Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 104/ШШ2023/00287

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

                    

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******т байрлах, Нэткапитал лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт ын д холбогдох

  Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,230,597 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., О.,

Хариуцагч: Ш.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Нэткапитал лизинг ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., О. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 8,050,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 2.9 хувийн хүүтэй, Hondo insight маркийн улсын дугаартай ZE21192645 арлын дугаартай суудлыг машиныг барьцаалж зээлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардаж байсан. Иймд Ш.эс NL-405201721 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,459,437 төгрөг, үндсэн хүү 3,137,906 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 633,254 төгрөг, нийт 9,230,597 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үндсэн зээлдэгч зээлээ төлөхгүй байсан учраас түүнтэй холбогдох гэтэл гадаад улсруу гарсан байсан тул зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгчээс зээлийг нэхэмжилж байна. Бид үндсэн хүүгийн төлбөрөөс хасах боломжгүй, нэмэгдүүлсэн хүүнээс татгалзаж эвлэрэн хэлэлцэх боломжтой....гэв.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлийг 2019 онд хүү маань авсан юмаа. Одоо хүү гадаад улсад амьдардаг би холбоогүй байдаг юм. Тухайн үед хүү надруу яриад би машин авах гэж байгаа юмаа та ирээд гарын үсэг зураад өг гэхээр нь очиж гарын үсэг зурсан. Хамтран зээлдэгчийн эрх үүрэгтэй би танилцаагүй. Зээл гарч машинаа авсан байсан. 2021 он хүртэл зээлээ төлсөн. Түүнээс хойш төлөөгүй гэж байна. Нэхэмжлэгч талаас зээл төлөгдөхгүй байгаа тухай хамтран зээлдэгч надад яагаад мэдэгдэж болоогүй юм бэ, мэдэгдсэн бол ингэж их өндөр хүүний төлбөрт орохгүй байсан, энэ өнгөрсөн оны өвлөөс хойш гэнэт шүүх болсон. Түүнээс өмнө мэдэгдсэн бол машин тэргийг олж авч хураах боломж байсан. Миний хувьд үндсэн зээлийг төлөхөд татгалзах зүйлгүй, эсвэл барьцаа хөрөнгө болох машиныг нь олж өгч болно, хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх ямар ч боломж байхгүй.... гэв.

 

3 . Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.

3.1 Б.ийн үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол (хх-ийн 05-06 хуудас)

3.2 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 405201721 дугаартай зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 07-10 хуудас)

3.3 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 405201721 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ (хх-ийн 11-12 хуудас)

3.4 Хамтран зээлдэгч, батлан даагчийн анкет (хх-ийн 13 хуудас)

3.5 Зээл хүсэгчийн өргөдөл (хх-ийн 14 хуудас)

3.6 Хариуцагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 16-17 хуудас)

3.7 Нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн гэрчилгээ (хх-ийн 18 хуудас)

 

4. Хариуцагч талаас хариу тайлбар (хх-ийн 25 хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч уг зээлийн төлбөрийг үндсэн зээлдэгч гадаад улсад явсан гэдэг үндэслэлээр хамтран зээлдэгчээс шаардсан бөгөөд иргэн хуулийн этгээд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хариуцагчаа өөрөө тодорхойлон ирүүлэх эрхтэй юм.

Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудыг үнэлж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ш.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,230,597 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн үндэслэлээ: ....Зээлдэгч Б.э нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 8,050,000 төгрөгийн зээл авсан, гэвч зээлийн гэрээний үүргээ 2021 оны 08 дугаар сараас хойш биелүүлээгүй, гадаад улсруу явсан тул хамтран зээлдэгч Ш.эс зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 5,459,437 төгрөг, үндсэн хүү 3,137,906 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 633,254 төгрөг, нийт 9,230,597 төгрөгийг гаргуулна .. гэж

Хариуцагч Ш. нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч ...Уг зээлийг манай хүү авсан, намайг гарын үсэг зураад өг гэсэн болохоор би хамтран зээлдэгчээр орсон, тухайн үед эрх үүрэгтэйгээ сайн танилцаагүй гэрээнд гарын үсэг зурсан, үндсэн зээл 5,459,437 төгрөгийг төлнө, үлдэх хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй ... гэж маргаж байна.

Хариуцагч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоол дээр маргаагүй болно.

4.Нэхэмжлэгч ******* ББСБ, ХХК нь иргэн Б.э, Ш. нартай 2019 оны 07 дугаар сарын 10ы өдөр 405201721 тоот зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгчид автомашин худалдан авах зориулалтаар 8,050,000 төгрөгийг нэг сарын 2,90 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон барьцаат зээлийн гэрээ нь зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд тэдгээрийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцсэн байна. /хавтаст хэргийн 07-12 хуудас/

5.Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг зохицуулалттай.

6.Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т зээлдэгчийн Мост мони банк дахь харилцах тоот дансанд шилжүүлснээр зээлдийг олгосонд тооцно гэж, гэрээний 2.16-д зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр гэсэн дарааллаар төлүүлнэ, Зээлдэгч хугацаа хэтэрч төлөх тохиолдолд тухайн төлөлт хийх өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүүг төлсний дараа үндсэн зээлээс хасалт хийнэ. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтоож, мөн гэрээний 2.4-т Нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 (хорь) хувь байна гэж тохиролцжээ.

7.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч талын зээл авах хүсэл зоригийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар тэдгээрийн хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болж, зээлийн гэрээ байгуулснаар банк, иргэн Б.э, Ш. нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

8.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасны дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасны дагуу зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

9.Гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваариар зээлдэгч Б.э, хамтран зээлдэгч Ш. нар нь зээлийн хүү, үндсэн зээлийг төлөх үүрэгтэй бөгөөд төлөх үүргээ 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зөрчсөн болох нь зээлийн тооцооллын баримт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. 

10.Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, гэрээний дагуу шилжүүлсэн 8,050,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,459,437 төгрөг, үндсэн зээлийн хүү 3,137,906 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 633,254 төгрөг, нийт 9,230,597 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

11.Хариуцагч Ш. нь ... би үндсэн зээлдэгч биш, хамтран зээлдэгчийн эрх үүрэгтэй танилцаагүй гарын үсэг зурсан гэх тайлбарыг гаргах боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийг гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй ба хамтран үүрэг гүйцэтгэгч гэснийг зээлийн гэрээний хувьд хамтран зээлдэгч гэж ойлгоно.

12.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.18-д хамтран зээлдэгч зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ заасан байх тул зээлдэгч болон хамтран зээлдэгч нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь хамтран зээлдэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

13. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзэх үндэслэлтэй, хамтран үүрэг гүйцэтгэгч Ш. сайн дураар, бусдын дарамт шахалтгүйгээр уг гэрээнд гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх тул хариуцагчийн татгалзаж байгаа үндэслэл нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

14.Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн тооцооллын баримт, зохигчийн тайлбар зэргээр 2021 оны 08 дугаар сарынг 27-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний үүргийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

15.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор зохицуулсны дагуу нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь үндсэн зээлийн 20%-иар тооцож нэмэгдүүлсэн хүү шаардахдаа 3,137,906 төгрөгийн 20 хувиас хэтрүүлэн 633,254 төгрөгийг нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй тул үндсэн хүүгийн хорин хувиас нэмэгдүүлсэн хүүг тооцож, нэмэгдүүлсэн хүүд 627,581 төгрөгийг гаргуулж, 5673 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

16.Иймд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 5,459,437 төгрөг, үндсэн хүү 3,137,906 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 627,581 төгрөг, нийт 9,224,924 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагч Ш.эс гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ, ХХК-д олгох нь зүйтэй.

Хариуцагч барьцаа хөрөнгийг олж үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой хэмээн шүүх хуралдаанд тайлбарлах боловч нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас ... төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.эс зээлийн гэрээний үүрэгт 9,224,924 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нэткапитал лизинг ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5673 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Нэткапитал лизинг ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,640 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.эс 162,548 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.УРАНЗАЯА