Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/47

 

Ц.Үд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Цогтмагнай

Цагаатгагдсан этгээд Ц.Үлэмж-Эрдэнийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/121 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Ц.Үд холбогдох эрүүгийн 2014003450417 дугаар хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ц.Ү, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Ц.Ү нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Онийн булан” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг 0,7 га хэмжээ бүхий тайлбайд ухаж, нүх үүсгэн явуулж байгаль экологид 1.490.585 төгрөгийн хохирол учруулж, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг завдах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн прокурорын газраас Ц.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Шүүгдэгч Ц.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Ц.Ү нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Цагаатгах тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг 16 минутад хүлээн авч танилцаад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Хэргийн үйл баримтын тухайд Ц.Ү нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны Баянхонгор аймгийн Бууцагаан сумын засаг дарга Ж.Алтанцэцэгтэй тус сумын 5 дугаар багийн нутаг “Онийн булан” нэртэй газарт орших 0.56 гектар талбайд “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-г 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд байгуулжээ.

Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 7/4818 дугаар “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр Баянхонгор аймгийн аймгийн Бууцагаан сумын “Онийн булан-1” (0.42 га тайлбай), Онийн булан-2” (0.14 га талбай), “Цагаан арал” (3 га талбай) гэх нэртэй газруудад зохих журмын дагуу дүгнэлт хүргүүлсэн ба дээрх албан бичгийг мөн төрийн захиргааны байгууллагын эрх олгосон буюу тусгай зөвшөөрөл гэж үзнэ.

Хэдийгээр Ц.Ү нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын засаг даргатай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ” байгуулсныг төрийн захиргааны холбогдох байгууллагын зөвшөөрөл гэж үзэж хууль ёсны дагуу буюу гэрээний дагуу явагдсан мэт боловч шүүгдэгч нь гэрээнд заагдсан талбайд бус дүгнэлт гараагүй буюу зөвшөөрөгдөөгүй газарт үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ханган улмаар ашигт малтмалын эрэл хайгуулыг 0,7 га хэмжээ бүхий талбайд ухаж, нүх үүсгэн явуулж байгаль орчинд байгаль экологид 1.490.585 төгрөгийн хохирол учруулсан, Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 07 дугаар 05-ны өдрийн 7/4818 дугаар “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийн хавсралтад дурдсан Онийн булан 1, Онийн булан 2 гэх талбайн цэг соливцол бүхий талбайд хамаарахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Иймд 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Онийн булан” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг 0.7 га хэмжээ бүхий талбайд нүх ухаж, нүх үүсгэн явуулж байгаль орчинд байгаль экологид 1490585 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Ү нь гэрээгээр халхавчилж дүгнэлтгүй талбайд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх зорилготой байсан нь том оврын техник хэрэгсэл байршуулснаар тогтоогдож байна. Хэрэв бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилготой бол бага оврын техник хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Дээрх үйл ажиллагаа явуулсан гэх газрын цэг солбицол нь зөвшөөрөлгүй газар болох нь ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг, шинжээчийн нэмэлт дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Ц.Үд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэхийн өмнө түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг завдсан гэж үзэн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан боловч яллах дүгнэлтийнхээ тогтоох хэсэгт тус өөрчлөлтийг оруулаагүй нь техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Анхан шатны шүүхийн тогтоолд “ 0,7 га талбайг хэн хэзээ, хэний удирдлага дор ухсан эсэх, ухах үүргийг холбогдох нөхөрлөлийн ажилтнуудад даалгасан эсэх, даалгасан бол хэн хэзээ даалгасан эсэх зэрэг ач холбогдол бүхий нөхцөл огт тогтоогдоогүй... “Шөвгийн худаг” нөхөрлөлийн үйл ажиллагааны бус Ц.Үд холбогдуулан мөрдөн байцаалт явуулсан нь учир дутагдалтай, яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй” гэж дурдсан атлаа хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Ц.Ү нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэв” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахгүйгээр, хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.Үд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй буюу шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан 0,7 га талбайг хэн хэзээ ухсан, Ц.Ү ухсан эсэх талаар холбогдох ажиллагааг явуулах шаардлагатай талаар дүгнэсэн мөртлөө Ц.Үлэмж- Эрдэнийг цагаатгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ашигтайгаар шийдвэрлэх” зарчим нь эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасны дараа хэрэглэгдэх ёстой. Гэтэл хэрэгт хийвэл зохих ажиллагаа байсаар байхад уг зүйл хэсгийг баримталж, хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Цагаатгах тогтоол нь илт үндэслэлгүй бөгөөд Ц.Үлэмж-Эрдэнийн дүгнэлтгүй талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг 0,7 га хэмжээ бүхий талбайд ухаж нүх үүсгэн явуулж байгаль орчинд байгаль экологид учруулсан 1.490.585, нөхөн сэргээлт хийх ажпын зардал 1.304.000 төгрөгийг хэн хариуцах, прокурор болон төр захиргааны холбогдох байгууллага хэнээс нэхэмжлэх нь ойлгомжгүй.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/121 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, прокурорт буцаахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж оролцоно, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаана уу гэв.

Өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд прокурор Г.Цогтмагнайн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Үлэмж-Эрдэнийг 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Онийн булан” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг 0,7 га хэмжээ бүхий талбайд газрыг ухаж, нүх үүсгэн үүний улмаас байгаль экологид 1.490.585 төгрөгийн хохирол учруулж, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах тогтоол гаргасан нь зөв боловч цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн зарим үндэслэлд “...газарт 0,7 га талбайд эвдрэл үүссэн эсэхийг эргэлзээгүй нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, эвдрэл үүссэн гэх 0,7 га талбайг хэн, хэзээ, хэний удирдлага дор ухсан эсэх, ухах үүргийг холбогдох нөхөрлөлийн ажилтнуудад даалгасан эсэх, даалгасан бол хэн, хэзээ даалгасан эсэх зэрэг ач холбогдол бүхий нөхцөл огт тогтоогдоогүй...” гэх дүгнэлтийн хэсэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн “Шөвгийн худаг” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, түүний ахлагчаар Ц.Үлэмж-Эрдэнийг томилсон талаарх Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000138783 дугаар гэрчилгээ, нөхөрлөлөө төлөөлөн Ц.Ү, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг дарга Ж.Алтанцэцэг нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Онийн булан” гэх газарт орших 0,56 гектор талбайд 2 жилийн хугацаагаар Бичил уурхайгаар /ашигт малтмалын төрөл/ олборлохоор хоёр тал тохиролцсон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний хуулбар, Сайхан Ариун дэлхий ХХК-ийн шинжээчийн 03/11 тоот дахин, мөн компаний шинжээчийн 03/02 тоот нэмэлт дүгнэлтүүд, хохирогч байгууллагын төлөөлөгч Д.Одончимэгийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Шөвгийн худаг” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, түүний ахлагч Ц.Ү нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Онийн булан” гэх газарт 0,7 га хэмжээ бүхий талбайг ухаж, нүх үүсгэн байгаль экологид 1.490.585 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 6-12, 120-127, 129-132 дугаар тал/

Дээрх үйл баримтыг дүгнэн үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй буюу Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын нэг дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000136783 тоот гэрчилгээтэй, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай, эрх зүйн чадвартай “Шөвгийн худаг” нөхөрлөлийг хэлбэрийн хувьд бичил уурхай эрхлэгч этгээд гэж үзнэ.

Улмаар мөн журмын 2 дахь хэсэгт заасны дагуу олборлохоор нөхөрлөлийн ахлагч Ц.Ү, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг дарга Ж.Алтанцэцэг нар харилцан тохиролцож бичгээр байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Ц.Үлэмж-Эрдэнийн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Онийн булан” гэх газарт, урьд нь эвдэгдсэн байсан 0,7 га хэмжээ бүхий талбайг ухаж, нүх үүсгэн байгаль экологид 1.490.585 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг гэрээнд заасан газраас өөр газар ухаж, нүх үүсгэсэн гэж үзэх боломжгүй буюу тухайн гэрээнд “Онийн булан” гэх газрын цэг солбицолыг нарийвчлан тогтоож өгсөн болохыг нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нөгөө талаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоос өмнө байгуулагдсан дээрх гэрээг буруутгах боломжгүй хэдий ч гэрээг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2 жилийн хугацаагаар байгуулсан, Засгийн газрын 355 дугаар тогтоол 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс хэрэгжсэн, хэргийн үйл баримт 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөр тогтоогдсон байна.

Энэ нь Засгийн газрын 355 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-д “Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах...”, 1.3-д “...бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтгүй талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавих...” 2 дахь хэсэгт “ ...буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг...” сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан байхад хэрэгжүүлэх, хяналт тавих эрх бүхий Засаг дарга гэрээний нэг тал хэвээр байж, гэрээгээ цуцлах санал тавьж хамтран байгуулсан гэрээгээ цуцлаагүй улмаар хэрэгт Засаг дарга хохирогч болж төлөөлөгчөө томилсон зэрэг ноцтой алдаануудад Засаг дарга хуулиас гадуур байж, Ц.Ү энгийн хүнийхээ хувьд буруутгагдах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Харин 0,7 га хэмжээ бүхий талбайд ухаж нүх үүсгэн явуулж байгаль орчинд байгаль экологид учруулсан 1.490.585, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 1.304.000 төгрөгийг тухайн орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах Иргэдийн Төлөөлөгчдийн хурал түүний тэргүүлэгчид эсвэл төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь гэм буруутай этгээд буюу хариуцагчийг зөв тогтоож, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/121 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

Зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/121 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ    

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

Н.ЭНХМАА