Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/046

 

Г.Э, Э.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нарт холбогдох эрүүгийн 2014005010024 дугаар хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Г.Э, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Улаан үзүүр 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Монгол улсын иргэн, Э.Г, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нар нь насанд хүрээгүй О.О, Б.Ө, А.Д нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 06-наас 2020 оны 11 дүгээр сарын 07-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай байр болох Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн Дэнж 2 дугаар гудамжны 200 тоотод байрлах тамхины бөөний цэгт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 348.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж нэг /01/ жилийн хугацаагаар тус тус хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар Өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нарт оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-д зааснаар Өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нар нь хянан хүмүүжих хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Л.Мядагмаа, М.Бүжинлхам нарт тус тус даалгаж, энэ хэргийн учир өсвөр насны шүүгдэгч нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг автиркийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүдэгч Г.Э, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0959 минутад хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн байх боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт мөн хуулийн 4 дэх хэсэгт заасан “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна”,

5 дахь хэсэгт заасан “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэсэн заалтыг хэрэглэхгүй орхигдуулсан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Шийдвэр гүйцэтгэгч үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх хугацаа, хуваарийг нарийвчлан тогтоож, мөн хуулийн арван есдүгээр бүлэгт заасан журмын дагуу биелэлтэд нь хяналт тавин ажилладаг бөгөөд шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 189.1-д заасан хугацаа, хуваарь, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн этгээдэд албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, ял оногдуулах тухай саналыг прокурорт гаргах зохицуулалтай билээ.

Өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нар нь шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчихгүй гэх баталгаа байхгүй бөгөөд хэрэв зөрчсөн тохиолдолд хэрхэх нь ойлгомжгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолд өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нар нь шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар үүсэх сөрөг үр дагаврыг танилцуулах, мөн шийтгэх тогтоолын нүүрэн хэсэгт нарийн бичгийн даргаар хэн оролцсон нь тодорхойгүй байх тул оролцсон албан тушаалтны нэрийг нэмж тусгуулах зэрэг өөрчлөлтүүд оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолд эсэргүүцэлд дурдсан нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор *******н бичсэн 27 дугаар эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд:

Өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нар нь насанд хүрээгүй О.О, Б.Ө, А.Д нартай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 06-наас 2020 оны 11 дүгээр сарын 07-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай байр болох Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн Дэнж 2 дугаар гудамжны 200 тоотод байрлах тамхины бөөний цэгт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 348.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 2014005010024 дугаар эрүүгийн хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн

Хавтаст хэргийн 14-15 дугаар талд авагдсан “... манай худалдагч Н утсаар надтай яриад дэлгүүрт хулгай орсон байна цоожны зүүг эвдсэн цоож, даралт хоёр нь довжоон дээр байна хүрээд ир гэсэн тэгээд очиход худалдагч сандал дээр сууж байсан очиход хүний ул мөр байсан. Манай алдсан гэх зүйлс нь хар esse 10 хайрцаг, caster 4 хайрцаг, энгийн esse 10 хайрцаг, raison 10 хайрцаг, улаан шонхор 10 хайрцаг, кимчи 2 ширхэг, шокалад 3 ширхэг, кола 1 ширхэг, контик 1 ширхэг, Funch 1 ширхэг, Mild 14 хайрцаг, west 3 хайрцаг, LD CLUB 10 хайрцаг, Cicar 10 хайрцаг тамхи алдагдсан, 8000 төгрөгийн нэгж 3 ширхэг, чихэр 4000 төгрөг алдагдсан байна...” гэх хохирогч *******ы мэдүүлэг,

Хавтаст хэргийн 18-19 дүгээр талд авагдсан “... 2020 оны 11 сарын 06-ны өглөө 9 цагийн үед ажил дээрээ очиход дэлгүүрийн хаалга хаалттай байсан очоод онгойлгох гэхэд цоожны цүүг эвдсэн цоож, даралт хоёр нь довжоон дээр байсан...” гэх А.Нын мэдүүлэг,

Хавтаст хэргийн 22-23 дугаар талд авагдсан “...Г тамхины дэлгүүр оръё гээд Э дэмжсэн. Тэгээд бид нар бүгд санал нийлээд фээсбүүкээс бичлэг хараад би Эрдэнэтулгын гэрээс нь 2 авторик аваад бүгд тамхины цэг дээр очоод Д Г хоёр онгойлгоод Д гадаа үлдээд бид 4 ороод юм аваад гарсан. ...” гэх насанд хүрээгүй гэрч О.Оын мэдүүлэг,

Хавтаст хэргийн 27-28 дугаар талд авагдсан “... тамхины дэлгүүр очоод Г цүүг нь мушгиад онгойлгож чадаагүй тэгээд буцаад Ганбаатар ахынд очиж байж байгаад очоод Г, Д хоёр онгойлгоод Г түрүүлж орсон ардаас нь О, Э нар орсон. Тэгээд Д бид хоёр хүн харж гадаа зогсож байгаад удаад байхаар нь би араас нь ороод О бэлэн мөнгө авах гэхээр нь би болиулсан. Тэгээд дэлгүүр дотроос Г тамхи, жижиг кола, жижиг контик аваад байсан, Э 4 ширхэг чихэр, улаан шонхор нэртэй тамхи, хоёр ширхэг шокалад авсан. О хоёр ширхэг бэлэн хоол, тамхи, нэг ширхэг панч гэдэг ундаа авсан...” гэх насанд хүрээгүй гэрч Б.Өын мэдүүлэг,

Хавтаст хэргийн 33-34 дугаар талд авагдсан “... тамхины цэг очоод Г бид хоёр авторикоор онгойлгосон. Тэгээд онгойлгочихоод Ө бид хоёр гадаа хүн харж байсан. Г, О, Э гурав дэлгүүр лүү эхлээд ороод тамхи, чихэр аваад гарч ирсэн. Тэгээд Г бид хоёр хаалгыг хаагаад цоожыг нь үүдэнд нь тавиад явсан...” гэх насанд хүрээгүй гэрч А.Дын мэдүүлэг,

Хавтаст хэргийн 46-47 дугаар талд авагдсан Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 481 дүгээр дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар тус тус хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар Г.Э, Э.Г нарт оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсэн нь өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлүүдэд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тухайн шийдвэрийг хүчингүй болгох, улмаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албдлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахаар тус тус хуульчилсан байна.

Анхан шатны шүүх нь өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нарт оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсэн байх бөгөөд уг үүргээ зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагаврыг шийтгэх тогтоолд тодорхой тусгаж өгөөгүй, мөн өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нарт даалгасан оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг нь хэдий хугацаанд хэрэгжих нь тодорхойгүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нарт оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нарт оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг нэг /01/ жилийн хугацаагаар тус тус хүлээлгэж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчилж,

5 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Э, Э.Г нар нь оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.” гэж нэмж, шийтгэх тогтоолын дугаарлалтыг 1-10 болгон дугаарлаж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

Б.БОЛОР-ЭРДЭНЭ