Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 134/ШШ2023/00099

 

 

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 134/ШШ2023/00099

Говьсүмбэр аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Э 

Хариуцагч: Б.И 

 Хариуцагч:А.Т 

Хэлцлийн үүрэгт 10,045,000 төгрөг, шатахууны зардал 85,000 төгрөг, нийт 10,430,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э хариуцагч, хариуцагч А.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь тахианы махны борлуулалт хийдэг. Б.Э нартай харилцан тохиролцож, 2022 оны 08 дугаар сараас Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг Т газрыг ажиллуулдаг хувь хүмүүст бараа нийлүүлдэг болсон.

Б.Э нар нь фэйсбүүк чатаар түрээсийн гэрээ, үйл ажиллагаа явуулдаг газрын зураг болон фэйсбүүк хаяг, иргэний үнэмлэхийн зураг зэргийг явуулсны үндсэн дээр сар болгоны 15, 30-нд нийлүүлсэн барааны тооцоог хийж байхаар тохиролцож, бараа нийлүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын нийлүүлсэн барааны тооцооноос 300,000 төгрөгийг төлөөлгүй байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 01-нд хоног хугацаа хэтрүүлэхгүй гэж 10,045,000 төгрөгийн барааг 31-03УНЦ улсын дугаартай машинд ачуулж явуулсан. Би ядаж 5,000,000 төгрөгийн бараа өгье гэж хэлсэн. Гэтэл нэг мөсөн 10,000,000 төгрөгийн бараа авна гэхээр нь өгсөн. Гэтэл одоо хүртэл авч чадаагүй. Анх сар болгон тооцоогоо хийнэ гэсэн боловч эхний 2, 3 сар хугацаандаа өгдөг байсан. Сүүлдээ хугацаандаа өгөхөө больсон. Би удаа дараа хэлсэн. Ядаж бага багаар ч гэсэн мөнгөө хийчих гэсэн боловч одоо болтол ямар ч мөнгө хийгээгүй. 2023.01.16-ны өдрөөс хойш утсаа авахгүй болсон. Би цалингаа авч чадахгүй, санхүүгийн байдал хүнд байгаа ба сүүлийн саруудад цалингаасаа суутгуулсан. Иймд, тахианы манхын үнэ 10,345,000 төгрөг, хотоос Чойрт ирж, очсон шатахууны зардал 85,000 төгрөг, нийт 10,430,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагч А.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Манай пицца, чикений газар 2023 оны 01 дүгээр сарын 14-нөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй. Учир нь нөхөр, хүүхдүүдийн маань эрүүл мэндийн байдал тааруу байсан. Эмнэлгээр их явсан. Мөн Говьсүмбэр аймгийн дэлгүүрүүдтэй бичгээр гэрээ хийгээгүй, аман гэрээгээр итгэж, тохиролцоод бараагаа нийлүүлдэг байсан. Нярав, нягтлангууд нь тооцоогоо хийдэггүй, зөвхөн захирлууд нь хийдэг. Энэ шалтгааны улмаас тооцоо алдагдсан. Одоо хүмүүсийн худалдан авах чадвар муу байгаа. Хугацаа хоцроосон 300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад 10,045,000 төгрөгний баримт байгаа. Би бүгдийг хүлээн зөвшөөрч байгаа. Ажиллаагүй шалтгаанаа тайлбарласан. Төрийн банкинд манайх бизнес эрхлэгчдийн зээлд хамрагдах хүсэлт өгсөн байгаа. Манай зээл дээр ажиллаж байгаа Батбилэг гэдэг эдийн засагчийн бие нь өвдөөд зээл удаашралтай байгаа. Тэр бүтэх юм бол аль болох хурдан, бүтнээр нь төлөх хүсэлтэй байгаа. 06 дугаар сарын 01-нд захиалга их байдаг. Тэгэхээр борлуулалтаа бодоод Говьсүмбэр аймгийн худалдан авах чадварыг үндэслээд хэлсэн хугацаа маань 06 дугаар сарын 30. Гэхдээ банкны зээл бүтэх юм бол аль болох хурдан өгнө. Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр халамжийн газраас манай төсөл шалгарсан ба энэ бол зээл биш. Банкин дээр байгаа зээлүүд ямар нэгэн хугацаа хэтэрсэн зүйл байхгүй байгаа учир манай зээл гарах боломжтой. Чойрын дэлгүүрүүд тухайн бараагаа авч зарж дуусаад дараа нь төлбөрийг өгнө гэдэг. Буцаж орж ирсэн мөнгөнөөс зарим хэсгийг зээлэндээ өгсөн. Учир нь, дахин зээл гаргахын тулд зээлийн хугацаа хэтрүүлэхгүй байх ёстой байсан. Тухайн үед гэнэтийн эрүүл мэндийн шалтгааны улмаас манай пицца, чикений газар үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Би нэхэмжилж байгаа 10,345,000 төгрөгийг заавал төлнө гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Б.Э нарт холбогдуулан хэлцлийн үүрэгт 10,345,00 төгрөг, шатахууны зардал 85,000 төгрөг, нийт 10,430,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Анх хариуцагч А.Т, Б.И нартай фейсбүүк чатаар харилцаад аман тохироогоор хэлцэл хийж, бараа нийлүүлсэн ба сар болгоны 05-наас өмнө тооцоогоо хийхээр тохиролцож, эхний 2, 3 сард хугацаандаа мөнгөө төлдөг байсан ба сүүлдээ төлөхөө больсон, 2022 оны 10 дугаар сард нийлүүлсэн барааны тооцооноос 300,000 төгрөг дутуу байгаа, 2023 оны 01 дүгээр сарын 01-нд 10,045,000 төгрөгийн бараа нийлүүлсэн боловч төлөөгүй, би цалингаа авч чадахгүй санхүүгийн байдал хүнд байгаа. Сүүлийн саруудад цалингаасаа суутгуулсан. Иймд, тахианы махны үнэ 10,345,000 төгрөг, хотоос Чойрт ирж, очсон шатахууны зардал 85,000 төгрөг, нийт 10,430,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч, хариуцагч А.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И нь надад байгаа 10,345,000 төгрөгийн баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зарлагын баримт, түрээсийн гэрээ, фото зураг, и-баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь сар бүрийн 15, 30-нд тахианы мах нийлүүлэх, хариуцагч нар үнийг төлөхөөр амаар харилцан тохиролцжээ.

Улмаар хариуцагч нар 2022 оны 10 дугаар сард авсан тахианы махны тооцооноос 300,000 төгрөгийг дутуу төлсөн, нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд 10,045,000 төгрөгийн тахианы мах нийлүүлсэн байна.

 

5. Талууд тахианы махны үнийн дүн, нийлүүлсэн барааны талаар маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасан ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч худалдагч Б.Э нь тахианы махыг худалдах, худалдан авагч Б.И, А.Т нар нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон тул худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ хэмээн заажээ.

Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх болон түүний үнийг тохиролцсон байхыг шаарддаг ба зохигчдын энэхүү хүсэл зориг нь илэрхийлэгдсэн байна.

Иймд, хариуцагч, хариуцагч А.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И нараас хэлцлийн үүрэгт 10,345,00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

 7. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотоос тус аймагт удаа дараа ирсэн боловч зөвхөн нэг удаагийн шатахууны зардал 85,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. хэмээн заажээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь шатахууны зардлыг нэхэмжлэх эрхтэй ба хэрэгт авагдсан и-баримтаар гүйлгээ хийсэн болох нь тогтоогдож байх тул шатахууны зардал 85 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

8. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 181,830 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг баримтлан хариуцагч Т.А, Б.И  нараас 10,430,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А, Б.И нараас улсын тэмдэгтийн хураамжид 181,830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ЦОГЗОЛМАА