| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2022/04157/И |
| Дугаар | 182/ШШ2023/00877 |
| Огноо | 2023-03-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2023/00877
2023 03 07 182/ШШ2023/00877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн 7 дугаар гудамж, 171а тоот хаягт оршин суух, Бэсүд овогт Цэдэвийн Насанбат /РД:ВА87051716/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын 33 дугаар гудамж, 475 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Лхамжавын Алтанцэцэг /РД:НЮ61021664/-д холбогдох
Эрх шилжүүлэх гэрээг цуцалж 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд,
Хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Н нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Ц.Н хариуцагч Л.А нар нь 2022 оны 06 сарын 06-ны өдөр "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг хариуцагч Л.А нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нандинтуяад итгэмжлэл хийж өгсөн бөгөөд Ц.Н нь эрх бүхий этгээдтэй түүний эзэмшлийн Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг Өргөн булгийн эх-02-р гудамж, 04 тоот, хаягт байрлах, улсын бүртгэлийн Э-1426000289 дугаартай, 4116037912 нэгж талбарын дугаартай 699 м.кв талбайтай зуслангийн газрыг 4,000,000 төгрөгөөр шилжүүлэн авахаар тохиролцсон байдаг.
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд Л.Нандинтуяагийн зөвлөснөөр "газрын эрх шилжүүлэх татвар"-ыг багасгах зорилгоор 4,000,000 төгрөгийг 1,000,000 төгрөг гэж тусгасан.
Мөн энэ хугацаанд 2022 оны 06 сарын 06-ны өдөр Ц.Нын хүргэн ах С.Майдар нь Л.Аийн охин А.Эрдэнэсувдын эзэмшлийн улсын бүртгэлийн Э-1426000302 дугаартай, 4116037913 нэгж талбарын дугаартай 699 м.кв талбайтай газрыг 4,000,000 төгрөгөөр шилжүүлж авахаар гэрээ байгуулсан байдаг.
2022 оны 06 сарын 06-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан даруйд Ц.Н нь өөрийн төрсөн эгч Ц.Ариунаагийн Хас банкны 5000471150 тоот данснаас Л.Аээс олгосон итгэмжлэлийг үндэслэн Л.Нандинтуяагийн Хаан банкны дансанд өөрийн шилжүүлэн авахаар тохиролцсон газрын үнэ 4,000,000 төгрөг болон С.Майдарын А.Эрдэнэсувдаас шилжүүлэн авахаар тохиролцсон газрын үнэ 4,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгөөс 2 газар шилжүүлсний татварт тус бүр 100,000 төгрөг нийт 200,000 төгрөгийг хасаж 7,800,000 төгрөгийг шилжүүлсэн.
Ингээд Ц.Н нь төлбөрөө төлсөн тул Төв аймгийн Монгол шуудангийн салбараар эрх шилжүүлэх гэрээ, газрын гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг Төв аймгийн Баянчандмань сумын газрын албанд 2022 оны 06 сарын 06-ны өдөр шуудангаар хүргүүлсэн.
Гэтэл 2022 оны 06 сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын газрын албанд гаргасан Ц.Нын өргөдөл, газрын эрх шилжүүлэх гэрээ, газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг тус сумын газрын албанаас Л.А нь буцаан авсан учраас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газрын эрх Ц.Нын нэр дээр шилжээгүй.
Улмаар Ц.Над "газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжээгүй тул тус гэрээнээс татгалзаж газрын үнэд төлсөн 4,000,000 төгрөгийг буцаан авахаар 2022 оны 7 сард Л.Аээс шаардсан.
Л.А нь "газрын үнэ 4 сая төгрөгөө буцаан аваарай, одоохондоо мөнгө муутай байна удахгүй буцаан өгнө гэж хариу өгсөн боловч өнөөдрийг хүртэл газрын үнийг буцаан төлөөгүй байна.
Хариуцагч тал гэрээнээс татгалзсаныг зөвшөөрч байгаа ба харин Л.Нандинтуяагаас хоёр газрын үнэ 5,800,000 төгрөг хүлээн авснаас Ц.Над нэг газрын үнэ 2,900,000 төгрөг төлнө гэснийг зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл Л.А түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нандинтуяа нарын хооронд хийсэн хэлцэл нь тусдаа эрх зүйн харилцаа юм. Харин тухай хоёр этгээдийн хэлцлээс нэхэмжлэгч Ц.Н хохирох үндэслэлгүй тул эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй Л.Аээс 4,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.
Мөн хариуцагч Л.Аийн охин А.Эрдэнэсувдын газрын эрх С.Майдарын эзэмшилд мөн адил шилжээгүй тул түүнээс нэг газрын үнэ 4,000,000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн шүүх дээр байгааг дурдах нь зүйтэй гэж бодож байна.
Иймд Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн үнэ 4,000,000 төгрөгийг хариуцагч Л.Аээс гаргуулж өгнө үү байна гэв.
2. Хариуцагч Л.А татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний таньдаг Л.Нандинцэцэг нь Сэржмядаг Вансэмбэрүү гэсэн фейсбүүк хаягаар газар зарна гэсэн газрын бичлэг явуулж байсан ба би түүнтэй холбогдоод өөрийн болон охиныхоо газрыг зарах талаар хэлэхэд тэрээр хоёр газрынхаа кадастрын зургийг явуулчих гэсэн. Хэсэг хугацааны дараа Л.Нандинцэцэг уг хаягаар egazar.gov.mn сайтаас миний зарах гэж байгаа газрын зургийг явуулсан.
Ингээд 2022 оны 05 сарын 23-нд өөрийн газар болон охин А.Эрдэнэсувдын газрыг Л.Нандинцэцэгээр заруулахаар холбогдоход тэрээр нэг газрыг 3,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь зөвшөөрсөн юм.
2022 оны 06 сарын 06-нд Л.Нандинцэцэг таны хоёр газрыг хүн авахаар боллоо...газар зарах итгэмжлэл хийлгэчих гээд дүү Л.Нандинтуяаг явуулсан. Миний бие болон охин А.Эрдэнэсувд бид хоёр Л.Нандинтуяад итгэмжлэл олгоод хоёр газрынхаа гэрчилгээг өгсөн. Энэ өдрийн үдээс хойш миний дансанд газрын үнэ 5,800,000 төгрөг шилжиж ирсэн.
2022 оны 06 сарын 13-нд Л.Нандинтуяа нь таны хоёр газрын эрх шилжихгүй байна...энэ талаар засаг даргатайгаа очоод уулзаарай гэсэн боловч би уулзаж чадаагүй юм. Тэгэхээр Л.Нандинтуяа нь нэг газрыг 3,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон боловч Ц.Над 4,000,000 төгрөгөөр зарж 1,000,000 төгрөгийг өөрөө авсан байна. Л.Нандинцэцэг нь 3 сая төгрөгөөр газар зардаг болох нь түүний фейсбүүк хаяг дээрх зарлал мөн над руу бичиж байсан чатаар нотлогдож байгаа юм.
Түүнийг газрын үнэ нэмж зарсан болохыг би мэдээгүй бөгөөд энэ талаар Ц.Над хэлэхэд огт хүлээж авахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагч Л.Аийн өмгөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Газрын эзэмшигч Л.А нь газрын эрх шилжүүлэх үнийг 3,000,000 төгрөгөөр худалдахаар Л.Нандинцэцэгтэй тохиролцсон бөгөөд түүний дүү Л.Нандинтуяад итгэмжлэл олгож, гэрчилгээгээ өгсөн байдаг.
2022 оны 06 сарын 06-ны өдөр Л.Нандинтуяа нь хоёр газрын үнэ 5,800,000 төгрөгийг Л.Аийн банкны дансаар шилжүүлснээр газрын үнийг хүлээн авсан. Энэ 5,800,000 төгрөгийн 2,900,000 төгрөг нь Ц.Нтай байгуулсан гэрээний үнэ юм.
Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа ба гэрээний зүйл болох газрын эрх нь эрхийн доголдолтой байжээ. Өөрөөр хэлбэл Л.Аийн эзэмшлийн газар нь сумын газрын төлөвлөлтөд орсон тул эрх шилжих боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Иймд газар эзэмших эрх нэгэнт шилжих боломжгүй болсон тул өөрийн хүлээн авсан 2,900,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин Л.Нандинтуяагийн хүлээн авсан 1,100,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, түүнээс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2022.06.06-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, итгэмжлэл, кадастрын зургийн хуулбар, Хас банкны дансны хуулганы хуулбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Хас банкны дансны хуулганы хуулбар, фото зураг, Монгол шуудан ХК-ийн тодорхойлолт /хх-ийн 2-9, 32-33, 53-54, 88/,
Хариуцагчаас гаргасан нотлох баримт: хариу тайлбар, итгэмжлэл, дансны хуулганы хуулбар, фото зураг, хариу тайлбар, мессенжер чатын зураг /хх-ийн 15, 19-22/,
Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт: Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын лавлагаа, газрын кадастрын систем, өргөдөл авсан тодорхойлолт, гэрч Л.Нандинтуяагийн мэдүүлэг, /хх-ийн 47-49, 84-87/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н хариуцагч Л.Ат холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...Л.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нандинтуяатай газрын эрх шилжүүлэх гэрээг нэг сая төгрөг гэж бичгээр байгуулсан хэдий ч бодит байдлаар 4,000,000 төгрөг гэж тохиролцож хоёр газрын үнэ 7,800,000 төгрөгийг шилжүүлсэн...Л.А нь эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж түүнд шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Л.Нандинтуяад нэг газрыг 3,000,000 төгрөгөөр худалдахаар итгэмжлэл олгосон хэдий ч тэрээр 4,000,000 төгрөгөөр Ц.Над худалдсан байна...тухайн газар нь газар төлөвлөлтөд орох болсноор Ц.Над эрх шилжээгүй тул гэрээнээс татгалзсаныг зөвшөөрч байна...харин өөрийн хүлээн авсан 2,900,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө...1,100,000 төгрөгийг Л.Нандинтуяа хариуцна гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг Өргөн булгийн эх 2 гэх хаягт орших гэр бүлийн хэрэгцээний зуслангийн 699 м.кв талбай бүхий газрын эзэмшигч хариуцагч Л.А болох нь иргэний газар эзэмших эрхийн 00031662 тоот гэрчилгээ болон тухайн газрын кадастрын зургаар тогтоогдож байна. /хх/
Л.А нь өөрийн эзэмшлийн уг газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг Л.Нандинтуяад олгосон ба уг итгэмжлэлийг 2022 оны 06 сарын 06-ны өдөр нотариатч гэрчилжээ. /хх/
Дээрх итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нандинтуяа нь нэхэмжлэгч Ц.Нтай 2022 оны 06 сарын 06-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ бичгээр байгуулжээ. /хх/
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр эрх шилжүүлэгч Л.А нь өөрийн эзэмшлийн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг Өргөн булгийн эх 2 гэх хаягт орших гэр бүлийн хэрэгцээний зуслангийн 699 м.кв талбай бүхий газрыг эрх хүлээн авагч Ц.Над шилжүүлэх, гэрээний үнийг 1,000,000 төгрөг гэж талууд тохирсон байна.
Талууд эрх шилжүүлэх гэрээнд газар эзэмших эрхийг 1,000,000 төгрөг гэж бичсэн байх хэдий ч уг газрын эзэмших эрхийг 4,000,000 төгрөгөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хоёр газрын үнэ болох 7,800,000 төгрөгийг Ц.Ариунаагийн Хас банкны данснаас хариуцагч Л.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нандинтуяагийн данс руу 2022 оны 06 сарын 06-ны өдөр шилжүүлсэн дансны хуулгаар, мөн талууд эрх шилжүүлэх гэрээний үнийг 4,000,000 төгрөгөөр тохиролцсон талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Л.Нандинтуяагийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд талуудын байгуулсан дээрх хэлцлийн агуулгаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр эрх шилжүүлэгч Л.А өөрийн эзэмшлийн газрын эрхийг шилжүүлэх, эрх хүлээн авагч Ц.Н газар эзэмших эрхийн үнэ 4,000,000 төгрөг төлөх тус тус үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Н нь эрх шилжүүлэх гэрээ, түүнтэй холбогдох бичиг баримтыг Төв аймгийн Баянчандмань сумын газрын албанд шуудангаар хүргүүлсэн байх ба уг бүртгэлийн дугаартай илгээмжийг газрын албаны ажилтан хүлээн авсан хэдий ч гэрээний зүйл болох Л.Аийн газар эзэмших эрх бусад этгээдэд шилжүүлсэн бүртгэл бүртгэгдээгүй болох нь Монгол шуудан ХК-ийн 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 09/653 тоот, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 07/40 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч Л.А нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь эд хөрөнгийн эрхийн доголдолтой гэж үзэхээр байх ба энэхүү доголдлыг арилгах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эрх шилжүүлэх гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг шаардах эрхтэй дүгнэлээ.
Хариуцагч тал гэрээнээс татгалзсан шаардлагыг зөвшөөрч байгаа хэдий ч өөрийн хүлээн авсан 2,900,000 төгрөг төлж, харин 1,100,000 төгрөгийг Л.Нандинтуяа хариуцна гэж маргадаг.
Гэтэл хариуцагч Л.Аээс эрх шилжүүлэх итгэмжлэл авсан Л.Нандинтуяа шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...Л.А нь нэг газрыг 3,000,000 төгрөгөөр буюу хоёр газрыг 6,000,000 төгрөгөөр заруулахаар надад итгэмжлэл өгсөн...,харин газар тус бүр дээр 1,000,000 төгрөг нэмж зах зээлийн ханшаар нэг газрыг 4,000,000 төгрөг буюу 8,000,000 төгрөгөөр Ц.Нтай амаар тохиролцоод 7,8000,000 төгрөгийг хүлээн авсан ба Л.Ат 5,800,000 төгрөг шилжүүлж, үлдэх 2,000,000 төгрөг Л.Нандинцэцэг бид хоёрын ажлын хөлс бөгөөд үүнд газар үзүүлэх, зуучлалын зардал багтсан...,зуучлалын хөлсийг нэмж худалдах талаар Л.Атэй амаар тохиролцсон...,
Л.Аээс олгосон үүргээ миний бие бүрэн биелүүлсэн харин газрын эрх шилжих үйл баримт нь эзэмшигч Л.Аийн өөрийн эрхтэй холбоотой тул зуучлалын хөлсөнд авсан 1,100,000 төгрөгийг би төлөх үүрэггүй гэжээ.
Гэрч Л.Нандинтуяагийн мэдүүлэг, Ц.Ариунаагийн Хас банкны данснаас Л.Нандинтуяагийн дансанд 7,800,000 төгрөг, улмаар Л.Нандинтуяагаас Л.Аийн дансанд 5,800,000 төгрөг тус тус шилжүүлсэн зэрэг нотлох баримтууд нь хэрэг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байх ба эдгээр баримтаас үзэхэд хариуцагч Л.А, гэрч Л.Нандинтуяа нарын хэлцэл нь Л.А, Ц.Н нарын хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх хэлцэлтэй хамааралгүй байна. Иймд хариуцагч Л.А нь өөрт учирсан хохирлоо бусдаас нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Л.Аээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэ 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Над олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Л.Аээс 78 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Над олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 182/ШЗ2022/15468 дугаар захирамжид заасан Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын 33 дугаар гудамж, 475 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Лхамжавын Алтанцэцэг /РД:НЮ61021664/-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН