Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2023/01479

 

 

 

 

 

 

 

 

2023 05 11 182/ШШ2023/01479

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж-46, хаягт байрлах, ЧДНДХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, 06 дугаар хороолол, 33а-3 тоот хаягт байрлах О-И ХХК-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэл 66,126,311.11 төгрөг, алданги 24,492,102 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат,

Хариуцагчийн төлөөлөгч Н.Доржгочоо,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

Харилцагч Од Инновашн ХХК нь ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл болох 90,618,418.74 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Нийгмийн шимтгэлийн өр болох 90,618,412.74 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр Од-Инновашн ХХК-д Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 94 тоот албан шаардлага, 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 97 тоот мэдэгдлээр тус хэлтэст бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны 453150737, 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 453147489 тоот дансны зарлагын гүйлгээг тус тус зогсоож төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.

Мөн 2022 оны 08 сарын 25-ны өдөр Од-Инновашн ХХК-ийн нягтлан бодогч Н.Бямбацогтой шимтгэлийн өр, авлагыг барагдуулах талаар уулзалтыг удаа дараа хийж, өр, авлага барагдуулах график байгуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг-ийг заасан бөгөөд хариуцагчаас 2019 оны байдлаар үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 66,126,311.11 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлээр Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих гэсэн хэсгийн 3... Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

Энэ хуулийн тайлбар хэсэгт ... Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэжээ.

Иймд хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй тул дээрх хуульд зааснаар алданги 24,492,102 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрийг зөвшөөрч байгаа боловч алданги хэсгийг зөвшөөрөхгүй байна.

Манай компани нь 2012 онд байгуулагдсан ба 2019 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухай бүр төлөөд явж байсан. Сард дунджаар 15-25 хүн ажиллуулдаг байсан. Энэ хугацаанд улсад 1,000,000,000 төгрөгийн татвар, шимтгэл төлсөн байдаг.

2020 оны 01 дүгээр сараас эхлэн цар тахлын нөхцөл байдал үүссэн. Үүнийг Худалдаа аж үйлдвэрийн танхим гэрчилж өгөөгүй ч гэлээ нийтэд илэрхий үйл баримт юм. Энэ хугацаанд хил гааль хаагдсан гэх мэт шалтгаанаар манай байгууллага 2020 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон. Үйл ажиллагаа явуулж чадахаа больсонтой холбоотойгоор өмнөх өр төлбөрүүдээ чадахаа больсон үр дагавар үүссэн.

Өнөөдрийн байдлаар манай байгууллага энэ цар тахлын хор уршгаас гарч чадаагүй байгаа. Том зургаар нь харвал Нийгмийн даатгалын байгууллагын санд төвлөрсөн мөнгөний зарцуулалттай холбоотой асуудлууд байна. Манай байгууллагын хувьд цаашдаа үйл ажиллагаагаа явуулна гэж найдаж байгаа. Бид үндсэн төлбөрөө графикийн дагуу төлж барагдуулаад цаашдаа тухай бүр төлөөд явна. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.8-т Зөрчил шалган  шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг заасан ба тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.15-т нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17-т заасан зөрчилд хариуцлага тооцно гэсэн байна. Иймд зөрчлийн тухай хуулийг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь иргэний хэргийн шүүхийн харьяалал биш гэж үзэж байна. Хэрэв энэ хуулиар шаардаж байгаа нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хуулийн этгээдийг торгох ёстой байсан боловч хоёр жилийн дараа шүүхэд хандсан байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэв.

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Од-Инновашн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Доржгочоогийн иргэний үнэмлэхийн мэдээллийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн хуулбар, Од-Инновашн ХХК-ийн алданги тооцсон хүснэгт, Од-Инновашн ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Од-Инновашн ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 12 сарын тайлангийн хуулбар, Од-Инновашн ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, 2019.03.04-ний өдрийн 74 дугаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс Од-Инновашн ХХК-д хүргүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай албан тоотын хуулбар, 2019.12.06-ны өдрийн 928 дугаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай албан тоотын хуулбар, 2019.06.03-ны өдрийн 97 дугаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай албан тоотын хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, итгэмжлэл, /хх-ийн 4-21, 32/

4. Хариуцагч талаас нотлох баримтаар: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 61/

5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: 2023.04.11-ний өдрийн 02/326 дугаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын албан тоот, 2023.04.13-ны өдрийн 02/337 дугаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын албан тоот, 2023.03.03-ны өдрийн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Билгүүнээс гаргасан хүсэлтийн хуулбар, 2023.04.11-ний өдрийн 02/326 дугаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Од-Инновашн ХХК-ийн захирал Н.Доржгочоод хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2023.04.13-ны өдрийн 02/337 дугаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын албан тоотын хуулбар, 2023.04.24-ний өдрийн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Билгүүний гаргасан хүсэлтийн хуулбар, 2023.04.14-ний өдрийн №01/23/041 дугаар Од инновашн ХХК-иас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд гаргасан гомдлын хуулбар, 2023.04.13-ны өдрийн 182/ШЗ2023/04621 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2023.05.01-ний өдрийн 02/397 дугаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Од-Инновашн ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Доржгочоод хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2023.04.05-ны өдийн А/2 дугаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Билгүүнээс гаргасан хүсэлтийн хуулбар /хх-ийн 70, 86, 95-102/ зэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Од-Инновашн ХХК-д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөөгүй өр 66,126,311.11 төгрөг, алданги 24,492,102 төгрөг, нийт 90,618,412.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй.

Нийгмийн даатгалын тухай хуульд нийгмийн даатгалын байгууллага" гэж ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээд гэж,

нийгмийн даатгалын сан" гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг,

"нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг,

"нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа" гэж ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг,

"шимтгэл төлөгч" гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг хэлнэ гэж тусгажээ.

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь хуулийн этгээдийн бүртгэлд 2008 онд 9080821 дугаартай регистрийн дугаараар бүртгэгдсэн бөгөөд түүний үйл ажиллагааны үндсэн чиглэлээр нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж, Од-Инновашн ХХК нь хуулийн этгээдийн бүртгэлд 2012 онд 5629888 дугаартай регистрийн дугаараар бүртгэгдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн байх тул хариуцагч гэж үзнэ.

Хуулийн этгээд нь төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд төлөөлөл нь хуульд заасан шаардлага хангасан байна.

Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна. Нийгмийн даатгалд өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн ажилтан албан журмаар даатгуулна гэж заажээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:

1 /хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;

2 /шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх;

3 /нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах;

4 /нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна.

Хариуцагч Од-Инновашн ХХК нь нийгмийн даатгалын санд 2022 оны 08 сарын 30-ны өдрийн байдлаар 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 66,126,311.11 төгрөгийн шимтгэл төлөх үүрэгтэй болох нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэл тогтоосон хүснэгтээр тогтоогдож байгаа ба хариуцагч нь шимтгэлийн үнийн дүнг зөвшөөрсөн бөгөөд энэ тухайд маргаагүй байна.

Харин зохигч талууд дээрхи шимтгэлд тооцсон алданги болох 24,492,102 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж, хариуцагч нь хэргийн харьяаллын талаар маргаж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ гэж заажээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-д Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...гэж,

дээрх хуулийн тайлбар хэсэгт Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалалыг тогтоосон ба уг хуулийн 6.15...д нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил-ийг шалгахаар заажээ.

Иймд хариуцагч хуулийн этгээдийн шимтгэл төлөх үүрэгт ногдуулах алдангийг шийдвэрлэх харьяаллыг хуулиар тусгайлан зохицуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч энэхүү шаардлагыг хуульд заасан харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад гаргахад шийдвэр саад болохгүй болно.

Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийг хангасан дүнгээр тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д зааснаар хариуцагч Од-Инновашн ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 66,126,311.11 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 24,492,102 төгрөг гаргуулах тухай хариуцагч Од-Инновашн ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Од-Инновашн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 488,582 гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН