Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/01720

 

 

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/01720

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ттжвсө ХХК  холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18 644 520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгч Б.Б,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О,

хариуцагчийн төлөөлөгч Д.Н,

хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ттжвсө ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18 644 520 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Ттжвсө ХХК-д ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас халагдсан.Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилд эргүүлэн тогтоох тухай шийдвэр гарсан. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Хариуцагч Ттжвсө ХХК нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээсэн. Миний бие ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа авсан. Одоо миний бие 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээс ажилд эгүүлсэн тогтоосон 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны нийт 5 сар 25 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин болох 18 644 520 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй. Энэ маргаан нь хөдөлмөрийн эрхийн маргаан биш хариуцагч тал татгалзлаа хөдөлмөрийн эрхийн маргаан гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.5-д заасан шууд шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан маргаан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2-т шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр бөгөөд давж заалдах болон дээд шүүхийн тогтоол гарсны дараа хүчин төгөлдөр болно гэсэн үг өгүүлбэр байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байдаг. Тиймээс нэгэнт шүүхээр шийдвэрлүүлээд цалинг нь олгохоор шийдвэрлэсэн маргаанд хөөн хэлэлцэх хугацаа тогтоох шаардлагагүй гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б нь манай компанид уулын хэлтсийн оперотар албан тушаалд ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халагдсан байдаг. Үүн дээр нэхэмжлэгч тал маргаан үүсгээд 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн байна гээд ажилгүй байсан хугацааны 52 908 464 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан. Манай компани анхан шатны шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүрэг болох ажилгүй байсан хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг бичиж, шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Харин одоо анхан шатны шүүхээс ажилд эргүүлэн томилсон буюу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цалинг нэхэмжилж байгаа бөгөөд ингэж нэхэмжлэхдээ хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн. Дээрээс нь хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэдэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Манай компани хөдөлмөрийн маргаан таслах комисстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-т зааснаар 90 хоногийн дотор гомдол гаргах ёстой байсан бөгөөд манайд гомдол гаргалгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч 90 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой. Ажилд эргүүлэн авсан хугацаа нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр бөгөөд энэ хугацаанд 90 хоногийн хугацаа өнгөрсөн. Ажилд эргүүлэн томилсон, тушаал гаргасан өдрөөс тооцооход 90 хоногийн хугацаа өнгөрсөн байгаа учраас хуульд заасан хугацааг хэтрүүлсэн бөгөөд хэтрүүлсэн нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар хүсэлт гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс энэ маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаан биш гэж үзэж байгаа. Нэхэмжлэл маань шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой маргаан биш. Шүүхийн шийдвэр биелүүлэх ёстой гээд байгаа. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод тухайн шүүхийн шийдвэр нь биелэгдсэн байгаа. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 127-р зүйлд заасантай холбоотой маргаан. Өмнө нь шийдвэрлэгдсэн маргаанаас тусдаа маргаан гэж хэлмээр байна. Хөдөлмөрийн эрхийн маргаан гэж хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.16-т заасан байгаа. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж хэрэгжүүлэхтэй холбоотой бие даасан нэхэмжлэл гэж үзэж байгаа. Өмнөх шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 127-р зүйлд заасны дагуу үүнийг яаж гаргах вэ гээд мөн хуулийн 154-р зүйлийг журамлаад хэд хоногийн хугацаанд гомдол гаргах вэ гэдгийг заасан байгаа. Хуулийн 127-р зүйлд заасантай холбоотой маргаан хэдэн жил ч болж болно, хугацаа байхгүй гэж хэлээд байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал үүнтэй адил маргааны 4-г нь хөдөлмөрийн эрхийн маргаан гэж үзээд компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст өгсөн байгаа. Түүнийг нь шийдээд тэмдэглэл гаргаад яваад байгаа. Гэтэл зарим маргааныг өмнөх шүүхийн шийдвэр биелүүлэх гээд тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ********** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/00*** дугаар тогтоол, Ттжвсө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.04.5-ний өдрийн ***** дугаар тушаал, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ********** дугаар тогтоол, банкны дансны хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 6-16, 50-59/

4. Хариуцагчаас Ттжвсө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ттжвсө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 сарын 05-ны өдрийн ***** дугаар тушаал, Ттжвсө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.06.22-ны өдрийн **** дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг шинэчлэн байгуулах тухай тушаал, Ттжвсө ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.09.09-ний өдрийн ******дугаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүний тухай тушаал, Б.Бын цалин хөлсний хуваарь, Ттжвсө ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 03 сарын **** дугаар хуралдааны тэмдэглэл зэргийг ирүүлсэн. /хх-ийн 22, 42-45, 57-60/              

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Б нь Ттжвсө ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас халагдсан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилд эргүүлэн тогтоох тухай шийдвэр гарсан. Хариуцагч Ттжвсө ХХК нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээсэн. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон боловч хариуцагч Ттжвсө ХХК нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажилд томилсон. Иймд энэ хүртэлх хугацааны нийт 5 сар 25 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 18 644 520 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн тогтоох тухай анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан 2022 оны 04 сарын сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 18 644 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2 дахь хэсэгт ...хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гаргана гэж заасныг зөрчиж хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд хандалгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь мөн үндэслэлгүй байна. ...шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2022 оны 04 сарын 05-ны өдөр Б.Бт ажилд нь авсан бөгөөд шүүхийн шийдвэрт заасан 52 908 464 төгрөгийг олгосон. Иймд дахин ажилгүй хугацааны цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Бид хуулийн дагуу давж заалдах эрхээ хэрэгжүүлсэн, энэ хугацааны цалин нэхэх нь үндэслэлгүй гэж тайлбарлав.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

а. Б.Б нь Ттжвсө ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас халагдсан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилд эргүүлэн тогтоох тухай шийдвэр гарсан. Хариуцагч Ттжвсө ХХК нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж, хэлэлцүүлэхээс татгалзжээ.

б. Нэхэмжлэгч Б.Б нь Ттжвсө ХХК-ийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ***** дугаар тушаалыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ********** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 000** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/00*** дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалсан байх ба Б.Быг Уулын хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 52 908 464 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 6-14/

 

в. Ттжвсө ХХК нь Б.Бт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ********** дугаар шийдвэрийн дагуу төлөх дээрх цалинг 2022.5.05-ны өдрөөс 2024.01.05-ны өдрийн хооронд нийт 52 908 464 төгрөгийг хуваарийн дагуу шилжүүлэхээр тохиролцсон баримтыг ирүүлсэн байх ба хариуцагч Ттжвсө ХХК дээрх шийдвэрийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс биелүүлж эхэлсэн болох нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ***** дугаар тушаалаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болно. (хх-ийн 44-45/

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор .... гомдол гаргах эрхтэй гэж заасан.

Хариуцагч байгууллага Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ********** дугаар шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Б.Быг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргасан тул энэ өдрийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор авах эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдөр гэж үзнэ./хх-ийн 44/

 

6. Иймд нэхэмжлэгч Б.Б ажил олгогчийн шийдвэрийг мэдсэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байтал 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй эсхүл уг хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.

 

8. Харин хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах тайлбар гаргасан нь дараах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Бын ажилгүй хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж зааснаар нэхэмжлэгч нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

9 . Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ттжвсө ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18 644 520 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ