Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2022/0032/З |
Дугаар | 112/ШШ2023/0009 |
Огноо | 2023-03-31 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 112/ШШ2023/0009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Есөнбулаг сумын иргэн С.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, гуравдагч этгээд Р.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарын хооронд үүссэн төрийн албаны маргааны талаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, гуравдагч этгээд Р.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Быг ажлаас чөлөөлөх тухай 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/60 тоот тушаалыг хүчингүй болгож, Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлсон.
2. Нэхэмжлэгч С.Б нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар Зооноз өвчин судлалын төвийн даргаар томилогдож байсан.
3. Харин аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 110 дугаар зүйлийн 110.3, Зооноз өвчин судлалын төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.8 дах заалтуудыг тус тус үндэслэн Зооноз өвчин судлалын төвийн дарга С.Быг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2022 оны 11 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
5. Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: С.Б миний бие 2013 оны 03 дугаар сарын 29-нд Төрийн албаны Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дагуу Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаар томилогдсон. Би 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ныг хүртэл хугацаанд Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалыг тасралтгүй хийж ирсэн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэнэт аймгийн Эрүүл Мэндийн газрын ажлын хэсэг миний ажлын өрөөнд хүрэлцэн ирж, С.Быг ажлаас чөлөөлөх тухай Эрүүл мэндийн газрын даргын Б/60 дугаар тушаалыг үйлдэж ажил хүлээлцсэн.
Миний хувьд намайг ажлаас чөлөөлсөн тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ямар үндэслэлээр халсан болох нь тодорхойгүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа тул Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10 ны өдрийн Б/60 дугаар С.Быг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 11 дүгээр сарын 10 өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу албан томилолттой ажлаар явсан. Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс чанарын хяналт үнэлгээний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар хуралтай учраас байгууллагын дарга нар өөрийн биеэр хүрэлцэн ир гэсэн албан бичгийн дагуу Эрүүл мэндийн газрын даргын албан томилолттой Улаанбаатар хот руу Баянхонгор аймгаас цааш 50 километрийн зайнд явж байхдаа авто осолд орж хүнд гэмтсэн. Баруун талын 9 хавирга, зүүн талын 5 хавирга, өвчүүний гуравны нэг, уушги өвдөж хүчил төрөгчийн дутагдалд орсон, 3 нуруу нийт 19 яс хугарсан хүн 1-2 сарын дотор ажилдаа ирэх чадвар байх уу? эмч хүн мэдэх байх. 7, 8 дугаар сард ажилдаа ирээгүй гэдгээ ярихаа боливол яасан юм. Энэ бол үйлдвэрлэлийн осол. Хуульд заасан байгаа. Үйлдвэрлэлийн ослыг ажил олгогч судлан бүртгэж, эмнэлгийн тусламж үзүүлэх, эмнэлэгт хүргэж өгөх бүх зардлыг даадаг. Дээрээс нь хөдөлмөрийн чадвар алдсан хэмжээгээр нь цалинг буюу 1 удаагийн тэтгэмж өгөхөөр заасан байгаа. Энэ хүмүүс тусламж өгсөн гэж байна. Гэмтлийн эмнэлэгт ухаангүй байхад надад тусламж өгсөн байх гэж бодсон. Хувь хүний нууцын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж гарсан. Эмзэг мэдээлэл гэдэгт хувь хүний эрүүл мэндийн асуудал ордог. Би өөрөө уншиж, харж чадахгүй байсан зураг, мэдээллээ та нарын буянд хардаг болсон. Танхимд сууж байгаа хүмүүст хувь хүнийхээ эмзэг мэдээллийг дэлгэж байна. Осолд орсны дараа Г.Л дарга ярьсан байдаг. Би нисдэг тэргээр Улаанбаатар хот руу явсан. Цалин тэтгэмжийг өгсөн байхад би авчихсан юм болов уу гээд Хаан банкны дансны хуулгаа авч үзэхэд 160,000 төгрөг шилжүүлсэн байсан. Энэ бол миний нийгмийн асуудлыг шийдэж байгаа асуудал биш. 4 хэлтсийн дарга чинь 160,000 төгрөг шилжүүлсэн байсан. Амралтын хуваарийг ярьж байна. Амралтын талаар над руу 6 сард яриад хэзээ амрах вэ гэхээр нь 09 дүгээр сарын 27-ны өдрөөс авъя гэдгээ хэлсэн. Та нарын гаргасан тушаал 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл миний гарт ирээгүй. Би өөрөө саналаа өгсөн байсан. Би мэдээгүй яваад аваарт орсон. 07 дугаар сарын 25-ны өдөр эмнэлгээс гарч 08 дугаар сарын 07-ны өдөр хүний тусламжтайгаар явдаг болсон. Тэр үед Г.Л дарга яриад Г дарга өрөөнд байна гээд ярихаар нь би ийм байдалтай байна, ажилд очих боломжгүй байна. 2022 оны ээлжийн амралтаа аваагүй учраас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас урагшлуулаад өгөөч тэр болтол миний биеийн байдал сэргэхээр байна. Танд эргээд хариу өгье гэхэд тэг тэг, хүнд эрүүл мэнд хэрэгтэй шүү, амралтаа аваад эмчлүүлээд ирээрэй гэж хэлсэн. Тэрийгээ өөрөө санахгүй байгаа. Гэрч Г гэж 84 настай хүний мэдүүлэгт байгаа. Засаг даргатай зөвшилцсөн бичиг гэж нотлох баримтаар өгсөн байна. 09 дүгээр сарын 02-ны өдөр намайг өрөөндөө дуудаж уулзсан гэсэн байна лээ. Энэ хүний ухаан санаа орж гараад байгаа юм биш үү 09 дүгээр сарын 02-ны өдөр би Улаанбаатар хотод дөнгөж алхаж байсан. Нотлох баримтыг сүүлд нь нөхөж хийж байна гэдгээ нотолж байна. 10 дугаар сард хяналт үнэлгээ гэсэн нэрээр хэдэн өдөр ирсэн. Э.А 1 өдөр ирчихээд явсан. О.М 3 бил үү 5 өдөр суухдаа цаг бүртгэсэн. Удирдамжид манай байгууллагын цагийг бүртгэнэ гэсэн зүйл байгаагүй. Мэргэжил арга зүйн удирдлагаар хангана гэсэн удирдамжтай ирсэн атлаа 5 өдөр цаг бүртгэсэн. Тэгэхээр нь яагаад цаг бүртгэж байгаа юм. Э.А яасан юм, би Э.Аөөр мэргэжил арга зүйн удирдлагаар хангуулмаар байна гэхэд Э.А хуримаа хийж байгаа гэсэн. Миний цагийг зорилготойгоор бүртгэсэн. Өглөө, өдөр урд хойд талд цагаан машин зогсож байдаг байсан. Гуравдагч этгээд гэдэг хүн зорилготой миний цагийг бүртгэсэн. Тэр үед 1 дүгээр сургуулийн хүүхдийн бүжгийн тэмцээн болж очсон байхад Эрүүл мэндийн газраа хүмүүс ирж шалгаж байна хурдан ирээч гэсэн. Хүүхдийнхээ бүжиглэхийг би хараагүй. Очиход миний цагийг дарж балласан байсан. Төрийн жинхэнэ албан хаагч нар байж ийм ёс зүйгүй, удирдамжид заагаагүй хяналт үнэлгээ хийсэн байдаг. Дараа нь томилолтын талаар ярьж байна. 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймагт Зооноз өвчин судлалын төвийн тэмцээн болно гэхээр нь явахаар томилолтоо авсан. Би өөрөө спортын арга хэмжээнд сонирхолтой. Тэгээд шууд явж болохгүй учраас гэмтлийн эмчээс зөвлөгөө авъя гээд Ш.Д эмчийн хувийн эмнэлэгт үзүүлэхэд та ханиадтай байна, яваад хэрэггүй, гадуур ковид их байна гэхээр нь би гэртээ ирээд үзэхэд сул эерэг гарсан. Халдварт өвчин зориудаар бусдад тархаах халдаах нь Эрүүгийн хууль зөрчсөн асуудал болно. Эрүүгийн хуулийн 15.6-д бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусийг бусдад зориуд халдаасан бол ял шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Ийм учраас би иргэний үүргээ ухамсарлан яваагүй. Буцаж ирээд томилолтоо бүртгүүлээгүй гэж байна. Томилолтоо бүртгүүлэх завдал та нар өгсөн юм уу? яагаад яваагүй талаар надаас асуугаагүй. Яваагүй гэж ажлаас чөлөөлсөн юм шиг байна. 2018, 2019 оны санхүүгийн зөрчлийг Э.А одоо энд яриад яах вэ. Аливаа зүйлд хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа. Хязгаарлалттай дүгнэлт авсан нь үнэн. Ажилчдаа дур мэдэн чөлөөлсөн гэж байна. Тэр бүхэн бүгд шүүхээр шийдвэрлэгдэнэ. Би хуулийн дагуу ажилчдаа ажилд нь аваад төрд учирсан хохирлоо төлсөн. Энэ хүмүүс надтай ажиллах нөхцөлгүй болсон гэсэн. Г.Л дарга өөрөө над руу утсаар удаа дараа ярьж байсан. Чи намайг гэж буруу бодоод байна. Намайг өөр хүмүүс шахаад байна. Чи ажлаа өгчих, гуйж байна гэж надаас гуйсан. Засаг дарга шахаж шаардсан. Төрийн албаны тухай хуульд улс төрийн албан тушаалтан аливаа томилгоонд оролцвол огцрох үндэслэл болно гэж заасан байгаа. Засаг дарга О.А түүнийгээ нотлоод Р.Ныг томилох саналтай байна гэсэн байсан. О.А гэдэг хүнд Зооноз өвчин судлалын төвийн дарга ямар ч хамаагүй. Та нар хуулиа судал. Эрүүл мэндийн сайдын 272 дугаар тушаал, 404 дүгээр тушаалууд дээр байгаа. Аймаг орон нутгийн Зооноз өвчин судлалын төвийн даргыг томилох болон чөлөөлөхдөө Зооноз өвчин судлалын үндэсний зөвлөлийн даргатай зөвшилцдөг болохоос аймгийн Засаг даргатай зөвшилцдөггүй гэв.
7. Нэхэмжлэгч С.Бы өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 11 сарын 10-ны өдрийн Б/60 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Зооноз өвчин судлалын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай байгаа. Маргаан бүхий захиргааны акт хэр хууль зүйн үндэслэлтэй талаар дүгнэлт хэлье. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчим гэж байгаа. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мөн хуульд хэр нийцсэн акт гаргасан бэ гэдэгт шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн заалт зөрчсөн. Ажил олгогчийн хувьд хөдөлмөрлөх эрхэд нь тэргүүн ээлжинд халдсан. Хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа тохиолдолд тухайн төрлийн захиргааны актыг тогтоох ёстой. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдол ямар зөрчил гаргасан юм. Яагаад хөдөлмөрлөх харилцааг дуусгавар болгох болов. Улмаар хүний амьдрах эрхэд нь халдаж байгаа захиргааны акт шийдвэр байна. Энэ актыг гаргах болсон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу сонсох ажиллагаа хэрхэн хийгдсэн юм. Хэрхэн тайлбар мэдүүлэг авч эрхийг нь хэрхэн хангах талаар Захиргааны ерөнхий хууль болон шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд заасан. Энэ хуулийг хэрхэн хэрэглэж тушаал гарах болов гэдэгт хууль зүйн дүгнэлт хийх хэрэгтэй. Нэхэмжлэл гаргаж түүнтэй холбоотой хариу тайлбар гаргасан. Тэргүүн ээлжинд хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа ажил олгогч ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсон талаар бичихдээ удаа дараа санхүүгийн хязгаарлалттай дүгнэлт авсан, мөн ажил тасалсан гэсэн 2 үндэслэлийг бичсэн байгаа. Нотлох баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүрдэх ёстой. Тэгэхээр удаа дараа санхүүгийн хязгаарлалттай дүгнэлт авсан гэж байгаа нь 2018, 2019 оны асуудал яригдаж байгаа. 2019 онд гомдол гаргаж холбогдох нотлох баримт гаргахаар хязгаарлалттай дүгнэлт нь биш болж таардаг. Дараа нь ямар зөрчил гаргасан юм гэхээр түрүүн өмгөөлөгч нь энэ хүн ээлжийн амралттай холбоотой 5 зөрчил гаргасан гэж байна. Ээлжийн амралтын нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж байна. Хуурамчаар үйлдсэн гэж үзвэл энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа. Хүнийг гүтгэж байна. Хариуцагчийн төлөөлөгч эрх зүйч хүн байгаа. Дээрээс нь өмгөөлөгч нь оролцож байна. Хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн нь эрүүгийн журмаар шалгагдаагүй байхад олон нийтийн өмнө хүнийг гүтгэж ийм зүйл ярьж байгаа нь харамсалтай байна. Хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж байгаа нь Г.Л нь тухайн үед зовлонг нь ойлгож ээлжийн амралт олгосон байх. Мөн энэ талаар гэрч мэдүүлдэг. Хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-ийг барьсан байна. 39.1.6 нь албан тушаалын эрх мэдлийн байдлаа урвуулах гэж байгаа. Үүнийг юу гэж тайлбарлаж байна гэхээр олон зүйлийг дурдаж байна. Удаа дараа ажил тасалсан гэсэн асуудлыг дурдаж байна. Энэ ямар байдлаар нотлогдсон юм. Хавтаст хэргийн материалд хариуцагч тал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3-т зааснаар өөрийн тайлбар үндэслэлээ нотолсон нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Эсрэгээрээ цалин бүтэн олгогдсон байгаа. Үүнтэй холбоотой ажил тасалсан гэх ямар нотлох баримт байгаа юм. Хэрвээ ажил тасалсан бол хөөн хэлэлцэх хугацаа нь хэзээ вэ гэдгийг мэдэх хэрэгтэй, илрүүлснээс хойш сарын хугацаа байгаа. Үүнийг мэдэхгүй ажил олгогч байдаг юм уу. Ажил тасалсан гэсэн үйл баримт хавтаст хэрэгт хэрхэн нотлогдож байгаа юм. Харин өвчтэй байсан талаар баримтаа гаргаж өгсөн байгаа. Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэдэг үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж гэмт хэрэгт тооцчихоод ажил тасалсан гэдгээр орж ирэх ёстой байсан. Ажил тасалсан нь сүүлд орж ирсэн. Эхлээд зөрчлийг тогтоох байтал араас нь хөөцөлдөж байгаа нь харагдаж байна. Ээлжийн амралт олгох тухай тушаал нь С.Бд хуулбараар байсан учраас гарч ирсэн. Тэгэхээр ажил тасалсан үйл баримт тогтоогдохгүй байна. Дараагийн дугаар 39.1.2-т зааснаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэгт олон гомдол ирж байна гэсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой ёс зүйн дүрэм гэж батлагдсан зүйл байна. Түүний дагуу ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр бол хэрхэн хүлээлгэх талаар тодорхой байгаа. Журмаар ямар ёс зүйг зөрчил гаргасан юм. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3.1.3."албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно гэж заасан. Тэгэхээр ажил олгогчийн зүгээс албаны эрхээ хувийн ашиг сонирхлын төлөө хэрхэн ашигласан талаар тогтоосон юм. 10 жил ажилласан, болдоггүй хүн гэж байна. Хүний 10 жил ажилласан хөдөлмөрийг үгүйсгэж байгаа нь харамсалтай байна. Тэгэхээр 39.1.2 нь нотлогдохгүй байна.. 80 дугаар зүйл нь өөрөө хөдөлмөр эрхлэлттэй холбоотой. Түрүүн хөдөлмөрийн гэрээний асуудал яригдсан. Төрийн албан хаагчтай холбоотой үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө байгаа. Энэ асуудал нь ажилтан ажил олгогчийн хоорондох хөдөлмөрийн харилцааг зохицуулсан асуудал биш. Ажлын гүйцэтгэлтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүд байгаа. Та нарын хэлж байгаа тушаалд дурдагдаж байгаагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах гэсэн заалт байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцаа гэж байгаа. Үүнийг 4.1.9 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчийн үүрэг байгаа. Та нарын ажлаас чөлөөлөх үндэслэлд дурдаж байгаа зүйл нь 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байгаа. Ямар зөрчил байна, ямар хуулийн боломжит заалт байгааг бүгдийг нь хамж тушаал дээр бичсэн нь харагдаж байна. Захиргааны акт гаргах зарчимд нийцээгүй. Сахилгын ямар давтан зөрчил гаргасан юм, ямар ноцтой зөрчил гаргасан юм. Өөрсдөө хэлэхдээ давтан ноцтой зөрчил гаргасан гэж байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж байгаа. Аргаа барахдаа дотоод журам яагаад алга болгосон юм, цагийн бүртгэл яагаад алга болгосон юм гэж яриад байна. Та нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй, түүнд заасан ноцтой зөрчил мөн тогтоогдохгүй байна. Давтан зөрчлөө тайлбарлаж хэлж чадахгүй байна. 7-9 сард ажил тасалсан гэж яриад байгаа нь хавтаст хэргийн материалд үгүйсгэгдэж, гэрч нарын мэдүүлэг хангалттай байна. Тушаалд дурдсан хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, Төрийн албаны тухай хуулийн 39.1.2 дахь заалт хавтаст хэргийн материалд хариуцагчийн тайлбарлаж байгаагаар нотлогдохгүй байна. Хоёрдугаарт тухайн тушаал хуульд заасан үндэслэлээр сонсох ажиллагаа хийгдсэн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой. Хууль ярьж байна. 26, 27 дугаар зүйлд заасан заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн юм. Сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж үр дагаврыг харгалзан ямар төрлийн сахилгын шийтгэл оногдуулах эсэхээ шийдвэрлэнэ гэж байгаа. Энэ нь та бүхний яриад байгаа 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн гэх тэмдэглэл биш. Хариуцагч түрүүн шүүгчийг асуухад хэдэн удаа хувирч хариулж байна. Юу асуусан талаар нэхэмжлэгч тодорхой хэлсэн. Албан тушаалаа хөнгөвчлөх үү гэдэг асуудал хэлсэн. 2 хуудас бичсэн тэмдэглэл чинь 5 минутын хугацаанд хийгдэх боломжгүй. Хамт тэмдэглэл үйлдсэн хүн нь хэлсэн. Сонсох ажиллагаа хуульд заасан үндэслэл журмаар явагдаагүй. Тэгэхээр дугаарлаж хэлээд байгаа 5 төрлийн зөрчил нь хуулийн хугацаа гэж байх ёстой. Хоёрдугаарт энэ зөрчлүүд нь нотлогдсон байх ёстой. Нотлогдож энэ хүнээс тайлбар мэдүүлэг авч байж дараагийн арга хэмжээ буюу ажлаас халах тушаалаа үйлдэнэ. Ийм ийм хуулийг үндэслэн ийм зөрчил гаргасан байх тул ажлаас чөлөөлж байна гэж гаргах ёстой байсан. Тушаал хэрхэн үйлдэх талаар зааж өгч байна. Хууль зүйн үндэслэлгүйгээр тушаал үйлдчихээд хойноос нь нотлох баримтаа хөөцөлдөж олон удаа хойшилж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Э.А нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Б нь 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Зооноз өвчин судлалын төвийн даргаар ажиллахдаа байгууллагын төсвийг зориулалтын бусаар захиран зарцуулж, 2018, 2019 онуудад Төрийн аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт удаа дараа авсан, Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу ЗООНОЗ-ын өвчин судлалын төвийн 2019, 2020 оны санхүүгийн баримтад хяналт шалгалтыг хийж Монгол Улсын сангийн яам, Улсын байцаагчийн Төлбөр хариуцуулах тухай акт 2021 оны 21-03/05/24, Монгол Улсын сангийн яам, Улсын байцаагчийн Зөрчил арилгуулах тухай албан шаардлага 2021 оны 21-03/06/20 дугаартай тус тус албан бичиг удаа дараа ирсэн нь Төсвийн тухай хууль зөрчиж Авлигын эсрэг хуульд заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал удаа дараа үүссэн болно.
С.Быг ажлаас чөлөөлөх тухай Б/60 дугаар тушаалын үндэслэл хэсэгт заасан заалт бүхий Дотоод журам, С.Бы цагийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн 2022 оны цагийн бүртгэлийг нэхэмжлэгч өөрөө ажил хүлээлцсэний дараа устгасан байна.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 36.3 албан хэрэг хөтлөлтийн аль ч үе шатанд баримт бичгийн эх хувийг баримт нягтлан шалгах арга зүйн комиссын зөвшөөрөлгүйгээр устгахыг хориглоно гэж заасан гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Бид бүхэн 2022 оны 10 дугаар сард Эрүүл мэндийн газрын даргаар удирдамжаа батлуулан Зооноз өвчин судлалын төвд очиж хяналт үнэлгээ хийсэн. Энэ хүн 6 сард Улаанбаатар хот руу явж байгаад авто осолд орж, 06 дугаар сар болон 07 дугаар сард ажилдаа ирээгүй. Үүнийг Эрүүл мэндийн газрын дарга мэдэж тухайн үед нь ар гэртэй нь холбогдож мөнгөн тусламж үзүүлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмчлэгдэж гараад 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй. 07 дугаар сард ажлын 4 хоног тасалсан, 08 дугаар сард 7 хоног тасалсан. Ер нь 7, 8 дугаар сард ажилдаа ирээгүй. Эрүүл мэндийн газрын даргаас 1 дүгээр улиралдаа багтаан Эрүүл мэндийн газрын ажилчдын болон харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нарын амралтыг баталж өгдөг. Тухайн амралтын хуваарийг зөрчиж 08 дугаар сард дур мэдэн амарсан байгаа. Эрүүл мэндийн газрын даргаас мэдэгдэх хуудас аваагүй. Эрүүл мэндийн газрын дарга мөн амарсан байхад дур мэдэн амралтаа эдэлж явсан. Ингээд 09 дүгээр сарын 20-ны өдөр ажилдаа ирж үүний дараа албаны дарга өрөөндөө дуудаж уулзаад Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч аймгийн Онцгой байдлын даргын шийдвэрээр 3 хоног хөл хорио тогтоосон учраас та ажлаа эрчимжүүлмээр байна, ажлаа тасалмааргүй байна гээд биеийн байдлыг асуухад миний биеийн байдал сайн гэсэн тайлбар өгсөн. Үүнээс хойш энэ хүн ажлаа хийсэн. 10 дугаар сард хяналт үнэлгээ хийхэд ажлын цагийн алдагдал ихтэй байсан. 11 дүгээр сард энэ хүн Өвөрхангай аймаг руу явах томилолттой байсан боловч яваагүй. Томилолтоо хаалгаагүй. Яагаад тухайн албан тушаалтныг чөлөөлсөн бэ гэхээр эрүүл мэндийн байдлаас чөлөөлөөгүй. Жил болгон энэ хүнтэй холбоотой өргөдөл гомдол ирдэг, ажлын цагтай холбоотой асуудал гардаг, ажилчдаа хууль бусаар чөлөөлдөг, энэ нь эргээд шүүхээр тогтоогдож төрд хохирол учирдаг зэрэг гомдол гардаг байсан. Үүнтэй холбоотой бид урд нь арга хэмжээ тооцдог байсан. Санхүүгийн тал дээр аудитын дүгнэлт гарч байсан. Энэ болгон дээр тухайн төлбөрийг төлсөн бол эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ авдаг байсан. Гэтэл энэ нөхөр удаа дараа газрын даргын баталж өгсөн журмаар амраагүй. Засгийн газраас ирсэн мэдэгдлийг авч байж амарсан байх ёстой байтал мэдэгдлийг аваагүй атлаа дур мэдэн амардаг болсон. Байгууллага дээр дуудаж албан үүрэг өгөхөд тань дээр очмооргүй байна. Албан бичгээр дуудаж уулз гэдэг. Төрийн албан хаагчийн ёс зүй гэж байдаг. Цаашид энэ хүнтэй ажиллах нөхцөл боломж бага болсон. Тиймээс Эрүүл мэндийн газрын даргын санаачилгаар буюу хяналт үнэлгээгээр илэрсэн зөрчлийн дагуу аймгийн Засаг даргатай зөвшилцөж тухайн албан тушаалаас нь чөлөөлсөн. Бид хавтаст хэрэгт баримтаа гаргаж өгсөн. Хамгийн гол нь удаа дараа гэсэн асуудал байгаа. Тийм байсан бол ар гэрийнхнээрээ дамжуулж чөлөө авах боломж байсан. Чөлөө аваагүй. 07 дугаар сард 4 хоног, 08 дугаар сард 7 хоног, 10 дугаар сард 32 цагийн алдагдалтай, 11 дүгээр сард 4 хоног байгаа. Г.Л дарга нэхэмжлэгчийг ажилдаа орсны дараа уулзсан. Тухайн цагийн алдагдлууд нотлогдож байгаа. Хяналт үнэлгээгээр очиход та байсан. Таны биеийн байдлыг асуухад ажлаа хийх боломжтой гэсэн. Дотоод журмаа ажлаа хүлээлгэж өгөхдөө яагаад авч явсан юм. Мөн амралтын хуваарь гэж байна. Саналыг хуульд заасны дагуу авч Эрүүл мэндийн газрын дарга авснаар тушаалаар баталдаг. Хуурамчаар үйлдэгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан байгаа. Манай бичиг хэрэг болон Зооноз өвчин судлалын төвийн бичиг хэргийн өгсөн мэдүүлэгт байгаа. Түүнийгээ та гаргаж өгсөн. Хуулиас давсан эрх хэмжээ, дүрэм журам гэж байхгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө гэж заасан байгаа. Тэгэхээр Зооноз өвчин судлалын төвийн даргын гаргасан зүйл нь хуулиас давсан зүйл байсан учраас бид бүхэн бариагүй. Мөн биеийн байдлаас болж томилолтоор ажиллаагүй гэж байна. И-хоспитал гэсэн программд орно, та өөрөө мэдэж байгаа. Эмнэлгээр өөрийн биеэр очоогүй нөхрөөрөө дамжуулж нөхөж бичиж өгөөч гэж гуйсан, нэг ангийн хүүхдүүд гэж гуйлгасан зүйлүүд байдаг. Эмч хүн өөрийнхөө эрх үүргийнхээ хүрээнд шүүхэд тайлбар өгсөн нь нотлогдож байгаа. 2018, 2019 оны зүйлийг одоо ярилаа гэж байна. Төрийн үйлчилгээний албан хаагч, дээрээс нь удирдах албан тушаалтанд ёс зүй гэж байх ёстой. Дургүй хүргэсэн хүнээ ажлаас чөлөөлж, нөгөө хүн нь Шүүх, Засаг дарга, захиргаагаар явдаг. Төрийн албаны зөвлөлөөс шийдвэр гардаг. Тэгэхээр энэ нөхөр дахиад ажлаас чөлөөлдөг. Нөгөө хүн нь Шүүх болон дээд шатны байгууллагаар явж цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирдог, манайд олон хугацааны өргөдөл гомдол байгаа. Аймгийн Төрийн албаны зөвлөлд ч байгаа. Яагаад ярьж байна гэхээр төрийн албан хаагчийн ёс зүй гэж байх ёстой. Тухайн хүмүүсийг дуудаж уулзуулж эвлэрүүлдэг. Тэр үедээ эвлэрчихээд буцаагаад цалинг нь хасдаг, арга хэмжээ авдаг. Эргээд ийм байдал үүсдэг. Тэгэхээр албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлдэг. Мөн хуурамчаар бичиг баримтаа бүрдүүлдэг. Нөлөөлөлд авсан хэдэн хүмүүс байгаа. Тойрон хүрээлдэг, өөрийнх нь талаар мэдүүлэг өгсөн хүмүүс 40 хувийн урамшуулал авдаг, ажил хавсран гүйцэтгэдэг. Бусад үнэн зөвийг хэлдэг хүмүүс нь цалин авдаггүй, арга хэмжээ тооцуулдаг. Эрүүл мэндийн газарт үүнтэй холбоотой гомдол байгаа. Гэр бүлээр нь ажиллаж болохгүй гэж арга хэмжээ авсан байсан. Энэ талаар баримтыг хэргийн материалд хавсаргасан байгаа гэв.
10. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Одбаяр шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манай зүгээс гаргасан тушаал шийдвэрээ хууль эрх зүйн хүрээнд дараах байдлаар хамгаалж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, Төрийн албаны тухай хуулийн 39.1.2 байгаа. Манай тушаалд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үг, үсэг, цэг байхгүй гэдгийг хэлье. Төрийн албаны тухай хуулийн 39.1 буюу албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэсэн үндэслэлээр, мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын давтан зөрчил. Төрийн албаны тухай хуулийн 39.1.2-т зааснаар албаны эрх мэдлээ хэрхэн хэтрүүлсэн талаар маш тодорхой ярьсан. Өвчин зовлонтой талаар хүн болгон мэдэж байгаа. Ажиллаагүй байж цалингаа бүтэн авсан. Эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, танилцуулаагүй байж бичиг хэрэг, ар гэрийнхнээрээ дамжуулж ээлжийн амралтаа авсан байдаг. Албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж ээлжийн амралтын хуваарийг дур мэдэн өөрчилсөн. Эрүүл мэндийн газрын бичиг хэрэг болон, Зоонозын өвчин судлалын төвийн бичиг хэрэг аль аль нь Г.Л даргатай яриагүй. Ярьсан гэхээр нь би сольж өгсөн юм гэж мэдүүлдэг. Энэ нь албаны эрх мэдлээ хэтрүүлж байгаа 1 үндэслэл. Нэгэнт ээлжийн амралтаа авч байгаа тохиолдолд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 191 дүгээр тушаалаар ээлжийн амралтын хуудас авах ёстой. Тухайн үед Г.Л дарга ээлжийн амралттай байсан. Түүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Н гэдэг хүн байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хийсэн бүх ажлаа илтгэх хуудсаар танилцуулсан. С.Б даргад ээлжийн амралт олгосон талаар шийдвэр огт гараагүй. Ээлжийн амралтын мэдэгдэл огт бөглөгдөөгүй. Мөн өөрөө амралтаа авсантай холбоотой үүрэг гүйцэтгэгчээр М гэдэг хүнийг томилсон. Үүнийг Эрүүл мэндийн газрын дарга томилох ёстой. Ийм тушаал шийдвэр гараагүй. Харин өөрт олгогдоогүй албаны эрх мэдлээ хэтрүүлэн Мөнхтуяаг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Дараагийн дугаарт цагийн алдагдал ярьж байна. Цагийн алдагдлыг 7 сардаа ярих ёстой байсан. Сарын дотроо ярина шүү гэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар илрүүлснээс хойш 1 сарын дотор, зөрчил үйлдсэнээс хойш 6 сарын дотор ямар нэгэн арга хэмжээ авахаар байгаа. 10 дугаар сарын 20-ны үед хяналт шалгалт хийхэд эдгээр асуудал гарсан. Ажлын нөхцөл хэвийн гэж ажил байдлыг тодорхойлолтод байгаа. Гэтэл манайх хортой нөхцөлд ажилладаг учраас богиносгосон цагаар ажиллах ёстой гэж байна. Зоонозын өвчин судлалын алба хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах тушаал шийдвэр байхгүй. Албаны эрх мэдлээ хэтрүүлж байна. 11 дүгээр сарын 02-ны өдрийн томилолтын асуудал байгаа. Өвөрхангай аймаг руу яваагүй, өвчтэй байсан гэж хэлж байгаа. Гэтэл эмнэлгийн магадлагааг нөхөж бичүүлж авсан. Ажлаас халагдсаны дараа халсан үндэслэл энэ л байх гэсэн учраас баримтаа нөхөж авсан. Хариуцагч талын гаргаж байгаа тайлбарыг няцаасан нотлох баримт байхгүй. 7 сард өвчтэй байсан талаар маргаагүй. Гэтэл цалингаа бүтэн авсан. Өөрөө өөртөө дур мэдэн ээлжийн амралт олгож байгаа нь албаны эрх мэдлээ хэтрүүлж байгаа асуудал. Ноцтой зөрчил дотоод журамд заагдсан асуудал. Цагийн алдагдал 3 өдөр байтугай гарсан байгаа. Өөрт нь богиносгосон цагаар ажиллах талаар тушаал шийдвэр гараагүй байхад өөрөө өөрийгөө богиносгосон цагаар ажиллуулдаг. Энэ нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн асуудал байна. Хөдөлмөрийн хуульд 41.2-т ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн үеэс хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүснэ гэж тодорхой заасан. 80 дугаар зүйл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдол. 80.1.4-т заасан сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан бол, ноцтой зөрчил гаргасан бол гэсэн 2 үндэслэл байгаа. Нэхэмжлэгчийн тухайд энэ 2 зөрчил албаны шалгалтаар хоёулаа илэрсэн. Үүнийг яриад уулзах гэхээр сонсох ажиллагаа дээр та нар намайг ингэхгүй ээ гэдэг байдлаар гарч явсан. Таныг ажлаас чөлөөлж хөнгөвчлөх шаардлагатай байна гэхэд сонсох ажиллагааг орхиж гарсан. Хариуцагчийн төлөөлөгч хэлсэнчлэн та нар намайг дуудахаар бол мэдэгдэх хуудсаараа дуудаарай гэсний дагуу Эрүүл мэндийн газрын дарга Г.Л албан бичгээр дуудсан. Дуудсан хугацаанд ирсэн. Сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна. С.Б нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагч нарт хориглох зүйл буюу албаны эрх мэдлээ хэтрүүлсэн нь тодорхой нотлогдсон. Ажлаас халагдсаны дараа эмчийн магадалгааг нөхөж бичүүлж авсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Албаны эрх мэдлээ хэтрүүлсэн зөрчил гаргасан нь хангалттай тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
11. Гуравдагч этгээд Р.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2008-2014 онд ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийг хүний их эмч мэргэжпээр төгсөж дээд боловсрол, 2016-2017 ЗӨСҮТ-д төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн сургалтанд суралцаж “Зоонозын өвчин судлал” төрөлжсөн мэргэшил эзэмшсэн.
Монгол Улсын эрүүл мэндийн яамнаас олгодог “эмчлэх” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 2021-2026 он хүртэл хүчинтэй мэргэжлийн үйл ажиллагаа олгох зөвшөөрлийн гэрчилгээтэй.
2021 онд төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн. 2014 оны 9 дүгээр сараас 2019 оны 02 сар хүртэл Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд нян судлагч эмч , лабораторийн тасгийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан. 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст туслах түшмэлийн албан тушаалд ажиллаж байсан.
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 тоот тушаалаар Зоонозын өвчин судлалын төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.
Миний бие Говь-Алтай аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нарын саналаар уг албан тушаалын тусгай шаардлагыг хангасны үндсэн дээр Төрийн албаны зөвлөлөөс хууль журмын дагуу сонгон шалгаруулалтаар Зооноз өвчин судлалын төвийн дарга томилогдох хүртэлх хугацаанд түр томилогдон ажиллаж байгаа. Уг албан тушаалд ажиллаж байсан С.Б нь үе үеийн ажилчидтай ёс зүйн хувьд таарамжгүй байж ажилчдаас өргөдөл гомдол дээд шатлалын байгууллага, албан тушаалтанд удаа дараа гаргадаг байсан.
Түүнчлэн ажиллаж байх хугацаандаа удаа дараа санхүүгийн зөрчил гаргаж, улсын байгууллага хохироож байсныг баримттайгаар холбогдох байгууллагуудад хандсан гэжээ.
12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн тухайд шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд тодорхой хууль зүйн дүгнэлт хэлье. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэдэг агуулга яригдаж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч тухайн байгууллагын төсвийг захирч, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж байгаа бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцдог нийтлэг практик байгаа. Хоёрдугаарт сонсох ажиллагаа байна. Сонсох ажиллагаанд албан тушаал бууруулах гэж хэрэгт авагдсан.
Үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн тухай харилцааг зохицуулсан Улсын Дээд Шүүхийн тогтоолд албан тушаал бууруулах нь тухайн хүний хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа учраас ажлаас чөлөөлсөнтэй адилтгаж үзнэ гэсэн тайлбарыг шүүх анхаарч үзэхийг хүсье. Бид бүхэн хуульчид хууль хэрэглэнэ. Шүүх Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулийг хэрэглэдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд мэтгэлцэх зарчим, нотлох зарчим гэсэн эрхүүд энэ удаагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангагдсангүй. Учир нь энэ хэрэгт тушаалын үндэслэл болж байгаа амралтын хуваарь баталсан тушаал хуурамч, жинхэнэ гэж маргасан. Мөн дотоод журам, цагийн бүртгэл гаргаж өгсөн. Энэ баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой баримт байгаа. Үүнийг хариуцагч талаас гаргаж өгөх гэтэл алга болсон гэдэг. Үүнтэй холбоотой цагдаагийн газарт хандсан байгаа учраас хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Талуудын мэтгэлцэх зарчим хангагдаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн хэлж байна. Үүнтэй холбоотой баримт байхгүй гэж. Үнэхээр баримт байхгүй. Баримт жинхэнэ, хуурамч гэсэн асуудал байгаа. Үүнтэй холбоотой шүүх үүн дээр ямар дүгнэлт өгөх талаар эргэлзээтэй байна. Амралтын хуваарь баталсан тушаал нь 2 өөр хавсралттай байна. Үүнийг өөрчилсөн хүн гэрчээр мэдүүлэг өгсөн байна. Өөртөө хамаарал бүхий байдлаар энэ амралтын хуваарийг баталсан бол өөрийн хүсэл зоригийн төлөө хийсэн байна. Өөрт нь хамааралгүй бусад этгээдийн амралтын хуваарийн он сарыг өөрчилсөн бол 1 хүн нөлөөлсөн байж таарна. Ж.Дорждэрэм өмгөөлөгчийн байр суурьтай санал нэг байна. Ямар нэгэн байдлаар нотлох баримт хуурамчаар үйлдсэн буюу мөрдөх байгууллагын чиг үүргийн эрх хэмжээнд хамаарах зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна. Шүүх тушаалын 2 хувийн алийг нь хэрхэн үнэлэхийг хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр Захиргааны хэргийн шүүх нийтийн эрх мэдлийн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд гарч байгаа захиргааны актыг шийдвэрлэдэг болохоос Эрүүгийн хуульд заасан нотлох баримт хуурамч эсэхийг шалгахгүй. Шүүх нотлох баримтын хүрээнд авч үзвэл үүн дээр эргэлзээтэй байдал үүснэ. Хоёрдугаарт цагийн хуваарь мөн эргэлзээтэй байна. Хариуцагчийн тухайд зургаар дарж гаргаж өгсөн байгаа боловч тухайн баримт нь цаасаар байсан болж таарна. Түүнийг мөн эсэхийг нотолж байж энэ хүн ажлын цаг тасалсан эсэхийг тогтоох зайлшгүй шаардлага үүснэ. Хариуцагч талд нотолгооны ач холбогдол нь чухал байна. Дээр нь дотоод журмыг хэрэгт хамааралтай хамааралгүй талаар ярьж байна. Тушаалын үндэслэл болж заагдсан. Тэгэхээр хэргийг шийдвэрлэхэд өмгөөлөгчийн тухайд байр суурь эргэлзээтэй байгаа учраас нотлох баримт нэмж цуглуулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ маргааныг шийдсэний дараа үр дагавар нь ужигтай. Нотлох баримт хуурамчаар бүрдүүллээ гэж үзэхэд хэн нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх вэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой учраас Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа, хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Дараагийн 1 үндэслэл нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь нийтийн албан тушаалтан байгаа. Захиргааны хэргийн шүүх уг хэргийг шийдвэрлэхийн тулд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа заавал явуулах байж гэж өмгөөлөгч үзэж байна. Шүүхээс өмнө үүнийг шийдвэрлэх эрх бүхий байгууллага байхад шүүх дур мэдэн шийдэх нь зохисгүй байх. Миний гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгч шүүх дотоод итгэлээрээ шийдэх байх гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
13. Нэхэмжлэгч С.Б нь Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 110 дугаар зүйлийн 110.3, Зооноз өвчин судлалын төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.8 дах заалтуудыг үндэслэн Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
14. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлсэн”, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн хуулийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байх тул тушаалын хууль зүйн үндэслэл болон шүүх хариулт өгвөл зохих маргаж буй үндэслэл тус бүрт дүгнэлт өгөх шаардлагатай байна.
15. С.Б “...байгууллагын төсвийг зориулалтын бусаар захиран зарцуулж 2018, 2019 онуудад Төрийн аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт удаа дараа авсан, Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу ЗООНОЗ-ын өвчин судлалын төвийн 2019, 2020 оны санхүүгийн баримтад хяналт шалгалтыг хийж Монгол Улсын Сангийн яам, Улсын байцаагчийн Төлбөр хариуцуулах тухай акт 2021 оны 21-03/05/24, ...Улсын байцаагчийн Зөрчил арилгуулах тухай албан шаардлага 2021 оны 21-03/06/20 дугаартай тус тус албан бичиг удаа дараа ирсэн нь Төсвийн тухай хууль зөрчиж Авлигын эсрэг хуульд заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан байх болзошгүй нөхцөл байдал удаа дараа үүссэн” гэх зөрчилд:
15.1. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтанд 2021 оны 10 дугаар сарын 21-ний Улсын байцаагчийн 21-03/05/24 дугаартай “Төлбөр хариуцуулах тухай” актад нэхэмжлэгч С.Б гомдол гаргаж Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13-2/6794 дүгээр албан бичгээр “Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу нотлох баримтын бүрдлийг хангалгүйгээр акт тогтоосон байх тул улсын байцаагчийн 21-03/05/24 дугаар актыг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т зааснаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 21-ний 21-03/06/20 дугаар “Зөрчил арилгуулах тухай” 4 заалт бүхий албан шаардлагын биелэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны 72 дугаар албан бичгээр хүргүүлж байсан.
15.2. Говь-Алтай аймаг Зоонозын өвчин судлалын төвийн жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийгээд Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний 138 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар албан бичгээр зөрчилгүй дүгнэлт хүргүүлж байсан зэргээс байгууллагын төсвийг зориулалтын бусаар захиран зарцуулж Төсвийн тухай хууль зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.(1 дэх хавтаст хэргийн 45-49, 54-61 дэх тал)
15.3. Мөн Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 08 дугаар сарын 509 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн байгууллагуудын 2021 оны жилийн эцсийн өглөг, авлагын бууралт, тайлагнал, санхүүгийн тайлан, төсвийн төсөл, явцын мэдээ, мэдээллийг үнэн зөв ирүүлсэн байдал, аудитын дүгнэлт, шилэн дансны хөтлөлтийн байдлыг харгалзан ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээгээр Зооноз өвчин судлалын төвийг 91 хувиар үнэлж хангалттай сайн үнэлэгдсэн байгууллагын дарга, санхүүгийн ажилтнуудыг төсөвтөө багтаан урамшуулах талаар албан бичгийг эрүүл мэндийн байгууллагын дарга нарт явуулж байсан байна.
16. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Лаас 2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр аймгийн Засаг дарга О.Ат зөвшилцөх санал хүргүүлэх тухай 661 дугаар албан бичигт “...С.Б нь 2022 оны 7, 8 дугаар сард захиргааны чөлөө авалгүй ажил тасалж цалин авсан, ээлжийн амралтын хуваарийг дур мэдэн өөрчилж амарсан, ...Эрүүл мэндийн газраас 2022 оны 10 дугаар сард хяналт үнэлгээ хийхэд ажилдаа хожимдож ирдэг, хуурамчаар цагаа бүртүүлдэг, 11 дүгээр сард Өвөрхангай аймагт 4 хоног томилолтоор ажиллах томилолт авсан ч яваагүй, томилолтоо хаалгаагүй, албан ажилдаа ирээгүй зэрэг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул С.Быг Зооноз өвчин судлалын төвийн даргын албан тушаалаас чөлөөлөх талаар зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...энэ хүн 6 сард Улаанбаатар хотруу явж байгаад авто осолд орж, 06 дугаар сар болон 07 дугаар сард ажилдаа ирээгүй. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмчлэгдэж гараад 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй. 07 дугаар сард ажлын 4 хоног тасалсан, 08 дугаар сард 7 хоног тасалсан. Ер нь 7, 8 дугаар сард ажилдаа ирээгүй ...амралтын хуваарийг зөрчиж 08 дугаар сард дур мэдэн амарсан ...10 дугаар сард хяналт үнэлгээ хийхэд ажлын цагийн алдагдал ихтэй, 11 дүгээр сард Өвөрхангай аймагруу явах томилолттой байсан боловч яваагүй, томилолтоо хаалгаагүй” зэрэг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарласан.
16.1. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт болох Эрүүл мэндийн яам Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2а/338 дугаар “...дэмжлэгт хяналт, үнэлгээний дүн болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх хурлыг 2022 оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд салбар төвүүдийн дарга нарын оролцоотойгоор зохион байгуулахаар төлөвлөсөн тул тухайн өдрүүдэд ЗӨСҮТ дээр өөрийн биеэр ирж оролцоно уу” гэсэн албан бичиг ирсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч С.Б нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Л даргын гарын үсэгтэй 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 4 хоногийн албан томилолтоор Улаанбаатар хотод албан ажлаар явах замдаа 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр авто осолд орсон.
16.2. Нэхэмжлэгч С.Бы шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд Онцгой байдлын ерөнхий газрын нисдэг тэргээр хүргэгдэн очсон олон хавирганы хугарал баруун талын 9 хавирга, зүүн талын 4 хавирга хугарч, уушиг гэмтэж унасан амьсгалын дутагдалтай, нурууны 3, 4, 5 сэртэн хугарч 1 нуруу их биеэр бацарч хугарсан, зүүн гарын бугалганы дунд хэсгийн хугарал, өвчүүний доод гуравны нэг хэсгээр хугарсан гэмтэлийн шок оноштойгоор биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж нурууны бэхэлгээ хийх, цээжний хөндийн хавирга бэхлэх, зүүн гарын бугалга хадах хагалгаанд бүтэн унтуулагтай 3 удаагийн хагалгаанд орсон”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 651 дугаар шинжээчийн дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, 2022 оны 06 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 25-ний өдөр хүртлэх эмчийн үзлэгийн тэмдэглэл, компьютерт томографийн шинжилгээ, мэс заслын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь авто ослын улмаас хүнд гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2022 оны 06 дугаар сарын 26-наас 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн байна.
16.3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.
16.4. Нэхэмжлэгч С.Б авто ослын улмаас хүнд гэмтэл авч сарын хугацаатай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаар харъяа байгууллагадаа мэдэгдээгүй, чөлөө зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй байхыг үгүйсгэхгүй гэхдээ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ажлаас чөлөөлсөн актыг гаргахдаа тухай ажилтны биеийн эрүүл мэндийн байдал, цаашид ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжтой эсэх, авто ослоос үүдэлтэй хүний биед учрах /хүний тусламжгүйгээр алхах, гишгэх, хол замд авто машинаар явах зэрэг/ бусад нөхцөл байдлыг урдчилан тогтоохгүйгээр 7, 8 сард ажилдаа ирээгүй, 7 сард 4 хоног, 8 сард 7 хоног ажил тасалсан гэж ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна.
16.5. Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын албан бичиг баримтад үзлэг хийхэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/60 дугаар тушаалд холбогдуулан С.Бы 2022 оны 09 дүгээр сарын 19-нөөс 10 хоног ажилдаа ирсэн цагийн бүртгэл, 10 сард нийт 21 хоног ажилдаа ирсэн цагийн бүртгэл, 11 сарын 1-нээс 4-ний хооронд томилолттой 7-9-ний хооронд ажилдаа ирсэн талаарх цагийн бүртгэлийг нотлох баримтаар цуглуулсан байхаас өөрөөр ямар шалтгаанаар хэд хоног хэдэн цаг ажил тасалсан талаарх нотлох баримт байхгүй дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. (2 дахь хавтаст хэргийн 39-40, 45-47 дэх тал)
17. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн Б/25 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах” тухай тушаалын 2 дугаар хавсралтаар Зооноз өвчин судлалын төвийн дарга С.Бы ээлжийн амралтыг 2022 оны 09 дүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 02-ний өдөр хүртэл байхаар баталсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Б/25 дугаар тушаалын 2 дугаар хавсралт болох ээлжийн амралтын хуваарийг 2022 оны 08 дугаар сарын 10-наас 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр болгож өөрчилсөн хуулбар тушаалын хавсралтыг шүүхэд ирүүлсэн.
17.1. Нэхэмжлэгчээс шүүхэд “...07 дугаар сарын 25-ны өдөр эмнэлгээс гарч 08 дугаар сарын 07-ны өдөр хүний тусламжтайгаар явдаг болсон. Тэр үед Г.Л дарга яриад Н.Г дарга өрөөнд байна гээд ярихаар нь би ийм байдалтай байна, ажилд очих боломжгүй байна. 2022 оны ээлжийн амралтаа аваагүй учраас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас урагшлуулаад өгөөч тэр болтол миний биеийн байдал сэргэхээр байна. Танд эргээд хариугаа өгье гэхэд тэг тэг хүнд эрүүл мэнд хэрэгтэй шүү, амралтаа аваад эмчлүүлээд ирээрэй гэж хэлсэн ...бага эмч бичиг хэргийн ажилтан Ц.руу залгаж Эрүүл мэндийн газраас очиж миний ээлжийн амралтын хуваарийг аваарай гэсэн ...ээлжийн амралтын тушаалыг эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтан Б.А-аас авлаа гээд зургийг нь илгээсэн тэр тушаал дээр ...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 16 хүртэл ажилдаа ирэх өдөр 09 дүгээр сарын 19-ний өдөр гэсэн байсан тул энэ хугацаанд ээлжийн амралтаа биеэр эдлэсэн” гэсэн тайлбар гаргасан.
17.2 Шүүхээс дээр нөхцөл байдлыг тодруулах үүднээс Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч бага эмч Ц.Мыг гэрчээр асуусан тэмдэглэлд “...С.Б дарга надруу яриад Эрүүл мэндийн газрын дарга надлуу ярьлаа амралтаа ав гэж байна. Чи эрүүл мэндийн газар очоод амралтын хуваарь аваатах гэж ярьсан. Би Эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтан Б.А эгч дээр очиход амралтын тушаал хавсралтын хамт канондаж өгсөн ...даргын ээлжийн амралтыг наашилсан гэж хэлэхэд аан тийн гээд надад тушаалын хавсралтыг солиод тамгаа дарж канондаж өгсөн ...тушаалыг хавсралтын хамт зургийг нь дарж С.Б даргаруу явуулаад...”, аймгийн Эрүүл мэндийн газрын архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэрт гарсан Б.Аыг гэрчээр асуусан тэмдэглэлд “...Ц.М надтай ирж уулзаад манай дарга аваарт орсон ээлжийн амралтаа ургашлуулах шаардлагатай байна гэж надад ярьлаа гэж хэлсэн ...дарга ээлжийн амралтаа авцан аймагт байгаа чи даргатай ярь дарга зөвшөөрвөл би тушаалын хавсралтыг сольж болно гэж хэлсэн. Тэгээд даргатай Ц.М ярьлаа Г.Л дарга болно гэж байна гэсэн. Тэгээд тушаалын хавсралтыг нь 2022 оын 08 дугаар сарын 10-наас 09 дүгээр сарын 16-ныг хүртэл гэж өөрчлөөд сольж хавсралтан дээр нь тамга дараад канондаж өгсөн...”, Зооноз өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байгаад 2014 онд тэтгэвэрт гарсан Н.Гийг гэрчээр асуусан тэмдэглэлд “...2022 оны 08 дугаар сарын 10-ны орчим Г.Л даргатай уулзсан. Яг 8 гэдгийг нь сайн санахгүй байна ...Г.Л дарга С.Бы нөхөр Зийн утасруу залгаад С.Бы биеийг асуугаад ярьж байсан. Тэгээд залгуулаад С.Бтай яриад биеийг нь асуугаад амралтаа аваад биеэ сайн эмчлүүл, асаруулж, сувилуулаад ирээд ажилдаа ор гэж ярьж байсан ... ярьсаныг нь би сонсож байгаад овоо доо өвчтэй зовлонтой байхад нь ингэж хэлж байгаад нь баярлаад би дараа нь С.Бтай ярихдаа чамайг амралтаа аваад биеэ тэнхрүүлээд ир гэж байна шүү наашаа ажилдаа битгий яараарай биеэ сайжруул гэж би давхар хэлсэн ...утасаар ярьсан яриагүй гэдэг асуудал үүсч байгаа юмуу. Тухайн үед яг ийм л асуудал яригдсан шүү. Энэ 2 хүнийг 2 талдаа суулгаж байгаад хэлэхэд бэлэн байна би энэ 2 хүнтэй 2 уулантай нь сайхан харилцаатай..” гэсэн гэрч нарыг мэдүүлэг хавтаст хэргийн материалд авагдсан.
17.3. 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн Б/25 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын ээлжийн амралтын хуваарыг 2022 оны 08 дугаар сарын 10-наас 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр болгож өөрчилж тамга дарж хуулбарлан өгсөн талаар аймгийн Эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан Б.А мэдүүлсэн, хуулбарлаж өгсөн ээлжийн амралтын хуваарийг Зооноз өвчин судлалын төвийн бичиг хэргийн ажилтан зургийг дарж С.Бруу явуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн тухайд хуулиар олгогдсон ээлжийн амралтаа биеийн байдлаа тэнхрүүлэх, эмчилгээ хийлгэх зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас баталсан ээлжийн амралтын хуваарийг өөрчлөх хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэ байдал нь нэхэмжлэгчийг амралтын хуваарийг зөрчиж 08 дугаар сард дур мэдэн амарсан, албан тушаалын байдлаа хэтрүүлэн, ээлжийн амралтын хуваарийг дур мэдэн өөрчилсөн гэж буруутгах боломжгүй юм. С.Б ээлжийн амралтаа эдэлж 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс ажилдаа орсон байдаг. Хэрэв ээлжийн амралтаа дур мэдэн авсаныг зөрчил гэж үзэж байгаа бол тухайн үед амрах болон амарч байх хугацаанд энэ талаар нэхэмжлэгчид асуудал тавьж байгаагүй боловч 11 дүгээр сард ажлаас чөлөөлөх үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байна.
18. 2022 оны 11 дүгээр сарын 2-7 өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулагдах Зооноз өвчин судлалын төвүүдийн ажилчдын спортын их наадамд оролцохоор С.Б томилолтоор явах байсан боловч явахаасаа өмнө “Х” эмнэлгийн гэмтлийн их эмч Ш.Д эмчид үзүүлэхэд яваад хэрэггүй ханиадтай байна гэмтэл аваад удаагүй байж хол замд яваад хэрэггүй гэж эмчилгээ бичиж эмнэлэгийн магадлагаа өгсөн учраас ковидын тест гэрээр тавьж үзэхэд “сул эерэг” гарсан тул спортын тэмцээн болж буй олон хүн цугларсан газар очиж өөрийг болон өрөөл бусдыг эрсдэлд оруулахгүй халдварт өвчин тараахгүй гэх үүднээс иргэний үүргээ биелүүлж гэртээ өөрийгөө тусгаарлан Өвөрхангай аймаг явахгүй үлдсэн талаар тайлбарласан.
18.1. Энэ тохиолдолд Өвөрхангай аймагт спортын наадамд оролцохоос илүү халдварт өвчин тараахгүй түргэн шуурхай эмчлэх нь тухайн хувь хүний нэн тэргүүний асуудал. Энэ байдлаа тодорхойлохоор “Х” эмнэлгийн гэмтэлийн их эмч Ш.Д үзүүлж 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 05-ний өдрүүдэд өвчтэй байсан ажлаас чөлөөлөх эмнэлгийн магадлагаа авсан, мөн Энх-Алтай өрхийн эрүүл мэндийн төвийн дарга О.Б-тай утсаар ярьж учир байдлаа хэлэхэд /E-hospital/ цахим программтай болсон үзлэгийн тэмдэглэл цахим системд ороогүй тохиолдолд лист олгох боломжгүйг хэлээд 2022 оны 11 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрүүдэд ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаа олгосон байна. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “ач холбогдол бүхий мэдээлэл цуглуулах”, 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэсэн хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр Өвөрхангай аймагруу томилолтоор яваагүй шууд буруутгах үндэслэлгүй байна.
19. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн аймгийн Эрүүл мэндийн газраас Зооноз өвчин судлалын төвийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийсэн тухай илтгэх хуудсыг шүүхэд ирүүлсэн. Хяналт, үнэлгээний зорилго нь эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хэрэгжүүлж буй ажлын гүйцэтгэлд хяналт үнэлгээ хийн, үр дүнг сайжруулах санал, дүгнэлт, зөвлөмж бэлтгэх, мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангахад чиглэгдсэн байна.
19.1. Хяналт, үнэлгээнд хамрагдах асуудал нь байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, хөдөлмөрийн дотоод журам, өргөдөл гомдол, хүсэлтийн шийдвэрлэлт, байгууллагын даргын 2021, 2022 оны “А”, “Б” тушаал, сэтгэл ханамжийн судалгаа авах, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаар тушаалын хэрэгжилт, ажилтнуудын хувийн хэрэг, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, вакцины татан авалт, түгээлт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, бүртгэл, мэдээ тайлан гэсэн 10 хэсэгтэй байна.
19.2. Илтгэх хуудсын 4 дэх хэсгийн 12-т “Байгууллагын цаг ашиглалт: Байгууллагын албан хаагчдын цаг бүртгэлийн дэвтэр хөтлөлт, албан хаагчдын цаг баримтлалт хангалтгүй байна. Байгууллагын албан хаагчдын ирцийг 2022 оны 10 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд бүртгэхэд үйлчилэгч н.Ачитмаагаас бусад албан хаагчид 04-28 минут хоцорч ажилдаа ирлээ” гэсэн, 6-т санал зөвлөмж хэсгийн 6.1.7-т “байгууллагын цагийн бүртгэлийг үнэн зөв хөтлөх, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2 “хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах”, 84 дүгээр зүйлийн 84.1 “Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна”, 84.2 “Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна”, 84.5 “Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй” гэж албан хаагч бүр Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тусгасан заалтыг баримтлан ажиллах гэсэн зөвлөмж хүргүүлсэн байна. Өөр бусдаар хяналт, үнэлгээ хийсэн илтгэх хуудсаар нэхэмжлэгч буюу Зооноз өвчин судлалын төвийн даргад холбогдуулах албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажлын цагийн алдагдалтай байдлын талаар тусгагдаагүй, энэ байдлаа хариуцагч тал бүрэн нотолж чадахгүй байна.
20. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан журмын дагуу захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангах, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлсэн”, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн байдал нь тогтоогдохгүй байхад Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж заасныг үндэслэн ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна.
21. Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэх заалтууд болон дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байх тул аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Быг аймгийн Зооноз өвчийн судлалтын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
22. Аймгийн Эрүүл мэндийн газрын албан бичиг баримтад үзлэг хийхэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/60 дугаар тушаалд холбогдуулан нотлох баримтаар цуглуулсан 4 хуудас хуулбар хөдөлмөрийн дотоод журам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу асуусан гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар болон шүүхэд ирүүлсэн албан ёсоор батлагдаагүй ноорог Зооноз өвчин судлалын төвийн хөдөлмөрийн дотоод журам авагдсан байх тул шүүх хөдөлмөрийн дотоод журмыг үнэлэх, дүгнэлт өгөх боломжгүй.
23. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгуулага төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухайн маргааныг хянан шийдвэрлэхээр байна. Аймгийн Зооноз өвчин судлалтын төвийн даргын албан тушаал ТҮЭМ-9 буюу төрийн үйлчилгээний эрүүл мэндийн ангилалд хамаарах албан тушаал байх тул төрийн албаны зөвлөлд гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй, дээд шатны байгууллага гэж аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг томилох эрх бүхий албан тушаалтан аймгийн Засаг даргад хүний нөөцийн асуудлаар гаргасан захиргааны актыг хүчингүй болгох өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй байгааг дурдах нь зүйтэй байна.
24. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.
25. Нэхэмжлэгч С.Быг аймгийн Зооноз өвчин судлалтын төвийн даргын албан тушаал нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байх тул түүний 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 2023 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ажилгүй байсан 96 хоногийн олговор 7,878.624 /долоон сая найман зуун далан найман мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төсвөөс гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
26. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд 2022 оны 09 дүгээр сард аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 509 дугаар албан бичиг, эрүүл мэндийн байгууллагуудын санхүүгийн тайлангийн үнэлгээгээр үндсэн цалин урамшуулал /3,937.583 төгрөг/, 8 сард ээлжийн амралттай байсан /3,127.657 төгрөг/, 7 сард аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар үндсэн цалингийн 30 хувиар урамшуулал /2,082.469 төгрөг/, 4 сард 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар үндсэн цалингийн 54,3 хувиар урамшуулал /2,325.975 төгрөг/ авсан байна.
27. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1, 2.1.2, дугаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Бы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын нэгдсэн маягтад бичигдсэн 2022 оны 1, 2, 3 дугаар сарын цалин хөлсний нийлбэрээс дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.7, 106.2.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албан тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дэх хэсгүүдэд заасныг баримтлан С.Бы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Быг Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар С.Бы ажилгүй байсан 2022 оны 11 дүгээр сарын 10-наас шүүхийн шийдвэр гарах 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 96 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 7,878.624 /долоон сая найман зуун далан найман мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс гаргуулж түүнээс зохих журмын дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ