| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1996/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2374 |
| Огноо | 2025-10-14 |
| Зүйл хэсэг | 18.17.2.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2374
2025 10 14 2025/ШЦТ/2374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Б.Тт холбогдох “2411010441494” дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Т.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” үнэт эдлэлийн дэлгүүрээс Монетон гинж, бөгж зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэлгүйгээр авч гаран 6,570,000 төгрөгний хохирол учруулж дээрэмдсэн,
2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Дгийн эзэмшлийн “...” дэлгүүрээс 13.73 грамм жинтэй алтан гинж, 8.33 грамм жинтэй монетон гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 6,059,600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Хохирогч Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
- Хохирогч Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
- Гэрч Р.Үгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,
- Гэрч Ж.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/,
- Гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,
- 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “...” үнэт эдлэлийн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 99-104 дэх тал/,
- 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Зоос” барьцаалан зээлдүүлэх газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 105-107 дахь тал/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 119-121 дэх тал/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 139-141 дэх тал/,
- Шүүгдэгч Б.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 112 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 108 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...”үнэт эдлэлийн дэлгүүрээс Монетон гинж, бөгж зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэлгүйгээр авч гаран 6,570,000 төгрөгний хохирол учруулж дээрэмдсэн,
2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Дгийн эзэмшлийн “...” дэлгүүрээс 13.73 грамм жинтэй алтан гинж, 8.33 грамм жинтэй монетон гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 6,059,600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2024 оны 4 дүгээр сарйн 08-ны өдөр манай “...” үнэт эдлэлийн дэлгүүрээс үл таних 20 орчим насны эрэгтэй хүн монетон гинж 1, монетон бөгж хоёрыг үзэж байгаад авч зугтаасан хэрэг гарсан. Тухайн алдсан зүйл нь миний хувиараа зарж борлуулдаг эд зүйлс болохоор энэ хэрэгт би хохирогчоор оролцоно. Би хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайлантай танилцлаа хохирлын үнэлгээтэй санал нэг байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
- Хохирогч Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дэлгүүрийхээ хойд өрөөнд нөхөр Г.Эын хамт сууж байсан ба Ү гэх ажилтан лангуун дээр ажилаа хийгээд байж байсан тухайн цаг үе нь 18 цаг 30 минут орчим шиг санаж байна. Ингээд байж байтал гэнэт худалдагчийн хөлийн чимээ гарахаар нь манай нөхөр юу болов гээд гартал Үүрийнтуяа өөдөөс нь орж ирээд үл таних эрэгтэй хүн алт болон монетон гинж үзэж байгаад карт уншуулъя пос машинаа аваад өг гээд авах гээд эргээд харах үед гинжийг аваад зугтаачихсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
- Гэрч Р.Үийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ 18 цаг 30 минутын үед сууж байхад гаднаас амны хаалттай хар өнгийн малгайтай эрэгтэй орж ирээд хэдээс хаах вэ гэж асуусан тухайн эрэгтэйд би 19 цаг 30 минутад хаана гэж хэлсэн. Ингээд тэр эрэгтэй гараад явсан бөгөөд буцаад 5 орчим минутын дараа орж ирсэн. Орж ирээд тэр эрэгтэй 916 сорьцтой эрэгтэй алтан гинж байгаа юу мөн эрэгтэй монетон гинж байгаа юу гэж асуусан бөгөөд тухайн үнэт эдлэлүүд манай дэлгүүрт байсан тул би гаргаж үзүүлсэн тэгсэн чинь тэр эрэгтэй авъя карт уншуулна пос машин байгаа юу гэж хэлсэн. Би тэгээд хоёр гинжийг лангуун дээрээ тавиад арагшаа эргэж хараад пос машин авах хооронд тухайн эрэгтэй лангуун дээр байсан гинжийг аваад гарсан байсан. Алтан гинж нь 13.73 грамм жинтэй Сингапур улсад үйлдвэрлэсэн, монетон гинж нь 8,33 грамм жинтэй Турк улсын гинж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,
- Гэрч Ж.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Манай барьцаалан зээлдүүлэх газарт Б.Т ... гэсэн хүн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 8,3 грамм жинтэй монетон гинж барьцаалахаар орж ирсэн бөгөөд тухайн эд зүйлээ хамгийн өндөр үнээр барьцаална гэсэн би бодож үзэхэд 960,000 төгрөг болж байсан. Ингээд тухайн хүн барьцаалахаар болж гэрээ байгуулан надаас бэлнээр 960,000 төгрөг аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/,
- Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...орой 17 цагийн үед халимаг үстэй, 170 орчим өндөртэй, цэнхэр өнгийн масктай, хар өнгийн яактай залуу орж ирээд утасаа цэнэглэнгээ хүн хүлээгээд сууж байсан. Тэр залуу манай дэлгүүрээс 17 цагаас 19 цагийн хооронд орж гараад бөгж гинж үзээд хүнтэй утасаар яриад байсан. Тэр залуу хүнтэй утасаар ярихдаа чи өөрөө ирээд үз 19 цаг 30 минут гээд хаана ижилхэн юм уу гээд гар утасаараа яриад байсан. Тэр залуу үзэж байсан гинж бөгж хоёрын зургийг дараад хүн рүү явуулаад байсан. Тэгээд манай дэлгүүрт тэр залуутай нийлээд 3 хүн байсан. Тэгэхээр нь би хүн бага байгаа болохоор нь нойл орсон чинь гинж бөгж үзээд байсан залуу гэнэт гүйгээд гарчихсан. Тэгээд би араас нь гарсан чинь алга болчихсон байсан. Дээр нь би манай дэлгүүрт 2 хүн байсан болохоор бас юмаа алдчихвий гээд буцаад орсон. Тэгээд намайг орсон чинь нөгөө 2 үйлчлүүлж байсан хүмүүс наад хүүхэд чинь үзэж байсан юм аа аваад гарчихлаа гэж хэлсэн. Тэр залуу манай дэлгүүрт орж ирсэн цагаасаа хойш гар утасаараа яриад надад зураг үзүүлээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,
- 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “...” үнэт эдлэлийн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 99-104 дэх тал/,
- 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Зоос” барьцаалан зээлдүүлэх газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 105-107 дахь тал/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 119-121 дэх тал/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...манай байгууллагад 960,000 төгрөгийн хохирол учраад байна. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 139-141 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч Б.Тийн үйлдэл нь хохирогч “...” үнэт эдлэлийн дэлгүүрээс монетон гинж, бөгж зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэлгүйгээр авч, мөн хохирогч Дгийн эзэмшлийн “...” дэлгүүрээс 13.73 грамм жинтэй алтан гинж, 8.33 грамм жинтэй монетон гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байх бөгөөд дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Тийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялын саналыг гаргав.
Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Тийн урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал болон гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр барагдуулаагүй байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд “Дамно” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-24 дэх тал/-аар хохирогч Уд 6,570,000 төгрөгийн хохирол, “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 119-121 дэх тал/-аар хохирогч Дд 6,059,600 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Дд 8,3 грамм монетэн гинжийг хүлээлгэн тэмдэглэл /хавтаст хэргийн 137 дахь тал/ хэрэгт авагдсан байна.
Иймд иргэний нэхэмжлэгч Г.Т 960,000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Б.Төөс 11,923,600 төгрөгийг гаргуулж хохирогч Уд 6,570,000 төгрөгийг, хохирогч Дд 4,396,600 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Тад 960,000 төгрөгийг тус тус олгуулах нь зүйтэй байна.
Урьд шүүгдэгчийн шийтгэгдсэн хоёр удаагийн хорихоос өөр төрлийн ялууд нэгтгэгдэн, хорих ялаар солигдож уг хорих ялыг эдлэж дууссан байх тул түүнд энэ шийтгэх тогтоолоор нэмж, нэгтгэх ял байхгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар шүүгдэгч Б.Тийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Төөс нийт 11,923,600 /арван нэгэн сая есөн зуун хорин гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч У-д 6,570,000 төгрөгийг, хохирогч Д-д 4,393,600 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т-д 960,000 төгрөгийн хохирол олгуулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Б.Т болтол шүүгдэгч Б.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ