Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2017/0437/з |
Дугаар | 78 |
Огноо | 2018-02-21 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 78
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал,
газрын тосны газрын Кадастрын хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг илт хууль бус тогтоолгох, МV-015562 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0699 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0824 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа,
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0699 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4, 22.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.2-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, ХV-015562 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0824 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0699 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, 33 дугаар зүйлийн 33.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдөр гэхэд хүргүүлэх үүргийг хүлээсэн, түүнийг баталгаажуулах үүргийг төрийн захиргааны байгууллага хүлээнэ. Ашигт малтмалын газрын Геологийн алба /хуучин нэршлээр/-ны хянан “баталгаажуулах” чиг үүрэг нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн талбайд өмнөх жилд хийсэн талаарх тайланг хүлээн авч судлан хянан баталгаажуулдаг. Нэхэмжлэгч нь холбогдох талбайд 2014 онд хуулиар тогтоосон зардлын доод хэмжээнээс 64 дахин их зардал, 2015 онд зардлын доод хэмжээнээс 1.18 дахин их зардал гаргасан гэсэн тайлангийн мэдүүлэг нь тус компанийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтээр давхар гэрчлэгдэж байгаа бөгөөд хайгуулын ажлын талаар тайлагнасан эдгээр мөнгөн дүнгийн хэмжээний талаар талуудын хооронд аливаа маргаан гарч байгаагүй ба дээрх зардлын хэмжээг хоёр талын аль нь ч хожим засаж өөрчлөөгүй, тэдгээр мөнгөн дүнг үндэслэлгүй байна гэж хариуцагч байр сууриа хэзээ ч илэрхийлж байгаагүй.
5. XV-015562 тусгай зөвшөөрлийн 2014, 2015 оны зардлын доод хэмжээг хариуцагч “баталгаажуулсан” болох нь нотлох баримтуудаар хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн хайгуулын ажлын тайланг цаг хугацаанд нь хүргүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагавар нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй, харин тусгай зөвшөөрөл эзэмшигчид сануулга өгөх байдлаар торгон, тайлан хүргүүлэх үүргээ биелүүлэхийг шаардах боломжийг /Зөрчлийн тухай хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө/ Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2-т заасны дагуу Ашигт малтмалын газарт олгосон. Гэвч энэ үндэслэлээр “Б” ХХК нь торгууль төлж байгаагүй. Хайгуулын ажлын тайланг хугацаа хоцорч хүргүүлсэн тохиолдолд хайгуулын ажлын тайлангаа хугацаа хоцорч төлсний улмаас торгууль төлсөн болохыг гэрчилсэн баримтыг өргөдөл гаргагч Ашигт малтмалын газрын Геологийн алба /хуучин нэршлээр/-нд өгөөгүй нөхцөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас Ашигт малтмалын газрын Геологийн Алба татгалздаг практик тогтсон байсан бөгөөд ийм нөхцөл байдал үүсээгүй.
6. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 6/4114 тоот маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож тусгай зөвшөөрлийг хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргахаас өмнө буюу 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэхэд XV-015562 тусгай зөвшөөрлийн зардлын доод хэмжээг Ашигт малтмалын газрын Геологи судалгааны хэлтэс хянан “баталгаажуулж” дууссантай холбоотой үйл баримт, эрх зүйн үр дагаварт анхан, болон давж заалдах шатны шүүх бодит дүгнэлт хийгээгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4, 22.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 33.2-т заасныг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.
7. “Б” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөлдөө хайгуулын ажлын тайланг хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажлыг өмнөх онд гүйцэтгэсэн тухай баримтын хамт хүргүүлэх үүргийг хуулиар хүлээсэн, харин тэрхүү тайлангийн үнэн зөвийг хянан баталгаажуулах үүрэг хариуцагчид ногдсон үүрэг юм.
8. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авсан, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хангаж ажилласан тухай “Б” ХХК-ийн тайланг Ашигт малтмалын газар хянан үзэж баталгаажуулсан зэрэг үйл баримттай холбоотой дээр дурдсан үндэслэл нь маргаан бүхий актыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах эрх зүйн үндэслэл болно гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байсан болно.
9. Анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж…” гэсэн хуулийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан хугацаа буюу “ажлын 10 өдөрт багтааж хянах" тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг үүргээ хариуцагч биелүүлээгүй болохоо хариуцагч тал давж заалдах шатны хуралдааны үеэр өгсөн тайлбараараа хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авснаас хойш “70 өдөрт багтааж хянах" энэ үүргээ яагаад биелүүлээгүй болохоо зөвтгөж няцаасан аливаа байр суурь илэрхийлж байгаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан хугацаа буюу “ажлын 10 өдөрт багтааж хянах” тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг үүргээ хариуцагч биелүүлээгүй талаарх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлд анхан болон давж заалдах шатны шүүх ач холбогдол өгөөгүй. Тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж хянах үүргээ хариуцагч сахин биелүүлээгүй гэсэн үндэслэл нь дангаараа маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болно гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байсан болно.
10. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр мэдэгдэл өгөх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүйгээс тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар мэдэгдэл хүргүүлэн холбогдох нотлох баримтыг Ашигт малтмалын газарт гарган өгөх эрхээр хариуцагч хангаагүй бөгөөд “Б” ХХК-ийн зүгээс гаргасан эрх зүйн үндэслэл бүхий тайлбар гомдлыг хариуцагч хүлээн аваагүй болно.
11. Дээрхийг нөхцөл байдалтай холбоотойгоор анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг Ашигт Малтмалын газар хэзээ мэдсэн, энэ тухайгаа хэзээ гэхэд мэдэгдэх үүрэгтэй байсан, тийм мэдэгдлийг хариуцагч яагаад /бичгээр/ өгөөгүй талаарх үйл баримтыг судлан үзвэл нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэл болно гэж бид үзэж байсан болно
12. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл муутай байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
14. Шүүхүүд маргааны үйл баримтыг болон үүнд хамаарал бүхий нотлох баримтуудыг зөв дүгнээгүй, шаардлагатай баримтыг бүрэн бүрдүүлээгүй байна.
15. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр “Б” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-015562 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзжээ.
16. Хариуцагч нь “... хайгуулын ажлын төлөвлөгөө ирүүлээгүй, ...хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хуульд заасан хэмжээгээр баталгаажуулаагүй тухай баримт ирүүлсэн...” гэж, нэхэмжлэгч нь “...467 дугаар шийдвэр гарахаас өмнө Ашигт малтмал, газрын тосны газар нь 2014, 2015 оны хайгуулын ажлын тайлан, зардлыг баталгаажуулсан байгаа..., мөн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан, ажлын 10 хоногт хянан үзэж шийдвэр гаргах байтал 06 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гаргаж байгаа нь буруу...” гэж маргажээ.
17. Шүүхүүд маргааны гол үйл баримтыг анхаарч, дүгнэлгүйгээр “...тайлангаа Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасан хугацаанд ирүүлж байгаагүй хугацаа хэтрүүлсэн, ...өргөдөлдөө хайгуулын ажлын тайлан, зардлыг баталгаажуулсан баримтыг хавсаргаж ирүүлээгүй...” хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэл муутай болжээ.
18. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын зардлын доод хэмжээ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, түүнийг баталгаажуулсан эсэх, тайланг хугацаандаа хүргүүлсэн эсэх асуудлаар хэргийн оролцогчид маргаж байгаа үгүйг тодруулах шаардлагатай. Үүнийг үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд дээрх хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажилласан эсэхийг болон тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дүгнэх нь зөв болно.
19. Хариуцагч нь Геологийн хэлтсээс ирүүлсэн “... “Б” ХХК нь 2014, 2015 оны жилийн тайланг хянуулаагүй, мөн 2014, 2015 оны зардлын тайланг баталгаажуулаагүй...” гэх тодорхойлолтыг үндэслэн шийдвэрээ гаргасан...” гэж тайлбарласан байх боловч энэ тухай баримт буюу хариуцагчийн тайлбартаа дурдсан Ашигт малтмалын газрын Геологийн алба /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 121 дугаартай тодорхойлолт нь хэрэгт байхгүй боловч “Б” ХХК-ийн “...2013-2015 оны тайлан болон геологи, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан”-ыг тодорхойлсон Ашигт малтмалын газрын Геологи, хайгуулын хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 796 дугаар албан бичиг хэрэгт байна.
20. Үүнээс гадна нэхэмжлэгч компанийн 2014, 2015 оны тайланг 2015 оны 12 дугаар сарын 17, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус тус хүлээн авсан атлаа “хугацаа сунгахаас татгалзсан” шийдвэр гаргаснаас хойш буюу 2016 оны 07 дугаар хсарын 27, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус тус баталгаажуулсан байгаа нь ямар учиртайг шүүх тодруулах нь зөв юм.
21. Хариуцагч нь “...хайгуулын зардлын доод хэмжээг баталгаажуулсан тухай баримт ирүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдэж байсан...” гэж тайлбартаа дурдсан байх боловч, энэ талаар хэдийд ямар байдлаар мэдэгдсэн нь нотлогдож тогтоогдоогүй болно.
22. Хэрэгт авагдсан “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудас”-ны “Бусад тэмдэглэл” хэсэгт “V/09, V/27 мэдэгдэв” гэж тэмдэглэгдсэнийг хэнд, юун тухай ямар зорилготой болохыг тодруулах нь зүйтэй байна.
23. Хэргийн оролцогчдын тайлбар зөрүүтэй, нотлох баримт бүрэн биш байхад хяналтын шатны шүүх дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/699 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0824 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ