ ,хүсэлт /хх-108/,үнэмлэхийн хуулбарууд /119-124/, тодорхойлолт /хх-125/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг сольсон.

Нэхэмжлэлийн хувийг хариуцагч *д гардуулсан баримт /хх-110-114/,

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Монгол Улсын Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад байгууллагын өмчлөлийн албан тушаалын орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг.

...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаалаар баталсан нийгэмлэгийн Орон сууцны дүрмийн 2.1.1-т албан тушаалын орон сууц гэж *-ын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн эрх бүхий албан тушаалтнуудад тухайн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд нь Төв комиссын шийдвэрийн дагуу олгосон орон сууцыг, 2.1.2-т "Технологийн орон сууц" гэж *-ын өртөө, зөрлөг, замын хэсэглэлүүдэд байнга оршин сууж ажиллаж буй ажилтнуудад зангилааны орон сууцны комиссын шийдвэрийн дагуу олгосон ... энэхүү журамд заасан хугацаанд хөлслүүлэх орон сууц болон нийтийн байрыг ойлгодог.

Мөн дүрмийн 2.6-д Албан тушаалын орон сууц ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан, ажлын байр өөрчлөгдсөн, тохиолдолд ажилтан албан тушаалын орон сууцыг нэг сарын дотор үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй.

Сайншанд зангилааны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 тоот мэдэгдлээр хариуцагч нарт орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоог хүртэл * ХНН-т албан тушаалын орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна.

Хариуцагч * нь * ХНН одоо ажилладаггүй өндөр насны тэтгэвэрт байдаг.

Иймд Орон сууцны дүрэм болон Иргэний хуульд зааснаар хариуцагч *г Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Мандах наран 1 хороолол 201 дүгээр байрны 07 тоот орон сууцнаас чөлөөлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч * нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Хариуцагч * болон нөхөр * нь нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг *-д 1984 оноос ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Хариуцагч * болон * нарын хүү * нар нь *-ын Татах хэсэгт туслах машинистаар ажиллаж байгаа ба маргаан бүхий орон сууцыг үргэлжлүүлэн түрээслэх боломжтой гэж тайлбарлах боловч энэ талаараа нэхэмжлэгч талд хүсэлтээ өгч шийдвэрлүүлээгүй гэжээ.

- Гал унтраах ангийн буюу *-ын албаны орон сууцанд амьдарч байсан ба уг орон сууцыг хүн амьдрах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарснаар тус байранд оршин сууж байсан 6 айлыг нүүлгэн Мандах наран 1 хорооллын орон сууцанд түр амьдрах орон сууцаар хангаж оруулсан гэх,

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Мандах наран 1 хорооллын * тоот буюу нэг өрөө 6 орон сууцыг Үндсэн хөрөнгөд худалдан авахаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/808 дугаар * *ын даргын тушаалаар шийдвэрлэжээ./хх-10-11/,

2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дээрх орон сууцны өмчлөгчөөр Монгол Зөвлөлтийн хувь хийлүүлсэн нийгэмлэг * Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани /РД:*/ гэж Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгджээ.

Хариуцагч *д *-ын ХНН-ийн албаны орон сууц болох Мандах наран 1 хорооллын * тоот орон сууцыг орон сууцны дүрмийн дагуу түр эзэмшүүлж байсан.

Нэхэмжлэгч нь Орон сууцны дүрмийн 2.1.1, 2.1.2, 2.6 дахь заалт, Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2 дахь хэсэгт зааснаар албаны орон сууцыг чөлөөлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууц чөлөөлөх талаар мэдэгдэл хүргэж байсан нь тайлбар болон нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч *д холбогдуулан гаргасан Мандах наран 1 хорооллын * тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1,311.2 дахь хэсэгт зааснаар Хариуцагч *д холбогдуулан гаргасан Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг Мандах наран 1 хорооллын * тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай * *ын нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,хариуцагч *гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * *-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ