| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2022/02941/И |
| Дугаар | 182/ШШ2023/01120 |
| Огноо | 2023-04-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2023/01120
2023 04 07 182/ШШ2023/01120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, шүүгч Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 55 А байр, 55 тоот хаягт оршин суух, Г.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Монруд ХХК-ийн байранд байрлах, ЭМ ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрийн осолд орсны нөхөн төлбөр олгох 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж буюу 25,600,000 төгрөг, гэм хорын хохиролд 97,200,000 төгрөг, нийт 122,800,000 төгрөг гаргуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэннадмид, А.Эрдэнэбилэг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангал,
Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжин,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.
/Иргэдийн төлөөлөгч Д.Нарангэрэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.
Г.Мөнхзул нь Эрдэнэ монгол ХХК-д геологичоор ажиллаж байхдаа 2014 оны 08 сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг Хөвийн хар гэх талбайд ажлын байран дээр, ажлын цагаар өөрөөс огт хамаарахгүй шалтгаанаар хөрсний нуралтад дарагдаж, баруун сүүжиндээ хугарал, олон яс уулзахын далбааны нэг хугарал, ахар сүүлний 3 дугаар үе мултарсан, тархиндаа 2 харвалт бүхий гэмтлийн зэргээр хүнд гэмтэл учирсан.
2014 оны 08 сарын 30-ны өдрийн осол нь хөдөлмөр хамгааллын ажиллагаа журам ноцтой зөрчсөн, энэ буруутай үйл ажиллагаанаас болж ослын актыг үндэслэл бүхий гаргаагүйгээс одоог хүртэл бүрэн гүйцэд эмчлүүлж чадаагүй мөн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон тул иргэний эрхээ сэргээлгэхээр Монгол улсын шүүхэд хандаж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг хариуцагчаар татаж, Эрдэнэ монгол ХХК-ийг үйл ажиллагаанд хяналт тавиагүй ажлын байранд ажлын цагаар гарсан үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хяналт тавиагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох-ыг шаардсан ба тухайн байгууллагатай холбоотой Захиргааны маргаанд харилцан эвлэрч, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар нь 2022 оны 06 сарын 22-ны өдөр 05/1373 тоот албан бичгээр хариу өгөхдөө "Иргэний шүүхэд хандаж гэм хорын хохирлоо гаргуулах эрхтэй гэсэн хариуг өглөө.
Иймд ажлын байран дээр, ажлын цагаар үйлдвэрлэлийн осолд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хяналт тавиагүйгээс шалтгаалан үйлдвэрлэлийн осол гарсан, тус осолтой холбоотойгоор тухайн үед л хот руу авч ирж үзүүлж байсан болохоос биш түүнээс хойш эмчилгээнд гарсан зардал төлөөгүй, харин ч намайг ажлаас халсан шийдвэр гаргасан.
Миний бие тус ослоос шалтгаалан мэргэжлээрээ ажиллах ямар ч боломжгүй болсон, одоог хүртэл бие өвдөж, ар гэр ахуй амьдарлаа авч явж чадахгүй, удаан хугацаагаар зогсох боломжгүй маш хүнд байна.
Осол гарсны дараах эмчилгээний зардалд 26 сая төгрөгийг компани төлж хоёр тал эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Энэ эвлэрлийн гэрээнд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан ажилтанд 18 сарын дундажтай тэнцэх нөхөн төлбөр олгох ёстой гэсэн хуулийн дагуу нөхөн төлбөрийг тооцоогүй байна. Өөрөөр хэлбэл миний хөдөлмөрийн чадвар 80 хувь алдсан байхад 50 хувиар 9 сарын дундаж цалинтай тэнцэх олговор 23,689,000 төгрөг олгосон байдаг.
2015 онд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тухайн үед гарсан эмчилгээний зардал, нөхөн олговрыг тооцож нийт 26 сая төгрөгийг компани төлөхөөр тохиролцож төлсөн. Харин цаашид гарах зардлыг нэхэмжлэхгүй гэж заалт оруулсан нь ажилтны эрхийг эрхийг дордуулж түүний хөдөлмөрийн чадвар 80 хувь алдсан байхад 50 хувь алдсанаар тооцож олгож, хэзээ ч энэ талаар дахин нэхэмжлэх гаргах эрхгүй гэсэн заалт байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдалт 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа олгоно гэж зааснаар төгрөгийн нөхөн төлбөр олгохоос хариуцагчаас олгосон 23,689,000 төгрөгийг хасаад, үүний зөрүү 25,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Иргэний хуульд зааснаар үйлдвэрлэлийн ослын улмаас Г.Мөнхзул нь сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохиролд болон хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсантай холбогдуулан насан туршдаа эрүүл мэндээ алдсан гэм хорын хохиролд нийт 97,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Иймд нэхэмжлэлийн нийт шаардлага 122,800,000 төгрөгийг хариуцагч Эрдэнэ монгол ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Эрдэнэ Монгол ХХК татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Г.Мөнхзул тодруулсан үндэслэлээ "Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн 9 сарын цалинтай тэнцэх зөрүү 25,600,000 төгрөгийг гаргуулах, 97,200,000 төгрөгийг сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохиролд, мөн ажлын чадвараа 80% алдсантай холбогдуулан насан туршдаа эрүүл мэндээ алдсан гэм хорын хохирол гэж шаардсаныг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
"Эрдэнэ Монгол" ХХК нь 2014 оны 08 сарын 31-ний өдөр "Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт"-ыг үйлдэж, Баянхонгор аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар батлуулахаар мөн өдрөө хүлээлгэж өгсөн байдаг. Баянхонгор аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ослын актыг 2014 оны 12 сарын 03-ны өдөр баталсан.
Ийнхүү баталсан актыг осолдогч, түүний гэр бүлд хүргүүлэхээр утсаар холбогдоход ирж авахгүй, шуудангаар илгээхээр хүлээж авахгүй хэд хэдэн удаа буцаагдсанаар 2015 оны 01 сарын 12-ны өдөр л албан бичгийг хүлээж авсан байдаг.
Улмаар Г.Мөнхзул цагдаагийн байгууллагад хандсан талаар мэдэж гомдлыг шийдвэрлэх ажиллагаа явагдаж, компанийн зүгээс 2015 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд түүний цалинг олгож байсан.
Г.Мөнхзул нь 2015 оны 01 дүгээр сард үйлдвэрлэлийн ослын актаа хүлээж авсан боловч 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр албан ёсоор Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 020777 дугаар актаар Г.Мөнхзулын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 50 хувиар тогтоосон. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 12 сараар тогтоосон бөгөөд уг актыг үндэслэн Г.Мөнхзул нь компанид хандан өргөдөл гаргаж, нөхөн төлбөр, эмчилгээний төлбөр гаргуулахыг өөрөө хүсэж бичгээр гаргасан тул компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувь гэж үзээд 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг тооцож олгосон.
Мөн энэ хугацаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам" хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд уг журмын 7.а-д зааснаар дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор зааснаар цалин хөлсийг тооцож олгосон.
2015 оны 09 сарын 15-ны өдөр компани иргэн Г.Мөнхзултай "Эвлэрлийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Мөнхзулын 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 23,689,000 төгрөгөөс гадна 3 удаагийн нөхөн сэргээх эмчилгээний зардал 770,000 төгрөг, 2016 онд Хужирт рашаан сувиллын газарт эмчлүүлэх зардалд 1,821,000 төгрөг, нийт 26,280,000 төгрөгийг олгосон.
Уг гэрээнд үйлдвэрлэлийн осолтой холбоотой аливаа шаардлага, нэхэмжлэл, нөхөн төлбөр шаардахгүй болохоо илэрхийлсэн байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т зааснаар "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй" гэж заасан байх бөгөөд манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн биеийн байдал сайжирсанд таатай байгаа боловч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар алдалт цуцлагдсанаас хойш бүхэл бүтэн 6 жилийн дараа нөхөн төлбөрийн зөрүү нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хуулийн хугацаа 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр дууссан, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацааг тусгайлан заасан тул нэхэмжлэлийн хөдөлмөрийн маргаантай холбоотой шүүхэд гомдол гаргах хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т ...хуульд 6 өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна..." гэж заасантай адилтган үзэх боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн үйлдвэрлэлийн осолд орсны нөхөн төлбөрт олгох 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж буюу 25,600,000 төгрөгийг" хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсгэхгүй болгож өгнө үү.
Сэтгэл санаа эрүүл мэндэд учирсан хохиролд, мөн ажлын чадвараа 80 хувиар алдсантай холбогдуулан насан туршдаа эрүүл мэндээ алдсан гэм хорын хохиролд 97,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2- т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэнд биеийн байдал тогтворгүй, дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай эсхүл эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир сэтгэл санаа эрүүл мэндэд учирсан хохиролд, мөн ажлын чадвараа 80% алдсантай холбогдуулан насан туршдаа эрүүл мэндээ алдсан гэм хорын хохиролд 97,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Тодруулбал үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ эхлээд 80 хувиар бүртгэгдсэн боловч дараа нь 50 хувь болж буурсан. Үүний дараа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг цуцалсан үйл баримт байна. Компанийн зүгээс иргэн Г.Мөнхзулын эмчилгээний зардал, нөхөн төлбөр, тэтгэмж, цалин хөлсөнд 69,890,896.20 төгрөгийг олгосон ба үүнээс хойш 2016 онд биеийн байдал сайжирсан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцалсан байдаг.
Түүнчлэн иргэний сэтгэл санаа, эрүүл мэндэд гэм хор учирсан гэж үзэж буй нөхцөлд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо байх учиртай бөгөөд Эрдэнэ-Монгол ХХК-ийг Г.Мөнхзулд гэм хор учруулсан гэж тогтоосон хууль хяналтын байгууллагын шийдвэр байхгүй, харин иргэн Г.Мөнхзулыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.3, 18.2.7, 18.2.8-д заасныг тус тус зөрчсөн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Өөрөөр хэлбэл уг үйлдвэрлэлийн осол гарах болсон нөхцөл байдал нь компанийн үйл ажиллагаатай холбоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн "Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн 9 сарын цалинтай тэнцэх зөрүү 25,600,000 төгрөгийг гаргуулах, 97,200,000 төгрөгийг сэтгэл санаа эрүүл мэндэд учирсан хохиролд, мөн ажлын чадвараа 80% алдсантай холбогдуулан насан туршдаа эрүүл мэндээ алдсан гэм хорын хохиролд 122,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлт, 2021.11.29-ний өдөр олгосон итгэмжлэл, Г.Мөнхзулын иргэний үнэмлэхийн хуулбар, 2014.08.31-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актын хуулбар, 2014.12.17-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, 2022.06.22-ны өдрийн 05/1373 дугаар Мэргэжлийн хяналтын газраас Г.Мөнхзулд хүргүүлсэн өргөдлийн хариу, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, 2014.12.25-ны өдрийн 55 дугаар Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийн хуулбар, 2014.08.31-ний өдрийн Аарцагны компьютерт томографикийн шинжилгээний хуулбар, 2015.04.20-ны өдрийн Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокрурорын 200 дугаар тогтоолын хуулбар, 2015.10.01-ний өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 378 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар, 2019.10.14-ний өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 230 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, 2019.11.12-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын гомдлын хариу мэдэгдэх хуудасны хуулбар, 2020.05.26-ны өдрийн 1/1489 дугаар Гомдолд хариу өгөх тухай хариу мэдэгдэх хуудасны хуулбар, 2019.12.16-ны өдрийн 1/2964 дугаар Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Гомдолд хариу өгөх тухай хариу мэдэгдэх хуудасны хуулбар, 2020.05.01-ний өдрийн Монгол Улсын Хууль Зүй, дотоод хэргийн яамны 1-4/1808 дугаар Өргөдөл шилжүүлэх тухай албан тоотын хуулбар, 2020.05.22-ны өдрийн Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Хариу өгөх тухай 3/354 дугаар албан тоотын хуулбар, 2019.12.30-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 182/ШЗ2020/00197 дугаар захирамжийн хуулбар, 2020.06.10-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, 2022.01.11-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2022/0512 дугаар захирамжийн хуулбар, 2022.05.10-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлага /хх-ийн 3-10, 23, 91, 93-116, 175-176/
4. Хариуцагч талаас нотлох баримтаар: 2021.09.30-ны өдрийн итгэмжлэл, 2022.06.29-ний өдрийн 134/22 дугаар итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, Эрдэнэ Монгол ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонд тооцох тухай удирдах захирлын тушаалын хуулбар, Эрдэнэ Монгол ХХК-ийн удирдах захирлын тушаалын хуулбар, Г.Мөнхзулын 020777 дугаар Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, Эрдэнэ Монгол ХХК-иас Г.Мөнхзулд олгосон төлбөрийн задаргааны хуулбар, 2014.09.01-ний өдрийн төлбөрийн даалгаврын хуулбар, 683 дугаар кассын орлогын ордерын хуулбар, 2014.08.31-ний өдрийн зарлагын баримтын хуулбар, 2014.10.03-ны өдрийн 63 дугаар кассийн орлогын ордерын хуулбар, 2015.06.18-ны өдрийн төлбөрийн даалгаврын хуулбар, Г.Мөнхзулын шинжилгээний зардлын хуулбар, Интермед эмнэлэгт үзүүлэхэд гарсан төлбөрийн баримтын хуулбар, 2015.06.24-ний, 2015.06.25-ны өдрийн тус тус зарлагын баримт, 2015.06.24-ний өдрийн төлбөрийн даалгаврын хуулбар, 2015.08.04-ний өдрийн дотоод шилжүүлгийн маягтын хуулбар, 2015.06.30-ны өдрийн төлбөрийн даалгаврын хуулбар, 2015.08.04-ний өдрийн орлогын ордерын хуулбар, 2015.07.15-ны өдрийн 1340 дугаар бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, 2015.07.27-ны өдрийн 9304488 дугаар хот хоорондын зорчих тасалбарын хуулбар, 2015.09.02-ны өдрийн төлбөрийн даалгаврын хуулбар, 2015.09.17-ны өдрийн төлбөрийн даалгаврын хуулбар, 2015.09.30-ны өдрийн төлбөрийн даалгаврын хуулбар, 2015.12.31-ний өдрийн дотоод шилжүүлгийн маягтын хуулбар, 2022.07.06-ны өдрийн 7-411/331 дугаар Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн тодорхойлолт, 2015.09.15-ны өдрийн эвлэрлийн гэрээний хуулбар, Г.Мөнхзулын шилжин ирсн тухай тодорхойлолтын хуулбар, Эрдэнэ Монгол ХХК-д хандан гаргасан Г.Мөнхзулын өргөдлийн хуулбар, Г.Мөнхзулд 2014 оны 09 сараас 2015 оны 03 сарыг дуустал олгосон цалин хөлсний задаргаа, Г.Мөнхзулын Люкс мед эмнэлэгт 2014.08.31-ний өдөр үзүүлсэн хэвлэн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний хуулбар, 2014.08.31-ний өдрийн Аарцагны компьютерт томографийн шинжилгээний хуулбар, 2014.08.31-ний өдрийн Цээжний хөндийн эрхтний тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.11.17-ны өдөр гаргасан хариу тайлбар, 2021.09.30-ны өдрийн 2021/0009.01 дугаар Эрх олгох тухай итгэмжлэл, хариу тайлбар /хх-ийн 14-18, 24-55, 73, 148-149, 166-169, 193-194/
5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: Г.Мөнхзулын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Даатгуулагч Г.Мөнхзулын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, 2018.10.12-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа цуцалсан тухай актын хуулбар, /хх-ийн 71, 79-81/, зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.Мөнхзул хариуцагч Эрдэнэ Монгол ХХК-д холбогдох нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа тодруулж, ихэсгэсэн байна. /хх175-176/
Шүүх хуралдаан дээр Үйлдвэрийн осолд орсны нөхөн төлбөрийн 9 сарын цалинтай тэнцэх зөрүү 25,600,000 төгрөг, сэтгэл санаа эрүүл мэндэд учирсан хохирол мөн ажлын чадвараа 80 хувь алдсантай холбогдуулан насан туршдаа эрүүл мэндээ алдсаны гэм хорын хохиролд 97,200,000 төгрөг, нийт 122,800,000 төгрөг гаргуулах, хөөн хэлэлцэх хугацаа сэргээх гэсэн агуулгатай шаардлагаа дэмжиж оролцсон болно. /2023.04.07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...Эвлэрлийн гэрээ нь хуульд нийцээгүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн зөрүү болон ослын улмаас эрүүл мэнд, сэтгэл санаа, мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсны гэм хорын хохирлыг шаардах эрхтэй гэж,
хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Эвлэрлийн гэрээгээр тухайн үед гарсан зардал болон нөхөн төлбөрийг тооцож олгоод цаашид энэ талаар нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон...гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 6 жил өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй...хөдөлмөрийн чадвар алдалт нь сэргэсэн...ослын улмаас хохирол учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй мөн нотлох баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Г.Мөнхзул хариуцагч Эрдэнэ монгол ХХК-д геологичоор ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 08 сарын 30-ны өдрийн 12 цагийн үед ажил олгогчийн ажлын талбар болох Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Хөвийн хар гэх тусгай зөвшөөрлийн талбайд үйлдвэрлэлийн осолд орж, түүний бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан дараах үйл баримтаар тогтоогдож байна.
Эрдэнэ монгол ХХК-ийн дэргэдэх Үйлдвэрлэлийн ослыг тогтоох комисс 2014 оны 08 сарын 31-ний өдөр акт үйлдэж, уг осол нь малтаж байсан сувгийн хананаас ус нэвчиж...сувгийн ханыг тогтоож байсан чулуу нурсан...суваг нурах аюулыг шалгах аюулыг шалгах тодорхой хугацаа өгөлгүйгээр сувагт нэвтэрснээс осол гарах шалтгаан болсон гэж,
ажилтны эрүүл мэндэд учирсан хохирлыг ууцны s1 ба s2 сегментийн баруун тал зөрүүгүй хугаралтай, хоёр талын умдаг ясны дээд доод салаанууд зөрүүгүй хугаралтай, умдагны ясны дээд салааны хугаралууд 2 талын түнхийн үе рүү орсон гэж дүгнэжээ. /хх6-7/
Дээрх гэмтлүүд нь Люкс мед эмнэлгийн 2014 оны 08 сарын 31-ний өдрийн компьютер томографийн зургаар баталгаажсан ба уг шинжилгээг үндэслэн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 12 сарын 28-ны өдрийн 55 тоот шинжээчийн дүгнэлтэд ...Г.Мөнхзулын биед ууцны s1 болон s2 сегментүүдийн баруун массууд босоо тэнхлэгээр зөрүү багатай хугарал, хоёр талын умдаг ясны дээд салаануудын хугарлууд гэмтлүүд үүссэн байна дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх58, 93-94/
Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 04 сарын 20-ны өдрийн 200 тоот тогтоолоор Г.Мөнхзулын биед учирсан гэмтэлд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 04 сарын 03-ны өдрийн 5/937 тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй гэснийг үндэслээд,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 378 тоот тогтоолоор Эрдэнэ монгол ХХК-ийн ажилтнууд хөдөлмөр аюулгүй ажиллагааны болон аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг шалгаад тус тус гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /хх97-98/
Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай комиссын шийдвэрт Г.Мөнхзул нь s 77 ташаа нялцран бэртэх гэмтэл үүссэн, s2, s 3 хугарал, аарцагны хугарал батлагдсан, аарцгийн дотоод эрхтний гэмтэлтэй хавсарсан нийлмэл хугарлууд 60-80, шалтгаан үйлдвэрлэлийн осол гэж тус тус дүгнээд 2014 оны 12 сарын 17-ны өдрөөс 2015 оны 12 сарын 17 хүртэл хугацаанд 12 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоожээ. /хх8/
2015 оны 09 сарын 15-ны өдөр Г.Мөнхзул, Эрдэнэ монгол ХХК-ийн хооронд Эвлэрлийн гэрээ байгуулсан ба гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцохдоо ...2014 оны 08 сарын 30-ны өдөр гарсан осол нь үйлдвэрлэлийн осол болно гэж...2015.09.18-ны өдрөөс өмнө ажилтны 9 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн нөхөн төлбөр 23,689,000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний зардалд 770,000 төгрөг, 1,821,000 төгрөг, нийт 26,280,000 төгрөг гэж нэхэмжилснийг ажил олгогч зөвшөөрч гэрээнд заасан нөхөн төлбөр болох 26,280,000 төгрөгийг төлснөөр гэрээ дуусгавар болжээ. Дээрх үйл баримтуудын талаар талууд маргаагүй.
Харин хариуцагч тал нь нөхөн төлбөр болон эмчилгээний зардлыг тохиролцсон гэрээний үүрэг дуусгавар болсон, тухайн нөхцөлөөр дахин нэхэмжлэл гаргахгүй гэж тохиролцсон, энэ талаар шаардлага гаргах хуульд заасан хугацаа дууссан, хохирол шаардсан нь үндэслэлгүй мөн нотлох баримтгүй гэж маргаж байна.
Эрдэнэ монгол ХХК-ийн захирлын 2015 оны 04 сарын 01-ний өдрийн тушаалаар Г.Мөнхзултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, геологичийн ажлаас чөлөөлснөөр талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг маргаан болсон цаг хугацаанд мөрдөж байсан /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.
/1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.
Талууд 2015 оны 09 сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж хариуцагч байгууллага уг гэрээнд заасан төлбөрийг төлсөн, 2016 оны 09 сарын 08-ны өдрийн актаар Г.Мөнхзулын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалсан байх ба үүнээс хойш шүүхэд 2019 оны 12 сарын 30 нэхэмжлэл гаргасан үйл баримтаар үзэхэд хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх хэдий ч шүүх уг хугацааг сэргээх үндэслэлтэй байна.
Энэ нь зохигч талуудын үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн талаар 2015 оны 09 сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд ажил олгогчийг үүрэг хариуцлагаас чөлөөлөх тухай 1 дүгээр хэсэгт ...ажил олгогчоос нэг удаагийн мөнгөн төлбөрүүдийг харгалзан өнгөрсөн, одоо байгаа болон ирээдүйд байх болох бүхий л нөхөн төлбөрөөс чөлөөлөхөөр тохиролцсон хэсэг нь /1999оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлтэй нийцээгүй байна.
Тодруулбал ажилтан үйлдвэрлэлийн осолд орсон болохыг ажил олгогчийн актаар дүгнэсэн түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг эрх бүхий байгууллагууд тогтоосон байх ба энэ тохиолдолд ажил олгогч хуульд заасан нөхөн төлбөр олгох үүрэгтэй байхад энэ талаар нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон гэрээний энэхүү хэсэг нь хуульд нийцээгүй байх тул /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3...д энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар шүүх уг хугацааг сэргээх нь зүйтэй байна.
/1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно:
97.1.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заажээ.
Нэхэмжлэгч Г.Мөнхзулын хөдөлмөрийн чадвар хувь, хугацааг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын комиссын шийдвэрээр s7 ташаа нялцран бэртэх гэмтэл, s 2 s 3-ын хугарал, аарцагны бэртэх, аарцагны дотоод эрхтний гэмтэлтэй хавсарсан нийлмэл гэх оношоор хөдөлмөр алдалтын хэмжээг 2014.12.17-ны өдрөөс 2015.12.17 хүртэл хугацаанд 80 хувиар,
мөн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын комиссын шийдвэрээр G54 мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэг гэх оношоор хөдөлмөр алдалтын хэмжээг 2015.09.09-ний өдрөөс 2016.09.08 хүртэл 50 хувиар тус тус тогтоосон байжээ. /хх80-81/
Дээрх 2 актын цаг хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, онош зэргээс үзэхэд талуудын эвлэрлийн гэрээ байгуулах хугацаанд нэхэмжлэгч Г.Мөнхзул нь үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан гэмтэл болох s7 ташаа нялцран бэртэх гэмтэл, s 2 s 3-ын хугарал, аарцагны бэртэх, аарцагны дотоод эрхтний гэмтэлтэй хавсарсан нийлмэл-ийн оношоор хөдөлмөр алдалтын хэмжээ нь 80 хувьтай байсан ба тухайн чадвар алдалтын хэмжээгээр 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг хуульд зааснаар ажил олгогч олгох үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд G54 мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэг гэх оношоор хөдөлмөр алдалтын хэмжээг 50 хувиар тогтоосон актаар 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгосон байх ба нэхэмжлэгч ослын улмаас хөдөлмөр чадвар алдалтын тогтоосон хувь, хэмжээгээр нөхөн төлбөрийн зөрүү шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Г.Мөнхзулын тухайн үеийн нэг сарын цалинг 2,358,620 төгрөг болохыг талууд гэрээндээ тогтоосон байх тул 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 42,455,160 төгрөг үүнээс 2015 оны 09 сарын 15-ны гэрээгээр олгосон 23,689,000 төгрөгийг хасаад 18,766,160 төгрөгийг хариуцагч Эрдэнэ монгол ХХК-иас гаргуулж, илүү нэхэмжилсэн 6,833,840 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 497.1. ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй, нэхэмжлэгчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байгаа эсэх энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхийг тус тус шалгадаг.
2014 оны 08 сарын 30-ны өдрийн үйлдвэрлэлийн ослын улмаас Г.Мөнхзулын биед хүнд зэргийн гэмтэл учирч, түүний хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтайгаар тодорхой хугацаагаар алдагдаж улмаар 2016 оноос сэргэсэн талаар шүүхээс нэгэнтээ дүгнэсэн бөгөөд энэ үйл баримтаар хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон гэж үзэхээр байна.
Хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад танилцуулсан байх ба хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн сэтгэл санаа эрүүл мэндэд учирсан хохирол мөн ажлын чадвараа 80 хувь алдсантай холбогдуулан насан туршдаа эрүүл мэндээ алдсаны гэм хорын хохиролд 97,200,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг бичмэл баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх иргэдийн төлөөлөгч Д.Нарангэрэлд хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигч талуудын зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2022/08935 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШЗ2023/01880 тоот захирамжаар чөлөөлсөн бөгөөд хуульд зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийг хангасан үнийн дүнгийн хэмжээгээр тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 129 дүгээр зүйлийн 129.3-д зааснаар Г.Мөнхзулын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хариуцагч Эрдэнэ монгол ХХК-иас үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрийн зөрүү 18,766,160 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхзулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,833,840 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Эрдэнэ монгол ХХК-д холбогдох гэм хорын хохирол 97,200,000 төгрөг гаргуулах тухай Г.Мөнхзулын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2022/08935 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШЗ2023/01880 тоот захирамжаар нэхэмжлэгч Г.Мөнхзулыг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагч Эрдэнэ Монгол ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 251,781 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Ч.ДАВААСҮРЭН
Т.ЭНХТУЯА