Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2023/00179

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2023/00179

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 224Б тоотод оршин суух, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, Боржигон овогт Балжмаагийн Сарнайгийн /РД:МЮ89011560/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХААН банкны Зүүнхараа салбарт холбогдох

ХААН банкны Зүүнхараа салбарын ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, гэмт хэрэгт гүтгэгдсэний улмаас сэтгэл санаа, нэр төр, эрүүл мэндээр хохирсны хохиролд 200000000 төгрөг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сарнай, түүний өмгөөлөгч Б.Доржпүрэв /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сарнай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сард ХААН банкинд теллерийн ажилд түр томилогдсон. 2016 оны 10 дугаар сарын 20-нд ахлах теллер болж тушаал ахисан. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захирал Ууганбаяр дуудаад дээд газраас шалгалт ирж байгаа тийм учраас чамайг түр түдгэлзүүлэх шаардлагатай байна гээд түдгэлзүүлсэн. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ХААН банкны дотоод аудитын дүгнэлт гарсан ирж танилц гэхээр нь би Сэлэнгэ аймгаас суудлаар ирж танилцаад гарын үсэг зурсан. Тухайн үед банкинд учирсан хохирлыг төлөх нь ахлах теллерийн үүрэг гэж ойлгуулсан. Чамайг албан тушаал бууруулж авч үлдье дутагдлыг арилгаж хохирлыг төлөх ёстой гэсэн. Тэгээд би ажлаа хийж байгаад хохирлыг төлье гэж бодоод хохирол төлөх талаар гараар бичиг хийж өгсөн. Банкны хуулийн ажилтан нь шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж 8400000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрлийн гэрээ гарсны дараа 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр намайг ажлаас халсан. Халах тушаалыг би 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гардаж аваад сэтгэл санаагаар маш их унаж халуураад 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эх нялхсын эмнэлэгт хэвтээд хагалгаанд орсон. Эмч надад тухайн үед ураг болон савыг чинь авах шаардлагатай гэсэн. Тэгээд би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд эмнэлгээс гараад 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шалгасан боловч 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн шүүх хурал болж шүүхээс намайг цагаатгасан. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд хандаж уг нэхэмжлэлийг гаргасан. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс одоог хүртэл ажилгүй байсан хугацааны цалинд сарын 1100000 төгрөгөөр тооцож 71500000 төгрөгийг гаргуулах, ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, эрүүл мэнд, нэр төр, санаа сэтгэлээр хохирсны нөхөн төлбөрт 200000000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельс гудамжны 12 дугаар байр, № 610 тоотод оршин суух, 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Шалбаг овогт Сүрэнжавын Гантогтохоос /РД:ОЭ86012212/ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Б.Сарнай нь ахлах теллерээр ажиллаж байхдаа их кассыг хариуцан ажиллаж байсан. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Ажлын байрны тодорхойлолтын 2-20-д заасныг зөрчиж 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дотоод аудитын тайлангаар зөрчил гаргасан нь тогтоогдсон. Тухайн үед Б.Сарнай нь хохирлыг төлнө гэж өөрийн гараар бичиг хийж өгсөн байдаг. Б.Сарнай нь 7 удаагийн үйлдлээр 8400000 төгрөгийг дутагдуулсан учир ноцтой зөрчил гаргасан гэж үзээд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас халсныг эс зөвшөөрвөл нэг сарын дотор, 2022 оны Хөдөлмөрийн тухай хуульд шүүхэд гомдол гаргах хугацааг 30 хоногийн дотор гэж заасан байдаг. Б.Сарнай нь анх 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхээс уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж шалгаад эрүүгийн журмаар шалгах шаардлагатай гэж үзсэн. Эрүүгийн журмаар шалгаад 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаан болж цагаатгах тогтоол гарсан байдаг. Уг цагаатгах тогтоолоор Б.Сарнайг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзээгүй эргэлзээ төрж байна, завшсан гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн шүүгдэгчид ашигтайгаар гэж цагаатгасан. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цагаатгах тогтоол нь хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Б.Сарнай нь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хэлэлцээд цагаатгах тогтоол 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүчин төгөлдөр болсон гэж дүгнэн шийдвэрлэсэн шүүхийн тогтоол байдаг. Гэтэл ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нь шүүхэд гомдол гаргах хугацааг 6 хоногоор хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг хангах боломжгүй. Хоёрдугаар шаардлагын хувьд бол ХААН банкны зүгээс Б.Сарнайг гэмт хэрэгт гүтгэсэн зүйл огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 70200 төгрөг, 1157950 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн тухай баримт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № 103 дугаартай цагаатгах тогтоолын хуулбар, мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн № 2018/ШЗ/948 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ХААН банкны 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн № 18/43 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай салбарын захирлын тушаал, № 0419191 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.Сарнайгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбар гаргаж, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолтын хуулбар, дотоод аудитын тайлан, төлбөр зөрчлийн актын хуулбар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн № 318 дугаартай эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № 103 дугаартай цагаатгах тогтоолын хуулбар, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № 2022/ШЗ/02 дугаартай хэргийг хэлэлцүүлэхгүй тухай захирамжийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн № 149/ШТ2023/00005 дугаартай шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүгчийн захирамжийг хянасан тухай тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч Б.Сарнайгийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлж, гэрчээр Д.Балжмааг асууж мэдүүлэг авсан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сарнай нь ХААН банкны Зүүнхараа салбарын ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, гэмт хэрэгт гүтгэгдсэний улмаас сэтгэл санаа, нэр төр, эрүүл мэндээр хохирсны хохиролд 200000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ХААН банкны Зүүнхараа салбар нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Сарнай нь ХААН банкны Зүүнхараа салбарт ахлах теллерээр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллахаар болж ХААН банкны Зүүнхараа салбарын захирал Б.Ууганбаяр, Зүүнхараа салбарын ахлах теллер Б.Сарнай нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

ХААН банкны Зүүнхараа салбарын захирлын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн № 18/43 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Б.Сарнайг өдөр тутмын ажилдаа кассын үйл ажиллагааны технологи журмыг мөрдөж ажиллаагүй, ажлын байрны давуу талаа ашиглан өөрийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор АТМ дутуу цэнэглэсэн, 8400000 төгрөгийг хувьдаа авч ашигласан, өөрийн хариуцсан касст дутагдал үүсгэсэн үйлдлээр ХААН банкны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.2.4, 5.3.1, 5.4.1, 5.4.2, 5.5.2, 5.9.2, БАНКС программ ашиглах технологи журмын Нийтлэг үндэслэл 1.4, 1.8, Хориглох зүйлийн 1.4, Кассын үйл ажиллагааны технологи журмын 3, 4 дүгээр бүлэг 6, АТМ-ын үйл ажиллагааны зааварчилгааны 3.1.2, 3.1.8, 3.1.9, 3.1.29, ажлын байрны тодорхойлолтын 2.17, 2.20, 2.27, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж 5.7.2, 5.7.3, 5.7.13, 5.7.14-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон Ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч Б.Сарнай нь ажлаас халах сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд хандан 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд хандпан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3300000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд № 2018/ШЗ/948 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон гэж Б.Сарнайгийн нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3300000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мөнхсүхээс 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр № 183200183 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж улмаар яллагдагчаар татаж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Б.Сарнайд холбогдох 1832001830098 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлснийг шүүх хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд № 103 дугаартай цагаатгах тогтоолоор Б.Сарнай нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Б.Сарнайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Сарнайг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийг ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргасан боловч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № 2022/ШЗ/02 дугаартай захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэлэлцүүлэхгүй орхиж шиййдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Сарнай нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн № 318 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж хүчингүй болгуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан боловч тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн № 149/ШТ2023/00005 дугаартай шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүгчийн захирамжийг хянасан тухай шүүхийн тогтоолоор шинэ нотлох баримт гэдгийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд хүсэлт гаргах байсан атал 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нь хуулийн хугацааг 10 хоногоор хэтрүүлэн гаргасан гэж дүгнэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүгчийн захирамжийг хянуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ХААН банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Сарнайг ХААН банкны Зүүнхараа салбарын ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, гэмт хэрэгт гүтгэгдсэний улмаас сэтгэл санаа, нэр төр, эрүүл мэндээр хохирсны хохиролд 200000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг 06 хоногоор хэтрүүлсэн нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн № 318 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хэлэлцсэн тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн № 149/ШТ2023/00005 дугаартай шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүгчийн захирамжийг хянасан тухай шүүхийн тогтоолын ҮНДЭСЛЭХ хэсэгт дурьдсанаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Б.Сарнай нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай маргааны талаарх гомдлоо буюу ХААН банкны Зүүнхараа салбарын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18/43 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушалтай холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эцэслэн шийдвэрлэсэн гэж дүгнэх боломжгүй тул хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Сарнай нь ХААН банкны Зүүнхараа салбарын захирлын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн № 18/43 дугаартай ажлаас халах тухай тушаалд заасан 8400000 төгрөгийг хувьдаа авч ашигласан болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Б.Сарнайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Сарнайг цагаатгаж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № 103 дугаартай цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд Б.Сарнайг ХААН банкны Зүүнхараа салбарын ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Сарнай нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гэж сарын 1100000 төгрөгөөр тооцон 71500000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Б.Сарнай нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт ажилд орж одоог хүртэл ажиллаж байх тул 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны буюу 41 сарын хугацааны цалин болох сарын 1100000 төгрөгөөр тооцон /1100000 х 41 сар = 45100000/ төгрөгийг ХААН банкны Зүүнхараа салбараас гаргуулж нэхэмжлэгч Б.Сарнайд олгох, цалинд нэхэмжилсэн үлдэх 26400000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ХААН банкны Зүүнхараа салбарт даалгах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Б.Сарнай нь гэмт хэрэгт гүтгэгдсэний улмаас сэтгэл санаа, нэр төр, эрүүл мэндээр хохирсны хохиролд 200000000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч ХААН банкны Зүүнхараа салбараас Б.Сарнайг гэмт хэрэгт гүтгэсэн биш ХААН банкинд учирсан 8400000 төгрөгийн хохирлын асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлсэн асуудал бөгөөд үүнээс болж эрүүл мэндээр хохирсон болох нь тогтоогдохгүй байх бөгөөд Б.Сарнай нь баруун, зүүн үрийн хоолойн архаг үрэвсэлтэй байсан нь хүндэрч хагалгаанд орсон болох нь амбулаториор эмчлүүлэгсдийн картанд авагдсан биопси, мэс заслын сорьцын шинжилгээний илгээлтээр тогтоогдож байх тул 200000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг, 1157950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан учир хариуцагч ХААН банкны Зүүнхараа салбараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сарнайд олгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сарнайг ХААН банкны Зүүнхараа салбарын ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 45100000 төгрөгийг гаргуулж Б.Сарнайд олгож, үлдэх 26400000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ХААН банкны Зүүнхараа салбарт даалгаж, нэхэмжлэлээс 200000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг, 1157950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХААН банкны Зүүнхараа салбараас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сарнайд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.