Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/02737

 

 

 

 

 

 

 

 

2023 05 30 101/ШШ2023/02737

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Е

Хариуцагч: С нарт холбогдох

 

Орон сууц хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хохирлын төлбөрт 00,686,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр С ХХК-ийн өмчлөлийн БЗД буюу 00000 тоот байрыг үл хөдлөх худалдах худалдан авах гэрээний дагуу хууль журмын дагуу Улсын бүртгэлийн газарт холбогдох материалыг бүрдүүлэн өгч компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 тоот дугаарт бүртгүүлэн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгч болсон.

Гэтэл тус байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч байрыг хүлээн авахад Бүрд Констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-ийн хамаарал бүхий иргэн амьдарч байсан болно.

Манай компанийн зүгээс дээрх байрнуудыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж оршин суугч иргэнд болон Бүрд Констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-д тус тус утсаар, албан мэйлээр, бичгээр хандаж байсан ч оршин суугч иргэн өөрийн өмчлөлийн газраа Бүрд Констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-д өгч уг байранд орсон гэдэг тайлбар өгдөг.

Бүрд Констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-ийн зүгээс манай компанид хандан дээрх 00 тоот байрны төлбөрийг төлж байрнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авна гэж албан бичиг, мэйл ирүүлдэг боловч өнөөдрийг хүртэл уг байрны төлбөрийг манай компани төлж барагдуулаагүйгээс гадна байранд амьдарсаар байна.

Манай компани БЗД буюу А хотхон-д байрлах 00 тоот байрны хууль ёсны өмчлөгч болсон ч С /РД:00000000000/, Е /РД:000000000/ нар нь хууль бусаар амьдарч байгаагаас шалтгаалан өөрийн өмчлөлийн хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах боломжгүй болоод байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар манай компани өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа болно.

Хариуцагч нар нь хууль бусаар орон сууцанд амьдарсан 3 жилийн хугацаанд орон сууцны дотоод засвар муудаж, элэгдсэн байна. Манай компани тус байрыг шүүхийн журмаар албадан чөлөөлүүлж авсны дараа зайлшгүй дотоод засварын ажил хийж байгууллагын хэрэгцээнд ашиглах болно.

Барилгын засвар хийх, барилгын материалын худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Х ХХК-иас иж бүрэн засвар хийх үнийн саналыг авахад нийт НӨАТ орсон дүнгээр 4,500,000 төгрөгөөр засвар хийх боломжтой тухай үнийн саналаа бидэнд албан бичгээр ирүүлсэн.

Хариуцагч нар нь тус бүрийг 3 жилийн хугацаанд эзэмшиж ашиглаж амьдарч байсан тул орон сууцны засварын зардал болох хохирол болох 4,500,000 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй болно.

Иймд Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж. 101 байр, 00 тоот орон сууцыг Т.С, С.Е нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Т.С, С.Е нараас орон сууцны засварын зардалд 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Манай компани 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, тус орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-000000000 тоот дугаарт бүртгүүлэн хууль ёсны өмчлөгч болсон. Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 36 сарын хугацаанд тус байрыг бүрэн эзэмшиж, ашиглаж, орон сууцны үр шимийг хүртэж байна.

Манай компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 сарын 21-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б-0000 тоот тушаалаар компанийн өмчлөлийн БЗД 1000 байранд байрлах нийт 55 ширхэг орон сууцыг ажилчдадаа түрээслэхээр болсон.

Улмаар манай компанийн ажилчин б нь  2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн амьдарч буй 61.63 мкв 2 өрөө 00 тоот орон сууцыг сарын 616,300 төгрөгөөр хөлслөхөөр МВС тоот Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-г 36 сарын хугацаатайгаар байгуулсан байдаг.

Гэтэл хариуцагч Т.С, С.Е нар нь 00 тоот байранд амьдарч байсан тул манай компанийн ажилтан Г.Б тус байранд Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний дагуу амьдрах боломжгүй болж гэрээ цуцалсан байдаг.

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, ...олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, ... бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Иймд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу хариуцагч нь орон сууцанд хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй өнөөдрийг хүртэл амьдарч байгаа учраас хариуцагч орон сууцыг эзэмшилдээ байлгасны төлбөр буюу нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого гэж үзэж, МВС тоот Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ний үнийн дүнгээр тооцож, 22,186,800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д заасан үндэслэлээр орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлогыг Т.С, С.Е нараас гаргуулан авах хүсэлтэй байна

Хариуцагч Т.С, С.Е нар нь 00 байрыг манай компанийн өмчлөлд шилжиж ирсэн 2019 оны 10 сарын 03-ны өдрөөс хойш 2022 оны 11 сар хүртэл 36 сарын хугацаанд эзэмшиж ашиглаж амьдарч байгаа тул орон сууцны түрээсийн төлбөр болох олох ёстой байсан орлого 22,186,800 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүхэд гаргасан тайлбартаа: Бидэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би С.Е 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус байрыг М.Саас зарын дагуу түрээсэлсэн. Утасны дугаар нь 99999999. Бид дундаа түрээсийн гэрээ байгуулах үед М.С нь Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, А 00 тоот байрны төлбөр дутуу тул гэрчилгээ нь барьцаанд байгаа гэх тайлбар өгч байсан. Харин Т.С нь 9 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хотод ирж 5 сарын хугацаанд ашигласан. С.Е би ар гэрийн асуудлаар Б аймагт байгаа учир холбогдох нотлох баримтуудаа 2 дугаар сард өгнө гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс Б.Ч олгосон 2022.11.0300000 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-000000 дугаарт бүртгэлтэй, БЗД 1000 байр, 00 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М ХХК 2019.10.03-ны өдөр бүртгэгдсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М ХХК-иас Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-д хаягласан 2022.01.0600000 дугаартай Мэдэгдэл, Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-иас М ХХК-д хаягласан 2021.10.19№000 дугаатай хүсэлт, М ХХК-иас М.Ст хаягласан 2022.02.08№000 дугаартай мэдэгдэл, М ХХК-иас Х ХХК-д хаягласан 2022.10.04№00000 албан бичиг, Х ХХК-иас М ХХК-д хаягласан 2022.10.05№00 дугаартай Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ү-000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хөлслүүлэх тухай М ХХК болон Г.Б нарын хооронд байгуулагдсан 2019.10.23000000 дугаартай Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, Г.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.10.20000000 дугаартай Орон сууц түрээслэх үнэ тогтоох тухай тушаал, хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч болон өмгөөлөгч Б.У нарын хооронд байгуулагдсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ;

 

Шүүх хуралдаанаар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т.С, С.Е нарт холбогдуулан, орон сууц албадан чөлөөлүүлэх, орон сууцны засварын зардал 4,500,000 төгрөг, 2019 оны 10 сарын 03-ны өдрөөс хойш 2022 оны 11 сар хүртэл 36 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 22,186,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, БЗД 1000000 байр, 00 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаартай гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээс үзэхэд, нэхэмжлэгч М ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдсэн байна.

4. Өмчлөгч нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 101.1.-д зааснаар, бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

5. Хэрэгт авагдсан М ХХК-иас Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-д хаягласан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр №4/0000000  дугаартай албан бичгээс үзэхэд, БЗД 1000 байр, 00 тоот хаягт 00000 байршилтай орон сууцанд М.С гэх хүн 3 жилийн хугацаанд хууль бусаар оршин сууж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа тул байрыг шүүхийн журмаар чөлөөлүүлэх, хохирол төлбөрийг нэхэмжлэхээ мэдэгдэж байсан, мөн тус компаниас М.Ст хаягласан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 4/13 дугаартай мэдэгдлээр орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

6. Нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б-40000 дугаартай тушаалаар нийт 55 орон сууцыг хөлслүүлэх үнийг тогтоосон байх ба маргааны зүйл болох 00 тоот, Ү-000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг сард 616,300 төгрөгөөр хөлслүүлэхээр тушаалд тусгажээ.

6.1. Хэрэгт авагдсан М ХХК болон Г.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №MCM000000 дугаартай Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ээр Ү-000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг сард 616,300 төгрөгөөр хөлслүүлэх, төлбөрийг сар бүрийн цалингаас суутгуулан төлж байхыг хөлслүүлэгч зөвшөөрсөн талаар тусгасан байна.

7. Хариуцагч С.Е нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр М.С гэгчээс уг орон сууцанд зарын дагуу хөлсөлж суусан, хариуцагч Т.С нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 5 сарын хугацаанд байрыг ашигласан хэмээн тайлбар гаргасан боловч 2019 оны 10 сарын 03-ны өдрөөс хойш 2022 оны 11 сар хүртэл 36 сарын хугацаанд орон сууц өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж нотлоогүй.

7.1. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан бөгөөд хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй.

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т ...шаардлаа гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж зааснаар, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардаж буй шаардлагыг хангаж, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлнэ.

9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж заасан бөгөөд хариуцагч Т.С, С.Е нар нь нэхэмжлэгч М ХХК-тай эрх зүйн харилцаа үүсгээгүй буюу үүрэг хүлээсэн аливаа хэлцлийг байгуулалгүй тухайн орон сууцанд оршин суусан үйл баримт тогтоогдсон тул хариуцагч нарыг бусдын үл хөдлөх эд хөрөнгөнд хууль бусаар оршин сууж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Хариуцагч нар хариу тайлбараа нотлох баримтаар нотлоогүй буюу 2019 оны 10 сарын 03-ны өдрөөс хойш 2022 оны 11 сар хүртэл 36 сарын хугацаанд орон сууц өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч нар тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшсэнээс М ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №0000000 дугаартай Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-г хэрэгжүүлж чадаагүй үйл баримт дээр дурдсанаар тогтоогдсон тул олох ёстой байсан орлого 22,186,800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна.

10.1. Тодруулбал, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1.-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.,

495.2.-т Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж заасныг баримтлан, өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй 36 сарын хугацаанд олох байсан орлого 22,186,800 төгрөг (36сар*616,300=22,186,800) гаргуулах шаардлагыг хангана.

11. Харин, орон сууцны засварын зардал гэх 4,500,000 төгрөгийн талаар нэхэмжлэгч нотлоогүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар, энэ талаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Хариуцагч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдаж байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 495.1., 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, БЗД 1000 байр, 00 тоот хаягт байршилтай орон сууцыг хариуцагч Т.С, С.Е нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хариуцагч Т.С, С.Е нараас 22,186,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,034 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С, С.Е нараас улсын тэмдэгтийн хураамж 339,084 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА