Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2023/00104

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүгч Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* гэх газар оршин суух *******гийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* цэцэрлэгийн зүүн талд байрлах “*******” ХХК-д /регистрийн дугаар *******/ холбогдох

“гэм хорын хохирол 10,823,000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-ий нэхэмжлэгч Г.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 36,100,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, хариуцагч “*******” ХХК-ийн захирал /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч К.Султанбек /цахим/, гэрч , , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Г.******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 10,823,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

          1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* би 2022 оны 10 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод хувийн ажилтай явж байтал манай адууны зарим хэсэг хариулгагүй явж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын багт байрлах “*******” ХХК-ийн тариалалтын талбайд орсон байсан. Ингээд холбогдох хүмүүсийг утсаар хэлэхэд нь мэдээд манай гэрийг сахиж байсан , нар авахаар очиход манай адууг малын тэжээлийн зориулалтын бус улаан буудай /малд хортой/ хураасан хашаанд хашсан байдалтай адууг чинь өгөхгүй гэх тайлбарыг хэлэн өгч явуулаагүй байсан. Ингээд 2022 оны 10 сарын 11-ний өдөр мөн адуунуудаа авахаар очиход тухайн талбайд ажиллаж байсан хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай танай адуунууд өлсөөгүй, будаа идэж байна, та нарт адууг чинь өгөхгүй гэх тайлбарыг хэлээд, улаан буудай идэхээр адуу хордлогод орж үхдэг гэж олон удаа тайлбарлахад сонсоогүй төдийгүй, бид нар мэдэж байна яв гэж хөөсөн байсан. 2022 оны 10 сарын 12-ны өдөр тухайн компанийн захирал гэх хүн над руу утсаар залган “танай адуу нийт 3 тонн будаа идсэн, нэг тонн будаа 900 000 төгрөгийн үнэтэй, үүнийг төлөөд адуугаа ав” гэх мэтээр ярьж байснаа тасалсан. Тэгээд би хүн явуулж адуугаа авахаар болж байтал дахин над руу 30 минутын дараа залгаж “адуунууд чинь будаа идээд тийчилж унаад босохгүй байна, адуугаа ирж хурдан ав” гэж дахин хэлсэн. Тэгээд манай гэрийг сахиж байсан гэх хүн очиж манай адуунуудыг босгож арай ядан авч явсан бөгөөд гэрийнхээ гадна ирээд тэр оройноос эхлээд 2022 оны 10 сарын 13-ны өдөр гэхэд нийт 6 тооны адуу улаан буудайнд хордож үхсэн. Миний бие тэр даруй мал эмнэлгийн алба дуудаж бүх адуунуудаа хордлого тайлах эмчилгээ хийлгэж, үхсэн адуунуудаа малын эмчийн дүгнэлт гаргуулсан. Одоогоор 5 адуунд эмчилгээг хийж байгаа бөгөөд биеийн байдал сайжраагүй байгаа. Миний адуунууд Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Асгат сумаас авч ирсэн эдгээр нутгийн гаралтай удам угшил сайтай, үнэтэй адуунууд байсан. Дээрх 6 тооны адуунд хийсэн Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр “тухайн адуунууд 2 өдөр өлгүй хашаанд хашуулсан учраас хашаанд байсан хураасан будаанаас их хэмжээгээр идсэн бөгөөд тухайн үед цас орсон байсан тул хашаанд байсан цасны шар уснаас уусан, ингээд исэлдэж, улаан буудайны хор буюу уургийн хордлогод орж үхсэн байна” гэж дүгнэсэн. Миний бие дээрх компанийн буруутай үйлдлийн улмаас 6 тооны адуугаа үхүүлсэн тул түүний үнэлгээг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь “Вендо” ХХК-аар гаргуулсан ба нийт 10,100,000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээгээр тогтоосон үнийн дүн дээр малын эмч дуудсан, эмчилгээ хийлгэсэн зардал 535,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардал 88,000 төгрөг зэргийг нэхэмжлэх хүсэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сумын багт байрлах “*******” ХХК-аас 6 тооны адууны үнэ 10,100,000 төгрөг, малын эмчийн зардал 635,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардал 88,000 төгрөг, нийт 10,823,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны үед Улаанбаатар хот яваад эзэнгүй байх хоорондоо , гэх 2 хүнийг гэрээ харуулахаар үлдээгээд явсан. Улаанбаатар хотод очоод 2, 3 хонож байсан чинь манай 60 гаруй адуу тариан талбайд орсон байсан. Очоод авчих гээд хүн явуулахад өгөөгүй байсан. Гэтэл 2 хоног зориулалтын бус хашаанд хийгээд манай адуу үхсэн. Хоосон хашаанд хийсэн бол ийм зүйл болохгүй байсан. Улаан буудайг нь идээд үхсэн. Тиймээс би шүүхийг үнэн зөв шийдвэрлэх байх гээд шүүхэд хандсан.

Одоо “*******” ХХК-аас 6 тооны адууны үнэ 10,100,000 төгрөг, малын эмчийн зардал 635,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардал 88,000 төгрөг, нийт 10,823,000 нэхэмжилж байгаа” гэв.

3.Хариуцагч “*******” ХХК-ийн захирал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2015 оноос хойш тус нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 920 гаруй га талбайг өөрийн хөрөнгөөр хашаалж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани жил бүрийн хавар уринш тариалалт хийж намар ургац хурааж ургацын хувьд ган гачиг, хур борооны тааламжгүй байдал хариулгагүй мал зэргээс болж үр ашгийн маш их алдагдалтай байдаг. Гэвч бид ургацын үлдэгдэл өвс, улаан буудай, ногоон тэжээлийг тэр хавийнхаа малчид, иргэдэд үнэгүй болон хямдралтай үнээр өгч хамтран ажиллаж ирсэн. 2022 оны 09, 10 сард ургац хураалт эхэлж байхад цаг агаарын хүндрэл үүсэж, цас их хэмжээгээр орж байсныг нийт нутгийнхан мэдэж байгаа. 2022.10.10-ны өдөр үр тариа дөнгөж хурааж байхад цас ихтэй, малчид тариалангийн талбайн хашаа торыг тасалж бод малаа оруулсан байсан. Манай ажилчид 2-3 өдөр хашаанд орсон малыг хөөж гаргаж хашаагаа янзалж байсан. Тухайн үед өдөрт 400-500 толгой бод мал өдөр, шөнөгүй орж байсан бөгөөд эзэнтэй нь холбоо тогтоон малыг нь тууж гарган хүлээлгэн өгч байсан. Гэвч зарим малчин нь утсаа унтрааж холбогдох боломжгүй мөн намрын дунд сарын 17 буюу 2022.10.12-нд найр наадам хийгээд согтуу хөлчүү малаа хариулгагүй орхисон байсан. Тухайн үед бид зүс тамгыг нь мэдэх малчдадаа утсаар тариалангийн талбайгаас адуу, үхэр, малаа гаргаж аваач гэж ярьж байсан. Манай ажилчдыг архи, согтууруулах ундаа уусан гэж гүтгэж байгаад гомдолтой байна. 2-3 өдөр малтай хөөцөлдөж маш их ядарцгаасан байсан. Харин тэр , нар согтуу байдалтай ирж намрын цагт цастай хүйтэн байхад мал ийш тийш нь машин мотоциклоор байнга хөөж тууж байна гэж дайрч давшлах байдал гаргаж байсан. Бид хүнсний хэрэглээний улаан буудай тариалж “Улаанбаатар гурил” ХХК-д тушаасан байхад хортой малын тэжээлийн зориулалтын бус улаан буудай хураасан гэж байгаад гайхаж байна. Шинжилгээний хариу болон Улаанбаатар гурил ХХК-тай хийсэн гэрээ байгаа. *******тай утсаар “адуу чинь 3 тонн будаа идсэн, 1 тонн нь 900000 төгрөг төлөөд адуугаа ав” гэж огт яриагүй. Тариалангийн талбайд үхэр, адуу, мал орж идсэн, гишгэсэн будааг яаж тэгж тооцоолох вэ? Тэр үед 78 га, 200 га зэрэг талбай руу *******ын 60-70 адуу бидний мэдэж байгаагаар 4-5 удаагийн давтамжтай орж тариа идэж, хэвтэж, хөрвөөж хашаа эвдэн их хэмжээний хохирол манайд учруулсан бөгөөд зөвхөн 78 га талбайд уринш, хор, бордоо, үр, түлш, ажилчдын цалин гээд бидний 2 жилийн хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлсэн. 2022 оны 10 сарын 12, 13-ны өдөр тариалангийн талбайд унасан, үхсэн адууг байгаагүйг малчин гэрчлэх бөгөөд адуугаа бүрэн туугаад аваад явсан байдаг. Бид тариан талбайд мал их орж байна, малчид хашаа эвдэж тасалж малаа оруулж байна гэж сумын удирдлага, газар тариалангийн мэргэжилтэн, багийн дарга нарт удаа дараа мэдэгдэж малчдыг ургац хурааж дуустал малаа хариулгатай байхыг хэлж мэдэгдэж ихэнх малчидтай хамтран ажиллаж туслалцаж байсныг дахин хэлье. Бид аймгийн ерөнхий агрономи Алтай болон Хархорин сумын ХХАА-н мэргэжилтэн Мөнхсоёл болон Хархорин сумын ургацын комисст мэдэгдэж арга хэмжээ авсны дүнд нөхцөл байдалтай танилцаж явахад бас л иргэн *******ын адуу нь тариан талбайд орон улаан буудай идэж байсныг харж зургийг нь дарж баримтжуулж авсан. Мөн хэд хоногийн дараа буюу 17-нд бас л *******ын адуу орсон байсныг хэлэхэд “Чи бид хоёрын тооцоо дуусаагүй байгаа шүү” гэж заналхийлээд адуугаа аваад явсан. Миний хувьд иргэн *******тай хувийн өс хонзон байхгүй боловч компанийн эд хөрөнгө болон ашиг орлогод байнга санаатай хохирол учруулж байсан. Мөн тариалангийн талбайн хашааг эвдэж үхэр, адуу малаа оруулсан мал нь улаан буудай идэж хордож үхсэн бол тэр орчмын бүх л үхэр, адуу, ямаа бүгд хордож үхэх байсан байх. Тийм тохиолдол гарч байгаагүй. Тиймээс Г.*******ын адуу манай тариалангийн талбайд орж улаан буудай идэж 6 адуу үхсэн гэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022.10.13-ны өдөр авч явсан адуу нь тэр өдрөө үхсэн гэжээ, энэ нь цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Тэр цаг хугацаанд юун цасны шар ус, маш хүйтэн цас ихтэй байсан. 6 адуу үхсэн юм уу 5 адуу эмчилж байгаа нь тодорхой бус тул энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

4.Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Өвөрхангай аймгийн Хархорин сумын багт Тариалангийн үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ны тариалангийн талбайд 2022.10.10-ны өдрөөс 17-ны хооронд тариалангийн талбайн торон хашааг тасдаж, эвдэн оруулсан Өвөрхангай аймгийн ******* сумын харьяат *******гийн *******ын 60-70 толгой адуу 4-5 удаагийн давтамжтайгаар нийт 78 га талбайн улаан буудайн ургацын идэж сүйтгэсэн. 2022.10.12-ны өдөр буюу намрын дунд сарын 17-ноос эхлэн тухайн газрын малчид найр наадам хийж согтуу хөлчүү байж малаа хариулгагүй орхисноос “*******” ХХК-ны 78 га талбайн тариа идэгдэж, гишгэгдэн сүйтгэгдсэнээс болж тус компанид 36-н сая төгрөгийн хохирол учраад байна. Хүн хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2019.12.25-ны өдрийн А/501 тоот “Журам батлах тухай" Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, Урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.5 дах заалтыг үндэслэн тушаах нь: 1-д: “Малын бүртгэлийн журамд мал бүртгэлийн гэрчилгээтэй, малын шилжилт, хөдөлгөөний тодорхойлолттой байх ёстой” гэжээ. Гэтэл иргэн ******* нь сүүлийн 3-н жилд 400-500 толгой адуутай болж улмаар миний үйлчлүүлэгчээс гарал, бүртгэлийн гэрчилгээгүй, шилжилт хөдөлгөөний тодорхойлолтгүй малыг хариуцагч үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. 78 га талбайд тариалсан тариа 78 тонн будааны үнэ 70,200,000 төгрөг бөгөөд 50 хувиар хорогдол тооцон 35,100,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 сая төгрөг, нийт 36,100,000 төгрөгийг Г.*******аас гаргуулж өгнө үү” гэв.

            5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад 500 адуу байхгүй. Манай хамаатны хэдэн адуу байдаг, гэхдээ намар нь тэжээл рүү гээ яваад, хавар нь энд ирж уядаг. Манай адуу урд нь тийм зөрчил гаргаж байгаагүй. Үнэндээ тариан талбайн хашаа нь ч муудсан байгаа. Бусад улсын малыг өгч явуулаад миний адууг өгч явуулаагүй байсан тэрэнд би гомдолтой байгаа гэв.

            6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартай: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох зорилгоор манай талаас нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зүйлийг эхлээд ярья. Нэхэмжлэгч Г.*******ын хувьд “*******” ХХК-н буруутай үйлдлээс болж 10,823,000 төгрөгийн хохирол учирсан нь бүрэн нотлогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр тухайн гэм хор учруулсан хашсан, будаа идсэн гэх үйл баримттай хариуцагч тал маргадаггүй. Мөн гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтаар бүрэн нотлогдож байна гэж үзэж байна. Тухайлбал мал эмнэлгийн улсын байцаагчийн акт байна. Хортой улаан буудай идсэн гэж ерөөсөө яриагүй, хордлогод ороод үхсэн байна гэсэн акт гарсан. Мөн задлан шинжилгээний явцын мэдээлэл, малын эмчийн баримтаас бүрэн харагдаж байна гэж үзэж байна. Мөн үхсэн гээд байгаа 6 адууны үнэлгээг нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлээд хөрөнгийн үнэлгээний компанид гарал үүслийн бүх баримт бичгээ аваачих өгөөд үнэлгээгээ тогтоолгосон байгаа. Тогтоогдсон үнэлгээ дээр бусад зардлаа нэмээд нийт 10,823,000 төгрөгийн хохирол учирсан. Мөн багийн засаг даргын тодорхойлолт, малын А дансны хуулбар, мал эмнэлгийн гэрчилгээ, малын эмчийн тодорхойлолт, 2 гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд 2 хоног хашаанд байснаас болоод улаан буудайн хордлогод ороод үхсэн гэдэг нь харагдах тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлээ бүрэн нотлоогүй гэж үзэж байна. Мөн үндэслэл шаардлага нь тодорхойгүй. Сая гэрчийн мэдүүлгээр би 78 га талбайд учирсан хохирлыг 285 толгой адуунаас бодоход энэ хохирол учирсан гэж байна. Гэтэл Г.*******ын орсон гээд байгаа 10 гаруй адууны эзлэх хувь нь хэд гэдэг нь тодорхойгүй байна. Дээр нь 78 га талбайд нийт 70,000,000 төгрөгийн хохирол үнийн дүнгээр учирсан үүний тал хувь буюу 35,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэдэг зүйлийг яриад байх юм. Тийм байж үзлэг хийсэн тэмдэглэл байхгүй, хохирлын хэмжээг тодорхойлсон үнэлгээ байхгүй, зарим талаар санаатайгаар торыг эвдэж оруулсан зүйл ярьсан энэ талаар гомдол гаргаад шалгуулсан баримт хэрэгт 1 ширхэг ч авагдаагүй. Тариалангийн тухай хууль, Газрын тухай хууль зөрчсөн байна гээд хуулийн заалтууд уншаад байна. Хэрвээ эдгээр хуулийг зөрчсөн байна гэж үзэж байгаа бол энэ талаараа зөрчлийн хэрэг нээлгээд энэ хүндээр холбогдох арга хэмжээг авхуулаад шалгуулах боломж нь байсан. Тухайн үед яагаад арга хэмжээ авхуулаагүй гэдэг нь тодорхойгүй байж өнөөдөр ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тиймээс хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.         

7.Хариуцагчийн өмгөөлөгч К.Султанбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартай: Монгол улсын газар тариаланчид жилийн жилд тариан талбайн ургацын 30 хувийг малын хариулгагүй, малчдын хариуцлагагүйгээс болж тариалангийн тухай хууль, газрын тухай хууль зөрчсөнөөс болж хохирол амсдаг. Энэ хохирол нь өөрөө эргээд Монгол улсын эдийн засагт нөлөөлж байна. Энэ алдагдсан 30 хувийг гадаадаас худалдан авч ард иргэдийг хүнсний хомсдолоос хамгаалж байна. Энэ хохирлыг аль аль талдаа хүлээгээд явдаг, гэхдээ эндээс малчид огт хүлээдэггүй. Миний үйлчлүүлэгч “*******” ХХК бол жилийн жилд эзэмшиж буй газрынхаа газрын төлбөрийг орон нутгийн дансанд төвлөрүүлдэг. Үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Газрын татвар бол өндөр байдаг. Гэтэл малчид малын хөлийн татвар төлдөггүй. Гэрчүүд малын хашааг 500, 600 гээд янз бүрээр тайлбарлаж байна гэхдээ төрийн байгууллагаас албан ёсоор дуудаж ирсэн гэрч бол тариалангийн талбайн хашаанд 50 метр ойролцоо малын хашаа байж болохгүй талаар хэлж нотолж байна. Энэ Тариалангийн тухай хуулийн 24.2-т заасныг зөрчсөн нь нотлогдож байна. Газрын тухай хуулийн 54.3-т заасныг зөрчсөнийг , нар бүгдээрээ зөрчсөнийг тогтоож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд “*******” ХХК-н буруугаас болж малчинд учирсан хохирлын тухай ярилаа. “*******” ХХК өөрийн өмч хөрөнгийг хамгаалах гээд хашаалаад хаврын бэлтгэлээ хийгээд масло, тос тосол, хүмүүсийн цалин, хоол унд гээд маш их хөдөлмөрийн үр дүнд байгалын баялгаа хүртээд бүтээгдэхүүнээ авч байхад малчид хашааг нь эвдэж орчхоод малаа хариулгагүй орхисон хариуцагчийн буруу юм уу, нэхэмжлэгчийн буруу юм уу. Энэ тал дээр шүүх анхаарах байх гэж бодож байна. Сөрөг нэхэмжлэл дээр зөрчлөөр цагдаагийн байгууллагад шалгуулах байсныг хийгээгүй гэж байна. Яг бодит байдал дээр газар тариалангийн ажил явуулж байгаа байгууллага орон нутгийн малчидтай маш эв зүйтэй ажиллахгүй бол зөрчилдөх юм бол дараа жилийн ажил хэцүүддэг. Үүнээс дүгнэлт хийхэд хариуцагч өөрийн бүтээгдэхүүнээс тарааж өгдөг орон нутагт дэмжлэг үзүүлдэг. Орон нутагт дэмжлэг үзүүлэн ажилладаг энэ хүнийг нэхэмжлэл бичээд ирж байгаа нь нэхэмжлэгч өөрөө өөрийнхөө бурууг нуух гэсэн оролдлого хийж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн байгууллагыг гадуурхаж байгаа ойлголт гэж харж байна.

 Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

8.Нэхэмжлэгчээс Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №40-02-243/35 дугаартай дүгнэлт /хх-5/, Вендо ХХК-ий 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №ӨХ22-9 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт /хх 6/, малын эмчийн зардал /хх 7/, эмгэг анатомийн задлалтын протокол, гэрэл зураг /хх 8-23/, Вендо ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24-32/, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх 33/ ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 107/, Г.*******ын 2020, 2021, 2022 оны малын тооллогын баримт /хх 108-113/, Мал эмнэлгийн гэрчилгээ /114-121/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

9.Хариуцагчаас “Улаанбаатар гурил” ХХК-тай буудай худалдан авалтын тооцоо нийлсэн акт /хх 51-52/, Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ /хх53-57/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 97/,  “*******” ХХК-ийн дүрэм /хх 98-101/, фото зураг /хх 127-133/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.     

            2.Нэхэмжлэгч нь “...6 тооны адууны үнэ 10,100,000 төгрөг, малын эмчийн зардал 635,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардал 88,000 төгрөг, нийт 10,823,000 төгрөг хариуцагч ******* ХХК-аас нэхэмжилнэ...” гэж тодорхойлсон.  

            3.Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...тэр үед 78 га, 200 га зэрэг талбай руу *******ын 60-70 тооны адуу бидний мэдэж байгаагаар 4-5 удаагийн давтамжтай орж тариа идэж, хэвтэж, хөрвөөж хашаа эвдэн их хэмжээний хохирол манайд учруулсан бөгөөд зөвхөн 78 га талбайд уринш, хор, бордоо, үр, түлш, ажилчдын цалин гээд бидний 2 жилийн хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж үгүйсгэсэн.  

            4.Хэргийн үйл баримт болон зохигчийн тайлбараар хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын багт байрлах ******* ХХК-ий тариалалтын талбайд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Г.*******ын адуу орсон, тухайн адуунуудыг 2 өдөр улаан буудай хураасан хашаанд хашсан болох нь тогтоогдсон ба зохигч үүнд маргаагүй.

            Түүнчлэн хашуулсны улмаас хураасан буудайнаас идэж 6 тооны адуу үхэж нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь талуудын тайлбар, Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №40-02-243/35 дугаартай дүгнэлт /хх-5/, “Вендо” ХХК-ий 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №ӨХ22-9 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт /хх 6/, малын эмчийн зардал /хх 7/, эмгэг анатомийн задлалтын протокол, гэрэл зураг /хх 8-23/, “Вендо” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24-32/, ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 107/, Г.*******ын 2020, 2021, 2022 оны малын тооллогын баримт /хх 108-113/, Мал эмнэлгийн гэрчилгээ /114-121/, гэрч , , нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Тухайн үйл баримтад талууд маргадаггүй.

             Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №40-02-243/35 дугаартай дүгнэлтэд “...Тухайн адуунууд 2 өдөр өлгүй хашуулсан учраас хашуулсан хашаанд байсан хураасан будаанаас их хэмжээгээр идсэн бөгөөд тухайн үед цас орсон байсан учраас хашаанд тогтсон шар уснаас уусан ингээд исэлдэж, улаан буудайн хор буюу уургын хордлогод орж үхсэн гэж үзэж байна...” гэжээ.

             “Вендо” ХХК-ий шинжээчийн дүгнэлтээр Г.*******ын 6 толгой адууны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас ирсэн сартай, өсгий цагаан зээрд унага 500,000 төгрөг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас ирсэн хонгор байдас 1,800,000 төгрөг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас ирсэн хонгор байдас 1,800,000 төгрөг, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас ирсэн хүрэн гүү 8 настай 2,000,000 төгрөг, Сүхбаатар аймгийн Асгат сумаас ирсэн халтар гүү 9 настай 2,000,000 төгрөг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас ирсэн хонгор гүү 5 настай 2,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

            Дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

            5.Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд компанийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

            Энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шаардах эрхтэй байна.

            6.Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар нь “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлаж мэтгэлцсэн хэдий ч тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу нотлоогүй болно.

            Иймд хариуцагч ******* ХХК-аас гэм хорын хохирол 10,823,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            7.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

            ******* ХХК нь “...Өвөрхангай аймгийн Хархорин сумын багт Тариалангийн үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ны тариалангийн талбайд 2022.10.10-ны өдрөөс 17-ны хооронд тариалангийн талбайн торон хашааг тасдаж, эвдэн оруулсан Өвөрхангай аймгийн ******* сумын харьяат *******гийн *******ын 60-70 толгой адуу 4-5 удаагийн давтамжтайгаар нийт 78 га талбайн улаан буудайн ургацын идэж сүйтгэсэн. 2022.10.12-ны өдөр буюу намрын дунд сарын 17-ноос эхлэн тухайн газрын малчид найр наадам хийж согтуу хөлчүү байж малаа хариулгагүй орхисноос “*******” ХХК-ны 78 га талбайн тариа идэгдэж, гишгэгдэн сүйтгэгдсэнээс болж тус компанид 36 сая төгрөгийн хохирол учраад байна. Гэтэл Г.******* нь сүүлийн 3 жилд 400-500 толгой адуутай болж улмаар гарал, бүртгэлийн гэрчилгээгүй, шилжилт хөдөлгөөний тодорхойлолтгүй малыг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна.

            Иймд 78 га талбайд тариалсан тариа 78 тонн будааны үнэ 70,200,000 төгрөг бөгөөд 50 хувиар хорогдол тооцон 35,100,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 сая төгрөг, нийт 36,100,000 төгрөгийг Г.*******аас гаргуулж өгнө үү...” гэж сөрөг нэхэмжлэлээ тодорхойлсон.

            Нэхэмжлэгч “....Надад 500 адуу байхгүй. Манай хамаатны хэдэн адуу байдаг, гэхдээ намар нь тэжээл рүү гээ яваад, хавар нь энд ирж уядаг. Манай адуу урд нь тийм зөрчил гаргаж байгаагүй. Үнэндээ тариан талбайн хашаа нь ч муудсан байгаа. Бусад улсын малыг өгч явуулаад миний адууг өгч явуулаагүй байсан. Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан. 

            Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбай хамаарна гэж, мөн хуулийн 2******* зүйлийн 2-т Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа зуслан, намаржаа байхыг хориглоно гэж  тус тус заасан.

            Нэхэмжлэгч Г.******* нь өөрийн малыг хариулгагүй үлдээж, хариуцагч ******* ХХК-ий тариалангийн талбайн ургацыг идүүлсэн, Тариалангийн тухай хуулийн 2******* зүйлийн 24.2-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас  ******* ХХК-д хохирол учруулсан байна. 

            Хариуцагч ******* ХХК нь ...тариалангийн талбайд Г.*******ын адуу орсон... гэж тайлбарлан маргаж хэрэгт Г.*******ын адуу тариалангийн талбайд орсон байгаа нь гэх 7 ширхэг фото зургийг гаргаж өгсөн боловч энэ нь Г.*******ын адуу гэдэг нь тодорхойгүй бөгөөд дээрх баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж үнэлэх боломжгүй тул шүүх үнэлээгүй.

            ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа “78 га талбайд тариалсан тариа 78 тонн будааны үнэ 70,200,000 төгрөг бөгөөд 50 хувиар хорогдол тооцон 35,100,000 төгрөг” тодорхойлсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”,

             мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан тул хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй байна.

            Түүнчлэн өмгөөллийн хөлс 1 сая төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч иргэний эрх зүйн маргаанд хууль зүйн туслалаа авах эсэх нь түүний өөрийн хүсэл зоригоос шууд хамаарах бөгөөд үүнийг бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол гэж үзэхгүй тул нэхэмжлэгч Г.*******аас гаргуулах үндэслэлгүй.

            Хариуцагч талаас нотлох баримт өгөх, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эсэх талаар шүүх хуралдааны явцад тодруулахад нэмж өгөх нотлох баримт, хүсэлт байхгүй гэсэн болно.

            Иймд хариуцагч ******* ХХК-ий нэхэмжлэгч Г.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 36,100,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            8.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Л.Уртнасан нь дүгнэлтдээ: ...Г.*******ын үхсэн 6 адууны төлбөр 10,823,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү... гэж дүгнэсэн ч шүүх дээр дурдсанаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэв.

            9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 188,118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, хариуцагч ******* ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            10.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №000133430 дугаартай гэрчилгээний хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэр гэсэн хэсэгт *******, Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж,   хуулийн этгээдийн албан ёсны хаяг гэсэн хэсэгт Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* цэцэрлэгийн зүүн тал гэж тус тус бичиглэл хийгджээ.

            Гэсэн хэдий ч нэхэмжлэгч, хариуцагч нар нь “*******” ХХК Өвөрхангай аймгийн Хархорин сумын багт газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг гэж тодорхойлдог, мөн гэрч , , нарын мэдүүлгээр нотлогдсон, хэрэгт авагдсан “*******” ХХК-ий 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинэчилсэн дүрмийн 1.2-д Компанийн оршин байгаа газар: Өвөрхангай аймаг, Хархорин сум, баг гэж заасан бөгөөд талууд хэргийн харьяаллын талаар маргадаггүй, “*******” ХХК нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын багт газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 14.2-т зааснаар хэргийг тус шүүх хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас гэм хорын хохиролд 10,823,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, хариуцагч ******* ХХК-ий нэхэмжлэгч Г.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 36,100,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 188,118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, хариуцагч ******* ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.ЭНХ-АМГАЛАН

                                    ШҮҮГЧИД                     Б.САРАНТУЯА

                                                                                                          Э.ДУЛМАА