| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 186/2023/0154/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1977 |
| Огноо | 2025-08-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1977
2025 8 20 2025/ШЦТ/1977
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан,
гэрч Ө.Э , Г.М ,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
хохирогч С.Г-ын өмгөөлөгч О.Майдри /цахим/,
шүүгдэгч Г.Т , түүний өмгөөлөгч Э.Мягмардорж нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т-г г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2211 01773 2032 дугаар хэргийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т-г , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь Б.Э-тэй бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хуучин автобусны эцсийн буудал орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Б-ын араас тэвэрч, хэвлий орчим цохин биед нь халдах явцдаа, түүний халааснаас нь “Хуавей Ви8” загварын гар утсыг хүч хэрэглэн авсан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн хууль бусаар авч дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Т ганцаараа 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж хохирогч С.Г-тай маргалдаж улмаар цаасны хутгаар нүүр хэсэг, ам орчим зүсэж биед нь хоёр хацар, уруул баруун завжинд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.
Гэрч Ө.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “Г.Т г танина. Тухайн өдөр болсон үйл явдлыг бага зэрэг санаж байгаа. Тухайн өдөр би хүнтэй уулзаад буцаад явж байсан. Хүнтэй уулзаж байх үед тамхи авна хэмээн ярьж байсан ба доошоо явж байх замд би унтаж байсан. Намайг унтаж байх хооронд гадаа хүн ярихыг сонссон. Орж ирэхэд Г.Т ах Б ахыг загнаж байсан. Би тухайн үед нойрмог байсан учир миний санаж байгаа зүйл энэ байна. Тийм зүйл хараагүй. Г.Т ах Б ахыг чирээд орж ирсэн Г.Т тэй хуурай ах дүү.” гэв.
Гэрч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “... хохирогчийг танина. Намайг Хайлаастад ТҮЦ ажиллуулж 10 жил болоход байнга үйлчлүүлдэг байсан. Г.Т г танихгүй. Хүүхдүүд утас авсан гэхэд нь би араас нь цагдаа дуудсан. Яг юу болсон талаар мэдэхгүй. Өөрөө тухайн өдөр согтуу байсан. 2 хүүхэд орж ирэн тамхи авч байсан. Надад хэлж байсан. “Тухайн хохирогчтой уулзуулж өгөөч” гэхэд би гэрийг нь зааж өгсөн ба би юу болсон талаар асуухад утсыг нь өгсөн гэж байсан. Мэдэхгүй, би санахгүй байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 09 дүгээр сарын 28-29 шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүрэг 15-р хороо хуучин эцсийн автобусны буудалын түцнээс тамхи аваад гэрлүүгээ алхаад явж байхад автобусны буудлын зогсоол дээр хар өнгийн приус-30 загварын машин зогсож байсан. Би тухайн машины хажуугаар нь зөрхөд машинаас 20 орчим насны 2 залуу бууж ирээд, нэг залуу нь барилдах уу ахаа гэж хэлснээ нөгөө залуу нь миний араас тэвэрч авсан. Тэгээд барилдах уу гэж хэлсэн залуу нь миний хэвлий тус газар нэг удаа цохисон. Би доош тонгойход миний куртикны халааснаас Huawei v8 загварын утсыг минь авсан. Миний гар утсыг намайг цохисон залуу авсан. Тэгээд би бага зэргийн өндийгөөд утсаа авья гэхэд тэр 2 залуу хоёулаа машиндаа сууснаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 17-18, 21-22, 25-27 дугаар хуудас),
Гэрч Ө.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд удалгүй дахин нэг 20 орчим насны эмэгтэй ирээд машин барихаар болсон ба би хойд талын зүүн талд суугаад унтаад явж байсан. Нэг сэрэхэд нөгөө эмэгтэй машин бариад, сүүлд суусан эрэгтэй нь машинаас буусан байсан ба машинд жолоочийн хүрдний ард эмэгтэй хүн, жолоочийн эсрэг талд Т ах суугаад. Э ах миний хажууд суугаад явж байсан. Тухайн үед тамхи дууссан байна гэж яриж байсан ба дундаа ТҮЦ дээр зогссон санагдаж байна. Ер нь би унтаад яваад байсан учраас хаана зогссоныг нь сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд Т ах орж ирээд араас нь Э ах орж ирж байсан ба түцэнд нэг хүн муудалцаад, түцний эгчийг загнаад байсан гээд ярьж байсан. Түцэн дотор болон тухайн зогссон газар юу болсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд бид нар явсаар Монельд би буугаад гэрлүүгээ орсон юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас),
Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед нилээн орой болсон байсан ба замаар Хайлаастын зам дагуу ТҮЦ дээр тамхи авах гэж зогсоод эхлээд Т буугаад ТҮЦ ортол араас нь Э буусан. Тэгээд Т эхлээд удалгүй ороод ирсэн. Тэгтэл түцний гадаа замын хажууд Э нэг ахтай ноцолдоод, барьцалдаад, зууралдаад байсан юм. Гэхдээ тэр хоёр бие биенийгээ зодож цохьсон ямар нэгэн асуудал гараагүй. Тэгээд удалгүй Э орж ирээд явцгаасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас),
Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 28-29-ний өдрийг шилжих шөнийн 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дугаар хороо, Хайлаастын хуучин эцэст байрлах ТҮЦ-ээс тамхи авах гээд найз болох Т-ийн хамт орсон. Тэгтэл ТҮЦ-ний худалдагч 40 гаруй насны согтуу эрэгтэй хүнийг манай ТҮЦ-ээс гар гээд хөөж байсан. Би араас нь Т тэй гараад нөгөө 40 гаруй насны ахыг хоёулаа барилдья гэж хэлээд газар унагахдаа өмднийх нь халааснаас нь шаргал өнгийн Huawei загварын гар утсыг нь аваад Т-ийн машинд суугаад явсан.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
Хохирогч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ундаа аваад өг гээд миний өөдөө агсраад бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд би Т-г түлхсэн чинь Т гараа атгаж байгаад миний нүүрний зүүн хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би Т-г машинд суулгаад хаалгыг нь хаасан чинь Т намайг чаддаг юм бол ороод ир гээд байхаар нь би цонхоор нь толгойгоо оруулсан чинь юугаар нь мэдэгдэхгүй миний баруун зүүн хацрын хэсэгт зүсэгдсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас),
Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т , Г нар хоорондоо хэрэлдээд байсан. Т бид хоёр тэр хоёрыг болиоч гэж хэлээд байж байтал Т дэлгүүр рүү орсон ба энэ үед Г Т-ийн нүүрэнд цохиж авсан. Тэр 2 бие биеийнхээ бие рүү цохиж зодолдож эхэлсэн. Би Г-ыг Т гээс холдуулахад Т машиндаа орж суусан. Г Т-ийн цонхоор очоод түүнийг цохиж аваад байсан. Гэтэл Т машинаасаа өндийгөөд Г-ыг алгадах шиг болсон ба Г-ын ам болон хацрыг зүсчихсэн байсан. Энэ үед би гүйж очоод салфеткаар Г-ын хацар амыг дарж өгсөн, Т дэлгүүрээс гарч ирээд эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар хуудас),
Гэрч Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Т , Г 2 хоорондоо хэрэлцсэн зогсож байсан. Би Т-г за болио гэж хэлээд Г-ыг түлхсэн чинь Г шууд уурлаад Т-г гараараа нүүр, бие толгой руу нь олон удаа цохиод эхэлсэн. Х бид хоёр салгасан Т машиндаа суусан....би дэлгүүр ороод гараад ирсэн чинь Т Г-ын амыг зүссэн байсан, юугаар зүссэнийг нь мэдэхгүй байна. Сүүлд Т цаасны хутгаар зүссэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8769 дугаар “... С.Г-ын биед хоёр хацар, уруул баруун завьжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо ... дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйүлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас),
Шинжээч О.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр С.Г-ын биед үзлэг хийсэн. Үзлэг болон цэргийн төв эмнэлгийн өвчний түүхийг үндэслэн дүгнэлт гаргасан. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Байрлалаас шалтгаалж гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Шарх гэмтэл тул эдгэрэх, эрүүл мэндийг сарниулж байгаа хугацаагаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын бүрэлдэхүүнтэй 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар: “...Шарх эдгэрэлт нь тухайн хүний биеийн эсэргүүцэл, анхны тусламжийг хэрхэн үзүүлсэн байдал, шархны цэгцлэлт, байрлал, шархны хэмжээнээс хамаарч хугацаа нь харилцан адилгүй байна. 2023.01.09-ний өдөр С.Г-ын биед хийсэн үзлэгээр хацар, ам, уруул, жавьжны шарх нь сорви тогтож эдгэсэн ба нүүрний тэгш хэм алдагдаагүй, ам ангайлт чөлөөтэй, уруулын хэлбэр алдагдаагүй байна. С.Г-ын нүүрний сорви нь бүр мөсөн арилахгүй, бүдгэрэх боломжтой... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 41-44 дүгээр хуудас),
“Дамно”-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 48-52 дугаар хуудас),
Хохиролтой холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 201-203, 239-246 дугаар хуудас),
Хохиролд 802.700 төгрөгийг төлсөн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер (2 дугаар хавтаст хэргийн 97 дугаар хуудас),
Хохирогч Б-ын Нас барсны бүртгэлийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 66 дугаар хуудас),
Э-ийн Нас барсны бүртгэлийн лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудас),
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 141-147 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Г.Т д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Т нь Б.Э-тэй бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, хуучин автобусны эцсийн буудал орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Б-ын араас тэвэрч, хэвлий орчим цохин биед нь халдах явцдаа, түүний халааснаас нь Хуавей Ви8 загварын гар утсыг хүч хэрэглэн авсан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, Г.Т ганцаараа 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж хохирогч С.Г-тай маргалдаж улмаар цаасны хутгаар нүүр хэсэг, ам орчим зүсэж биед нь хоёр хацар, уруул баруун завжинд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд Бат-Очирт төлөх төлбөргүй, хохирогч Г-ын нэхэмжилсэн дүн болох 2.937.900 төгрөгөөс 802.700 төгрөгийн шүүгдэгч нь төлсөн ба үүнийг хасаж 1.135.200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, өмгөөлөгчийн зардал, ажилгүй байсан хугацааны зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Хохирогч С.Г-ын өмгөөлөгч “Би тухайн хэрэгт хөнгөн гэмтлийн зэрэгтэй шинжээчийн дүгнэлт гарсны дараагаар өмгөөлөгчөөр ажилласан. Тухайн хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 03-ны 55 дугаартай прокурорын тогтоолоор дахин шинжилгээ хийлгэж хүндэвтэр зэргийг гэмтэл тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлттэй санал нэгдэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсанаар эхний ээлжид хөнгөн гэмтлийн зэрэг тогтоогдсон ба дараа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хүндэвтэр гэмтлийн зэрэг тогтоогдсон. Хохирол төлбөрийн асуудал дээр хэрвээ Г.Т нь Г-ын нүүрэн тус газар буюу нэг талд 7 см, нөгөө талд 2 см зүсээгүй байсан бол тухайн хэрэгт Г өмгөөлөгч авахгүй байсан. Энэ нь гэм хорын шалтгаан холбоо мөн юм. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардлын баримтыг гаргаж өгсөн ба тухайн өмгөөллийн зардлыг хуулийн этгээдийн дансаар авч татвараа төлж авсан. Хэрэв хохирогчид гэм хор учруулаагүй, гэмт хэргийн улмаас хохирол учраагүй бол хохирогч өмгөөлөгч авах шаардлага байхгүй. Хохирогч нь гэмт хэргийн улмаас юм ярьж чадахгүй, хоол идэж чадахгүй, ажлаа 52 хоногийн хугацаанд хийж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Хохирогч нь “Си Юу” сүлжээ дэлгүүрт ажилладаг ба нүүрэн дээрх шарахаас үүдэн хүнтэй харилцаж чадахгүй, үйлчилгээ үзүүлж чадахгүй зэрэг мөн адил нөхцөл байдал үүсэн. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжилж байна. Хохирогчийн зүгээс бодож үзэхэд хохирогч нь өдөр болгон толинд харж байгаа. Харах болгондоо тухайн өдөр болсон үйл явдлыг өдөр дурсаж байгаа. Яаж хүн тийм харгис байж чаддаг бэ. Яагаад нэг тал руу нь зүсээд дахин нөгөө тал руу нь зүсэж чаддаг байна. Би тухайн явдлыг ойлгохгүй байна. Би өмнөх шүүх хуралд харахад шүүгдэгч шүүхийн байрнаас цагаан өнгийн кровн маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. Тухайн хэргийг шүүгдэгч нь 2022 онд үйлдсэн ба одоо 2025 он болж байхад хохирол төлбөр хэмээн 800.000 гаруй төгрөг өгч хохирол төлбөр төлсөн хэмээн яаж хэлж чадаж байна аа. Хүнийг өмгөөлж болно. Өмгөөлөхөд учир байгаа. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байхад өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн ярьж болохгүй. Хохирогчийн хохирол асар их ба цус алдаад үхэх гэж байхад гэмтэл рүү авч явж чадаагүй 2 дугаар эмнэлэг рүү явсан үйл баримт байдаг. Улсын яллагч учиртай байх хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийн өмгөөлөгч авсан зардал хохирол төлбөрт тооцогддог. Хүн хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй. Тухайн хэрэгт анхан шатны шүүхэд хохирогчийг оролцуулаагүй. Шүүх мөн адил ажлаа зөв хийх хэрэгтэй. Иймд хэргийн нөхцөл байдлыг бодитой авч үзэх хэрэгтэй ба хохирол 7.744.000 төгрөгөөс шүүгдэгчийн барагдуулсан 802.700 төгрөгийг хасаж, үлдэх хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Г.Т ий хувьд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох санал гаргаж байгаа ба өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх хуралдааны явцад хэлэлцсэн нотлох баримтын хүрээнд Г.Т нь тус гэмт хэрэгт бүлэглэж үйлдсэн үйл баримт тогтоогдохгүй байна хэмээн үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй хэмээн заасан байдаг. Гэтэл хохирогч Б-ын мэдүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дох хэсэгт зааснаар шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт оролцсон байна хэмээн хийсвэрээр дүгнэх боломжгүй хэмээн үзэж байна. Гэрч Энхсайхан, Мөнхтуяа, шүүгдэгч Энхбилэг, Нандинцэцэг нарын мэдүүлгээр Г.Т дээрмийн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учир шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Улсын дээд шүүхийн 2023 оны 24 дүгээр тогтоол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг тайлбарласан байдаг ба гэм буруутай хэмээн тооцоход эргэлзээтэй байдал үүсвэл шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ хэмээн тодорхойлсон байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар дээрмийн гэмт хэрэгт оролцсон үйл баримт нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дох хэсэг, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээх үндэслэлээр шүүгдэгчид холбогдох дээрмийн хэргийг цагаатгаж өгнө үү. Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн тухайд хүндэвтэр гэмтлийг тодорхойлохдоо гэмтлийн зэрэг тогтоох журам болон шинжээчийн дүгнэлтийг харгалзаж үзэх ёстой. Удаа дараагийн мэдүүлэг болоод шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарьнуулсан учраас хөнгөн гэмтэл байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэх ёстой. Учир нь аль шинжээчийн дүгнэлтийг сонгож хэрэглэх нь шүүхийн асуудал. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна хэмээн үзэж байна. Хэдийгээр дахин шинжилгээ хийсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байгаа учир Г.Т д холбогдох Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Г.Т нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж хохирогч С.Г-тай маргалдаж улмаар цаасны хутгаар нүүр хэсэг, ам орчим зүсэж гэмтэл учруулсан байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Нансалмаа 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хохирогч С.Г-ын биед үзлэг хийж №8769 дугаар дүгнэлтээр “хоёр хацар, уруул баруун завьжинд зүсэгдсэн шарх” гэмтэл тогтоогдсон гэх дүгнэлт,
Уг дүгнэлтэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Амартүвшин, Т.Чимэд-Очир, Л.Хэнтий нар нь дээрх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх мөн мөрдөгчийн тогтоол, прокурорын тогтоолд тавигдсан асуултад хариулж дахин хэргийн материалд шинжилгээ хийсэн байх ба уг дүгнэлтэд “... Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022.6.24-ний өдрийн 8769 дугаар тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна ... Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт тус тус гарчээ.
Мөн Г.Т нь Б.Э-тэй бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хуучин автобусны эцсийн буудал орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Б-ын араас тэвэрч, хэвлий орчим цохин биед нь халдах явцдаа, түүний халааснаас нь “Хуавей Ви8” загварын гар утсыг хүч хэрэглэн авсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Т гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Г.Т нь хохирогч С.Г-ыг цаасны хутгаар нүүр хэсэг, ам орчим зүсэж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч С.Г-д Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын бүрэлдэхүүнтэй 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар дүгнэлтээр “хоёр хацар, уруул баруун завьжинд зүсэгдсэн шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Т нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
“Дээрэмдэх” гэмт хэргийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэж” гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.
“Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халддаг буюу өмчлөх эрхэд халдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болдог ба хүч хэрэглэж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Шүүгдэгч Г.Т нь Б.Э-тэй бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хуучин автобусны эцсийн буудал орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Б-ын араас тэвэрч, хэвлий орчим цохин биед нь халдах явцдаа, түүний халааснаас нь “Хуавей Ви8” загварын гар утсыг хүч хэрэглэн авсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолсон” гэх “Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар дээрх хохирогч Б-ын гар утсыг авахаар шүүгдэгч Г.Т нь Б.Э-тэй хүч хэрэглэж довтолсон тул бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолж дээрэмдсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хохирогч С.Г-ын зүгээс эмчилгээний зардал төлбөр 2,937,900 төгрөг /1 дүгээр хавтаст хэргийн 202-203/, өвчний улмаас ажилгүй байсан 52 хоногийн цалин хөлс 2,836,363 төгрөг /1 дүгээр хавтаст хэргийн 210-211 хуудас/, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг нийт 7,774,263 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүхээс эмчилгээний зардал төлбөр 2,937,900 төгрөг, өвчний улмаас ажилгүй байсан 52 хоногийн цалин хөлс 2,836,363 төгрөг нийт 5,774,263 төгрөгийг олгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийг зайлшгүй гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзээгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгчийн зүгээс хохирогчид 802,700 төгрөгийг төлсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ажлын 5 хоногийн завсарлуулах хүсэлт гаргаж, энэ хугацаанд хохирогчид 2,000,000 төгрөгийг төлсөн.
Иймд шүүгдэгчээс хохирогчид төлсөн 2,802,700 төгрөгийг хасч, нийт 2,971,563 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Г-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохиролын хувьд 4,971,563 төгрөгийг хохирогчид төлүүлэх зорилгоор 5 хоног завсарласан ба тус хугацаанд шүүгдэгч нь 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Шүүгдэгч Г.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасны дагуу эдлэх ёстой ялыг тус тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй.” гэх саналыг,
Хохирогч С.Г-ын өмгөөлөгч “Шүүгдэгч нь өмнөх удаа хүний биед гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдэж байсан ба Г-д харгис хэрцгий аргаар дахин гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн тухайд өмнөх шүүх хуралд хэлэлцсэн. Өмнөх шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ноцтой зөрчигдсөн хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Иймд эрүүгийн хариуцлага оногдуулахад дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой хэмээн үзэж байна. Г.Т гийн хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хохирогчийн хувьд шүүгдэгчийн араас очиж зохиж, зодож байгаа нөхцөл байдлын улмаас өөрийгөө хамгаалах үүднээс зүссэн асуудал үүссэн ба хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас тухайн нөхцөл байдлаас үүсэн ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бий болсон байна хэмээн үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд миний үйлчлүүлэгч нь өөрийн боломжит нөхцөл байдлаар төлж барагдуулсан ба түүний аав хөдөө байдаг учир дараа долоо хоногт төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Эдгээр нөхцөл байдал нь миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцлийг хэрэглэх бүрэн боломжтой байна хэмээн үзэж байна. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруу дээр миний үйлчлүүлэгч маргаагүй, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн ба төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэргийн тухайд хохирол байхгүй ба маргааш өдөр нь буцааж өгсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч нь 228 хоног цагдан хоригдсон ба тухайн хоногийг түүний эдлэх ял шийтгэлд оруулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Г.Т гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Г-д хоёр хацар, уруул баруун завьжинд зүсэгдсэн шарх гэмтэл учирсан, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэмт хэрэг гарсан шалтгаан, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялд оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 03 жилийн хугацаагаар тогтоов.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т гийн цагдан хоригдсон 224 хоногийг түүнд оногдуулсан хорих ялд оруулан тооцов.
Шүүгдэгч Г.Т д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүлйгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т-г г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолж дээрэмдсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялд оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 03 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т гийн цагдан хоригдсон 224 хоногийг түүнд оногдуулсан хорих ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Г.Т д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Т гээс 2,971,563 хохирогч С.Г-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ