Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/048

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Б.Бд холбогдох эрүүгийн 2114000760074 тоот хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Б.Б, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Урьд 2010 оны 11 дүгээр сарын 18-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Мөн 2014 оны 5 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сар, 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Мөн 2014 оны 8 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар 2 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,

Мөн 2019 оны 2 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,

Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 9-9 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу төрсөн эцэг А.Бийн нүүрэн тус газарт гараараа цохин зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт баруун чамархайд зулгаралт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Быг 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.Бд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б нь хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т зааснаар Б.Бд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн зарим заалт нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичиж байна. Үндэслэл:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “шүүгдэгч Б.Бд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ хугацаа тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна гэж үзнэ.

Учир нь:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй”,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6, 8 дахь хэсгүүдэд “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд...” гэж хугацаатай байх талаар зохицуулсан,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаа дууссаны дараа...” гэж тусгасан нь албадлагын арга хэмжээ нь тодорхой хугацаатай, дуусах хугацаа нь тодорхой, ингэснээр эрүүгийн хариуцлага дуусгавар болох талаар тодорхой хуульчилсан байна.

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоол дээр албадлагын арга хэмжээнд тодорхой хугацаа тусгаж өгөөгүйгээс шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлага хангагдахгүй ба тухайн шүүгдэгч насан туршдаа албадлагын арга хэмжээ авагдсан, эрүүгийн хариуцлага нь огт дуусгавар болохгүй мэт ойлгогдохоор байна.

Түүнчлэн үндсэн ялыг эдлэх хугацаанд албадлагын арга хэмжээ үргэлжилнэ гэж үзвэл энэ талаар шийтгэх тогтоолд тусгаагүй, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх субъектүүд шүүхийн шийдвэрийг ухаж ойлгох байдлаар хэрэгжүүлэхээр байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлага мөн адил хангагдахгүй байгаагийн илрэл юм.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хугацаа тогтоох үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б нь хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэснийг зөрчсөн байна гэж үзнэ.

Учир нь: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл үндсэн хэрэгт ял оногдуулсан бөгөөд нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээг гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж эсхүл оногдуулсан ял дээр нэмж хэрэглэж болохоор байна. Өөрөөр хэлбэл нийтэд тустай ажил хийх ял дээр нэмж оногдуулсан нь хуульд нийцэж байна.

Гэвч албадлагын арга хэмжээг гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж оногдуулахаас бусад тохиолдолд буюу үндсэн ял дээр нэмж хэрэглэж буй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг шийтгэх тогтоолд тусгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэснийг зөрчиж байна.

Манай хэргийн хувьд шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээг зөрчсөн эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна гэхээр үндсэн 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж тухайн хэрэгтээ дахин ял оногдуулах агуулгаар ойлгогдож байна.

Хуулийн дээрх зохицуулалтууд нь гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тохиолдолд хамаарах ба харин оногдуулсан ял дээр нэмж хэрэглэж буй тохиолдолд шүүхийн шийдвэрт нэмж тусгахгүй байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад хязгаарлалт тогтоосон хугацааг тавих, 5 дахь заалтыг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцоно.Шийтгэх тогтоолын заалтуудыг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулна уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Б.Бд оногдуулсан нийтэд тус тай ажил хийлгэх ялын хэмжээг багасгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд прокурор Г.Цогтмагнайн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 9-9 тоот дахь, өөрийн гэртээ, төрсөн эцэг А.Бийн нүүрэн тус газарт гараараа цохин зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт баруун чамархайд зулгаралт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь хавтаст хэргийн 8-9 дүгээр талд авагдсан “ ...аав намайг архи уулаа гэж загнаад төмрөөр цохисон тэгэхээр нь би нүүр орчим гараараа цохьсон.... гэх шүүгдэгч Б.Бы мэдүүлэг,

Хэргийн 10-11,48-49 дүгээр талд тус тус авагдсан “... хүү Б.Б гаднаас согтуу орж ирэхээр нь би архи уусан байна гээд загнасан, хүүтэйгээ маргалдсан ...тэгээд хүү миний баруун нүд рүү цохисон...” гэх хохирогч А.Бийн мэдүүлэг,

Хэргийн 6-7 дугаар талд авагдсан “...ах Б.Б нь ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирээд аав Б.Бийн ...гараа атгаж байгаад нүүрэн тус газар... нүд рүү нь цохиж авсан, ...ах урьд нь аавыг боож багалзуурдаж байсан. Тухайн үедээ цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй...” гэх гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 6-7/,

Хэргийн 17-18 дугаар талд авагдсан “ ... А.Бийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №124 дугаар... дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд “Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1-т заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, мөн зүйлийн 4, 5 дугаар зүйлд зааснаар хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж шийдвэрлэсэн нь оногдуулсан ял дээр нэмж согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон нь тухайн ялын зорилгыг хангахад шаардлагагүй буюу үүсэж болох үр дагаврын хувьд хуульд нийцэхгүй болжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өдөрт наймаас дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 70 өдөр эдлэх ба энэ хугацаанд архи согтууруулах ундаа уух боломжгүй буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад ялаа эдлэх тул согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох шаардлагагүй болно.

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлд зааснаар хэрэв дээрх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байгаа хүнд хэрэгжих боломжгүй юм.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хугацаа тогтоох, 5 дахь заалтыг хүчингүй болгох” агуулгаар бичсэн Прокурорын эсэргүүцлийн 2 дахь хэсгийг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүхийн оногдуулсан ялын хэмжээг багасгах” агуулгаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй буюу анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч Б.Бы хувийн байдал, төрсөн эцгээ зодож хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдалд зэрэгт тохирсон байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4 -т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Быг 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй” гэснээс

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан... хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй” гэсэн хэсгийг хасаж,

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.Бд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай” гэснийг,

5 дахь заалтад” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б нь хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэснийг,

6 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т зааснаар Б.Бд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэснийг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дугаарлалтыг 4, 5, 6 гэж дугаарласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

Н.ЭНХМАА