| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2022/04283/И |
| Дугаар | 182/ШШ2023/01107 |
| Огноо | 2023-04-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2023/01107
2023 04 06 182/ШШ2023/01107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 111-2 тоот хаягт оршин суух, БНСУ-ын иргэн ЧВЖ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 05 дугаар хороо, МН товер, 10 давхар, 11 тоот хаягт байрлах, ГК ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүрэг 05 дугаар хороо 15 дугаар хороолол /13342/, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 орцны 149 тоотод байрлах, 2 өрөө 42,74 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Амаржаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч ЧВЖ /СНАЕ WON JUN/ нь "Тунамал хийц" ХХК-тай 2017 оны 11 сарын 02-ны өдөр "Эрх шилжүүлэх" тухай гэрээгээр "Гэрэгэ констракшн" ХХК-иас авах 257,661,500 төгрөгийн авлагыг нэхэмжлэх эрх шилжүүлж авсан.
"Тунамал хийц" ХХК болон Гэрэгэ констракшн" ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр "Бетон зуурмаг нийлүүлэх" 015/09 дугаар гэрээний дагуу бетон зуурмагийг нийлүүлж, 580,000,000 төгрөгийг "Гэрэгэ констракшн" ХХК төлөхөөр тохиролцсон. Улмаар 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр "Төлбөр барагдуулах хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр "Тунамал хийц" ХХК нь 543,939,000 төгрөгийн бетон зуурмагийг худалдан авагч "Гэрэгэ констракшн" ХХК-д нийлүүлэхээр тохиролцож, "Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 253,134,000 төгрөгийг худалдан авагч "Гэрэгэ констракшн" ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний дотор үл маргах журмаар төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.
"Тунамал хийц" ХХК болон "Гэрэгэ констракшн" ХХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний №2017/01/09 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ"-гээр бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл үнийн дүнгийн тодорхой хэсэгт 71А байрны 2 орцны 149 тоотод байрлах 2 өрөө 42.74 м.кв-ыг 55,562,000 төгрөгийн, мөн орцны 96 тоотод байрлах 3 өрөө 75.9 м.кв-ыг 98.670,000 төгрөгийн орон сууцнуудыг "Тунамал хийц" ХХК-д шилжүүлэх, "Тунамал хийц" ХХК-д 257,661,000 төгрөгийн бетон зуурмагийн төлбөрийг төлөхөөс энэхүү төлбөрт оролцуулан тооцож буй орон сууцуудын нийт үнийн дүн буюу 154,232,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 103,429,500 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхөөр талууд тохиролцсон.
Үүний дараа "Тунамал хийц" ХХК болон "Гэрэгэ констракшн" ХХК-ийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр "Орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх тухай" хэлцэл байгуулж, дээр дурдсан орон сууцуудыг СНАЕ WON JUN надад шилжүүлэн өгч, "ГК ХХК нь орон сууц захиалгын гэрээг шилжүүлэн хийхээр харилцан тохиролцсон.
Дээрх гэрээний дагуу "Гэрэгэ констракшн" ХХК-тай 257,661,500 төгрөгөөс 154,232,000 төгрөгийн авлагад Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Д.Лувсанцэвээний гудамж, УСУГ-ын ажилчдын 180 айлын орон сууцны 71А байрны 2 орцны 149 тоотод байрлах 2 өрөө 42.74 м.кв-ыг 55,562,000 төгрөгийн, мөн орцны 96 тоотод байрлах 3 өрөө 75.9 м.кв-ыг 98.670,000 төгрөгийн орон сууцуудыг CHAE WON JUN миний өмчлөлд шилжүүлэхээр 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр "Орон сууц захиалгаар бариулах" тухай №2017/02/25 дугаартай гэрээ байгуулсан.
2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн "Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн орон сууцыг Улсын комиссоос орон сууцыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн акт гарсны дараа гаргуулах, орон сууцны төлбөрийг "Тунамал хийц" ХХК-тай "Гэрэгэ констракшн" ХХК байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу бүрэн төлөгдсөн бөгөөд "Гэрэгэ констракшн" ХХК захиалагч буюу CHAE WON JUN захиалсан орон сууцыг гэрээний турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй.
Ингээд миний бие Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Гэрэгэ констракшн" ХХК-иас 103,429,500 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 71а байрны 2 орцны 96 тоот 75,90 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 71А байрны 2 орцны 149 тоотод байрлах 2 өрөө 42.74 2 м.кв талбайтай орон сууцнуудыг "Гэрэг констракшн" ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6, 4.1.2, 4.1.4, 5.1, 7.1-д заасны дагуу СHAE WON JUN- ний өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тул миний бие дээрх орон сууцуудын өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан өгөхийг хариуцагч "Гэрэгэ констракшн" ХХК-д даалгах шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00269 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан ГК ХХК-иас бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 103,429,500 төгрөг, алданги 51,714,750 төгрөг, нийт 155,144,250 төгрөгийг гаргуулан ЧВЖ /Chae Won Jun/-д олгож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 96 тоотод байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ЧВЖ /Chae Won Jun/-ыг бүртгэхэд шаардагдах бичиг баримтыг түүнд шилжүүлэн өгөхийг ГК ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 149 тоотод байрлах 42.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан өгөхийг даалгах тухай ЧВЖ /Chae Won Jun/-ны нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх шийдвэртээ Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 149 тоотод байрлах 42.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой
маргааныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 05129 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 11745 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 2018 оны 06 сарын 00409 дугаар гомдол шийдвэрлэх тухай тогтоол, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед ... тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан нөхцлийг бүрдүүлсэн тул энэ шаардлагад холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрт ГК ХХК давж заалдах журмаар гомдол гаргаж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 721 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба хариуцагч "Гэрэг констракшн" ХХК-ийн хувьд хяналтын журмаар гомдол гаргаж Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 001/XT2020/00171 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэж уг шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.
Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Улаанбаатар менежмент ХХК нь ГК ХХК, Д.Цэнд нарт холбогдуулан Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ, Орон сууц захиалгын гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэрэнгийн гудамж, 71А байрны 53, 23, 149 тоот хаягт оршин байрлах, нийт 141,687,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, 271,843,143 төгрөг гаргуулах, "Гэрэгэ констракшн" ХХК-ийн хөрөнгө нь 271,843,143 төгрөгийг төлөхөд хүрэлцэхгүй бол хүрэлцээгүй хэмжээний төлбөрийг хариуцагч Д.Цэндээс гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71а байрны 53 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай гуравдагч этгээд Г.Болорцэцэгийн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, УСУГ-ын 180 айлын орон сууцны 71а байрны 23 тоотод байрлах, 42.97 м.кв орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд Ц.Түмэннастын бие даасан шаардлагуудтай иргэний хэрэгт ЧВЖ /Chae Won Jun/-ы хувьд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01321 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 53 тоот, 44,97 м.кв бүхий 23 тоот, 45 м.кв бүхий 149 тоот, нийт 141,687,000 төгрөгийн үнэ
бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч "Улаанбаатар менежмент" ХХК-ийг тогтоож, орон сууц тус бүрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг "Улаанбаатар менежмент" ХХК-д гаргуулан өгөхийг хариуцагч "Гэрэгэ констракшн" ХХК-д даалгаж, хариуцагч "Гэрэгэ констракшн" ХХК-иас 271,843,143 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Улаанбаатар менежмент" ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Цэндэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д тус тус заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 53 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай гуравдагч этгээд Г.Болорцэцэгийн, 44,97 м.кв бүхий 23 тоот орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд Ц.Түмэннастын бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1457 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01321 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч "Гэрэгэ констракшн" ХХК- иас 271,843,143 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Улаанбаатар менежмент" ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97 м.кв бүхий 53 тоот, 44,97 м.кв бүхий 23 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууц тус бүрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг "Улаанбаатар менежмент" ХХК-д гаргуулан өгөхийг хариуцагч "Гэрэгэ констракшн" ХХК-д даалгах болон хариуцагч Д.Цэндэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг "Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97 м.кв бүхий 53 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай гуравдагч этгээд Г.Болорцэцэгийн, 44.97 м.кв бүхий 23 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай гуравдагч этгээд Ц.Түмэннастын бие даасан шаардлагуудыг тус тус хангасугай" гэж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00762 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1457 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01321 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч "Гэрэгэ констракшн" ХХК-аас 413,530,143 төгрөгийг гаргуулан "Улаанбаатр менежмент" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 23, 53, 149 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууц тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргуулж өгөхийг даалгах болон хариуцагч Д. Цэндэд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай" гэж, 2 дахь заалтыг "Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Болорцэцэгийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 53 тоот орон сууцны шударга эзэмшигчээр, Ц.Түмэннастыг тухайн байрны 23 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тус тус тогтоосугай" гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэсэн.
Дээрх Улсын дээд шүүхийн тогтоолд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, "Ус амин эрдэнэ" НҮТББ-ын захиалгатай 48 автомашины зогсоолтой, 180 айлын орон сууцны барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2017.02.02-ны өдрийн 2017/53 дугаартай актаар ашиглалтад хүлээн авсан, бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан 23, 53, 149 тоот орон сууцыг Г.Болорцэцэг, Ц.Түмэннаст, ЧВЖ нар нь "Гэрэгэ констракшн" ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр төлбөрийг төлж, орон сууцыг ашиглалтад орсноос хойш эзэмшиж байгаа, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст нэр бүхий иргэд өмчлөгчөөр бүртгэгдэхээр нэрс нь ирсэн байгаа талаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн тоотод дурдсан байна.
Улмаар Г.Болорцэцэг, Ц.Түмэннаст нар 23, 53, 149 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгуулахаар хэрэгт бие даасан шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч, нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэж маргасан, 149 тоотын оршин суугч ЧВЖ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна.
Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж, 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зохицуулсан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ...хариуцагч "Гэрэгэ констракшн" ХХК нь "Улаанбаатар менежмент" ХХК-д маргаж буй орон сууцыг төлбөрт тооцож, емчлалд нь шилжүүлэх үүрэг хүлээсэн атлаа уг гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байхад өөр этгээдийн өмчлөлд шилжүүлэх үр дагавар бүрий Орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл... гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Болорцэцэг, Ц.Түмэннаст нар хэн аль нь "Гэрэгэ констракшн" ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрөө төлсөн, улмаар Улсын комисс орон сууцыг байнгын ашиглалтад хүлээж авсан үеэс эхлэн гүйцэтгэгчийн зөвшөөрлөөр орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон
байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, хариуцагч нь орон сууцыг хэд хэдэн этгээдэд худалдсан боловч тухайн хөрөнгийг түрүүлж эзэмшилдээ авсан этгээд эзэмшилдээ авах давуу эрхтэй гэж дүгнэн, бие даасан
шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Болорцэцэг, Ц.Түмэннаст нарын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд шийдвэрлээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй гэж үзнэ. Тухайлбал, нэхэмжлэгчийг 71А байрны 23, 53, 149 тоотын өмчлөгчөөр тогтоох боломжгүй бол үнийг гаргуулахаар хамтад нь шийдвэрлэх байжээ.
Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар нэхэмжлэгчийг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй, нэхэмжлэлд дурдсан 3 орон сууцыг нэр бүхий этгээд хууль ёсоор эзэмшиж байгаа нь нотлогдсон тул түүнд орон сууцны үнийг гаргуулж олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцнэ гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хувьд 149 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэгч ЧВЖ /Сһае Won Jun/-ны хувьд Улсын дээд шүүхийн 2022 оны 00762 дугаар тогтоолоор уг орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа, гэрээний үндсэн дээр төлбөрийг бүрэн төлж, орон сууцыг ашиглалтад орсноос хойш эзэмшиж байгаа, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст нэр бүхий иргэд өмчлөгчөөр бүртгэгдэхээр нэрс нь ирсэн байгаа талаар дурдсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг орон сууцыг эзэмшиж, тухайн орон сууцанд бодит байдлаар амьдарч байгаа боловч Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 орцны 149 тоотод байрлах 2 өрөө 42.74 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч чадахгүй, өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай өдийг хүрлээ.
Дээр дурдсан шүүхийн шийдвэрүүд, магадлал, тогтоолоор уг шаардаж байгаа үл хөдлөх хөрөнгийн хувьд шүүх шийдвэрлээгүй тул уг шаардлагыг гаргасан болно. Иймд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 71А байрны 2 орцны 149 тоотод байрлах 2 өрөө 42.74 м.кв талбайтай орон сууцыг "Гэрэг констракшн" ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6, 4.1.2, 4.1.4, 5.1, 7.1-д заасны дагуу СНАЕ WON JUN-ний өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тул орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч "Гэрэгэ констракшн" ХХК-д даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч ГК ХХК шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2015.08.26-ны өдрийн 015/09 Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний хуулбар, 2017.11.02-ны өдрийн Эрх шилжүүлэх хэлцэл-ийн хуулбар, ЧВЖы гадаад паспортын хуулбар, Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар, Тунамал хийц ХХК-ийн шинэчилсэн дүрмийн хуулбар, Тунамал хийц ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эм Эс Эйч Эс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, БНСУ-ын хөрөнгө оруулалттай Эм Эс Эйч Эс ХХК-ийн шинэчлэгдсэн дүрмийн хуулбар, 2017.02.25-ны өдрийн №2017/02/25 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/00269 дугаар шийдвэрийн хуулбар, 2019 ооны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 721 дугаар магадлалын хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2020/00171 дугаар тогтоолын хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2020/01321 дугаар шийдвэрийн хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1457 дугаар магадлалын хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2022/00762 дугаар тогтоолын хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШЗ2022/12035 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Юнивишн ХХК-ийн төлбөр төлсөн баримт, Цахилгааны төлбөр төлсөн баримт, Телевизийн төлбөр төлсөн баримт /ХХ-ийн 10-65, 88-95/,
4. Хариуцагч талаас нотлох баримтаар: итгэмжлэл /ХХ-ийн 77/ зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ЧВЖ /СНАЕ WON JUN/ нь хариуцагч ГК ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 орцны 149 тоотод байрлах, 2 өрөө 42,74 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан дамжуулан оролцох эрхтэй. Нэхэмжлэгч нь И.Амаржаргалд, хариуцагч ГК ХХК нь 2023 оны 02 сарын 27-ны өдрийн 230227/07 дугаартай тоотоор Э.Эрдэнэчулуунд тус тус итгэмжлэл олгосон ба итгэмжлэл хүчин төгөлдөр байна.
Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг шүүх танилцуулсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун 2023 оны 02 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийн хүлээн авсан хэдий ч шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүхээс зохигч талуудад хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн, хариуцагч тал танилцаад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ЧВЖ /СНАЕ WON JUN/, хариуцагч ГК ХХК-ийн хооронд 2017 оны 02 сарын 25-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай 2017/02/25 тоот гэрээ байгуулсан ба уг гэрээний зүйл нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Г.Лувсанцэвээний гудамж, 71 А байр, 2 дугаар орц 11 давхар 149 тоот 42.74 м.кв орон сууцыг 55,562,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Г.Лувсанцэвээний гудамж, 71 А байр, 2 дугаар орц 02 давхар 96 тоот 75.90 м.кв орон сууцыг 98,670,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, нийт 154,232,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байх ба орон сууцны төлбөрийг Тунамал хийц ХХК-тай байгуулсан бетон зуурмаг гэрээний дагуу бүрэн төлсөн болно гэж тусгажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1...д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч ЧВЖ /СНАЕ WON JUN/ гэрээнд заасан орон сууцны төлбөрийг төлсөн болох нь дараахь үйл баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3...д Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8...д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж тус тус заажээ.
Тунамал хийц ХХК, ГК ХХК-ийн хооронд 2015 оны 08 сарын 26-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх тухай 015/09 тоот гэрээ байгуулагдсан байх ба гэрээний агуулгаас үзэхэд тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж, худалдагч Тунамал хийц ХХК нь 4,000 м бетон зуурмаг нийлүүлэх, худалдан авагч ГК ХХК бараа бүтээгдэхүний үнэ 580,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.
Тунамал хийц ХХК, БНСУ-ын иргэн ЧВЖ /СНАЕ WON JUN/ нарын хооронд 2017 оны 11 сарын 02-ны өдөр эрх шилжүүлэх хэлцэл байгуулж, уг хэлцлээр Тунамал хийц ХХК нь ГК ХХК-тай 2015 оны 08 сарын 26-ны өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний гүйцэтгэлд ГК ХХК-иас хүлээн авах 257,661,500 төгрөгийн эрхийг БНСУ-ын иргэн ЧВЖ /Chae Won Jun/д шилжүүлэхээр тохиролцож, талууд баталгаажуулсан байна.
Тунамал хийц ХХК нь ГК ХХК-иас шаардах эрхээ ЧВЖ /СНАЕ WON JUN/-д шилжүүлсэн, энэ нь хуульд нийцсэн хэлцэл болох мөн уг шаардах эрхээр нэхэмжлэгч ЧВЖ /Chae Won Jun/ нь хариуцагч ГК ХХК-тай байгуулсан 2017 оны 02 сарын 25-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай 2017/02/25 тоот гэрээний нэг орон сууц болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Г.Лувсанцэвээний гудамж, 71 А байр, 2 дугаар орц 02 давхар 96 тоот 75.90 м.кв орон сууцны өмчлөгч болсон болох нь тус шүүхийн 2019 оны 02 сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00269 тоот шийдвэрээр тогтоогдож байна.
Харин маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Г.Лувсанцэвээний гудамж, 71 А байр, 2 дугаар орц 11 давхар 149 тоотод орших 55,562,000 төгрөгийн үнэ бүхий 42.74 м.кв орон сууцны өмчлөлийн талаар Улаанбаатар менежмент ХХК-ийн нэхэмжлэлээр ГК ХХК, Д.Цэндэд холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00762 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх тогтоолын 14 дүгээр талд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар нэхэмжлэгчийг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй, нэхэмжлэлд дурдсан 3 орон сууцны үнийг гаргуулж олгох нь ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцнэ гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 23, 53, 149 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууц тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргуулж өгөхийг даалгах болон хариуцагч Д.Цэндэд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулжээ.
Иймд нэхэмжлэгч ЧВЖ /СНАЕ WON JUN/ нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Г.Лувсанцэвээний гудамж, 71 А байр, 2 дугаар орц 11 давхар 149 тоотод орших 55,562,000 төгрөгийн үнэ бүхий 42.74 м.кв орон сууцны төлбөрийг төлж, орон сууцыг ашиглалтад орсноос хойш эзэмшиж байгаа болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдож байх тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, шаардагдах бичиг баримтыг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.3-д зааснаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Г.Лувсанцэвээний гудамж, 71 А байр, 2 дугаар орц 11 давхар 149 тоотод орших 55,562,000 төгрөгийн үнэ бүхий 42.74 м.кв орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ЧВЖ /СНАЕ WON JUN/ тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг олгохыг хариуцагч ГК ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ГК ХХК-иас 417,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Лхагвасүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН