| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 221/2023/0045/З |
| Дугаар | 221/ШШ2023/0004 |
| Огноо | 2023-04-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 221/ШШ2023/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Шүүгч Т.Энхмаа,
Нэхэмжлэгч: С.М,
Хариуцагч: Эрүүл мэндийн сайд,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай” 2021 оны А/758, А/197 дугаар тушаалын 6 дугаар зүйлд миний өвчин хамаарагдах хэсгийг нэмж оруулах”,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Б.П, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, О.Г, гэрч Э.Ж нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
Хэргийн индекс: 221/2023/0045/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 177 дугаар захирамжаар “Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай” 2021 оны А/758, А/197 дугаар тушаалыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээр Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.
Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “...Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай” 2021 оны А/758, А/197 дугаар тушаалын 6 дахь хэсэг чих, хамар, хоолойн өвчин, сонсголын бууралттай өвчтөнд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох жагсаалтад нэмж оруулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан.
2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд “...Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай” 2021 оны А/758, А/197 дугаар тушаалын 6 дугаар зүйлд миний өвчин хамаарагдах хэсгийг нэмж оруулах” гэж эцсийн байдлаар тодорхойлсон.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: “Миний бие С.М Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд амьдардаг. Бага наснаасаа чихний үрэвсэлт өвчнөөр өвдөж 2001 онд ЭХҮТ-ийн чихний мэс засалд орж хэнгэргэн хальс нөхүүлсэн. Байнгын эмчийн хяналтад байсаар ирлээ. 2020 онд зүүн чихний хэнгэргийн хальс нөхөх мэс заслыг 3 дугаар эмнэлэгт хийлгэсэн. Одоо сонсгол муу хэвээр байна. 2019 онд ХЧА 50 хувь тогтоолгосон. 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр сунгасан. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1 жилийн хугацаатай сунгагдсан. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хугацааг сунгуулахаар хандахад “Таны хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох заалт хангагдахгүй байгаа тул цуцална” гэсэн. Гэтэл миний чихний сонсголын бууралт сүүлийн 3 удаагийн сонсголын бичлэгээр: 1.OD 15.2 2.OD 26.0 3.OD 30.15 DF-р буурсаар байгаа. Зүүн чих OS 52.15 бууралттай. Эдгээрээс харахад миний сонсгол байнга муудсаар байгаа. Би юм сонсохгүйн дээр сул сонсдог, чихэнд олон нэмэлт чимээ зэрэгцэн сонсогдож чих шуугьдаг зовуурьтай. Удаан хугацаанд үргэлжлэхэд толгой өвдөж эргэдэг. Иймд эрүүл хүмүүсийн адил дүгнэгдэж хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байдаг” гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т “Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална” гэж тус тус заасан. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/758, А/197 дугаар хамтарсан тушаал батлагдсан. Уг тушаалын нэгдүгээр хавсралтаар даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах “Ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-г, “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан.
2.2. Нэхэмжлэгч С.Мийн хувьд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан газрын даргад “... нягтлан дүгнэж хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож өгнө үү” гэх агуулга бүхий өргөдлийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн. Уг өргөдлийн дагуу Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Б 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 6/143-Ө дугаартай албан бичгээр “хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох боломжгүй тухай” хариуг хүргүүлсэн. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлүүд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөгжлийн магадлах төв бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/89 дүгээр тушаалаар байгуулсан. Энэхүү ажлын хэсэг 16 удаа цахимаар, 5 удаа сургалт хэлэлцүүлэг, 1 удаа биечлэн хэлэлцүүлэг, хуралдааныг тус тус зохион байгуулж даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулан батлуулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны www.mlsp.gov.mn цахим хаягт хамтарсан тушаалын төслийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл байршуулж (https://misp. gov.mn/contert/detail/1520) санал боловсруулан батлуулсан.
2.3. Захиргааны хэм хэмжээний актын хуульд заасан үндэслэл журмын дагуу Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/758, А/197 дугаар хамтарсан тушаал нь шинэчлэгдэн батлагдахдаа санал авах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар шууд дур мэдэн захиргааны хэм хэмжээний актад өөрчлөлт оруулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, О.Г нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хүргүүлж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т “Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/39, А/12 дугаар хамтарсан тушаалаар өвчний жагсаалтыг баталж хэрэгжилтийг зохион байгуулж байсан. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлүүд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/89 дүгээр тушаалаар байгуулсан. Ажлын хэсэг ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтыг шинэчлэн боловсруулж, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солих эсэхийг тодорхойлох хүснэгт нэмж, олон улсын оношийн кодыг өвчин тус бүрд тодорхойлж тусгасан. Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалтыг шинэчлэн боловсруулахад Олон улсын өвчний ангилал ICD-10-ыг баримталсан. Энэхүү ажлын хэсэг 16 удаа цахимаар, 5 удаа сургалт хэлэлцүүлэг, 1 удаа биечлэн хэлэлцүүлэг, хуралдааныг тус тус зохион байгуулж даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулж Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/758, А/197 дугаар хамтарсан тушаалаар батлуулсан.
3.2. Хүчингүй болгосон Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/39, А/12 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтын 6.1-д хоёр чихний сонсгол: Хэнгэргэн хальс нөхсөний дараа дуу дамжуулах хэлбэрээр сонсголын түвшин 41-45 дб, мэдрэл-мэдрэхүйн ба холимог хэлбэрт /41-55 дб/ бууралттай бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 50-59 хувиар, хугацааг 1 жилээр тогтоож байсан ба тухайн өвчний кодыг тусгадаггүй байсан. А/758, А/197 дугаар хамтарсан тушаалыг батлахдаа шинээр Олон улсын өвчний ангилал ICD-10-ын өвчний кодыг тусгаж өгсөн. Иймд тухайн тушаалын нэгдүгээр хавсралтын 6.1-д “Хоёр чихний сонсгол: Хэнгэргэн хальс нөхөх, дунд чихний нөхөн сэргээх мэс заслын дараа дуу дамжуулах хэлбэрээр сонсголын түвшин /41-45 дб/, мэдрэл-мэдрэхүйн ба холимог хэлбэрт /41-55 дб/ бууралттай, чих шуугилттай буюу H70, H71, Н72 өвчний кодоор” оношлогдох иргэнд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоохоор заасан.
3.3. Нэхэмжлэгч С.Мийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн оношилгоо шинжилгээ Аудиограммд баруун чихний сонсгол бууралт 51.25 дб, зүүн чихний сонсгол бууралт 30 дб бууралттай байгаа нь А/758, А/197 дугаар хамтарсан тушаалын нэг дүгээр хавсралтын 6.1 дэх заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг үргэлжлүүлэн сунгах боломжгүй, өвчний заалтын хувь хэмжээнд хүрэхгүй байна.
3.4. Нэхэмжлэгч “А/758, А/197 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах “Ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-нд өөрийн өвчний кодыг нэмж оруулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх талаарх хуулийн зорилттой нийцэхгүй байна.
Нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны хэм хэмжээний акт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т “Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална”, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална” гэснийг үндэслэн батлагдсан.
3.5. Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх, төсөлд санал авах, түүнийг батлах, улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр хүргүүлэх зэргийг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлгээр тодорхой зохицуулсан. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А/758, А/197 дугаар хамтарсан тушаалыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан бөгөөд захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/3302 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/5399 дүгээр албан бичгээр дээрх тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5596 дугаарт бүртгэснийг мэдэгдсэн нь тухайн захиргааны хэм хэмжээний актыг тусгайлан эрх олгогдсон эрхийн хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж баталсныг илэрхийлж байна. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэжээ. “Хуулиар тусгайлан эрх олгогдсон” гэдэг нь хууль тогтоогч буюу Улсын Их Хурлаас хэм хэмжээ батлах эрхээ захиргаанд хуулиар шилжүүлснийг ойлгох бөгөөд захиргаа хууль тогтоогчийн зөвшөөрсөн эрхийн хүрээнд “хэм хэмжээ тогтоох эрх”-ийг эдэлнэ. Захиргааны хэргийн шүүхэд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй. Иймд С.Мийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгч Б.О “шүүх хуралдаанд оролцох боломжтой” гэж мэдэгдсэн байсан, шүүх хуралдааны товыг утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хэргийн оролцогчид түүнийг оролцуулахтай холбоотой аливаа санал, хүсэлт гаргаагүй, “шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үүрэгтэй.
3. С.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай” 2021 оны А/758, А/197 дугаар тушаалын 6 дугаар зүйлд миний өвчин хамаарагдах хэсгийг нэмж оруулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсныг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
4. Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т “Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж зааснаар Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар хамтран гаргасан маргаан бүхий А/758, А/197 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “... Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн баталсан”, уг тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
5. Эрүүл мэндийн яамны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 6/143-Ө дугаар албан бичгээр “... А/758, А/197 дугаар тушаалд таны DS:Mixed conductive and sensorineural hearing loss /H90/ онош нь багтаагүй. Иймд уг тушаалыг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох боломжгүй” гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгчээс “... миний нэг талын чих 1 дүгээр зэрэглэлийн, нөгөө чих 3 дугаар зэрэглэлийн дүлийрэлтэй. H90 оношоор хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож байсан, маргаан бүхий актын сонсголын бууралттай байгаа заалтын /6 дугаар жагсаалтад/ сонсголын бууралттай өвчний жагсаалтад үүнийг тусгаагүйн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаа тогтоолгож чадахгүй байгаа, эрүүл хүмүүсийн адил дүгнэгдэж, хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байна” гэж тайлбарлан журмын хавсралтын холбогдох хэсэгт өөрийн өвчний оношийн кодыг нэмж оруулахаар маргаж байгаа.
6 . Гэрч Э.Ж /чих, хамар, хоолойн эмч/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... Хөдөлмөр чадвар алдалтыг тогтоох шалгуур бол өвчин биш, чих хамар хоолойн салбарт сонсгол бууралт, тэнцвэр алдагдал, дуугүй болох гэсэн үндсэн 3 шинж байдаг. Н90 гэсэн онош өвчний жагсаалтаас хасагдаагүй бөгөөд үгэн хэлбэрээр “мэдрэл, мэдрэхүйн холимог хэлбэрийн сонсгол бууралт” гэж тусгагдсан, 2 чих хоёулаа 2 дугаар зэргийн бууралттай байх ёстой, С.М дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай, бүх шатны эмч нарын зөвлөгөөнөөр орж хамгийн сүүлд мэргэжлийн салбар зөвлөлийн томилсон зөвлөх эмчийн багаар эцсийн байдлаар шинжлүүлнэ” гэж мэдүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “... эхний эмч үзээд Н90 гэх онош байхгүй болсон гэж үзсэнээс дараа дараагийн комиссын хурлаар ороогүй байна, дахин комиссын хурлаар оруулах боломжтой, ... 2 дахь хурлаар орж байж хөдөлмөрийн чадвар алдалтын акт гарч ирдэг, С.М 2, 3 дахь хурлаар орж түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг албан ёсоор цуцалсан акт гараагүй байна” гэж мэдүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... эмнэлэг магадлалын комисст хандаагүй, мэргэжлийн эмч нарын үзлэгээр үзүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн бол шүүхэд хандахгүй байсан” гэх зэргээр тайлбар гаргаснаас үзвэл С.М нь өөрийн өвчний оношийг тодруулахаар дахин шинжилгээ хийлгэн зохих журмын дагуу шат шатны мэргэжлийн эмч нарын зөвлөгөөн, мэргэжлийн салбар зөвлөлийн томилсон зөвлөх эмчийн багт хандаж дүгнэлт гаргуулан өөрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгох асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байжээ гэж дүгнэхээр байна.
7. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 52 дугаар зүйлд шүүхэд гаргах нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийг тухайлан зааж, 52.5-д “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”, 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж тус тус заажээ.
Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд маргаан бүхий Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай” 2021 оны А/758, А/197 дугаар тушаал болон С.Мид хамааралтай гэж үзэх 6 дугаар хэсэг нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар нэгэн хуультай зөрчилдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд харин ч сонсголын бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох иргэний хувьд эерэг үйлчлэлтэй акт байж болохоор байна.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд шүүхээс гаргах шийдвэрийн төрлийг нэрлэн заасан бөгөөд 106.3.8-д шүүх захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шийдвэр гаргахаар заасан. Өөрөөр хэлбэл, хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагын баталсан захиргааны хэм хэмжээний актын тухайд түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоохоос өөрөөр уг актад нэмэлт өөрчлөлт оруулах боломжийг хуулиар зохицуулаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
9. Харин С.М нь өөрийн өвчний оношийг тодруулах, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгох асуудлаар мэргэжлийн эмч нарын зөвлөгөөн, салбар зөвлөлийн зөвлөх эмчийн багт хандаж шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Иргэдийн төлөөлөгч Б.О “шүүх хуралдаанд оролцох боломжтой” гэж мэдэгдсэн байсан, шүүх хуралдааны товыг утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хэргийн оролцогчид түүнийг оролцуулахтай холбоотой аливаа санал, хүсэлт гаргаагүй, “шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д тус тус заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан С.Мийн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад тус тус холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай” 2021 оны А/758, А/197 дугаар тушаалын 6 дугаар зүйлд миний өвчин хамаарагдах хэсгийг нэмж оруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА