| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/2007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2342 |
| Огноо | 2025-10-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2342
2025 10 08 2025/ШЦТ/2342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Н.Мөнхцэцэг,
шүүгдэгч Шэ нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шэд холбогдох эрүүгийн 2509000001201 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Шэ.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдснаар/:
Шүүгдэгч Шэ нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “...” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг байгуулж автоматикийн инженерийн албан тушаалд ажиллаж байхдаа хохирогчоос ажлын хэрэгцээнд зориулж, итгэмжлэн хариуцуулсан 3,119,600 төгрөгийн үнэлгээтэй “Lenova Thinkpad P15G 17 ”ET Компьютер, ТВ” барьцаалан зээлдүүлэх газарт 1,000,000 төгрөгөөр барьцаалж, 1,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулж, хөрөнгө завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Шэ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- “...” ХХК-иас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
- Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнхзулын мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,
- “...” ХХК”-ийн гүйцэтгэх захирал ...ын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б2-25/209 дугаартай, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б2-25/310 дугаартай тушаал “...Шийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Барилга инженерингийн газар Автоматикийн инженер албан тушаалд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбарууд /хавтаст хэргийн 12, 21 дэх тал/,
- “...” ХХК” болон Шэ нарын хооронд 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ХГ-25/29 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” ЭХГ-25/29 дугаартай “Эд хөрөнгө, бүрэн хариуцлагын гэрээ”-ний хуулбар /хавтаст хэргийн 14-19 дэх тал/,
- “ЕТ Компьютер”, “ТВ ломбард”-ын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 8012051 дугаартай баримтын хуулбар /хавтаст хэргийн 32 дахь тал/,
- “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 05-ний өдрийн СБ1-25-212 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,
- Шүүгдэгч Шийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,
- Ял шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Шэ нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “...” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг байгуулж автоматикийн инженерийн албан тушаалд ажиллаж байхдаа хохирогчоос ажлын хэрэгцээнд зориулж, итгэмжлэн хариуцуулсан 3,119,600 төгрөгийн үнэлгээтэй “Lenova Thinkpad P15G 17 ”ET Компьютер, ТВ” барьцаалан зээлдүүлэх газарт 1,000,000 төгрөгөөр барьцаалж, 1,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулж, хөрөнгө завшсан гэх гэмт хэрэг үйлдсэн хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- “...” ХХК”-иас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
- Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.М-ын: “...Манай байгууллага Шэ нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Автоматикийн инжнереер анх 3 сарын туршилтын хугацаатай ажилд орсон. 2025 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр Шэд “Lenova Thinkpad” гэх нэртэй модель нь P15G гэх модельтой 32GB багтаамжтай нөүтбүүк хүлээлгэн өгсөн. Шэ нь ажиллаж байх хугацаандаа удаа дараа сахилгын зөрчил гаргаж, харилцаа хандлагын доголдолтой, ажиллаа таслах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын бус цагаар байгууллагын удирдлагууд руу залгаж хэл амаар доромжлох гэх мэт хэд хэдэн удаа ёс зүйн зөрчил гаргасны улмаас 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэх захирал ...ын Б2-25/310 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх үедээ тойрох хуудсаа зуруулаад хүлээлгэн өгсөн эд материалыг буцааж өгөх ёстой байтал өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй алга болсон. “...” ХХК”-ийн зүгээс Шэнийн ... дугаар луу удаа дараа залгаж холбогдсон боловч хэл амаар доромжлон “танайх шиг хүнд сурталтай байгууллагад ажиллахгүй цалигаа өг тэгвэл нөүтбүүкийг чинь өгнө” гэх зэргээр хэлээд байгууллагаас олгогдсон нөүтбүүкийг өгөхгүй байгаа... Тухайн нөүтбүүк нь “Lenova Thinkpad P15G 17 PF3FN47” маркийн нөүтбүүк байсан. Үнэлгээ нь 8,180,000 мянган төгрөгийн үнэлгээтэй байсан. Манай байгууллагын цалин сар бүрийн 5 болон 20-ний өдөр буудаг. Тухайн Шэнийн цалинг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр олгоход бэлэн байсан боловч нөүтбүүкээ хүлээлгэж өгөөгүй учир цалингийн барилт хийсэн. Хэрэв нөүтбүүкээ авчирч өгөөд байгууллагыг хохиролгүй болговол манай зүгээс цалин олгоход бэлэн байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,
- “...” ХХК”-ийн гүйцэтгэх захирал ...ын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б2-25/209 дугаартай, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б2-25/310 дугаартай тушаал “...Шийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Барилга инженерингийн газар Автоматикийн инженер албан тушаалд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбарууд /хавтаст хэргийн 12, 21 дэх тал/,
- “...” ХХК” болон Шэ нарын хооронд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ХГ-25/29 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” ЭХГ-25/29 дугаартай “Эд хөрөнгө, бүрэн хариуцлагын гэрээ”-ний хуулбар /хавтаст хэргийн 14-19 дэх тал/,
- “ЕТ Компьютер”, “ТВ ломбард”-ын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 8012051 дугаартай баримтын хуулбар /хавтаст хэргийн 32 дэх тал/,
- “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн СБ1-25-212 дугаартай дүгнэлт: “...шинжилгээний обьектын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зах хэлийн үнэлгээ нийт 3,119,600 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,
- Шүүгдэгч Шийн: “...Би 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “...” ХХК-нд автомажуулалтын инженереер ажилд орсон. Уг байгууллага нь 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр надад ажилдаа ашиглаарай гэж Lenova Thinkpad гэх загварыг нөүтбүүк хариуцуулж өгсөн. Би тухайн нөүтбүүкийг гэрийн хажууд байрлах ЕТ компьютер гэх барьцаалан зээлдүүлэх газар 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1 сая төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн үед хүүхдийн сургалтын төлбөр дутаад тэрэнд нь мөнгө өгөх гээд ломбарданд тавьсан. Нөүтбүүк ломбардад байсан гол учир нь цалин дутуу бодогдсон учраас би тухайн нөүтбүүкийг өгөөгүй. Тэгээд цалингаа өгвөл нөүтбүүкийг чинь өгнө гэж хэлсэн. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах ЕТ компьютер гэх барьцаалан зээлдүүлэх газар байсан. Цалин дутуу орсон учир би нөүтбүүкийг авч чадаагүй. Мөн би ажиллаж байх хугацаандаа хувийн нөүтбүүкээ ажилдаа ашигладаг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох ба шүүгдэгч Шэ нь итгэмжлэн хариуцсан этгээд мөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.
Хөрөнгө завших гэмт хэрэг нь гэмт этгээд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг хууль бусаар өөрийн өмчлөл болгосон, өөртөө ашиглан шамшигдуулан, өөрийн хувийн өмчийн адилаар худалдсан, бэлэглэсэн, сольж арилжсан, захиран зарцуулсан үйлдлээр илэрч, төгсдөг шууд санаатай, шунахай зорилгоор үйлдэгддэг гэмт хэргийг ойлгоно.
Хэргийн тухайд шүүгдэгч Шэ нь ажлын хэрэгцээнд зориулж, итгэмжлэн хариуцуулсан 3,119,600 төгрөгийн үнэлгээтэй “Lenova Thinkpad P15G 17 PF3FN”ET Компьютер, ТВ” барьцаалан зээлдүүлэх газарт 1,000,000 төгрөгөөр барьцаалж, 1,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Шэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Шэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналыг гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг болон бусад асуулын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд шүүгдэгч Шэ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “...” ХХК-д учирсан 3,119,600 төгрөгийн хохирлыг биет байдлаар буцаан төлсөн ба хохирогчоос гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Шийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Шэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шэ-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шийг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шэд оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Шэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Шэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ