| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/2221/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2514 |
| Огноо | 2025-11-06 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн ******** суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “************ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***********
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...”гэв.
Эрүүгийн 2502005700386 дугаартай хэргээс:
Улсын яллагч: ********* машинд шалгалт хийхэд 2 боодол канабус буюу сэтгэцэд нөлөөтэй бодис тээвэрлэж байхыг саатуулсан байна гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 07 дахь тал),“...эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 09-10 дахь тал), 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-13 дахь тал), 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 33 дахь тал), Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 859 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал),Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0325/5476 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дахь тал), Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 859 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал),шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0325/5479 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 124 дэх тал),
Шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0325/5479 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 124 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч нэмэлтээр “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2502 00570 0386 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол улсын яллагч түүний гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч *********** нь 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг руу Приус-30 маркийн ********** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон явах замдаа Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс”-ийг түүж, цэвэр жин нь 2558.72, 1860.1 грамм бүхий нийт 4418.82 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Приус-30 маркийн *********** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл дотор хадгалж, 2025 оны 8 дугаар сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчоогоор орж ирээд саатуулагдсан буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт зүйлийг Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүж, “Toyota prius 30” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хадгалсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч *********** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 09-10 дахь тал)
2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-13 дахь тал)
2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 33 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0325/5476 дугаартай “...1.2.5.Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 1 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 3. “1” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 2683,7 грамм, цэвэр жин 2558,72 грамм, “2” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 2066,3 грамм, цэвэр жин 1860,1 грамм байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дахь тал),
“Toyota prius 30” маркийн ****** машинд шалгалт хийхэд 2 боодол канабус буюу сэтгэцэд нөлөөтэй бодис тээвэрлэж байхыг саатуулсан байна гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 07 дахь тал),
Эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч а/ч ******* бичсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 08 дахь тал)
Ашид билгүүн ХХК-ийн “...****** prius 30 маркийн тээврийн хэрэгсэл нь 15,000,000 төгрөг...” автомашины техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 108-109 дэх тал),
***** яллагдагчаар өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байсан чинь ****** над руу залгасан би Дарханд байна. намайг Дарханаас ирээд авах боломж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд дүү ***** приус 30 маркийн ***** улсын дугаартай машинаар нь *******авахаар ганцаараа Дархан руу гарсан. Төв аймгийн Жаргалант сумын хавьцаа зогсож бие засаад зогсож байсан чинь замын хажууд мансууруулах төрийн бодис ургаж байгааг харсан. Тус өвснөөс түүсэн. Өмнө нь би мансууруулах төрлийн бодисыг фейсбүүк болон сошиал орчноос харж байсан болохоор шууд таньсан. Тэгээд тус өвсийг багажиндаа хийгээд цаашаа ***** авсан. Аваад шууд Улаанбаатар хот руу гарсан. Ингээд 22-ны товчоо орж ирээд цагдаагийн албан хаагч нарт баригдсан. ******** 2014 онд танилцаж байгаа. Би өвс түүсэн талаараа ******** хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120 дахь тал),
Тээврийн хэрэгсэл “...есөн шижир инвест ББСБ-ын нэр дээр байгаа тухай...” лавлагаа (хавтаст хэргийн 129 дэх тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналтад тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “...донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж үзэхээр хуульчилсан.
“Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг, “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг хэлнэ гэжээ.
Энэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур бусад аргаар олж авах, түүж бэлтгэх, биедээ болон орон байр, агуулах сав, тээврийн хэрэгсэл, бусад байдлаар байлгасныг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэж үзнэ.
“Олж авах” гэдэг нь “тухайн бодисыг хууль бусаар өөрийн эзэмшлийн болгоход чиглэгдсэн бусдаас буюу өөрөө арилжиж, худалдаж олж авсан бэлэг, өр зээлээр болон бусад аргаар өөрийн болгосон идэвхтэй үйлдлийг, “бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүний эдийн хэлбэрээр гаргаж авсан үйлдлийг тус тус ойлгоно.
Шүүгдэгч ******** Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт нийт 4418.82 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хамаарах төв замын хажуугаас өөрөө газраас тасдан түүж, түүсэн өвс мэт зүйлийг гялгар уутанд боож 2 хэсэг болгон унаж явсан тээврийн хэрэгслийн арын багаждаа хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч ********* холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна, 5 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж заажээ.
Шүүгдэгч 4418.82 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг тээвэрлэж явсан “Toyota prius 30” маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Есөн шижир инвест” ББСБ-ийн эзэмшилд байгаа болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож (хавтаст хэргийн 129 дэх тал) байх тул шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж, уг тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох үндэслэлгүй байна.
Хөрөнгийн үнэлгээний “Есөн шижир инвест” ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний тайлан”-гаар “Toyota prius 30” маркийн ********* улсын дугаартай авто машины үнэлгээг 15,000,000 төгрөгөөр тогтоосон (хавтаст хэргийн 108-109 дэх тал) байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********* гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 15,000,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* “...1 жил, 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглээгүй байсан түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн 2502 00570 0386 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 4418,82 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг зохих журмын дагуу устгах, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч ********* 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******** мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан“Toyota prius”30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 (арван таван сая) төгрөгийг шүүгдэгч ********* гаргуулж, улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 4418,82 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг зохих журмын дагуу устгах, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын ,Хар тамхитай тэнцэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ