Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 104/ШШ2023/00280

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух,******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, , од оршин суух овогт ын д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлж, 1,243,060 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 20,043,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Шинэ Налайх хороолол 3 өрөө байрыг сарын 300.000 төгрөгөөр түрээслэхээр анх байрныхаа түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Тухайн үедээ 1.800.000 төгрөгийг 6 сараар бөөндөж авч байсан. Үүнээс хойш 4 жилийн хугацаанд түрээсийн төлбөр 300.000 төгрөг байсан. 2021 оны 11 сараас төлбөрийн нөхцөлөө өөрчилж 600.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч Д.******* нь Өмнө-Говь аймагт амьдардаг тул Шинэ Налайхын байраа хянах боломжгүй. Б. нь анх орохдоо удаан хугацаагаар түрээслэх сонирхолтой гэдгээ хэлж байсан. Төлбөр тооцооны асуудлаас болж байнга хоорондоо холбоотой байж байгаад сүүлдээ найз нөхдийн харилцаатай болсон гэж тайлбарладаг. Өмнө-Говь аймагт үйл ажиллагаа явуулдаг бизнестэй болохоор мөнгө төгрөг хэрэгтэй байгаа талаар хэлэхэд Б. нь хямд үнээр байр түрээсэлж байгаа тул байрныхаа мөнгийг бөөнд нь өгөхөд гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн. 2018 онд 3.000.000 төгрөг, 10 сард 3.000.000 төгрөг уван цуван өгсөн. Түүнээс хойш түрээс төлж байгаагүй гэдэг нь гаргаж өгсөн дансны хуулгаар тогтоогддог. Түрээсийн төлбөрийг 600.000 төгрөг болгохыг Б. нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. 2023 оны 4 дүгээр сар хүртэл өгсөн нийт мөнгөндөө суусан гэж үзэж байгаа. Тиймээс байраа суллаж өг гэсэн шаардлагыг тавьсан боловч одоо хүртэл суллаж өгөхгүй байгаа тул албадан гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2017 оноос хойш амьдрах хугацаандаа байрны түрээсийн мөнгө, хэрэглээний зардлаа төлөөгүй байсан. Улсын тэмдэгтийн хураамжтайгаа нийлээд нийт төлбөр 1.277.060 төгрөгийг Б.аас нэмж гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн байр нь Д.*******ийн нэр дээр байдаг нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Анх хэлцэл хийхдээ тухайн орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон хэдий боловч хэлцэл маань өөрөө хуулийн шаардлага хангаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан албадан чөлөөлүүлэх хүсэлттэй маргах зүйл байхгүй. Б.ын хувьд тухайн орон сууцанд амьдарч байсан. Хэрэглээний зардлаа төлнө гэдгээ илэрхийлсэн. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч Д.*******тэй 2017 онд орон сууц худалдана гэсэн зарын дагуу Б. түүний эхнэр Р. нар очиж уулзсан байдаг. Д.******* тухайн орон сууцыг авахад урьдчилгаа 15.000.000 төгрөг өгсөн. Ипотекийн зээлд хамрагдсан. Хэрэв та бүхэн худалдаж авахаар бол урьдчилгаа 15.000.000 төгрөгийг төлөөд сар сардаа төлдөг ипотекийн зээл болох 355.000 төгрөгийг төлөөд яв. Төлбөр төлөх хугацаа дуусахаар та бүгдийн нэр дээр шилжүүлж өгье гэсэн тохиролцоог анх хийсэн. Тохиролцооны дагуу Б. түүний эхнэр Р. нар 2017 оны 9 дүгээр сараас 2018 он хүртэлх хугацаанд урьдчилгаа 15.000.000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш сар бүр төлөх ипотекийн зээл болох 3.555.000 төгрөгийг төлөөд явж байсан. Яг сард нь төлөхгүй ч гэсэн. 3.000.000, 4.000.000 гэх мэт өөрийн боломжоороо төлөөд явж байсан. Төлбөрийг Д.*******ийн дансанд хийе гэсэн боловч зээлтэй байгаа тул та бүгдийн шилжүүлсэн мөнгө зээлд татагдчих нь тиймээс манай эхнэр н.ын данс руу шилжүүлж төлбөр тооцоогоо хийж байхаар тохирсон. 2017 оноос хойш эхнэр ын данс руу төлбөр тооцоог шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт Д.*******, түүний хэлсэн данс руу 20.043.000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг утгаар төлбөрийг нэхэмжилсэн. Маргаан юунаас болсон гэхээр 2020 онд ковид-19 гарсан. Монгол улсын Засгийн газраас ипотекийн зээл болон бусад зээлийг хойшлуулах нөхцөл бүрдсэн. Хариуцагч Б.ын хувьд санхүүгийн байдал хүнд ажил эрхлэх боломжгүй байсан тул Д.*******т хүсэлт гаргаж ипотекийн зээлийг хойшлуулсан. Ипотекийн зээлийн хойшлуулсан хугацаа дуусаад Д.*******тэй уулзахад байрны төлбөр өндөр болсон тул та бүхэнтэй анх тохирсон худалдах тохиролцоог цуцалж байна. Иймд байраа суллаж өгнө үү гээд маргаан үүссэн. Нэгэнт цуцалж байгаа юм бол байрны төлбөрт төлсөн мөнгөө авъя гэдэг шаардлагыг тавьсан боловч нэхэмжлэгчийн зүгээс энэ хооронд сууж байсан түрээсийн төлбөрт тухайн төлбөрийг тооцож авна эргэж өгөхгүй гэж маргадаг. Иймд хариуцагчийн зүгээс Д.*******ийг 20.043.000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр тодорхойлсон гэв.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хариуцагч нийт 6 удаа л ипотекийн зээл төлдөг данс руу мөнгө хийсэн байдаг. Д.*******ийн интернэт банк холбогдохгүй, сүлжээ муу байхад хэлсэн данс руу нь мөнгө хийхээр харилцан тохиролцсон байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдахдаа боломжоороо төлдөг байсан гэж байна. Ипотекийн зээл боломжоороо төлдөг зээл биш юм. Ковид 19-тэй холбоотой Монгол улсын засгийн газар ипотекийн зээл төлөлтийг хойшлуулсан ч хариуцагчийн зүгээс Д.*******т хойшлуулах хүсэлт гаргасан зүйлгүй. Өөрөө хүсэлт гаргаж зээл төлөлтийг хойшлуулсан байдаг. Байр зарах зар тавьсан гэж байна. Тийм зүйл байхгүй. Байр түрээслэн төлбөрийг бөөнд нь авна гэсэн зарын дагуу Б. ирж уулзаж байсан. Анхнаасаа байр худалдан авахаар тохиролцсон юм бол урьдчилгаа 15.000.000 төгрөгийг дансанд хийхгүй яасан юм бэ?. 6 сарын төлбөр 1.800.000 төгрөг төлсөн нь дансны хуулгаараа нотлогдож байдаг. Б. нь хувиараа уул уурхайн бизнес эрхэлдэг гэж хэлсний үндсэн дээр мөнгө зээлэх асуудал яригддаг. Байрны төлбөрт хамгийн багадаа 100.000 төгрөг, хамгийн ихдээ 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид зээлсэн байдаг. Он сарын хувьд маш хол зайтай. Байр зарахаар болсон бол ингэж уван цуван мөнгөө авахгүй. Зах зээлийн нийгэмд хэн ч хэнийг зүгээр байрандаа суулгахгүй. Анхнаасаа байр түрээслэгч гэсэн харилцаа үүссэн. Байр худалдаж авахаар байсан бол ковид19 гараад дууссанаас хойш яагаад ипотекийн зээлийн дансанд сар бүрийн төлөлтийг хийгээгүй юм бэ?. Хамгийн сүүлд 2020 онд ипотекийн зээлийн данс руу мөнгө шилжүүлсэн байдаг. Б. болон түүний эхнэрийн хувьд бичгээр гэрээ хийгээгүй байж түрээсийн мөнгөө эргүүлэн авъя гэж байна. Байраа чөлөөлж өг гэхээр хэл амаар доромжилдог, утасны цаанаас сүрдүүлдэг ёс зүйгүй үйлдэл гаргасан нь гэрч н.ын мэдүүлгээр тогтоогддог. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү саналтай байна гэв.

 

6. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.

6.1 Д.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 03 хуудас)

6.2 дугаартай ******* ******* Шинэ-Налайх хаягт байрлах 48.36 метр квадрат талбайтай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 04 хуудас)

6.3 ******* Сайн сууц өмчлөгчдийн холбооны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23/26 тоот тодорхойлолт (хх-ийн 05 хуудас)

6.4 Бүртгэлийн 0566 дугаартай 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэл (хх-ийн 10 хуудас)

6.5 Титан Грид ХХК Цахилгаан түгээх компани хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй (хх-ийн 15 хуудас)

6.6 Чандмань Налайх 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан (хх-ийн 16-17 хуудас)

6.7 Хаан банк ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй (хх-ийн 20-115 хуудас)

6.8 Тэмдэглэл бүхий дэвтрийн хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/, (хх-ийн 116-121 хуудас)

6.9 Төрийн банк ХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15/24-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ (хх-ийн 164-166 хуудас)

6.10 Төрийн банк ХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15/24 дугаартай Орон сууц ипотекийн зээлийн гэрээ, хавсралт (хх-ийн 167-172 хуудас)

6.11 Төрийн банк ХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15/24 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ (хх-ийн 173-174 хуудас)

6.12 Чандмань Налайх 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан (хх-ийн 151-152 хуудас)

6.13 Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, холбогдох баримтууд (хх-ийн 149-152 хуудас)

 

7. Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

7.1 Хаан банк ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй (хх-ийн 125-134 хуудас)

7.2 Хаан банк ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4292979 дугаартай орлогын мэдүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1292357 дугаартай орлогын мэдүүлэг (хх-ийн 135 хуудас)

7.3 Төрийн банк ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 727100515357 дугаартай орлогын мэдүүлэг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 729800378215 дугаартай орлогын мэдүүлэг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 733200567071 дугаартай орлогын мэдүүлэг (хх-ийн 136 хуудас)

7.4 Төрийн банк ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 736900324567 дугаартай орлогын мэдүүлэг, 2020 05 дугаар сарын 11-ний өдрийн 743600070278 дугаартай орлогын мэдүүлэг, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 736800196695 дугаартай орлогын мэдүүлэг (хх-ийн 137 хуудас)

7.5 Хаан банк ХХК-ийн 2019 оны 02 дугар сарын 18-ны өдрийн 1508470001 дугаартай мөнгөн шилжүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1326244366 дугаартай мөнгөн шилжүүлэг (хх-ийн 138 хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудыг үнэлж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн үндэслэлээ: ....Би 2017 оноос хариуцагч Б.тай өөрийн байраа удаан хугацаагаар түрээслүүлэхээр тохиролцож, түрээсийн төлбөрийг нэг сарын 300,000 төгрөг тооцож өгч байсан, 2021 оны 11 сараас түрээсийн төлбөрөө нэмж байгаа тухайгаа хэлсэн боловч түрээсийн төлбөрөө болон байрны ашиглалтын зардлаа төлөхгүй байгаа тул байрнаас албадан гаргуулж, байрыг чөлөөлүүлж өгнө үү... гэж

Хариуцагч Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байр чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба тайлбартаа ...уг байрыг түрээслэхээр биш худалдан авахаар тохиролцсон юм. Байр ипотекийн зээлтэй байсан тул би сар бүр зээлэнд тодорхой мөнгийг төлж байхаар тохиролцож түүний эхнэрийн дансанд нийт 20.000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо байрны үнэ өсөхөөр байраа чөлөөлүүлэхээр шаардаж байгаа бөгөөд байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй, бид байрнаас гарсан, харин түүний зээлэнд төлсөн төлбөрөө буцаан гаргуулна ... гэж маргаж байна.

3.Зохигч Налайх дүүргийн ******* Шинэ Налайх хороолол, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.*******ийн өмч, уг байранд хариуцагч Б. 2017 оны 09 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл амьдарсан талаар асуудалд маргаагүй, гагцхүү уг байрыг худалдан авахаар, эсвэл түрээслэж амьдарч байсан талаар зөрүүтэй тайлбар гарган маргаж байна.

4.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу талуудын тайлбараас шүүх гэрээний гол нөхцөл буюу худалдах худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцсон гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байна.

5.Нэхэмжлэгч хууль бус эзэмшлээс орон байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь хөдөлбөргүй баримтаар нотлогдсон байх учиртай.

6.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1.-д Орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүснэ145.2.-т Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ. гэж заасан боловч хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд өөрийн нэр бүртгүүлсэн гэдэг баримтаар нотлогдохгүй, хэргийн 04 дүгээр хуудаст авагдсан Ү-220700467 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Хөх морьт овогт *******ын ******* болох нь үл хөдлөх эрх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

7.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байдаг боловч өмчлөх эрх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжээгүй байна.

8.Иймд нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.д уг байрыг худалдсан үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Налайх дүүргийн *******, Шинэ Налайх хороолол ны 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, байрны ашиглалтын зардал болох усны төлбөр 287,251 төгрөг, дулааны төлбөр 821,223 төгрөг, цахилгааны төлбөр 134,585 төгрөг, нийт 1,243,060 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

10.Хариуцагчийн төлөөлөгч уг нэхэмжлэлийн шаардлагатай мөн маргааны байр суурь илэрхийлээгүй, хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, гэрч Б.ын ... уг байранд амьдарч байсан, 2023 оны 04 дүгээр сарын эхээр нүүж байсан гэх мэдүүлэг, гэрч Р.ын ... уг байрыг худалдаж авахаар амьдарч байсан нь үнэн, ... худалдахаа больчихоор нь ашиглалтын зардал төлөөгүй.. гэх мэдүүлэгээр уг байрыг хариуцагч Б. эзэмшиж ашиглаж байсан ба, хэргийн 15 дугаар хуудаст авагдсан баримтаар цахилгааны төлбөрт 123,453 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 16 дугаар хуудаст авагдсан баримтаар усны төлбөр 284,391 төгрөгийн үлдэгдэлтэй, 152 дугаар хуудаст авагдсан баримтаар Налайх дүүргийн Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэрэглэгчийн кодтой гэх дулааны төлбөр 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 05 сар хүртэл 821,223 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болох нь нотлогдож байна.

11. Иргэний хуулийн 147 дугаар 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасны дагуу хариуцагч уг байрыг 2017 оноос 2023 оны 04 дүгээр сар хүртэл эзэмшиж, ашиглаж байсны хувьд хариуцагч нь өмчлөгчийн нэгэн адил ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй тул уг нэхэмжлэлийн шаардлагаас 1,229,067 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 13,993 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь нэхэмжлэгч 287,51 төгрөгийн усны төлбөр, 134,585 төгрөгийн тогны мөнгө нэхэмжилсэн боловч 151 хуудаст авагдсан усны баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, тогны төлбөр 134,585 төгрөг гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул хавтаст хэргийн 15-16 дугаар хуудаст авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлж, 13,993 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 20,043,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

12. Хариуцагч Б. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ: ..уг байрыг худалдаж авахаар *******ийн зээлэнд 2017 оны 09 дүгээр сараас 2018 оныг дуустал 15,000,000 төгрөгийг *******ийн эхнэр гийн нэр дээрх ХААН банкны тоот дансанд, ийн нэр дээрх Төрийн банкны тоот дансанд шилжүүлсэн тул зээлэнд төлсөн 20,43,000 төгрөгийг буцаан гаргуулна ... гэж,

Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... уг төлбөр нь түрээсийн төлбөр юмаа, түрээсийн төлбөрийг заримдаа бөөнд нь заримдаа хувааж төлдөг байсан тул төлөхгүй гэж маргаж байна.

13.Хэрэгт авагдсан ын гэх хүний нэр дээрх Хаан банкны тоот дансанд хариуцагч Б.ын нэр дээрх Хаан банкны тоот данснаас дараах гүйлгээ хийгдсэн байна

1.    2017.09.02-ны өдөр 1.800.000 төгрөг (хх-ийн 20 хуудас)

2.    2018.03.06-ны өдөр 1,000,000 төгрөг (хх-ийн 30 хуудас)

3.    2018.09.03-ны өдөр 300,000 төгрөг (хх-ийн 33 хуудас)

4.    2018.10.05-ны өдөр 300,000 төгрөг (хх-ийн 34 хуудас)

5.    2018.10.22-ны өдөр 3,000,000 төгрөг (хх-ийн 35 хуудас)

6.    2018.11.06-ны өдөр 3,600,000 төгрөг (хх-ийн 35 хуудас)

7.    2018.11.08-ны өдөр 1,400,000 төгрөг (хх-ийн 35 хуудас)

8.    2018.12.05-ны өдөр 300,000 төгрөг (хх-ийн 36 хуудас)

9.    2018.12.29-ны өдөр 300,000 төгрөг (хх-ийн 37 хуудас)

10. 2018.12.31-ний өдөр 5,000,000 төгрөг (хх-ийн 37 хуудас)

11. 2019.01.29-ны өдөр 1,500,000 төгрөг (хх-ийн 40 хуудас)

12. 2019.02.03-ны өдөр 300,000 төгрөг (хх-ийн 41 хуудас)

13. 2019.02.18-ны өдөр 400,000 төгрөг (хх-ийн 42 хуудас)

14. 2019.03.22-ны өдөр 68,000 төгрөг (хх-ийн 44 хуудас)

15. 2019.08.24-ний өдөр 100,000 төгрөг (хх-ийн 56 хуудас)

16. 2021.10.16-ны өдөр 1,200,00 төгрөг (хх-ийн 107 хуудас) буюу 20,568,000 төгрөг

Д.ийн дансанд

17. 2019.11.28-ны өдөр 55,000 төгрөг (хх-ийн 136 хуудас)

18. 2019.12.25-ны өдөр 355,000 төгрөг (хх-ийн 136 хуудас)

19. 2020.01.28ны өдөр 355,000 төгрөг (хх-ийн 136 хуудас)

20. 2020.03.05-ны өдөр 55,000 төгрөг (хх-ийн 137 хуудас)

21. 2020.05.11-ний өдөр 355,000 төгрөг (хх-ийн 137 хуудас)

22. 2020.03.04-ний өдөр 300,000 төгрөг (хх-ийн 137 хуудас) буюу нийт 1,475,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

14.Өөрөөр хэлбэл иргэн Х.гийн нэр дээрх ХААН банкны тоот дансанд, Д.ийн нэр дээрх Төрийн банкны тоот дансанд хариуцагч Б.аас нийт 22,043,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

15.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага 20,043,000 төгрөгийг Д.*******өөс гаргуулахаар шаардсан боловч уг мөнгийг хэргийн оролцогч биш этгээд Х., Д. нарт шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Д.*******өөс гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг заасан, хэрэгт авагдсан баримтаар уг маргаан бүхий байрыг түрээслэх эсхүл худалдах хэлцлийн харилцаа хариуцагч Б.*******, иргэн Х., Д. нарын хооронд үүсээгүй, эдгээр нь хэргийн оролцогч биш, тэдгээрт шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч Д.*******өөс шаардсан нь үндэслэлгүй, Д.*******ийн зээлэнд уг мөнгийг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй байх тул хэргийг оролцогч биш этгээдэд шилжүүлсэн мөнгө буюу 20,043,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

16.Зохигч байрыг түрээсэлсэн, худалдаж авахаар тохирсон хэмээн зөрүүтэй тайлбар гаргасан хэдий ч Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах болон түрээсийн гэрээний дагуу харилцан үүрэг гүйцэтгэгдсэн буюу гэрээ хэрэгжиж үл хөдлөх хөрөнгө шилжсэн, түрээсийн гэрээ байгуулагдсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, түрээсийн гэрээг бичгээр байгуулах, гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх гэх мэт хуульд заасан шаардлага хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүх зохигчийн тайлбараар тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

17.Харин хариуцагч нь Б. 20.043.000 төгрөгийг бусад этгээдээс шаардахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

18.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 104,247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 258,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт ын ын эзэмшлээс *******, *******, , , од байрлах үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, хариуцагч Д.аас 1,229,067 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, үлдэх 13,993 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.ын гаргасан 20,043,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,583 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 104,247 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 258,165 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УРАНЗАЯА