Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 149/ШШ2023/00199

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

******* аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:******* аймгийн ******* сумын Хараа 1 дүгээр багийн 1-5 тоотод байрлах, Түмэн бут ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Хараа 1 дүгээр баг, 5 дугаар гудамж, 2 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-д холбогдох

Тариан талбайд учруулсан гэм хорын хохирол 7741630 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэсайхан, гэрч Х.Даваахүү, Д.Чулуунхуяг, иргэдийн төлөөлөгч Л.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Түмэн бут ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд тус компаний Ташир гэх газар тариалсан улаан буудайн 30га талбайд ******* сумын иргэн Э.*******ын хар азаргатай 100 гаруй тооны адуу 2022 оны 09 дүгээр сард удаа дараа орж тариаг идэж, гишгэн хөрвөөж сүйтгэснээс 9га талбайн 11.7 тн улаан буудайн ургац хураах боломжгүй болж тус компанид 7605000 төгрөгийн ургацын хохирол учруулсан нь ******* сумын мэргэжлийн комиссын хохирол тооцох тухай актаар тогтоогдсон тул Э.*******аас ургацын хохирол 7605000 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136630 төгрөг нийт 7741630 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь Түмэн бут ХХК-ий захирал Л.Алимаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, хуульд зааснаар Алимаагийн эрх ашгийг хуулийн дагуу шударгаар нотлох баримтыг үндэслэн хамгаална. Нэхэмжлэлийг сая танилцуулсан. Нэмээд хэлэхэд энэ компани нь үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг, тариа буудай тарьдаг. Тариа буудайн нэг зовлон нь мал, тэжээвэр амьтдаас хамгаалах явдал байдаг. Тэдгээрээс хохирол учруулах нөхцөл байдал үүсдэг учраас Чулуунхуягийг Түмэн бут ХХК нь 2022 оны 07 дугаар сараас 9 дүгээр сарыг дуустал ургац хураалт дуустал талбайн сахиулаар ажиллуулж байсан. Чулуунхуяг нь талбайн сахиулаар ажиллаж байхдаа тэр талбайг хэний адуу ямар мал орж байгааг эзэнд нь мэдэгдэх ийм үйл ажиллагаа явуулж үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан. Ингээд 2022 оны 09 дүгээр сард ид тариа боловсорч байх үед ******* сумын иргэн Чингүнжавын хар азаргатай 100 гаруй тооны адуу гэдэг бол техникийн алдаа байна гэж би үзэж байгаа. Ямартаа ч хар, бор азаргатай адуунууд энэ компаний 30 га талбайд орж тариаг идэж, хөрвөөж, гишгэж, сүйтгэсэн. Үүнийг талбайн сахиул Чулуунхуяг компанийхаа захиргаанд мэдэгдсэн. Адуу бол жалгаа дагаад ороод ирдэг гэж өөрсдөө ярьдаг юм байна лээ. Шөнө дунд адуу ороод ирдэг. Тарианд нэг орсон адуу дийлдэггүй. Тухайн өдөр зэргэлдээ 30 орчим га талбай хашаажуулалт байхгүй байсныг Түмэн бут ХХК нь хүлээдэг. Түмэн бут нь 300 га тариа тарьсан талбайдаа шат дараатай хашаалж байсан гэж үздэг. Хашаалж амжаагүй байсан Таширын нурууны зуугаад га талбайд сахиул авч ажиллуулсан. Яг таримал ургамлын журмаар компани 500-аас дээш ургац тариалах бол хашаа торлох ёстой, үүрэгтэй хуулиараа тийм үүрэгтэй. Хэдийгээр 100 хүрэхгүй талбайг хашаалаагүй ч тэр ургацыг бусдын халдлагаас хамгаалж Чулуунхуягийг сахиулаар ажиллуулсан ч сүүлдээ дийлэхээ байгаад ургац хураалттай байх үед 09 сарын 13-аас 19-ний өдрүүдэд шөнө болгон зэргэлдээ хоёр 30 га талбайд шөнө болгон зэргэлдээ 2 талбайд Довдонбат, ******* нарын адуу орсон гэж Чулуунхуяг компаний захиргаанд мэдэгдсэн. Энэ асуудлыг сумын удирдлагуудад уламжлаад ургацын хохирол тогтоож өгнө үү хүсэлт гаргаад ургацын хохирлын комисс байгуулагдаж орлогч дарга тэргүүтэй газрын алба багийн дарга ХАА-н тасаг, сумын цагдаа нар бүрэлдэхүүнтэйгээр сумын комисс очиж газар дээр нь үзэж хараад Чингүнжавын орсон 30 га талбайд учирсан хохирлыг 9 га талбайн ургацыг хураах боломжгүй сүйтгэж үүнээс 11,7 тонн улаан буудайн ургац хураах боломжгүй гэж үзээд сумын комисс 7605000 төгрөгийн ургацын хохирол учруулсан байна гэж Чингүнжавт акт тогтоосон. Энэ актыг талбайн сахиул Чулуунхуягийн мэдээллээр сумдаа уламжилж комисс хохирлыг тогтоосон. Сумын ургацын хохирол тооцсон актын дагуу Чингүнжаваас ургацын хохирол 7605000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Түмэн бут ХХК-ий захирал Л.Алимаа гаргасан. Энэ нэхэмжлэл нь сумын хохирол тогтоосон акт, хохирол тооцсон аргачлал, талбайн сахиул Чулуунхуягийн тодорхойлолт, гэрчээр өгсөн мэдүүлэг, Даваахүүгийн мэдүүлэг, фото зураг, Түмэн бут ХХК-ий захирлын тушаал зэрэг нотлох баримтуудаар *******ын адуу орж ургацын талбайд ийм хохирол учирсан нь ногтлогдсон учраас хариуцагч Энхтайван овогтой *******аас уг хохирлыг гаргаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие нь 2017-2020 оны 10 дугаар сар хүртэл Цогтсайхан гэдэг хүний 30 гаруй адууг маллаж байгаад 2020 оны 10 дугаар сард буцаан өгсөн. Надад өөрийн гэсэн адуу мал байхгүй 2022 оны  намар Зүүнхараад ирээд дүү Эрдэнэсайханыдаа байж байгаад самарт яваад 2022 оны 12 дугаар сард уулнаас ирсэн. 2023 оны 01 дүгээр сард дахин самарт яваад 2 дугаар сарын 10-нд бууж ирсэн. Одоогоор эрхэлсэн ажилгүй дүүгийндээ амьдарч байгаа. Энэ нэхэмжлэл надад хамаарахгүй гэж бодож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Манай ах Цогтсайхан гэдэг хүний адууг малладаг байсан. Тэгээд 100 гаруй адуу 2017 оноос маллаж байгаад 2020 онд буцаж өгөөд буцааж өгөөд нэг азарга адуу нь буцаад ирэхэд нь тэрийг түр харж байгаад 2022 онд Баруунхараад яг хэн гэдэг малчин гэдгийг олсонгүй. Малчинд хүлээлгэж өгсөн байгаа. Өөрөө банкны өр зээлтэй болохоор самарт явсан. Орох оронгүй манайд байж байгаад 9 сард самарт яваад 12 сард ирж байсан. Өөрийн гэсэн адуу байхгүй. Хүний нэр дээрх адууг өөрийн нэр дээр бичүүлж тухайн үед зээл авч байсан. Гэр бүлээ авч үлдэхийн тулд. Тэгээд юу яагаад эхнэрээсээ салсан. Тэгээд өөрийн гэсэн адуу байхгүй. Тэр хүний адуу ганц азарга адуу ирсэн. Тэрийг нь Баруунхараад нэг малчинд хүлээлгэж өгсөн. Хаанаас энэ 100 адуу гарч ирээд байгааг ойлгохгүй байна. Гэрчийн мэдүүлгийг харахад Чулуунхуяг гэдэг хүнийг манай ах танихгүй гэж байгаа юм. Мэдэхгүй тийм хүн танихгүй гэсэн. Ингээд мэдүүлгийг харахад Төгсжаргал, Довдонбат гээд 3,4 азарга адуутай гэж ярьчхаад Чингүнжавт 100 адуу гээд тодорхой нотлох баримт байхгүй. Ямар адуу, тамгатай, хүрэн азарга, хар азаргатай адуу бас л зөндөө байгаа шүү дээ. Хүний үгээр юу яасан байгаад байгаа. Яг тодорхой баримт бол надад харагдахгүй байна. Энэ нэхэмжлэлийг манайх хүлээн зөвшөөрөхгүй байна. Ширхэг ч адуугүй хүн ямар юугаар юу яах вэ дээ. Тэгээд багийн малын А-г нь авчирсан байгаа. Тухайн үед 32 тооны адууг бичүүлж зээл авч байсан баримт нь хүртэл байгаа. Хүлээлгэж өгсөн малчны нэрийг олж чадсангүй. Тэрнээс Баруунхараад тэр азарга адуу нь нэг малчинд байгаа. Цогтсайхан гэдэг хүний адууг 2017 оноос маллаад нэг азарга адуу нь гүйгээд  ирсэн учраас за за ахаа би харж байя гэж  байсан. Тэгээд орох оронгүй самарт явах болоод хэлтэл наанаа нэг малчинд үлдээчих гэсэн юм. Тэрнээс Баруунхараад энэ азарга адуу нь байгаа гэжээ.

Гэрч Х.Даваахүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Манай талбай 280 га байдаг. 180 га-г хашиж торон хашаа хийж хамгаалсан. Мал орсон зэрэгцээ хоёр 30 га, нэг 40 га, 100 га-г нь хашиж хараахан боломж гараагүй. Газар тариалангийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 500-с дээш га газартаа талбайн сахиул тавих ёстой учраас би 100 га-г хашиж хамгаалаагүй учраас Чулуунхуягийг 08 сарын 01-ээс талбайн сахиулаар ажиллуулж байсан. Тэгээд 8 сард ганц нэг адуу эргэж тойрдог, зах нь орсон гээд буцаагаад явуулдаг, малчдад нь хэлээд, би тэр хавийн малчдад бүгдэд нь уулзаж хэлж байсан. 9 сар гараад тариа нэлээн боловсроод яг хураахын өмнөхөн 9 сарын 10-даар бол мал нэлээн эрчимтэй орж, тэр тусмаа *******ын малладаг хоёр азарга адуу удаа дараа орсон. Талбайг бүр мал орохоороо амаараа иднэ. Хөлөөрөө туучна,  хөлбөрнө гээд удаа дараа талбайд орсон. 5-7 хоног тарианы амтанд орсон адуу бол байнга эргээд ороод ирнэ. Тийм учраас би шаардлагатай хүч Чулуунхуяг дээр нэмээд дахиад вагончик гаргаад дахиад 3 хүн нэг мотоцикльтой хүн гаргаж төмөр хашаа бариад байж байсан. Нэг удаа яваад очиход хашсан. Энэ бол *******ын адуу. *******ын малладаг адуу гэж манай талбайн сахиул хэлж байсан. Тэгээд би тэрнээс өмнө *******ын адуу ороод ирэхээр нь би 2 удаа очоод Дэнсмаа эгч дээр очиход байхгүй байсан. Хүүхэд нь Энхбат ахаас асуу гэсэн. Энхбатынд очиход бас л байхгүй Зүүнхараа явчихсан гээд хоёр удаа очоод би *******тай хараахан уулзаж чадаагүй. Тэгээд үндсэндээ тариа хураах болчхоод хураах технологи болоогүй байхад бүр ангилж хаяад өшөө бага хохирохын тулд ангилж хаяад, ангилснаас хойш ангилж байх явцад 9 сарын 13-аас 20-ны хооронд маш их хэмжээгээр ороод, тэгээд сумын комисс томилж хэрхэн хохирсон актаа тогтоолгосон юм. Комисст байгаль орчны байцаагч, ХАА-н агрономи, багийн дарга, багийн туслах гээд улсууд ирж акт тогтоосон. Ингээд актаар миний хураан авах ёстой ургац байцаа шиг тэд гэх бололцоо байдаггүй ургацын балансаар хэдэн тонн ургац авахаар тогтоосон байдаг вэ гэдгээр мэргэжлийн улсууд тогтоодог. Тэгээд хураагаад гараад ямар хэмжээгээр хохирол тогтсон бэ гэж үздэг. Тэгэхэд 9 орчим тонны будааны алдагдал гарсан. Адууны зургийг авах гэхээр шөнө 2, 3 удаа очсон. Адуу бол зураг авхуулж ойртуулдаггүй юм байна лээ. Машинтай дөхөөд очихоор алга болчихно. Бодитой зураг бол тэр хэмжээний гарна гэж тооцоогүй, шүүхэд өгнө гэж анхнаасаа сууж байгаад бодоогүй учраас тийм холбогдох арга хэмжээнүүд авч байсан гэжээ.

Гэрч Д.Чулуунхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...*******ын бэлэвсэн хар азаргатай адуу, хүрэн азаргатай адуу байсан. Миний мэдэхээр би хар азаргатай адуу, хүрэн азаргатай адууг би сайн мэднэ. Би бол өөрийнх нь адуу гэж бодож явсан  тэр адууг. Тэгээд эцэстээ хүний адуу болж хувираад хүний л адуу хариулж байсан юм байна. Өөрөө хөөгөөд явж байсан учраас яг *******ын адуу мөн юм байна гэж ойлгосон. Би буруу хүний юм байж магадгүй гээд хүнээс лавлаж асууж байсан гэжээ.                                                                                                                                                                                                                                  

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Түмэн бут ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан гэм хорын хохиролд 7605000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Түмэн бут ХХК нь иргэн Ж.Энхжаргалд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, хариуцагч Э.******* нь иргэн Э.Эрдэнэсайханд 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохигчийн эдлэх бүх эрх, үүргийг олгосон итгэмжлэлийг тус тус олгожээ./хх-ийн 36, 45 дугаар хуудас/

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг шаардсан шаардлага ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэн хэлэлцэхээс татгалзаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцов.

Нэхэмжлэгч Түмэн бут ХХК нь ******* аймгийн ******* сумын Хараа баг, Ташир гэх газарт байрлах 30га газрыг үр тариа, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар эзэмшдэг байна.

Нэхэмжлэгч Түмэн бут ХХК-ний эзэмшлийн улаан буудайн талбайд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 09 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд хариуцагч Э.*******ын өмчлөлийн 32 тооны адуу, тавиул хүний 50-60 орчим тооны хар азаргатай адуу орж идэж, 11.7га талбай талхлагдаж, хохирол учирсан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан фото зураг, хохирол тооцсон ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, таримал ургамлын талбайд хохирол тогтоосон тухай акт зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Учир нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 онд ургац маш сайн ургасан байсан 1га талбайгаас 18-19цн улаан буудай хураан авахаар төлөвлөж байсан боловч хохирлын үнэлгээ тогтоосон комиссын актаар 1га талбайгаас 13цн тооцож хохирлыг бодож гаргасан гэвч бид уг хохирол тооцсон акт дээр маргаагүй комиссын хохирол тооцсон актаар л нэхэмжлэлийг гаргасан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай ах тухайн жил эхнэр хүүхдээсээ салаад Мандал суманд манай гэрт амьдарч байсан өөрөө ямар ч адуу мал байхгүй, хүний 100 гаруй тооны адуу маллаж байгаа буцаагаад өгсөн байсан.

Тухайн маллаж байсан адуунаас нэг азарга адуу нь буцаж ирээд байхаар нь эзэнтэй нь яриад 2022 оны намар нэг хэсэг харж байсан тэгээд өөр хүнд маллуулахаар өгсөн байдаг гэж мэтгэлцэж байгаа боловч 2022 оны 09 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сард Э.******* нь ******* аймгийн ******* сумын Ташир гэх газарт өөрийн болон бусдын адуу маллаж байгаагүй гэдгийг, мөн тухайн цаг хугацаанд ******* аймгийн Мандал суманд түр оршин сууж байсан гэдгийг, өөрийн гэсэн адуу малгүй гэдгийг, тариан талбайд орсон хар азаргатай адууг өөрийн адуу биш гэдгийг нотлоогүй, харин хариуцагч Э.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагчийг 32 тооны адуутай, Цогтсайхан гэх хүний адууг маллаж байсан, маллаж байсан адууг буцаан өгснөөс хойш нэг азарга адуу буцаж ирснийг 2022 оны намар нэг хэсэг хугацаанд маллаж байснаа хүлээн зөвшөөрсөн байна./хх-ийн 2 дугаар хуудас/

Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тариан талбайн сахиул Д.Чулуунхуяг мэдүүлэхдээ ...Э.*******т хэлүүлсэн. Тэгээд огт анхаарал  тавиагүй. Орон нутгийн малчин адуучин хүмүүсээр энэ ******* гэдэг хүнд хэлээд өгөөч гээд хэлүүлэхээр утас байхгүй. Э.*******тай огт уулзаагүй, Э.*******ыг бол харвал танина. Ах дүү хамаатан саднаар нь дамжуулж хэлүүлсэн. ...гэх тайлбараар тогтоогдож байна./хх-ийн 57-58 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Түмэн бут ХХК-ний үйлдвэрлэл хариуцсан менежерийн гомдлоор 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Таримал ургамлын талбайд хохирол тогтоосон акт”-аар Түмэн бут ХХК-ний тариалангийн 30га талбайд Э.*******ын  адуу орж 9га газарт орж идэж, гишгэж, сүйтгэж 11.7тн будаа буюу 7605000 төгрөгийн хохирол учруулсан  актыг үйлдэж албажуулсан байна./хх-ийн 4 дүгээр хуудас/

Түмэн бут ХХК-ний талбайд хохирол тооцсон 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн аргачлалд:

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын А-136, А-158, А-210,

2.6 Үр тариа төмс хүнсний ногооны талбайд ургацын бланс гарснаас хураалт дуусах/8 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл/ хугацаанд учруулсан хохирлыг D2=(SxYxP)+K аргачлалаар тооцно.

D2-бодит хохирлын хэмжээ/төгрөг/

S-нийт мал орсон талбайн хэмжээ/га/

Н-тухайн талбайн нэг га-ийн ургац/блансын ургац/кг

P-тухайн таримлын  нэг кг-ийн зах зэлийн дундаж үнэн/төгрөг

К-банкны хадгаламжийн дундаж хүү/сарын 1, 2 хувь/

S-9га/хэмжилтээр 30га улаан буудай тариалсан талбайн 30 хувь нь хураах боломжгүй болсон/

Y-2022 оны улаан буудайн ургацын урьдчилсан блансаар 13цн гэж тогтоосон.

P-2019-2021 онд сүүлийн 3 жилд улаан буудайн зах зээлийн дундаж үнэ 650000 төгрөгөөр тооцсон./2022 онд улаан буудайн үнийг улсаас 1000000-1200000 төгрөгөөр тогтоосон/

К-банкны хадгаламжийн хүүг 0-оор тооцсон.

Тооцсон байдал:

D2=9га х 13цн = 117цн буюу 11.7тн буудай.

11.7тн х 650000 төгрөг = 7605000 төгрөг

D2= бодит хохирлын хэмжээ=76050000 төгрөг. ...гэжээ./хх-ийн 6 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Түмэн бут ХХК-ний тариан талбайд учирсан  хохирлыг тооцохдоо сүүлийн 3 жилд тогтоосон улаан буудайн үнийн дунджаар хохирлыг тооцож 7605000  төгрөгийн хохирол гаргасан гэх хохирол тооцсон аргачлал дээр маргаагүй нэхэмжлэлийг шаардлагыг хохирол  тооцсон аргачлалаар гаргасан байна.

Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглосон ба мөн зүйлийн 24.5-д “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалыг тариалангийн, хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж хуульчилсан.

Үүний дагуу “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ыг Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийг сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаартай “Аргачлал батлах тухай” тушаалаар баталж, захиргааны хэм хэмжээний актын №3990 дугаарт бүртгэсэн тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Энэ аргачлалын 3 дахь хэсгийн 3.1-д “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хэрэгжүүлнэ”, 3.2-т “сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгоно”, мөн 3.4-т “Ажлын хэсэг нь талуудын хохирол тогтоолгох тухай хүсэлтийг хэлээн авсан даруй төлөөлөл томилж ажиллуулна”, 3.7-д  “...ажлын хэсэг дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд Ажлын хэсгийн ахлагч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж журамласан бөгөөд “Таримал ургамлыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах журам”-аар илүү нарийвчлан зохицуулжээ.

Гэрч Х.Даваахүү, д.Чулуунхүү нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, зохигч талуудын тайлбараар нотлогдож байх ба ажлын хэсэг буюу комисс нь төлөөллөөрөө дамжуулан талбайд үзлэг, шалгалт хийж, комиссын дарга буюу Засаг даргын орлогч баталгаажуулж, комиссын гишүүд гарын үсгээ зурсан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийг сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаартай “Аргачлал батлах тухай” тушаалаар батлагдсан “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал”-ын 3.3, 3.4, 3.5 дэх заалтуудыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.”... зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлийг тодорхойлж, гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүргийг хариуцагч тал хэрэгжүүлээгүй.

Дээрх хуулийн агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, түүний гэм буруу нь санаатай болон болгоомжгүй үйлдэл нь тухайн зохицуулалтын урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардах бөгөөд хариуцагчийн өмчлөлийн адуу нэхэмжлэгчийн тариан талбайд орсны улмаас улаан буудайг идэж гишгэх, хөрвөөх, талхлах зэргээр сүйтгэснээр илэрч байна.

Гэм бурууг тогтооход учирсан хохирлыг бий болгох хүсэл нь хариуцагчид байсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй, харин тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтнаас хамгаалах хашаалах, мал, тэжээвэр амьтны өмчлөгч нь байнгын маллагаатай байлгах нөхцөлийг бүрдүүлсэн байх, хохирол учруулахгүй байх нь чухал юм.

Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт “мал, тэжээвэр амьтан оруулах”. ...мөн хуулийн 24.2 дугаар зүйлд “тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа зуслан намаржаа байхыг хориглоно.”...гэж заасныг хариуцагч Э.******* нь зөрчсөн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тухайн тариалангийн талбайд 2022 оны 09 дүгээр сард нэхэмжлэгчийн талбайд манай ахын адуу ороогүй ах маань адуу малгүй гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх боловч татгалзлын үндэслэл болох нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлийг шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй болно.

Тиймээс нэхэмжлэгч Түмэн бут ХХК нь хариуцагч Э.*******аас  “Таримал ургамлын хохирол тооцох акт”-аар тогтоосон хэмжээгээр гэм хорын хохирол 7605000 төгрөгийн хохирлыг арилгахыг шаардах эрхтэй байна.

Харин Түмэн бут ХХК нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт “тариалангийн талбайг хаших” ...гэж заасан өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүргийг хэрэгжүүлээгүйгээс тариан талбайд адуу орсон, тариан талбайд орсон малыг хаших албан ёсны өөрийн эзэмшлийн стандартын хашаа барьсан байх” үүргээ зөрчиж, тариалалт хийсэн талбайд тэжээвэр амьтан оруулахгүй байх бүх талын арга хэмжээ авах, тэжээвэр амьтан орсон бол тухайн амьтныг хашаалж, эзэнд нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэл нь талбайд адуу удаа дараа орох нөхцөл бүрдэж, хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна.   

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно”. ...гэж зааснаар нэхэмжлэгч Түмэн бут ХХК-ний тариан талбай, ургацад учирсан 7605000 төгрөгийн хохирлын хэмжээг тал хувиар бууруулан гэм хорын хохиролд 3802500 төгрөгийг хариуцагч Э.*******аас гаргуулж, нэхэмжлэгч Түмэн бут ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 3802500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Батцэцэг  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Энэхүү шүүх хуралд *******ын төлбөрийг 100 адуу гэсэн буу мэдээллийг 32 гэж тодорхойлолт авсан байна. Гэрчүүдийн хэлснээр 54 орчим тооны адуу гэж нэмж байна. Тооны зөрүүг гаргаж төлбөрийг бас хөнгөвчилж өгнө үү. Гэж хүсэж байна. ******* өөрөө бас хариуцлага муутай хүн байна. ...гэх дүгнэлтийг гаргасныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамж 75790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Түмэн бут ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж ирүүлсэн бичгийн нотлох 6 хуудас баримт нь нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг,  514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /рд:*******/-аас гэм хорын хохиролд 3802500/гурван сая найман зуун хоёр мянга таван зуу/төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Түмэн бут ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3802500/гурван сая найман зуун хоёр мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Түмэн бут ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 75790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Түмэн бут ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ЭРДЭНЭМӨНХ

 

                              ШҮҮГЧИД                 Б.ХЭРЛЭН

 

                                                                               Ж.ЭРДЭНЭБАТ